Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 71

 

2016.06.27 ДУГААР-71
      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 
Хэргийн индекс:156/2016/0078/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга:                       А.Цэрэндулам, 
Улсын яллагч:                                    Я.Сансар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч:             С.Нарангэрэл
Шүүгдэгч                                                        Х.Ононбаяр нарыг оролцуулан

     Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ононбаярт холбогдох 201623000080 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч  хянан  хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:
      Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Бэрх хотод 1991 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх хотын 2 дугаар хороо хөдөө хэсэгт оршин суух хаягтай, урьд улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй Боржигон овогт Хулангийн Ононбаяр /РД: СФ91042511/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Х.Ононбаяр нь согтуугаар 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Бэрх хот 1 дүгээр хороо 69-01-06 тоотод оршин суух С.Ганганчимэгийн гэрт иргэн А.Уранцогоог илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж нүүрэн тус газар нь гараараа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. 
                          
ТОДОРХОЙЛОХ НЬ:
    
Шүүгдэгч Х.Ононбаяр нь согтуугаар 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Бэрх хот 1 дүгээр хороо 69-01-06 тоотод иргэн А.Уранцогоог илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж нүүрэн тус газар нь гараараа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 
Хохирогч А.Уранцогоогийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би тухайн үед уучихсан нилээн согтуу байсан. Бид нар адуу мал ярьж байхад Ононбаяр гэнэт согтуурхаж баярхаад би олон азарга адуутай хүн чамайг хүлж байгаад адуугаар тасдуулж, гишгүүлнэ, дайруулна гэх зэргээр томроод агсан тавиад байсан. Би тэгэхээр нь гэрээс гарах гэхэд намайг гаргахгүй эргэж суулгаад өөрөө архи хундагалж байснаа миний нүүрлүү архиа цацсан. Тэгээд нүдэд архи ороод би нүүрээ арчих үед зүүн хөмсөг орчимд цохигдоод оч манараад би газар унасан. Босож ирэхэд миний хөмсөг задарсан байсан. Би өөрөө тухайн үед бодохдоо Ононбаяр миний нүүр лүү архи цацаад дараа нь аягаа шидлээ гэж бодсон. Тэгээд 1, 2 дугаар байцаалтандаа надруу архи хундагалж байсан аягаа шидсэн гэдгийг хэлсэн. Харин 3 дугаар байцаалтандаа Ононбаяр надруу архи хундагалж байсан аягаа шидсэн гэж бодож байгаа талаараа хэлсэн. Би газар ойчиж булан тохой мөргөх асуудал гараагүй. Би дотроо бодохдоо хөмсөг задрахаар нь аяга шидээд л миний хөмсөгийг сэтэлчихлээ гэж бодсон. Гараар цохиход сэтрэхгүй байх гэж бодсон. Миний хөмсөг сэтрээд цус гарахад нь Ононбаяр уучлалт гуйж хөмсөгийг маань угааж өгөөд сандал дээр суулгасан. Тэгсэнээ дахин гараараа хажуугаар явахдаа цохиж алгадаад байсан. ... Ононбаяр надруу архи цацаад дараа нь аягаа шидсэн юмуу эсвэл цохисон аль нэг үйлдлийг л хийсэн. Тэгээд л миний хөмсөг задарсан. Хажууд Батзориг байсан болохоор энэ үйлдлийг харсан байх ёстой. Би архи нүүр лүүгээ цацуулчихаад юм харж чадахгүй баруун гараараа нүүрээ арчиж байсан болохоор гараараа цохисон, аяга шидсэн аль нь болохыг сайн мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 72-73хуу/
Гэрч Г.Батзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би анхны мэдүүлэгтээ Ононбаяр Уранцогоогийн нүүрлүү 2-3 удаа цохисон гэж мэдүүлсэн. Тэр мэдүүлэг маань үнэн. Яг тухайн үед болсон асуудал гэвэл Ононбаяр согтчихоод баярхаад олон адуутай Уранцогоогийн 4 мөчөөс уяад адуугаар гишгүүлнэ гэх зэргээр томроод байсан. Уранцогоо Ононбаярын өөдөөс янз бүрийн зүйл яриагүй би чам шиг олон малгүй ч цөөн хэдэн мал надад байна гэж хэлсэн. Тэгээд Ононбаяр архи хундагалж байснаа аягатай архиа Уранцогоогийн нүүр лүү цацсан. Уранцогоо нүүрээ арчиж байхад Ононбаяр гараараа түүний нүүрлүү цохиод авсан, хөмсөгнөөс нь цус гарч эхэлсэн. Ононбаяр Уранцогоогийн хөмсөгийг угааж уучлалт гуйгаад байж байхдаа Уранцогоог сандал дээр сууж байхад нь хажуугаараа гарах болгонд алгаараа алгадаад байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 74хуу/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016.075 дугаартай дүгнэлтэд:
А.Уранцогоогийн биед зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 
Дээрх гэмтэл нь зүүн нүдний эргэн тойронд зөөлөн эдийн няцрал зүүн хөмсөгний язарсан шарх үүссэн, уг гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайлбал: гараар цохиулах, хөлөөр өшиглүүлэх гэх мэт үйлдлийн үед үүсгэгдэх боломжтой.
Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Ононбаярын согтуугаар 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр иргэн А.Уранцогоог илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.  
Шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан бөгөөд шүүгдэгч нь эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулж, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг нь харгалзан оногдвол зохих хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон


ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Хулангийн Ононбаярыг догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ононбаярыг 03 жил 06 сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасаар шүүгдэгч Х.Ононбаярт оногдуулсан жил 03 сарын 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдэн ирсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай. 
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Х.Ононбаярт оногдуулсан 03 жил 06 сарын хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Ононбарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


    

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.ГАНЗОРИГ