Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямын Амарзаяа |
Хэргийн индекс | 118/2018/0024/З |
Дугаар | 118/ШШ2019/0003 |
Огноо | 2019-01-09 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 118/ШШ2019/0003
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Амарзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ч.Пү-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн Ниймгийн даатгалын хэлтсийн даргад холбогдох
2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/55 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Завхан аймгийн Цагаанчулуут сумын нийгмийн даатгалын байцаагчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 1 665 586 төгрөг гаргуулах, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж бичилт хийхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Пү-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансолонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Пү- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Пү- миний бие 2011 онд Завхан аймгийн Цагаанчулуут сумын нийгмийн даатгалын байцаагчаар томилогдож 7 жил ажилласан. Энэ хугацаанд аливаа зөрчил гаргаж арга хэмжээ тооцогдож байгаагүй бөгөөд 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 05-ны өдөр хүртэл 3 хоногийн чөлөөг сумын орлогч даргаас авч зайлшгүй шалтгаант ажлаар Ховд аймагт явсан. Гэтэл Завхан аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Ш.******* ажил тасалсан гэж үзэж 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/55 дугаар тушаалаар Ч.Пү- намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Миний бие уул тушаалыг хуульд нийцэж байгаа эсэхийг хянуулахаар 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдлоо гаргасан бөгөөд холбогдох албан тушаалтан гомдлыг хянаж та Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасныг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Иймд шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1-д зааснаар эрх бүхий байгууллагад хандаж болно гэсэн хариу өгч нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Ш.******* 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/55 дугаар тушаалыг хэвээр үлдээсэн тул мөн шийдвэрийг зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Пү- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндсэн шаардлагаа дэмжиж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа багасгахгүй.
Энэ тушаал бол хууль зүйн шаардлагад нийцэхгүй тушаал байгаа. Ч.Пү-гийн гаргасан зөрчил ийм арга хэмжээ авах үндэслэл болохгүй. Ч.Пү-г зөрчил гаргасан гэж үзээд байгаа.
Нэгдүгээрт: Тушаалд зааснаар дөрвөн өдөр ажил тасалсан, байгууллагын зарим баримтаар болохоор таван өдөр ажил тасалсан гэж байгаа. Эдгээр ажил тасалсан гэх өдрүүд зөрүүтэй байгаа.
Хоёрдугаарт: Сумын засаг даргын орлогч тухайн үед амаар чөлөө олгосон байдаг. Дараа нь бичгээр чөлөө олгосноо хэлсэн байдаг. Сумын орлогч дарга тухайн үед танай байгууллага олон хоногоор чөлөө өгч явуулдаг гэдэг байдлыг ярьсан. Үүнийг мушгиулан ярьсан байна гэдгийг тайлбараараа хэлсэн байдаг. Хариуцагч байгууллагын хийсэн шалгалтын илтгэх хуудас, шалгалтаар явсан он, сар, өдөр, хугацаа, дугаар, шалгалтаар илэрсэн нөхцөл байдлууд бүгд хоорондоо зөрүүтэй байдаг. Ямар зорилгоор, ямар шалгалт, хэний удирдамжийн дагуу явж байгаа, ямар хууль журмын дагуу очоод ямар ажил шалгах, шалгаад ямар нөхцөл байдал илэрсэн нь ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа байдал тэр илтгэх хуудсанд байх ёстой. Ингэж байж энэ хүнд захиргааны арга хэмжээ авах шаардлагатай байна уу? гэдгийг энэ байгууллага тогтоох ёстой байтал шал өөр нөхцөл байдлуудыг тэнд бичиж тэмдэглэсэн байгаа. Тэгэхээр хууль ёсны дагуу үйл ажиллагаа явагдсан гэж үзэхгүй байгаа. Үйл ажиллагаа, үйлдэл нь хоорондоо ямарч уялдаа холбоогүй, авцалдаагүй, дэс дараагүй, хоорондоо зөрүүтэй байдлаар илэрхийлэгдэж гарч байгаа. Иймд угаасаа анхны хандлага бол энэ хүнийг ажлаас чөлөөлөх хандлагатай. Үйл ажиллагаа, болсон процесс нь нэг өдөр нэг цаг минутад давхцсан байдалтай болсон байгаа. Дээрээс нь энэ Ч.Пү-д арга хэмжээ авсан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 25 дугаар зүйлийн 25.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтууд, хэлтсийн хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.4 дэх заалтууд нь өөрөө Ч.Пү-гийн тухайн зөрчилд арга хэмжээ авах үндэслэл мөн үү биш үү гэдгийг ярих асуудал мөн. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/91 тушаал гаргасан байгааг өнөө өглөө би үзлээ. Ч.Пү- өчигдөр өглөө буюу 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө сумаасаа гараад ирсэн байгаа. Тэр тушаалыг биеэрээ гардаж аваагүй. Өчигдөр орой шүүхээс 17 цаг 25 минутад ярьж. Өнөө өглөө шүүх дээр ирж тушаалтай танилцсан. Тушаалтай танилцахад Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийн заалтыг үндэслэн захиргааны илэрхий актыг зассан байна. Энэ нь боломжгүй гэж үзэж байгаа. Яагаад гэхээр захиргааны илэрхий акт гаргасан субъект өөрөө засах боломжтой байдаг. Гэхдээ энэ алдаа нь техникийн, захиргааны актын бичилтийн болон тооцооны алдаа ба үүнтэй адилтгаж болох алдаа. Гэвч эдний гаргасан алдаа бол бичмэл захиргааны актын үндсэн шаардлага болох хуулийн зүйл заалт болох үндэслэх хэсгээ бүхэлд нь хүчингүй болгосон байгаа. Энэ хүчингүй болгосноор ямар үр дагавар үүсэх юм, өөрөө бичмэл захиргааны акт хүчингүй болгох байдал бий болгоод байгаа юм биш үү гэдгийг бас хэлмээр байна. Иймд өнөө өглөөний танилцсан тушаал хэрэгт ач холбогдолгүй, үр дагавар үүсгэхгүй тушаал байна гэж үзэж байна. Тэр тушаалаар энэ хүнд арга хэмжээ аваад байгаа хуульд заасан үндэслэх хэсгүүдээ хүчингүй болгоод байгаа юм бол ямар хуулийн зүйл заалт үндэслэж энэ хүнд арга хэмжээ аваад байгаа юм. Арга хэмжээ авсан хуулийн зүйл заалт нь тэр чигтээ хүчингүй болчихоод байгаа юм бол энэ хүнд арга хэмжээ авах ямар шаардлага байна. 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/55 тоот тушаалыг бүхэлд нь хүчингүй болгоод байгаа юм уу? Эсвэл энэ тушаалаа бүхэлд нь хүчингүй болгочихоод хуучин энэ хүний ажил албан тушаалын үйлчлэл хэвээр байгаад байна гэсэн үг үү, эсвэл үйлчлэл нь сэргэнэ гэсэн үг үү. Үүнийг би сайн ойлгохгүй байна гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ч.Пү- нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг удаа дараалан биелүүлээгүй, чөлөө авалгүйгээр дур мэдэн ажлаа таслан явсан. Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 256 дугаар албан бичгээр 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хэлтэс дээр бэлэн байхыг үүрэг болгосон боловч ирээгүй. Цагаанчулуут сумын иргэдээс тэтгэвэрээ авч чадахгүй байна гэсэн гомдол утсаар ирүүлсэн тул тэр өдөртөө Нийгмийн даатгалын хэлтсийн даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу хяналтын байцаагч Б.Бадамханд, сургалт сурталчилгаа, сүлжээ хариуцсан байцаагч Э.*******, жолооч Б.******* нарын бүрэлдэхүүнтэй хяналт шалгалтын хэсэг даатгуулагчдаас ирсэн гомдол мэдээллийг барагдуулах зорилгоор 2018 оны 7 дугаар сарын 05-ны үдээс өмнө очсон. Очих үед Ч.Пү- нь ажлын байран дээрээ байгаагүй ба сумын Засаг даргад ажлын удирдамж танилцуулж холбогдох гомдол мэдээллийг хэлсэн. Энэ үед Засаг даргын орлогч Г.******* нь орж ирсэн ба тэрээр... босоо удирдлагатай хэдэн хүмүүс өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, ажлын цагаар ажил дээрээ байдаггүй, чөлөө зөвшөөрөл авалгүй, сумын удирдлагад хэлэлгүй явсан гэх зэргээр маш шүүмжлэлтэй хандаж, зохих журмын дагуу арга хэмжээ авч ажиллахыг хүсэж байна гэж тайлбарлаж байсан мөртлөө шүүхэд хуурамчаар чөлөөний хуудас олгосон баримт хүргүүлсэн байна. Ажлын хэсгийн илтгэх хуудсанд... итгэмжлэлээр тэтгэвэр авдаг дөрвөн даатгуулагчийн тэтгэвэр олгох зөвшөөрлийн хуудсыг сунгаж өгөөгүй удсаны улмаас тухайн даатгуулагч нар тэтгэврээ авалгүй 1-3 сар болсон байсан зөрчлийг газар дээр нь арилгаж тэтгэврээ авах нөхцлөөр хангаж ажиллаа гэсэн байгаа нь ажлаа цаг тухайд нь хийдэггүй бөгөөд хэлтсийн зүгээс цаг тухайд нь тэтгэвэр олгох зөвшөөрлийн хуудсыг олгож даатгуулагч нарт чирэгдэл үүсгэхгүйгээр ажиллахыг үүрэг болгож ирсэн. Сумын байцаагч нарын чадавхийг дээшлүүлэх сургалт 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр болоход уг сургалтыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан. Мөн сумын тайлан мэдээг тайлант хугацаанд тайлагнадаггүй зэргээс өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй нь харагдаж байна. Иймд Завхан аймгийн Цагаанчулуут сумын нийгмийн даатгалын байцаагч Ч.Пү-г Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/55 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ажлаас чөлөөлөх тухай 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/55 дугаартай тушаал хууль тогтоомжид нийцэж гарсан гэж үзэж байна. Уг тушаалд илэрхий алдаа байсныг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/91 дугаартай тушаалаар Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт зааснаар алдааг зассан байгаа. Уг тушаалын үндэслэх хэсгийг өөрчилсөн. Уг тушаалын нэг хувийг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу албан ёсны баталгаат шуудангаар нэхэмжлэгч Ч.Пү-д хүргүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна гэхээр
Нэгдүгээрт: Манай байгууллагын зүгээс үндэслэлгүйгээр ажлаа тасалсан. Мөн ажлын байранд заасан чиг үүрэг буюу тэтгэвэр авагч иргэдийн эрхийг хангахгүй, ажил тасалж хүмүүст хохирол учруулсан зөрчлийг газар дээр нь арилгаж ажилласан бөгөөд нэхэмжлэгч нь ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн.
Хоёрдугаарт: Албан бичгээр ир гэж дуудсан байхад хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй болох нь өөрөө ажлын байран дээрээ байхгүй байснаар нотлогдож байгаа. Г.******* гэдэг хүнээс чөлөө авч Ховд явсан гэж байгаа. Хэзээ чөлөө өгсөн нь тодорхойгүй. Хэрвээ чөлөө авсан байсан бол Нийгмийн даатгалын хэлтсээс ажлын хэсэг очиж байхад яагаад чөлөөний хуудсыг гаргаж өгөөгүй юм. Тайлангаа хугацаанд нь ирүүлээгүй гэсэн асуудал яригддаг. 2018 оны 07 сард ирүүлээгүй. Энэ нь ажлаас чөлөөлөгдсөн сар байгаа. 2018 оны 01,04,05 саруудад хангалтгүй ирүүлсэн гэдэг тэмдэглээтэй байдаг. Ингээд ажилдаа хариуцлагагүй хандсан, хангалтгүй биелүүлсэн гэж үзэж энэхүү тушаалаар ажлаас чөлөөлсөн. Иймд энэ тушаал үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа.
Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрхтэй. Энэ захиргааны акт нь илэрхий алдаатай байна гэж өөрсдөө үзэж байгаа бол үүнийг засаж болох эрхтэй. Манай байгууллагаас энэхүү актыг хүчингүй болгуулах хүсэлт гаргаагүй тул энэхүү захиргааны актыг хууль зүйн хүчин төгөлдөр гэж үзнэ. Түүнээс биш ач холбогдолгүй гэж үзэх боломжгүй. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/91 тушаалаар зөвхөн Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам гэж шаардлагагүй буруу бичигдсэн байгаа тэр хэсгийг зассан. Энэ нь илэрхий алдаа. Түүнээс биш тушаалыг бүхэлд нь хүчингүй болгоогүй. Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтууд нь хэвээрээ үргэлжилж байгаа тул тэр тушаалын үйлчлэл хэвээр байгаа. Илтгэх хуудас бол удирдамжийн дагуу явж ирээд хийсэн ажлын тайлангаа бичиж өгсөн ажлын тайлан. Шалгалтын багийнхан очиход Ч.Пү- өөрөө байхгүй байсан. Мөн тэнд очоод хийсэн ажлууд бичигдсэн байгаа. Дараа нь зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцээд тэмдэглэл хөтлөөд тэр дээр тодорхой асуудлууд яригдсан гэдгийг шүүх бүрэлдэхүүнд танилцуулж байна гэв.
Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Доржсүрэн овогтой Юмжав нь 2018 оны 7 дугаар сарын 23-нд Цагаанчулуут сумын Нийгмийн даатгалын байцаагчаар түр томилогдон ажиллаж байгаа боловч нэхэмжлэгч Ч.Пү-гийн захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татагдан оролцох боломжгүй. Учир нь: 1. Жилийн эцсийн тайлан мэдээ гаргах. 2. Ээж саяхан хүнд хагалгаанд орж харж хандах хүнгүй, ажил ихтэй тул шүүх хуралдаанд оролцож чадахгүйг харгалзан үзнэ үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Пү- нь Завхан аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/55 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Цагаанчулуут сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 1 665 586 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэг: Завхан аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/55 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Завхан аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/55 дугаар тушаалаар[1] Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг баримтлан албаны чиг үүрэгт тусгагдсан хэрэгжүүлбэл зохих албан үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 4 өдрийг тасалсан, тэтгэвэр авагчдын итгэмжлэлийн хугацааг сунгаж өгөөгүйгээс даатгуулагч нар 1-3 сар тэтгэвэрээ авч чадаагүй гэх үндэслэлээр Завхан аймгийн Цагаанчулуут сумын нийгмийн даатгалын байцаагч Ч.Пү-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, нэхэмжлэгчээс ...сарын мэдээ тайланг хугацаанд нь гаргаж өгч байсан, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн зүйл байхгүй, сумын Засаг даргын орлогчоос чөлөө авч явсан, даатгуулагч нар өөрсдөө итгэмжлэлээ сунгуулах хүсэлтээ гаргаагүй гэж маргажээ.
Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 25 дугаар зүйлийн 25.1.1-д ...удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах/-аар заасан байна.
Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 19 дүгээр зүйлийн 19.1-д төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэх-ээр, 19.3-т төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага тогтоох-оор тус тус заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам-ыг баталсан бөгөөд уг журмын 1.1-д ...байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга... төрийн жинхэнэ албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулж, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх-ээр, 1.5-д ...гэрээг дүгнэж өгсөн үнэлгээ нь төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн... болох-оор тус тус заажээ. Өөрөөр хэлбэл, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн эсэх нь тухайн албан хаагчийн үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлж дүгнэсний үр дүнд тогтоогдох бөгөөд Ч.Пү- нь 2017 оны үр дүнгийн гэрээгээ сайн буюу В үнэлгээтэй дүгнүүлсэн[2] байна.
Хариуцагчаас нэхэмжлэгчийг албаны чиг үүрэгт тусгагдсан хэрэгжүүлбэл зохих албан үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэж буруутгасан. Үүний нэг үндэслэл болсон итгэмжлэлээр тэтгэвэр авдаг 4 даатгуулагчийн тэтгэвэр олгох зөвшөөрлийн хуудсыг сунгаж өгөөгүй удсаны улмаас тухайн даатгуулагч нар тэтгэвэрээ авалгүй 1-3 сар болсон гэсний тухайд: Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Б.Бадамханд, сургалт сурталчилгаа, сүлжээ хариуцсан мэргэжилтэн Э.******* нарын Цагаанчулуут суманд хяналт шалгалт хийсэн ажлын тайланд иргэн Б.Банзрагч, Т.Өсөхжаргал нарын зөвшөөрлийн хуудасны хугацаа дуусч, Л.Бадраа, Р.Жүгдэрнамжил, Ч.Тогтох, Д.Нарангэрэл нарын тэтгэвэрийг 2018 оны 05 сарын 11, 06 сарын 08-ны өдрөөс хойш авч чадаагүй байсан талаар дурьдсан байх ба нэхэмжлэгч энэ талаар маргаагүй байна. Нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод[3] зааснаар тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгох, тэтгэвэр, тэтгэмж авагчдын шилжилт хөдөлгөөнийг бүртгэх чиг үүрэгтэй байх бөгөөд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2-т Нас хөгширсөн, өвчилсөн гэх мэт хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр тэтгэврээ авах чадваргүй болсон иргэний тэтгэврийг хууль ёсны итгэмжлэгдсэн хүнд нь, эсхүл нийгмийн даатгалын байгууллага гэрээр нь хүргэн өгч үйлчлэх-ээр зохицуулсан байна.
Нэхэмжлэгчийн дээрх иргэдийн зөвшөөрлийн хуудасны хугацааг сунгаж өгөөгүй, сумын байцаагч нарын чадавхыг дээшлүүлэх сургалт 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрүүдэд зохион байгуулахад 03 сарын 24-ний өдрийн сургалтыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан, сарын мэдээ тайланг хугацаанд нь ирүүлдэггүй гэх зэрэг үйл баримтууд нь нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээ-ний биелэлтийг дүгнэхэд хамааралтай, нэхэмжлэгч дээрх байдлаар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзвэл, эрх бүхий этгээд түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэхдээ харгалзан үзэх үзүүлэлт болохоос бус шууд ажлаас халах үндэслэл болохгүй юм.
Завхан аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн хөдөлмөрийн дотоод журмын[4] 4.9 дэх хэсэгт тухайн албан хаагчийн бичгээр гаргасан хүсэлт, түүнд заасан шалтгаан нотлох баримт зэргийг үндэслэн 30 хүртэл ажлын өдрийн чөлөөг хэлтсийн даргын тушаалаар олгож болно гэж заажээ. Ч.Пү- нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 3 хоногийн чөлөөг Цагаанчулуут сумын Засаг даргын орлогчоос авсан болох нь гэрч Г.*******гийн ... 2018 оны 7 сард амаар 3 хоногийн чөлөө хүссэн. Түүний дагуу 3 хоногийн чөлөөг чөлөөний хуудсаар олгосон гэсэн мэдүүлэг[5], чөлөөний хуудсаар[6] тус тус тогтоогдож байна.
Энэ нь Завхан аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дотоод журамд нийцээгүй байх хэдий ч Ч.Пү-г дээрх үндэслэлээр албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн нь буруу байна.
Завхан аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Тушаалын илэрхий алдааг засах тухай Б/91 дүгээр тушаалаар[7] хэлтсийн даргын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/55 дугаар тушаалын үндэслэх хэсгийн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт гэсэн хэсэг болон хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.4 дэх заалт гэсэн хэсгийг илэрхий алдаатай гэж үзэж дээрх хэсгүүдийг хүчингүй болгожээ. Хариуцагчаас дээрх Б/91 дүгээр тушаалыг нэхэмжлэгчид мэдэгдсэн, хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй, захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26 дугаар зүйлд заасан ажиллагааг хийгээгүй, захиргааны актыг гаргах журмыг зөрчсөн хэдий ч нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх тушаалтай холбогдуулан шаардлага гаргаагүй бөгөөд хэргийг хэлэлцэж дууссаны дараа буюу нотлох баримт шинжлэн судлах үед дээрх Б/91 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлага нэмэгдүүлж гаргаж байгааг хүлээн авах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж дууссаны дараа шаардлагаа нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй байна
Иймд Б/55 дугаар тушаалын үндэслэлийг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсгийн хүрээнд дүгнэх нь зүйтэй байна.
Ийнхүү Завхан аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/55 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байх тул уг тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.Пү-г өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.
Хоёр: Ажилгүй байсан хугацааны цалин 1 665 586 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хариуцагч Завхан аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь нэхэмжлэгч Ч.Пү-г үндэслэлгүйгээр чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ч.Пү-д ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгохоор байна. Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 сарын 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баримтлан Ч.Пү-гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг[8] үндэслэн түүний авч байсан сүүлийн 3 сарын буюу 2018 оны 4, 5, 6 сарын дундаж цалин болох 602412 төгрөгнөөс нэг хоногийн цалинг 27889 төгрөгөөр тооцож, 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаа буюу 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцоход, нийт 121 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3374622 төгрөгөөр тооцогдох байх хэдий ч нэхэмжлэгч өөрөө 1665586 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дээрх цалинг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу Ч.Пү-гийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг дээрх 1665586 төгрөгнөөс хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, дэвтэрт бичилт хийж олгохыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Пү-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн тухай Б/55 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ч.Пү-г Завхан аймгийн Цагаанчулуут сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Ч.Пү-гийн ажилгүй байсан хугацааны цалин 1665586 төгрөгийг Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж, хуульд заасан хувь хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, татварыг тооцож, холбогдох дэвтэрт бичилт хийж олгохыг хариуцагч Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Пү-д олгосугай.
4. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай 47 дугаар захирамжийн үйлчлэл дуусгавар болохыг дурдсугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА
[1] Хавтаст хэргийн 6-р хуудас
[2] Хавтаст хэргийн 32-40-р хуудас
[3] Хавтаст хэргийн 13-р хуудас
[4] Хавтаст хэргийн 111-р хуудас
[5] Хавтаст хэргийн 94-р хуудас
[6] Хавтаст хэргийн 5-р хуудас
[8] Хавтаст хэргийн 9-12-р хуудас