Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2023/0368

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Г

Нэхэмжлэлийн шаардлага: “Д” ХХК-д олгосон нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн МЗХ2017/07-15 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 357 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Б.Э, өмгөөлөгч Б.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 128/2022/0371/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “А” ХХК-иас ““Д” ХХК-д олгосон нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн МЗХ2017/07-15 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 357 дугаар шийдвэрээр Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтыг баримтлан “Д” ХХК-д олгосон 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн МЗХ2017/07-15 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас дахин шинэчилж батлах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

            3.1. Уг шийдвэрийг “Үндэслэх” хэсгийн нэгт “Нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй буюу нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзсан үндэслэлгүй байна” гэж дүгнэжээ.

Шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.2, 54.3.3-д тус тус зааснаар “А” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авсан нь үндэслэлгүй байна. Энэ нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2848 дугаартай “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 5 дугаар нүүрт авагдсан даргалагч шүүгч, гэрч Н.Б нарын асуулт хариултаас харагдаж байна. Үүнд: Даргалагчийн “2021 оны 11 дүгээр сард хийсэн уулзалтаар “Д” ХХК-ийн батлагдсан эскиз зургийг үзүүлсэн үү” гэсэн асуултад гэрч Н.Б: “нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар хийгдэж байгаа уулзалт бол дандаа Архитектур төлөвлөлтийн даалгавар болон загвар зургийг харж уулзалт зохион байгуулдаг”, “тус уулзалтаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг танилцуулан, үүний дагуу зөвшөөрөл олгогдсон гэдэг мэдээллийг өгсөн” гэж хариулжээ.

Үүнээс дүгнэхэд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “А” ХХК-аас тус газарт гаргасан гомдлын дагуу Хот байгуулалт, хөгжлийн газраас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “А” ХХК, “Д” ХХК нарыг дуудан албан уулзалтыг зохион байгуулсан бөгөөд уг уулзалтаар “А” ХХК нь гуравдагч этгээд болох “Д” ХХК-ийн МЗХ2017/07-15 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ зэргийг мэдэж байсан нь нотлогдож байгаа тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.2, 54.3.3-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болж байна.

3.2. Шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсгийн хоёрт, “Захиргааны байгууллагаас баталсан Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь эрх зүйн акт байх тул засуулах шаардлагатай” гэж дүгнэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2848 дугаартай “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 2-4 дүгээр хуудас гэрч Н.Б-ын мэдүүлгээр тус газраас баталсан захиргааны актууд эрх зүйн зөрчилгүй тухай тайлбар мэдүүлэгүүд байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 357 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

4.1. Нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй буюу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байна гэх хүрээнд:

Шүүхийн шийдвэрт нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас маргаан бүхий 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 03/10/428 дугаар албан бичгээр “А” ХХК-ийн өмгөөлөгчид мэдэгдэл хүргүүлснээр 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж хуульд заасан 30 хоногийн хугацаанд хариу өгөөгүй гэх үндэслэлээр 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна гэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь “Д” ХХК нь анх 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн МЗХ2017/07-15 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар авахдаа нэхэмжлэгч “А” ХХК-иас нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 05/14 тогтоолоор батлагдсан журмын дагуу хөрш залгаа газар эзэмшигчээс санал ав гэж нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас зөвлөсний дагуу “А” ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 39 дүгээр албан бичгээр өөрийн байшингийн 6 цонхыг хаан зэрэгцүүлэн байшин барихыг зөвшөөрсөн байдаг.

Ийнхүү зөвшөөрөл өгөхдөө нэхэмжлэгч талын хүсэлт санаачилгаар компани нь 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хэлцэл хийж, уг хэлцлээр нэхэмжлэгч нь “өөрийн барилгын зүүн тийш харсан 6 цонхыг хааж нийлүүлэн барилга барихыг зөвшөөрсөн, гуравдагч этгээд нь нэхэмжлэгчид 95.000.000 төгрөг болон 31.46 м.кв газрыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон, уг хэлцэлд 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр талууд харилцан тохиролцож “А” ХХК-ийн байр нь 5 давхар болон нэмж баригдах тул тус 2 компанийн нийлсэн хананд цонх гаргахгүй байхаар харилцан тохиролцов” гэсэн нэмэлт заалт оруулснаар нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч этгээдэд өөрийн барилгатай нийлүүлж барилга барихыг зөвшөөрсөн болох нь нотлогдож байгаа бөгөөд уг хэлцлийг үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан болохыг хэлж байсан болох нь нэхэмжлэгчийн зүгээс нийслэлийн Газрын албанд хандаж гаргасан 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 45 дугаар “Газар шилжүүлэн авах болох нэмэлтээр хүсэх тухай” өргөдлөөр нотлогдож байхад анхан шатны шүүхээс энэ үйл баримтад огт дүгнэлт хийгээгүй хууль бус юм.

Улмаар “А” ХХК нь манайхаас шилжүүлэн авсан 31.46 м.кв газрын хэмжээг нэмэгдүүлэн 105 м.кв болгон эзэмшин авсан бөгөөд уг газар дээрээ өргөтгөлийн барилга барихаар төлөвлөж байгаа нь тогтоогддог. Ийнхүү хэлцэл хийж төлбөр төлж, газар шилжүүлэн авснаар нийлүүлэн барилга барих зөвшөөрөл өгөх асуудал нь нэхэмжлэгчийн санаачилгаар хийгдсэн бөгөөд манай байгууллагын зүгээс уг саналыг хүлээн зөвшөөрч хэлцлээр үүргээ бүрэн биелүүлсэн билээ.

Нэхэмжлэгч талаас энэ үед 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Архитектур төлөвлөлтийн даалгаврыг мэдэж байсан бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг гарсан болохыг мэдээд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 196/1 дүгээр албан бичгээр нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга болон 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 195/2 дугаар албан бичгээр нийслэлийн Засаг даргад хандан тус тус захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан нь нотлогддог. Уг гомдлуудын агуулгаас харахад нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актуудыг мэдээд эс зөвшөөрч гомдол гаргасан болох тогтоогддог. Уг гомдлын дагуу 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр захиргааны байгууллагын зүгээр гомдол шийдвэрлэх ажиллагааны хүрээнд нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийг оролцуулсан уулзалт хийж “Д” ХХК-ийн барихаар төлөвлөсөн барилгын бичиг баримтуудын хүрээнд гомдлыг хэлэлцээд 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгох үндэслэлгүй байгаа тул хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариуг уулзалтын тэмдэглэлээр өгч, оролцсон этгээдүүдээр гарын үсэг зуруулж, баталгаажуулсан болох нь “А” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 196/1, 196/2 дугаар албан бичгүүд, уг уулзалтын тэмдэглэл, гэрч Н.Б-ын мэдүүлэг, нэхэмжлэгч Н.Б-ын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байхад анхан шатны шүүхээс энэхүү үндэслэлд дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарт хэт хөтлөгдөн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй гэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

4.2. Захиргааны байгууллагаас баталсан архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь эрх зүйн зөрчилтэй акт байх тул засуулах шаардлагатай гэх хүрээнд:

Шүүхийн шийдвэрт “2018 онд батлагдсан “Д” ХХК-ийн баригдах барилгын эскиз зургаар “А” ХХК-ийн барилгатай нийлсэн ханандаа 3-5 давхар нь цонхтой байхаар батлагдсан байх бөгөөд “А” ХХК хэлцэлд заасан тохиролцоогоо өгсөн хэмээн ийнхүү маргаанаас барилгын эскиз зурагт заасан цонхны байршлыг өөрчилсөн боловч уг өөрчлөлт бүхий эскиз зургийг хотын ерөнхий архитектораар байгуулаагүй, зөрчилтэй загвар зураг одоог хүртэл хүчинтэй гэжээ.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-д ““загвар зураг” гэж барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орчны тойм, эзлэхүүн төлөвлөлт, барилгын нүүр тал /фасад/, өнгөний шийдэл, төлөвлөлтийг тодорхойлсон баримт бичгийг ойлгоно”, тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.5.-д “Барилгын ажлын явцад барилга байгууламжийн үндсэн хийц, бүтцэд өөрчлөлт оруулсан бол тухайн өөрчлөлтийг тусгаж боловсруулан зураг төсөлд дахин магадлал хийлгэнэ” гэж заасан байдаг.

Гэвч дээр дурдсан загвар зурагт орсон өөрчлөлт нь барилгын үндсэн хийц, бүтцэд өөрчлөлт ороогүй, цонхтой байсан хэсгийг цонхгүй болгосон тул дахин эскиз зургийг зуруулах шаардлагагүй гэдгийг нотолж байгаа бөгөөд хариуцагч байгууллага болон зураг төсөл зохиогчийн зүгээс ч дээрх тайлбарыг хэлж өөрчлөлт оруулсан эскиз зургийг дахин тайлбарлаж өгөөгүй болно.

Гэтэл анхан шатны шүүхээс энэхүү байдлыг бодитойгоор нь дүгнэлгүйгээр “Өөрөөр хэлбэл барилгын эскиз зурагт ийнхүү орчны барилгуудтай уялдсан цонхны байршил өөрчлөгдсөнөөр эзлэхүүн төлөвлөлт, нарны тусгал, барилгын давхрын байгуулалт, фасад, архитектурын шийдэлд мөн өөрчлөлт орж эрх бүхий этгээдээр батлагдаж байж хүчин төгөлдөр болж, барилгын төлөвлөлтийн бусад баримт бичигтэй уялдах учиртай” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийн аль зохицуулалтад үндэслэн ийнхүү дүгнэж байгаа нь тодорхойгүй, хэтэрхий хийсвэр шинжтэй дүгнэлт болсон гэж үзэж байна.

4.3. Анхан шатны шүүхийн шийдвэрт “Хөрш зэргэлдээ барилгын хийц аюулгүй байдал нөлөөлөхгүй байх” нөхцөлтэйгөөр зөвшөөрснийг барилга хооронд ямарваа зайгүй нааж архитектур төлөвлөлтийн даалгавраар төлөвлөсөн нь зөрчөөгүй гэх ч үүнийг “зэрэгцүүлэн барих гэдгийг нийлүүлж, нааж барихыг ойлгоно” гэх тайлбараас өөрөөр хариуцагч байгууллага нотлоогүй. Өөрөөр хэлбэл энэ зэрэгцүүлэн барих, нааж, нийлүүлж барих гэх ойлголтууд барилгын норм дүрмээр ижил эсхүл ялгаатай ойлголт эсэхийг тайлбарласангүй” гэжээ.

Гэтэл дээрх ойлголт нь барилгын норм ба дүрмээр тайлбарлагдах ойлголт биш бөгөөд талуудын байгуулсан хэлцлийн үндсэн тохиролцоог анхан шатны шүүхээс илэрхий мушгин гуйвуулах байдлаар тайлбарлаж хэргийн шийдвэрлэх үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 357 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2.1. Нэхэмжлэгч “А” ХХК-иас ““Д” ХХК-д олгосон нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн МЗХ2017/07-15 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан байна.

2.2. Нэхэмжлэгчээс “Д” ХХК болон “А” ХХК нь хоорондоо Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилга барихтай холбоотойгоор 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хэлцэл хийсэн ба уг хэлцлээр “А” ХХК-ийн 2 давхар барилгын зүүн тал руу харсан зөвхөн 6 ширхэг цонхыг хааж зэрэгцүүлэн шинээр барилга барихыг “Д” ХХК-д зөвшөөрөх, “Д” ХХК-ийн барилга барих нь “А” ХХК-ийн одоо байгаа барилгын хийц болон аюулгүй байдалд нөлөө үзүүлэхгүй байхыг чанд анхаарч ажиллахыг “Д” ХХК хатуу хариуцах, “А” ХХК нь өөрийн барилгыг 5 давхар болгон нэмж барих тул тус 2 компани нь нийлсэн ханандаа цонх гаргахгүй зэрэг нөхцөлийг зааж, харилцан тохиролцсон хэдий ч уг хэлцлээр тохирсон заалтуудыг биелүүлэхгүйгээр холбогдох хууль, журмыг зөрчиж архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг гаргуулсан нь “А” ХХК-ийн барилгын хэв хийц, суурьт сөргөөр нөлөөлөх, манай барилгын нарны тусгалыг хааж барилга барихаар төлөвлөсөн нь манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн” гэж тайлбарлан маргажээ.

2.3. Анхан шатны шүүх “2017 оны архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн 2018 онд батлагдсан “Д” ХХК-ийн баригдах барилгын эскиз зургаар “А” ХХК-ийн барилгатай нийлсэн ханандаа 3-5 давхар нь цонхтой байхаар батлагдан байх бөгөөд “А” ХХК хэлцэлд заасан тохиролцоогоо зөрчсөн хэмээн ийнхүү маргаснаар барилгын эскиз зурагт цонхны байршлыг өөрчилсөн боловч уг өөрчлөлт бүхий эскиз зургийг хотын ерөнхий архитектораар батлуулаагүй, ... 2017 онд гуравдагч этгээд “Д” ХХК-ийн эзэмшил 520 м.кв газрын 350 м.кв талбайд барилгажуулахаар схем зураг бүхий архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан бөгөөд тус компанийн эзэмшил газрын хэмжээ, байршилд өөрчлөлт орж нийслэлийн Засаг даргын 2019 оны захирамжаар 488 м.кв газар эзэмшдэг болсноор архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинэчилж батлуулаагүй, барилгажих талбайн схем зурагт газрын байршил хэмжээнд орсон зохих өөрчлөлт тусгагдаагүй байна” гэх дүгнэлтийг хийсэн атлаа маргаан бүхий “Д” ХХК-д олгосон 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн МЗХ2017/07-15 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

2.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж тус тус заажээ.

2.5. Дээрхээс зохицуулалтуудаас үзвэл, шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг өөрөө бүрэн цуглуулж, бодит байдлыг тогтоон, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх үүрэгтэй байтал энэ үүргээ бүрэн хэрэгжүүлэхгүйгээр “архитектур төлөвлөлтийн даалгаврын нөхцөл, барилгажих талбайн схем зурагт эзэмшил газрын хэмжээ, байршилд орсон өөрчлөлттэй холбоотой тодруулга, өөрчлөлт орох шаардлагатай эсэхийг хариуцагч байгууллага дүгнэж шийдвэр гаргаагүй байх тул шүүх энэ талаар дүгнэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн” гэж тайлбарлан маргаан бүхий актуудыг түдгэлзүүлж шийдвэрлэж буй энэ тохиолдолд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангасан гэж үзэхээргүй байна.

2.6. Учир нь нэхэмжлэгчийн барилга хоорондын зай, галын аюулгүй байдлын норм дүрэм зөрчсөн, нарны тусгалыг хааж барилга барихаар төлөвлөсөн гэх зэрэг маргаж буй үндэслэл тус бүрт шаардлагатай нотлох баримтуудыг шүүх цуглуулж, нэхэмжлэгч компанийн эрх хууль, ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж хэрэг маргааныг нэг мөр, эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой буюу маргаан бүхий энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан “... шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн...” гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Нэгэнт давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 357 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                            О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН