Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
Хэргийн индекс | 108/2021/0107/Э/220/2021/0358 |
Дугаар | 2021/ШЦТ/117 |
Огноо | 2021-07-21 |
Зүйл хэсэг | 11.4.2.1., 11.6.2., 11.7.1.1., |
Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
Хохирогч Ч.С,
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тус тус зааснаар 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 31А дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэйлийнхэн овогт Н.Бд холбогдох эрүүгийн 2107000060013 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, эрэгтэй, 33 настай, яс үндэс Халх, дээд боловсролтой, нягтлан бодох мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр охины хамт ............................................................................. тоотод оршин суух хаягтай,
урьд 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 821 дүгээр шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгүүлж байсан, Бэйлийнхэн овогт Н.Б /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Н.Б нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны шөнө ............................................................................. тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ч.Стай хоол унд хийсэнгүй архи уулаа гэх шалтгаанаар маргалдаж биед нь зүүн хацар, хүзүү, баруун зүүн мөр, зүүн бугалга, нуруу, баруун шилбэнд цус хуралт, баруун даланд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2021 оны 02 дугаар сарын 06-аас 07-ны шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 8 дугаар хорооны байрны орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ч.Стай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ............................................................................. тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ч.Сг гараараа цээж баруун талын хавирга руу цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Мөн яллагдагч овогтой Н.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ч.Сг байнга буюу 2020 оны 12 дугаар сарын 15-ны шөнө Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мойлтын тохой гэх амралтын газрын зүүн хойно байрлах гэртээ хамтран амьдрагч Ч.Стай маргалдаж биед нь зүүн хацар, хүзүү, баруун зүүн мөр, зүүн бугалга, нуруу, баруун шилбэнд цус хуралт, баруун даланд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,
2021 оны 02 дугаар сарын 06-аас 07-ны шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 8 дугаар хорооны байрны орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ч.Стай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,
2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ............................................................................. тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ч.Сг гараараа цээж, баруун талын хавирга руу цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 онд би найз Дтэйгээ Дундговь аймгийн гурван сайханд жоншны уурхай эхлүүлэхэд Ч.Сгийн мөнгө орсон. Тэгээд сүүлдээ бүтэхгүй болоод энд явж байгаад түлшний машинтай онхолдоод сэлбэгээ авах гэж гэртээ ирж нэг хонохдоо 2020 оны хэрэг болсон. Тэгээд 2021 оны 02 сард би ажлаас орой ирээд хоол хийгээгүй шалтгаанаар муудалцсан. Тухайн үед Ч.С ч уусан, би ч уусан байсан болохоор зан таардаггүй. Сүүлд манай найз Дийнд ууж байгаад миний утсанд ирсэн мессежинд Ч.С хариу өгөөд намайг согтуу орж ирэхэд Ч.С миний өмнөөс мессежлээд над руу дайраад байсан. Тэгээд би тайлбарлах гэсэн боловч маргаан болоод ийм зүйл болсон.” гэх,
Хохирогч Ч.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 05 сард би Солонгос руу ажлаар яваад Н.Бтэй танилцаж байсан. Тэгээд миний ажиллах хугацаа 7 сард дуусаад ирсэн, 09 дүгээр сарын 07-нд Н.Б Солонгосоос ирсэн. Тэгээд хамт амьдрах хугацаанд эхлээд хотод манайд амьдардаг байж байгаад сүүлдээ Налайхад Н.Бгийн байранд ирж амьдарсан. Тэр хугацаанд 2 хүүхэд нь байнга бид хоёртой байдаг байсан. Миний охин манай аав, ээж дээр Хөвсгөлд байдаг. Тэгээд маргалдах шалтгаан нь би байгаль орчинд ажилладаг учраас байнга хөдөө явдаг болохоор ажил гэж явлаа гэдэг зүйл ярьдаг. Н.Бг хөдөө ажлаар явахад нь би 2 хүүхдийг нь хараад үлддэг. Тэр жоншинд явсан хойгуур 2 өдөр үлдээлээ гэхэд Зүүнхараад байдаг манай эгчийн нөхөр өнгөрөөд би буяны ажилд оролцоод ирсэн. Тэгээд зодсон нь болохоор мэдүүлэг дээр ярьсан бүгд үнэн” гэх,
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Н.Бгийн өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 15-ны орой 9 цагийн үед ажил тараад ................................... тоотод гэртээ ирээд гэрт хүн байхгүй болохоор нь би шууд унтаж амарч байсан. Тэгээд орой 10 цаг өнгөрч байхад манай эхнэр болох Ч.С гаднаас М эгчийн хамт ороод ирсэн байсан. Намайг унтаж байхад хөнжилнөөс тадаад сэрээсэн. Тэгээд Ч.Сгаас архи үнэртээд байсан болохоор би “чи архи уугаад гадуур явж байхаар гэртээ ирээд хоол ундаа хийгээд гал түлээгээ түлээд байж байхгүй яасан юм бэ” гэж хэлсэн. Ч.С миний урдаас “би чиний аваад суучихсан эхнэр биш” гэж хэлээд байсан. Надтай зууралдаад байхаар нь би татаж авчраад нүүр лүү нь алгадсан чинь орлуу уначихсан. Эргээд босоод ирэхээр нь буцаагаад түлхээд унагаачихсан. Ч.С газар хэвтээд тийчлэж орилж байгаад босоод хувцсаа аваад гараад явахаар нь би хойноос нь гараад явчихсан. Манай эхнэр болох Ч.С 2020 оны 12 дугаар сарын 15-ны орой согтуу миний урдаас янз бүрийн ааш авир гаргаад надтай зууралдаад байхаар нь би өөрөөсөө холдуулах гээд гараараа санамсаргүй нүүр лүү нь цохичихсон. Тэгээд босож ирээд гарч явах гээд байхаар нь хойноос нь татаж гэрт оруулсан. 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр би .................................................... тоотод өөрийн гэртээ орой Ч.Стай хамт бид хоёр пиво ууж суугаад хоорондоо юм ярьж байгаад маргалдаад удалгүй хамт унтаж байгаад би босоод Ч.Сг зодчихсон. Би яагаад тэгсэн үйлдлээ сайн санахгүй байна. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...
...2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Ч.С бид хоёр тус тусдаа гэртээ байж байсан. Би тэр өдөр Ч.Сгийн хотын гэр болох .................................................... дугаар байрны гадаа очсон чинь Ч.С манай хүүхэд байрны гадаа тоглож байгаа гээд намайг зогс гээд буугаад явахаар нь би хойноос нь буугаад гүйгээд очсон чинь Ч.С яасныг нь мэдэхгүй байна гэнэтхэн туслаарай гээд орилсон. Тэгээд бид 2 тоглоомын талбай дээр хэсэг ярилцаж байгаад Ч.Сгийн хүүхдийг нь аваад машин дээрээ ирсэн чинь цагдаа ирчихсэн байсан. Тэр байрны хүмүүс цагдаад дуудлага өгсөн байсан. Би тэгээд тэр асуудлаас болоод шүүхээр ороод 100.000 төгрөгөөр торгуулсан. Тэр үед би Ч.Сг цохиж зодсон зүйл байхгүй. Ч.С туслаарай гэж орилоход буруугаар ойлгосон юм шиг байсан...
...2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гэртээ байж байтал 12 цагийн үед манай найз Д над руу залгаад манайд хүрээд ирээч гэхээр нь зөвшөөрөөд шууд гэрт нь яваад очтол эхнэр нь Солонгос улсаас ирсэн гээд 1 литрийн виски уугаад талдаа орж байхад Ч.С гаднаас ороод ирсэн ба урьд өдөр нь Ч.С гэртээ хоноогүй болохоор би нээх юм дуугараагүй хоорондоо бараг юм ярихгүй би Дтой юм яриад сууж байтал 20 цагийн үед манай найз Гийн төрсөн өдөр нь ................ ресторанд байна гэхээр нь гараад тэнд очиж хоорондоо ярьж сууж байгаад нээх удалгүй архи согтууруулах ундааны зүйл ч уугаагүй буцаад 22 цагийн үед Дийн гэрт ирэхэд Ч.С, Т хоёр хоорондоо юм яриад сууж байсан. Тэгтэл Д бид хоёрыг байхгүй байхад Ч.С, Ттай намайг М гэдэг эмэгтэйтэй хардаад Б байна гээд мессеж бичвэл бараг хамаг нуусан зүйлээ нөгөө эмэгтэй нь ярина гэж хэлээд Ч.С, Дийн утаснаас М гэж эмэгтэйгийн утас руу Б байна уулзах уу, унтах уу гээд л янз бүрийн юм бичсэн байсан одоо яг сайн санахгүй байна гэхдээ би тэр мессежийг скрийн шот хийгээд хадгалж авсан шиг санагдаад байна. Тэрнээс болж хэрүүл үүссэн. Гаднаас орж ирэхэд Ч.С энэ эмэгтэй чинь чамтай уулздаг юм байна гээд л дайраад миний гар, толгой, нүүргүй цохиод дайраад байхаар нь би уураа бариад чимээгүй тэвчиж сууж байгаад сүүлдээ би нойлын өрөөнд бие засаад зогсож байтал Ч.С араас ирээд үнэнээ хэлчих гээд дайраад байхаар нь би гарахдаа урдаас холдохгүй болохоор нь гарынхаа ар талаар холдуулах санаатай нэг удаа алгадаад хажуугаар нь гарахад Ч.С орилсон ба Д манай гэрт битгий муудалцаад бай гэхэд Ч.С гараад явахаар нь би араас нь гараад Ч.Сг аргадах санаатай уучлалт гуйгаад зогсож байтал цагдаа нар ирсэн...
...Би тухайн үед Дундговь аймагт жоншны уурхайд найз Дгийн хамт ажиллаж байгаад 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Налайхад 14 цагийн үед ирсэн шиг санагдаад байна одоогоос бараг жилийн өмнө болсон асуудал болохоор цаг хугацаагаа үнэхээр сайн санахгүй байна. Тэгээд ............................................................................. тоот хаягтай манай гэрт Дгийн хамт ирэхэд Ч.С байсан. Ингээд Д бид хоёр хоол идчихээд 1 шил 1 литрийн виски байсныг Ч.Стай гурвуулаа хувааж уугаад орой 22 цагийн үед дууссан байх. Тэгээд Д манай том өрөөнд унтаад Ч.С бид хоёр унтлагын өрөөндөө ороод унтахаар хэвтсэн. Тэгээд би тэрнээс хойш юу болсныг санадаггүй. Маргааш нь Ч.С хэлэхдээ чи намайг өчигдөр шөнө зодсон. 2 хүүхэд орхиж тэнэлээ гэсэн шалтгаанаар зодсон гэж ярьсан. Би тэр талаар юу ч санадаггүй, мэддэггүй учир нь уусан вискиндээ согтсон байсан.Намайг Дундговь аймагт байхад Ч.С хөдөө явсан 2 хүүхдээ манай эгч Сийнд үлдээгээд хоёр хоног явсан гэж өөрөө ярихаар нь уур хүрээд маргалдсан юм шиг байна лээ. Би бас яг ямар шалтгаанаас болсныг мэддэггүй. Ч.С л надад өөрөө унтах гээд хэвтэж байхдаа хоорондоо юм ярихад би 2 хүүхдээ орхиод хөдөө явснаа ярихад чи уурлаад зодсон гэж хэлсэн. Зодсоны маргааш уруул нь жоохон хавдсан харагдсан. Тэгээд намайг чи ийм болголоо гээд уурлаж байгаад гараад явсан. Тэгээд би араас нь залгахад утсаа авахгүй байж байгаад 2 хоногийн дараа би буцаад Дундговь аймаг руу яваад өгсөн. Тэгтэл араас залгаад миний хавирга хугарсан байна гээд л уурлаад байсан...Би ажил хийсэн цалингаа Ч.Сгийн дансанд хийдэг. Тэгэхээр бид хоёрын данс дундаа байдаг ба Ч.С эмчилгээгээ тэр данснаасаа мөнгө аваад хийлгэсэн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 46, 49, 100, 107 дугаар тал/
2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Ч.Сгийн өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр би ажлаасаа тараад Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Мойлтын тохой гэх амралтын газрын зүүн хойно байрлах хамтран амьдрагч Н.Бгийн гэр лүү явах гээд ажлынхаа М эгчийг гуйгаад хүргүүлээд гэрт нь очоод яваад орсон чинь Н.Б хойд орон дээрээ унтаж байсан. Би тэгээд сэрээгээд хэрэггүй байх гэж бодоод хувцсаа тайлаад зогсож байсан чинь Н.Б сэрээд босож ирээд “намайг хаагуур яваад байгаа юм эртхэн ирээд галаа түлээд хоол ундаа хийж байхгүй яасан юм бэ” гээд хэрүүл хийх гээд надаас шалтаг хайгаад байсан. Тэгээд Н.Б орноосоо босож ирээд намайг үгийн зөрүүгүй шууд нүүр лүү цохиод авсан. Би тэр үед шууд газарт унасан. Тэгээд миний өмсөж явсан хувцаснаас намайг чирээд миний дээрээс гараараа цохиод газарт унасан байхад миний зүүн хавирга луу өшиглөсөн. Тэгээд гаднаас М эгч орж ирээд Н.Бг холдуулж байхад би тэр гэрээс зугтах гээд гараад явж байсан чинь Н.Б хойноос гарч ирээд миний хувцаснаас татаад буцаагаад гэрт оруулаад гэрийнхээ зүүн талынхаа ор луу шидсэн. Тэгээд би босох гэсэн Н.Б дахиад намайг цохихоор нь буцаад газарт унаад тэгээд босох гэсэн чинь толгой манараад ухаан санаа орж гараад байсан. Тэгээд С эгч намайг газарт хэвтэж байхад сэргээсэн. Тэгээд би босоо л шууд хувцсаа аваад гэрээс нь гарч яваад М эгчийн машинд суугаад ах руугаа яриад дуудсан. Тэгээд манай ах ирээд намайг аваад шууд хот руу явах замдаа цагдаад хэлсэн...
...2020 оны 03 дугаар сарын 25-ны шөнө 01 цагийн үед Н.Б нь намайг ямар ч шалтгаангүйгээр унтаж байхад дэээрээс хөнжилтэй байхад баруун гараараа хөнжилийн дээрээс нэлээн олон удаа цохисон. Тэр үед миний цээж хэсэг рүү цохисон. Миний баруун талын 2 хавирга хугарсан. Тэгээд би Н.Бг надаас холдоод явахаар нь цамцаа аваад гэрээс нь гараад гадаа машиндаа 2 цаг гаруй сууж байгаад эргээд орсон Н.Б унтаж байсан. Гараараа нэлээн олон удаа миний цээж, баруун талын хавирга руу цохисон. Тэгээд миний цээж хүндүүрлээд амьсгалахад хэцүү байсан болохоор 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “.............” гэх эмнэлэгт ирээд үзүүлэхэд баруун талын 7,8 дугаар хавирганы суганы дунд шугамаарх зөрүүтэй далд хугарсан байна гэсэн. Н.Б нь намайг 2020 оны 03 дугаар сарын 25-ны шөнө болон 2020 оны 12 дугаар сарын 15-ны шөнө нийт 2 удаа надад гар хүрсэн. Эхний удаагаа намайг ямарч шалтгаангүй зодсон. Хоёр дахь удаагаа намайг гэртээ эрт ирж хоол ундаа хийсэнгүй гадуур архи дарс ууж явлаа гэж надад гар хүрсэн...
...2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод гэртээ байж байтал найз Т нь хүрээд ирээч гэхээр нь Налайх дүүрэгт 18 цаг болж байхад Тийн гэрт ирсэн юм. Намайг гэрт нь ороход хамтран амьдрагч Н.Б нь байж байсан юм. Тэд нар архи ууцгаасан байсан...Н.Бг явсны дараа найз охин Ттай хамт 3 лааз пиво уусан байсан юм. Н.Б нь надтай юм ярих гээд байхаар нь би тоолгүй найз охинтой юм яриад сууж байтал хөөе хөөе гээд намайг татаад байхаар нь эргээд хартал үгийн зөрүүгүй шууд миний нүүр рүү гараараа цохиод авсан юм. Тэгэхээр нь би дахиад угаасаа зоддог учраас зугтахыг оролдоод гэрээс нь гарах гээд үүдэнд гутлаа өмсөх гээд тонгойж байх хооронд Н.Б нь араас ирээд шууд гэдэс рүү гараараа цохисон. Би тэр үед нь газар унасан. Газар унасны дараа босож ирээд Дийг битгий гаргаарай гэж хэлчхээд гутлаа өмсөөд гэрээс нь гараад зугтаасан. Тэгтэл араас Н.Б нь гарч ирээд байрны гадаа нүүр рүү 2-3 удаа гараараа цохисон. Нүүрний зүүн тал руу цохисон...Миний нүүрний зүүн талд бүхэлдээ хөхөрч хавдсан байна. Үүнийг Н.Б нь гараараа цохиж гэмтэл учруулсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 8, 11, 67 дугаар тал/
3. Мөрдөн байцаалтад гэрчээр М.Сийн өгсөн: “Би орой гэртэй хүүхдээ унтуулчхаад гадаа гарахад манай хажуу талд байдаг Н.Бгийн гэрт чанга дуу гараад байхаар нь би гэрт нь яваад орсон чинь гэрэлгүй гэрт тэр 2 хэрэлдэж байсан. Би тэгэхээр нь одоо боль юу болоод байгаа юм бэ гэж асуусан чинь тэр 2 намайг тоолгүй хэрэлдээд байсан. Гэр нь харанхуй байсан болохоор яг юу болоод байгааг нь сайн хараагүй. Тэгээд удалгүй Ч.С нь гараад явсан тэгээд би гэртэй буцаад орсон...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 21 дүгээр тал/
4. Мөрдөн байцаалтад гэрчээр М.Мын өгсөн: “Би тэр өдөр хоёр охиноо хот руу шүдний эмнэлэгт үзүүлэх гээд ажилчдын унаанд дайж явуулах гээд ажил руугаа буцаад орсон чинь манай ажпын хүмүүс хоорондоо ойр зуурын юм яриад сууж байсан чинь цаана байдаг гал тогооны өрөөнөөс Ч.С гарч ирээд намайг гэр лүү хүргээд өг гэж надаас гуйгаад байсан. Би тэгээд шууд гадуур хувцсаа аваад Ч.Стай хамт Н.Бгийн гэр лүү нь явсан. Н.Бгийн гэрийн хаалгыг нь татаад ортол Н.Б орондоо орчихсон хэвтэж байсан. Тэгээд Н.Б сэрээд эргэж хараад Ч.Стай чи хаагуур яваад ирж байгаа юм бэ галаа түлээд хоол ундаа хийж байхгүй яасан юм бэ чи архи уучихсан юм уу архи уучихсан бол тэр архи уусан газартаа очиж хонохгүй яасан юм бэ гэж Н.Б хэлж байсан. Тэгээд Ч.С тэр гэрээс нь гараад явахаар нь Н.Б хойноос нь хувцсаа өмсөөд хүрч ирээд Ч.Сг буцаагаад гэрлүүгээ чирч ороод Ч.Сг гэрийн зүүн талын орлуу шууд шидчихсэн. Тэгээд Ч.С буцаж босож ирээд Н.Бтэй хэрэлдээд байсан. Н.Б Ч.Сг наашаа цаашаа чирээд түлхээд байхаар нь би дундуур нь ороод салгасан. Нэг мэдсэн чинь гаднаас С эгч ороод ирчихсэн байсан. Тэгээд шал нь дээр Ч.С хэвтээд хөлөөрөө тийчлээд хэвтээд байсан. Тэгээд Ч.Сг би босгоод аваад гараад явсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 24 дүгээр тал/
5. Мөрдөн байцаалтад гэрчээр Ц.Бын өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 15-аас 16-ны шилжих шөнө манай дүү болох Ч.С нь над руу 00 цаг өнгөрч байхад утсаар залгаад “Намайг ирээд аваач би хүнд зодуулчихлаа” гэж хэлэхээр нь би “Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс рүү залгасан чинь Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс хариуцдаг та тийшээ залга” гэж хэлэхээр нь гэрээсээ гараад такси бариад явж байгаад Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс рүү дуудлага өгчхөөд Налайх дүүргийн 1 дүгээр хороо Тэрэлжийн гүүрний хажууд дүү дээрээ очсон чинь манай дүү ажлынхаа хүний машинд суучихсан байсан. Би тэгээд яасан юу болсон талаар асуусан чинь манай дүү нөхөр нь зодсон гэж хэлсэн. Би тэгээд ирсэн цагдаа нарт нөхрийнх нь гэрийг зааж өгчхөөд дүүгээ аваад Улаанбаатар хот руу аваачиж гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Би тэр үед дүүгээ авч байхдаа харахад нүүрний шанаа хэсэг нь зулгарчихсан юм ярьж чадахгүй байсан. Ил харагдах өөр бэртэл гэмтэл байгаагүй. Хуучин хугарч байсан хавирга нь сэдэрсэн бололтой цээжээ дараад байсан. Дараа нь гэмтлийн эмнэлэгт үзүүлж байхад нурууных нь ар хэсэгт 2,3 ширхэг том хөхрөлт байсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 26 дугаар тал/
6. Мөрдөн байцаалтад гэрчээр С.Эий өгсөн: “...2020 оны 03 дугаар сард яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Ямар ч байсан тухайн үед ..................... ХХК-д ажиллаж гадуур захиалга аваад явж байхад Ч.С над руу залгаад Налайхаас ажлаас гараад явж байна Н.Бтэй муудалцаад миний хавирга өвдөөд машинаа барьж чадахгүй байна намайг маршалын гүүрнээс тосоод аваач гэхээр нь би зөвшөөрөөд тэр дороо шууд маршалын гүүрний хажууд очиж хүлээгээд байж байгаад тосч аваад шууд гэрт нь очиход надад муудалцсан талаараа ярьж байсан, хавиргаар нь өвдөөд байна гэж байсан...Тэгээд 2 байна уу 3 хоногийн дараа өвдөөд байна гэхээр нь би хамт явж эмнэлэгт үзүүлэхэд хавирга хугарсан гэж байсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 80 дугаар тал/
7. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.Дгийн өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын дундуур одоо сайн санахгүй байна. Н.Б бид 2 Дундговь аймагт жоншны уурхай дээр ажиллаж байгаад машин янзлуулахаар ирсэн юм. Тэгээд гэгээ тасарсан байхад 21-22 цагийн хооронд байх Н.Бгийн гэрт ирээд бид 2 юм ярингаа нэг шил виски байхаар нь тэрийг хувааж уунгаа Ч.С хоол хийж өгөөд идчихээд миний бодлоор 02 цагийн үед болов уу унтахаар би том өрөөнд ор засуулаад Н.Б, Ч.С нар жижиг өрөөндөө унтсан. Тэгтэл хэвтээд нэг их удалгүй жижиг өрөөнд Ч.С, Н.Б нар хоорондоо хэрэлдээд байгаа бололтой дуу нь чанга гараад байхаар нь би босоод очоод юу болоод байгаа юм бэ та 2 болиоч гэхэд хоёулаа зүгээр ээ санаа зоволтгүй гэхээр нь та 2 чинь зүгээр л инээж хөөрөөд юм яриад байсан юунаас болоод хэрэлдэж маргалдаад байгаа юм гэхэд зүгээр ээ гээд хэрүүл намжихаар нь би буцаж очоод унтаад өгсөн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 78 дугаар тал/
8. Мөрдөн байцаалтад гэрчээр Д.Тийн өгсөн: “...Тэгээд 00 цагийн үед байх манай нөхөр Д хөл дээрээ тогтохгүй шахуу согтуу орж ирээд гутлаа ч тайлж чадахгүй шууд унтлагын өрөөнд ороод унтаад өгсөн. Араас нь 20-иос 30 минутын дараа байх Б орж ирээд бид хоёрын хажууд ирж суугаад нэг хуурай ах нь нас барсан талаар яриад сууж байхаар нь би босоод нойл ороод нөхрийнхөө хувцасыг нь тайлаад унтуулах гээд явж байтал Ч.С, Б нар хоорондоо маргалдаад байгаа бололтой солиор гээд л Б чанга чанга дуугараад байхаар нь би чимээгүй бай хүүхдүүд айлгачихав гэсэн чинь Ч.С Б нар босоод манай угаалгын өрөө рүү яваад ортол түс тас гээд дуугараад явчихаар нь би яваад очтол Ч.С, Б нар өөд өөдөөсөө хараад зоссон хэрэлдээд зогсож байсан ба Б шууд эхнэрийнхээ нүүр лүү нэг удаа цохиход Ч.С хойшоо унахаар нь би боль айлд битгий хэрүүл зодоон хийгээд бай гэж хэлсэн чинь Ч.С босоод гараад ирсэн ба манай нөхөр чимээг нь сонсоод босож ирээд ирээд юу болоод байгаа юм гэхэд Ч.С шууд үүдэнд очоод гутал, куртикээ өмсөөд гараад явтал араас нь Б С гээд дуудаад гэрээс гараад явсан. Миний харснаар бол зочны өрөөнд маргалдаад байсан тэгээд дараа нь угаалгын өрөөнд түс тас буугаад явсан ба би яваад очтол ямар ч байсан миний харснаар нүүр рүү нь нэг удаа Б цохиод унагааж байсан. Өөр бол миний хажууд цохиж зодоогүй” гэх мэдүүлэг,
/хх-ийн 71-72 дугаар тал/
9. Мөрдөн байцаалтад гэрчээр Т.Дийн өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Н.Бтэй чатаар холбогдож байгаад 14 цагийн үед манай гэрт ирсэн. Бид хоёр эхнэр солонгосоос ирэхдээ авчирсан вискиг хувааж уугаад юм ярингаа өнжсөн...манай найз Гийн төрсөн өдөр нь болж байна гээд дуудаад Ч.Стай бараг зөрөөд шахуу гараад ................д очиж төрсөн өдөр дээр нь архи уугаад нэлээн согтсон гэртээ яаж ирснээ ч санахгүй байна. Нэг мэдсэн хүн орилох чимээгээр сэртэл гэртээ ирсэн унтаж байсан ба босоод угаалгын өрөөний хажууд яваад очтол надтай Ч.С наадхаа цаашаа байлгаж бай гэж хэлээд үүдэнд гутлаа өмсөөд гараад явсан ба энэ хооронд Н.Бгээс яасан муудалцаад байгаа юм уу гэхэд надтай юм дуугарахгүй мөн адил Ч.Сгийн араас гараад явсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 75 дугаар тал/
10. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/03 дугаар: “Ч.Сгийн биед зүүн хацар, хүзүү, баруун зүүн мөр, зүүн бугалга, нуруу, баруун шилбэнд цус хуралт, баруун даланд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт
/хх-ийн 29 дүгээр тал/
11. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/63 дугаар: “Ч.Сгийн биед 2020 оны 03 дугаар сарын 31-ний “.............” эмнэлгийн тодосгогч бодисгүй КТГ шинжилгээний хариунд бичигдсэнээр баруун 7,8 дугаар хавирганы суганы дунд шугмаарх зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,
/хх-ийн 34 дүгээр тал/
12. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/103 дугаар: “Ч.Сгийн биед нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн завжинд язрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,
/хх-ийн 91 дүгээр тал/
13. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 108 дугаар тал/
14. Аюулын зэргийн үнэлгээний маягт,
/хх-ийн 116-117 дугаар тал/
15. Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ,
/хх-ийн 118-124 дүгээр тал/
16. Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас,
/хх-ийн 126 дугаар тал/
17. Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 131 дүгээр тал/
18. Н.Бгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 132-150 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагчийн “Шүүгдэгч Н.Бд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Н.Бд холбогдох эрүүгийн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй, саналтай байна. Хохирогч Ч.Сгаас хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Шүүгдэгчийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд прокурорын зүйлчилсэн зүйл хэсэгтээ маргах зүйл байхгүй, шүүхээс тухайн зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцоход шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс татгалзах зүйл байхгүй. Нэгэнт гэм буруутайд тооцож байгаа тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр өршөөн хэлтрүүлж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, Н.Бгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Н.Б нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны шөнө ............................................................................. тоот гэртээ хамтран амьдрагч Ч.Сг “хоол унд хийсэнгүй архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж нүүр лүү нь алгадаж, газарт унаган дээрээс нь гараараа цохиж зүүн хавирга руу нь өшиглөж зодон эрүүл мэндэд нь зүүн хацар, хүзүү, баруун зүүн мөр, зүүн бугалга, нуруу, баруун шилбэнд цус хуралт, баруун даланд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
2021 оны 02 дугаар сарын 06-аас 07-ны шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 8 дугаар хорооны байрны орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ч.Стай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ............................................................................. тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ч.Сг гараараа цээж баруун талын хавирга руу цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Мөн яллагдагч овогтой Н.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ч.Сг байнга буюу 2021 оны 12 дугаар сарын 15-ны шөнө ............................................................................. тоот гэртээ хамтран амьдрагч Ч.Сг “хоол унд хийсэнгүй архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж нүүр лүү нь алгадаж, газарт унаган дээрээс нь гараараа цохиж зүүн хавирга руу нь өшиглөж зодон эрүүл мэндэд нь зүүн хацар, хүзүү, баруун зүүн мөр, зүүн бугалга, нуруу, баруун шилбэнд цус хуралт, баруун даланд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
2021 оны 02 дугаар сарын 06-аас 07-ны шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 8 дугаар хорооны байрны орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ч.Стай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,
2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ............................................................................. тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ч.Сг гараараа цээж, баруун талын хавирга руу цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгч Н.Бгийн “...Надтай зууралдаад байхаар нь би татаж авчраад нүүр лүү нь алгадсан чинь орлуу уначихсан. Эргээд босоод ирэхээр нь буцаагаад түлхээд унагаачихсан... санамсаргүй нүүр лүү нь цохичихсон. Тэгээд босож ирээд гарч явах гээд байхаар нь хойноос нь татаж гэрт оруулсан... би босоод Ч.Сг зодчихсон... гарынхаа ар талаар холдуулах санаатай нэг удаа алгадаад хажуугаар нь гарахад Ч.С орилсон... чи уурлаад зодсон гэж хэлсэн. Зодсоны маргааш уруул нь жоохон хавдсан харагдсан. Тэгээд намайг чи ийм болголоо гээд уурлаж байгаад гараад явсан.” гэх,
Хохирогч Ч.Сгийн “...Н.Б орноосоо босож ирээд намайг үгийн зөрүүгүй шууд нүүр лүү цохиод авсан. Би тэр үед шууд газарт унасан. Тэгээд миний өмсөж явсан хувцаснаас намайг чирээд миний дээрээс гараараа цохиод газарт унасан байхад миний зүүн хавирга луу өшиглөсөн... Н.Б хойноос гарч ирээд миний хувцаснаас татаад буцаагаад гэрт оруулаад гэрийнхээ зүүн талынхаа ор луу шидсэн. Тэгээд би босох гэсэн Н.Б дахиад намайг цохихоор нь буцаад газарт унаад тэгээд босох гэсэн чинь толгой манараад ухаан санаа орж гараад байсан... хөнжилтэй байхад баруун гараараа хөнжилны дээрээс нэлээн олон удаа цохисон. Тэр үед миний цээж хэсэг рүү цохисон. Миний баруун талын 2 хавирга хугарсан... 2020 оны 03 дугаар сарын 25-ны шөнө болон 2020 оны 12 дугаар сарын 15-ны шөнө нийт 2 удаа надад гар хүрсэн. Эхний удаагаа намайг ямарч шалтгаангүй зодсон. Хоёр дахь удаагаа намайг гэртээ эрт ирж хоол ундаа хийсэнгүй гадуур архи дарс ууж явлаа гэж надад гар хүрсэн... эргээд хартал үгийн зөрүүгүй шууд миний нүүр рүү гараараа цохиод авсан юм. Тэгэхээр нь би дахиад угаасаа зоддог учраас зугтахыг оролдоод гэрээс нь гарах гээд үүдэнд гутлаа өмсөх гээд тонгойж байх хооронд Н.Б нь араас ирээд шууд гэдэс рүү гараараа цохисон. Би тэр үед нь газар унасан. Газар унасны дараа босож ирээд Дийг битгий гаргаарай гэж хэлчхээд гутлаа өмсөөд гэрээс нь гараад зугтаасан. Тэгтэл араас Н.Б нь гарч ирээд байрны гадаа нүүр рүү 2-3 удаа гараараа цохисон. Нүүрний зүүн тал руу цохисон...Миний нүүрний зүүн талд бүхэлдээ хөхөрч хавдсан байна...” гэх,
Гэрч М.Сийн “...би гэрт нь яваад орсон чинь гэрэлгүй гэрт тэр 2 хэрэлдэж байсан. Би тэгэхээр нь одоо боль юу болоод байгаа юм бэ гэж асуусан чинь тэр 2 намайг тоолгүй хэрэлдээд байсан” гэх,
Гэрч М.Мын “...Ч.Сг гэрийн зүүн талын орлуу шууд шидчихсэн. Тэгээд Ч.С буцаж босож ирээд Н.Бтэй хэрэлдээд байсан. Н.Б Ч.Сг наашаа цаашаа чирээд түлхээд байхаар нь би дундуур нь ороод салгасан.” гэх,
Гэрч Ц.Бын “...манай дүү нөхөр нь зодсон гэж хэлсэн. Би тэгээд ирсэн цагдаа нарт нөхрийнх нь гэрийг зааж өгчхөөд дүүгээ аваад Улаанбаатар хот руу аваачиж гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Би тэр үед дүүгээ авч байхдаа нүүрний шанаа хэсэг нь зулгарчихсан юм ярьж чадахгүй байсан.” гэх,
Гэрч С.Эий “...надад муудалцсан талаараа ярьж байсан, хавиргаар нь өвдөөд байна гэж байсан...Тэгээд 2 байна уу 3 хоногийн дараа өвдөөд байна гэхээр нь би хамт явж эмнэлэгт үзүүлэхэд хавирга хугарсан гэж байсан” гэх,
Гэрч Б.Дгийн “...Ч.С, Н.Б нар хоорондоо хэрэлдээд байгаа бололтой дуу нь чанга гараад байхаар нь би босоод очоод юу болоод байгаа юм бэ та 2 болиоч гэхэд хоёулаа зүгээр ээ санаа зоволтгүй гэхээр нь та 2 чинь зүгээр л инээж хөөрөөд юм яриад байсан юунаас болоод хэрэлдэж маргалдаад байгаа юм гэхэд зүгээр ээ гээд хэрүүл намжихаар нь би буцаж очоод унтаад өгсөн” гэх,
Гэрч Д.Тийн “...Ч.С, Б нар хоорондоо маргалдаад байгаа бололтой солиор гээд л Б чанга чанга дуугараад байхаар нь би чимээгүй бай хүүхдүүд айлгачихав гэсэн чинь Ч.С Б нар босоод манай угаалгын өрөө рүү яваад ортол түс тас гээд дуугараад явчихаар нь би яваад очтол Ч.С, Б нар өөд өөдөөсөө хараад зоссон хэрэлдээд зогсож байсан ба Б шууд эхнэрийнхээ нүүр рүү нэг удаа цохиход Ч.С хойшоо унахаар нь би боль айлд битгий хэрүүл зодоон хийгээд бай гэж хэлсэн” гэх,
Гэрч Т.Дийн “...Нэг мэдсэн хүн орилох чимээгээр сэртэл гэртээ ирсэн унтаж байсан ба босоод угаалгын өрөөний хажууд яваад очтол надтай Ч.С наадхаа цаашаа байлгаж бай гэж хэлээд үүдэнд гутлаа өмсөөд гараад явсан ба энэ хооронд Н.Бгээс яасан муудалцаад байгаа юм уу гэхэд надтай юм дуугарахгүй мөн адил Ч.Сгийн араас гараад явсан” гэх мэдүүлгүүд,
Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/03 дугаар: “Ч.Сгийн биед зүүн хацар, хүзүү, баруун зүүн мөр, зүүн бугалга, нуруу, баруун шилбэнд цус хуралт, баруун даланд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”, №08 шэ/63 дугаар: “Ч.Сгийн биед 2020 оны 03 дугаар сарын 31-ний “.............” эмнэлгийн тодосгогч бодисгүй КТГ шинжилгээний хариунд бичигдсэнээр баруун 7,8 дугаар хавирганы суганы дунд шугмаарх зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...”, №08 шэ/103 дугаар: “Ч.Сгийн биед нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн завжинд язрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Н.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тус тус заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Харин Гэм буруугийн хуралд улсын яллагч Ц.Цэрэнбалжир нь шүүгдэгч Н.Бг Яллах дүгнэлт үйлдэж уншиж сонсгохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тус тус заасан гэмт хэрэгт яллаж байгаагаа танилцуулсан атлаа гэм буруугийн дүгнэлт оролцогч нарт танилцуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т гэм буруутай тооцуулах,
Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй гэж шүүхэд дүгнэлт гаргаж байгааг цаашид анхаарах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Н.Бгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ч.С нь “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Гэвч 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн ...хамаарна.” гэж хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.
Ийнхүү дээрх хуульд заасны дагуу ялыг өршөөн хэлтрүүлэхэд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх шаардлагыг тавьсан байна.
Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 03 дугаар сарын 25, 2020 оны 12 дугаар сарын 15, 2021 оны 02 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тус тус заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан өршөөн хэлтрүүлэхгүй байхаар зохицуулсан 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2 дугаар зүйлүүдэд тусгагдсан гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд ороогүй байна.
Шүүх 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 254 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тул дээрх хууль хэрэглэх журмыг баримтлан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Бд холбогдох эрүүгийн 2107000060013 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Бд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.8, 12.9 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бэйлийнхэн овогт Н.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэнийг тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан төрөл, хэмжээний ялаас өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ