| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 104/2017/0217/И |
| Дугаар | 211 |
| Огноо | 2017-06-07 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Налайх дүүргийн 2 дугаар хороо, 47-23 тоотод оршин суух, /РД:УЕ57050311/ Бөртэ овогт Аюурзанын Цэвээнжавын
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн эсэхийг тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч А.Цэвээнжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.Цэвээнжав шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тэтгэвэрт гарах нас болж, Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандахад хөдөлмөрийн дэвтэр усанд норж урд талын зурагтай, овог нэртэй хуудас мэдэгдэхгүй болсон тул шүүхээр хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь мөн эсэхээ тогтоолгож ир гэсэн учир намайг хүсэлтэд хавсаргасан баримтын дагуу хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч /РД:УЕ57050311/ Бөртэ овогт Аюурзанын Цэвээнжавын хөдөлмөрийн дэвтэр нь усанд норж, түүний овог, нэр, төрсөн он, сар, өдөр нь харагдахгүй болсны улмаас хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн эсэхийг тогтоолгох шаардлага бий болж, шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч А.Цэвээнжавын хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг 1995 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр баталгаажуулан 255264 дугаар нийгмийн даатгалын дэвтрийг олгосон байна.
Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн хошой одонт Налайхын нүүрсний уурхайн даргын 1987 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 181 дүгээр шилжүүлсэн ажиллах, шинээр ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай, Улаанбаатар Цахилгаан шугам сүлжээний газрын харьяа Налайх хотын эрчим хүчний салбарын даргын 1980 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 49 дүгээр ажилд томилох тухай, Зам тээврийн яамны харьяа 14 дүгээр авто баазын захиргааны 1992 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 15 дугаар ажил өөрчлөх, ажлаас халах тухай, Тээврийн яамны харьяа 14 дүгээр авто баазын захиргааны 1980 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 67 дугаар ажлаас чөлөөлөх тухай, 1979 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 33 дугаар ажилд томилох тухай, 1979 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 44 дүгээр арга хэмжээ авах ба ажилд өөрчлөн томилох тухай, Түлш эрчим хүчний үйлдвэр, Геологийн яамны харьяа Налайхын нүүрсний үйлдвэрийн даргын 1974 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 206 дугаар шилжүүлэн ажиллуулах, шинээр ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаалуудын хуулбар, Налайх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа, хамт ажиллаж байсан гэрч Г.Дамдинсүрэн, Л.Дамдинсүрэн, Ж.Иманмухамед нарын мэдүүлгүүд зэрэг хуулийн шаардлага хангасан баримтуудаас үзэхэд:
А.Цэвээнжавын хөдөлмөрийн дэвтэр усанд норж уг хөдөлмөрийн дэвтрийн огноо дугаар, тамга, тэмдэг, ямар байгууллагаас хэзээ олгосон болох нь харагдахгүй байгаа хэдий ч тус хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн хошой одонт Налайхын нүүрсний уурхайн даргын 1987 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 181 дүгээр, Улаанбаатар Цахилгаан шугам сүлжээний газрын харьяа Налайх хотын эрчим хүчний салбарын даргын 1980 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 49 дүгээр, Зам тээврийн яамны харьяа 14 дүгээр авто баазын захиргааны 1992 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 15 дугаар, 1979 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 33 дугаар, Түлш эрчим хүчний үйлдвэр, Геологийн яамны харьяа Налайхын нүүрсний үйлдвэрийн даргын 1974 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 206 дугаар тушаалын хуулбарууд нь хүсэлт гаргагчийн хүсэлтээ дэмжин шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудтай тохирч;
мөн хөдөлмөрийн дэвтрийн 21 дүгээр хуудсанд Нийгэм хангамжийн улсын байцаагчийн гарын үсэг бүхий тэмдэг дарж, хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг баталгаажуулж, 1995 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 255264 дугаар нийгмийн даатгалын дэвтэр олгосон болох нь Налайх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаагаар А.Цэвээнжавын дэвтэр мөн болох нь нотлогдож байна.
Иймд 1995 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хааж бичилт баталгаажуулан 255264 дугаар нийгмийн даатгалын дэвтэр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Аюурзанын Цэвээнжав мөн болохыг тогтоож, хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4.-т зааснаар 1995 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хааж бичилт баталгаажуулан 255264 дугаар нийгмийн даатгалын дэвтэр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь /РД:УЕ57050311/ Бөртэ овогт Аюурзанын Цэвээнжав мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар хүсэлт гаргагч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ