Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/126

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

Улсын яллагч Д.Аянагүл /томилолтоор/,

Хохирогч Т.О /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

Шүүгдэгч О.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлчимэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 109 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жанчивынхан овогт О.Уд холбогдох эрүүгийн 2107000000111 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эмэгтэй, яс үндэс Халх, дээд боловсролтой, сэтгэл зүйч  мэргэжилтэй, тэтгэвэрт гарсан, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ..................................................................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Жанчивынхан овогт О.У /РД: /,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч О.У нь 2020 оны 08 дугаар сард Судан улс руу нарийн мэргэжлийн сувилагчаар явуулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Т.Оөөс өөрийн хүү О.Аийн Хаан банкны ............... дугаарын дансаар 5.500.000 төгрөг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  О.У нь  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “2020 оны 08 дугаар сард Б гэдэг найзтайгаа Налайхын төвд тааралдсан. Тухайн үед яг Судан улс руу хүмүүс явах гээд юм аа бэлдэж байна гэж ярьж байсан. Тэгээд явдаг хүн байх юм бол нэг хүн явуулчих юм сан гэж хоорондоо л ярьж байсан. Тэгсэн Б У гэдэг найздаа хэлсэн байсан. Тэгээд Уы найз нь Т.О нарийн мэргэжлийн сувилагч учраас явуулчихвал болох юм байна гээд Т.О над руу та намайг явуулж өгөөч гээд ярьсан. Тэгэхлээр нь би 08 дугаар сард нэг хүнтэй уулзаад явуулбал болох юм байна гэж бодоод нөгөө хүнтэй ярьж үзсэн чинь судалж үзье юу ч гэсэн бичиг баримтыг нь харъя гэсэн. Тэгээд эхлээд хэдэн төгрөг хэрэг болох байх ямар ч байсан хүнээс юм гуйж байгаа юм чинь гэж бодоод 2.300.000 төгрөг авсан. Авсан мөнгөө нөгөө хүндээ өгөх гэсэн чинь за юу ч гэсэн байж бай гэсэн. Дараа нь ахиад нөгөө хүн рүүгээ яриад одоо яах вэ хүний 2.300.000 төгрөг байна. Та зохицуулаад явуулаад өгөөч гэсэн боловч 2.300.000 төгрөг арай болохгүй байх гэсэн. Гэхдээ надад тэдэн төгрөг гэж хэлээгүй л дээ. Тэгэхлээр нь би Т.Оөөс 3.200.000 төгрөг авсан. Нийт 5.500.000 төгрөг авсан нь үнэн. Тэгээд би нөгөө хүн рүүгээ яриад 5.500.000 төгрөг байна. Та энэ хүнийг яаж ийж байгаад явуулах тал дээр дэмжлэг туслалцаа үзүүлээч гэж хэлсэн чинь өө одоо болохгүй ээ бүх юмнууд нь одоо бараг дуусчихсан байна. Би тэгж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд нэгэнтээ явуулна гээд хүнээс мөнгө авчихсан байдаг. Тэрнээс нь би 520.000 төгрөгийг нь үрчихсэн байсан. За гүйцээж өгнө дөө гэж бодож байтал нөхөр маань дахиж муудахад нь тэр мөнгийг нь хэрэглэчихсэн. Тэгээд өгч чадахгүй явсаар байтал өдий зэрэгт хүрчихсэн. Т.О рүү утсаар яриад за эгч нь удахгүй өгье өө гээд тэгэнгүүт үгүй ээ би одоо таныг цагдаад өгнө. Би одоо ингэж чадахгүй мөнгөө хурдан авмаар байна гээд байсан. Тэгээд өгч чадахгүй явсаар байгаад сүүлдээ нөхрийгөө сахиад утсаа ч авч чадахгүй байж байтал анх яриулж өгсөн найзтайгаа хамт хоёрдугаар эмнэлэг дээр ирсэн. Би тэнд нөхөр маань хагалгаанд орчихсон сахиж байсан болохоор за эгч нь удахгүй яг мөнгийг чинь өгнөө гээд бид хоёр бие биеэ хараад өнгөрсөн. Дараа нь та миний мөнгийг өгөх гэж байна уу гэхээр нь эгч яг одоо боломжгүй байна 07 дугаар сард манай нөхрийн тэтгэврийн зээл дуусна. Тэр үед эгч нь аваад өгье гээд өөрөөс нь гуйгаад яваад байсан. Нэлээн сүүлд нөхрийгөө Т.Оийн гэрт нь авч очиход Т.О байгаагүй нөхөр нь байсан. Нөхрийнхөө тэтгэврийн зээл авсан хаан банкны хуудсыг нөхөрт нь өгөөд бид хоёрын зээл 07 дугаар сард дуусна. Энэ мөнгийг дуусахаар нь дахиж зээл аваад та хоёрын мөнгийг төлье тэр болтол бид хоёрыг харж үзээч ээ гээд нөхрөөс нь гуйсан. Нөхөр нь за би Т.Отэй яръя, та тэгвэл байж байна биз дээ энэ хугацаандаа өгчхөөрэй гэж хэлсэн. Тэрнээс хойш байж байтал цагдаа ирээд таныг Т.О мөнгө авсан гэж цагдаагийн газар өргөдөл гаргасан гэж хэлээд байцааж эхэлсэн. Нөхрийнхөө тэтгэврийн зээлийг авах гэсэн чинь жилд 6 сараар нэг удаа өгнө гээд өгөөгүй. Тийм учраас ээжийнхээ тэтгэврийн зээлийг авхуулахад 2.080.000 гарсан. Тэрнээс нь 2.000.000 төгрөг аваад дээр нь найзаасаа 10 хувийн хүүтэй мөнгө зээлээд Т.Оөд өгсөн.” гэв.

Хохирогч Т.О нь шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  Намайг ажлаа хийж байсан чинь манай ангийн охин У Судан улс руу нарийн мэргэжлийн сувилагч явуулах гэж байна чи явах уу гэж хэлсэн. Тэгээд би энгийн хүн шүү дээ яаж явах юм бэ гэсэн чинь надад Жанжин штабт таньдаг хүн байгаа. Тэр хүнтэй уулзсан чинь нарийн мэргэжлийн хүн хэрэгтэй гэнээ гээд анх энэ үйл явдал эхэлсэн. Би энэ хүнийг танихгүй. Надад утсыг нь өгөөд утсаар нь ярихад намайг ямар мэргэжилтэй, ямар сургууль төгссөн юм гээд тэгэхээр нь би бүх зүйлээ мессежээр явуулсан. Тэгсэн чинь та манай шаардлагад нийцэж байна. Гэхдээ даанч хугацаа нь тулчихсан болохоор 05 дугаар сард бэлтгэлд гарах эрүүл мэндийн үзлэгт орох болохоор хүнээр гарын үсэг зуруулах юм аа гээд эхлээд 2.300.000 төгрөг дараа нь дахиад 3.200.000 төгрөг авсан. Тэгээд би энэ хүнтэй утсаар яриад надад яг одоо мөнгөний боломж алгаа дараагийн долоо хоногоос өгье гэсэн чинь одоо хурдан өг гэж ярьж шавдуулаад байхаар нь би аргагүйн эрхэнд өөрийнхөө приус 20 машиныг ченжид өгөөд мөнгийг нь өгсөн. Тэгээд энэ үйл явдал болоод дууссан юм. Энэ хүн бүх юм боллоо чи явах нь тодорхой болсон гэж хэлсэн. Тэгээд 08, 09, 10 дугаар сарын нислэг явсны дараагаар би Утой цуг энэ хүнтэй ярьсан чинь явуулж чадахаа больчихсон би мөнгийг чинь өгнө гэсэн. Тэрнээс хойш бүтэн жил мөнгийг чинь өгнө, мөнгийг чинь өгнө гэсээр өдийг хүрсэн. Тэр хооронд надад хувийн амьдралд маш их асуудал байгаа. Би 5 жил хэвтэрт байгаа хорт хавдартай настай ээжтэй, оюутан хүүхэдтэй. Коронавирустэй байхад би ямар их эрсдэл хүлээж нийтийн тээврээр гадуур явсан билээ. Тэгээд намайг залгахаар манай энэ өнгөрсөн тэр өнгөрсөн гээд байсан. Зөрчлийн хэргээр 2 удаа бүртгүүлсэн. Худ нь өнгөрсөн, эгч нь өнгөрсөн гээд ярих болгонд асуудал ярьдаг. Тэгээд маргааш өгнө удахгүй өгнө гэсээр байтал нь сүүлдээ гэр бүлийн хүнтэйгээ хэрэлдсэн энэ асуудлаас болж. Энэ хүн маш их худлаа ярьдаг. Хүн ядарсан байж болно. Гэхдээ хүнийг хуурч мэхэлж мөнгө авч болохгүй шүү дээ. Би сүүлдээ Утой яриад тэр хүн чинь ямар сонин юм бэ би мөнгөө авмаар байна. Би ингээд өвлийн хүйтэнд машин тэрэг байхгүй нийтийн тээврээр яваад байхаар эрсдэл их байна би машин тэргээ авмаар байна гэсэн чинь өгнө гэсэн гээд У ч бас намайг хуурсан. Энэ хүн ч бас намайг хуурсан. Олон удаа Утой утсаар яриад, энэ хүнтэй утсаар яриад сүүлдээ болохоо байгаад би цагдаад өгсөн. Миний 5.500.00 төгрөгийг өгсөн гэхдээ одоо тэр үед зарсан машины ханш одоо үеийн машины үнэ ямар үнэтэй байгаа билээ. Тэрнээс хойших манай олж болох байсан орлого, эрсдэл хүлээж байгаа орлогыг хэн хүлээх юм. Би энэ хүнээс гаргуулж авмаар байна. Гэхдээ асуудал ярихаар урдаас дандаа асуудал ярьдаг. Надаас гадна зөндөө олон хүн хохирсон байхыг үгүйсгэхгүй гэж бодож байна.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар О.Уын өгсөн: “...Би 2020 оны 08 cap хавьцаа өөрийн танил Бтэй уулзаж ярилцаж байхдаа тухайн үед алба хаагч нар Судан улс руу ажиллагаанд явж байгаа талаар ярьж миний нэг танил хүн явуулах тал дээр хөөцөлдөөд өгөх сурагтай байлээ гэж хоорондоо ярилцаж байсан юм. Үүний дараахан над руу У гэх бас танил маань залгаж “Б эгчээс таныг Судан улс руу нарийн мэргэжлийн сувилагчаар хүн найдвартай явуулж өгч чадна гэж сонслоо, манай нэг найз байгаа юм, түүнийг Судан улс руу явуулмаар байна” гэхэд нь би тэр найзыг нь өөрийнхөө таньдаг хүнээр яриулж байгаад явуулчих санаатай зөвшөөрсөн. Ингээд удалгүй 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр над руу өөрийгөө Т.О гэх эмэгтэй залгаж “Таныг Судан улс руу нарийн мэргэжлийн сувилагчаар хүн явуулж өгч чадна гэж өөрийн танилаасаа сонссон юм. Та намайг найдвартай явуулж өгч чадах уу?” гэхэд нь өөрийн танил найзаараа дамжуулж чиний бичиг баримт бүх юмыг чинь зохицуулаад өгье эхний ээлжинд шаардагдах 2.300.000 төгрөг хэрэгтэй гэж хэлээд түүнээс 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр өөрийн хүү О.Аийн дансаар шилжүүлж авсан. Дараагаар нь хэд хоногийн дараа дахиж Т.Отэй холбогдон түүнээс бичиг баримтны чинь асуудлыг хөөцөлдөхөд дахиад яаралтай мөнгө хэрэг болчихлоо гэж хэлээд 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр бас хүү О.Аийнхээ дансаар 3.200.000 төгрөг авсан юм. Уг нь би энэ мөнгөөр нь түүний асуудлыг шийдээд танилаараа бичиг баримтуудыг нь хөөцөлдүүлчихье гэж бодоод тэр хүн рүүгээ запгаж ярьхад надад наад асуудал чинь бүтэхгүй, тэгэж хамаагүй хүн явуулж болохгүй гэсэн хариу өгсөн. Ингээд тухайн үедээ Т.Оөд өөрийг чинь Судан улс руу нарийн мэргэжлийн сувилагчаар явуулах асуудал бүтсэнгүй гэж үнэнийг хэлж буцааж түүнээс авсан нийт 5.500.000 төгрөгөө өгөх ёстой байсан ч ар гэрийн асуудлаас болоод энэ мөнгийг нь өөрийн нөхөр Оы ходоодны хорт хавдарны эмчилгээ төлбөр болон төрөлхийн оюуны хүндэвтэр сааталтай хүү О.Аийн эм тарианы зардалд хэргэлчихсэн юм. Энэ байдлаасаа болоод хэсэг хугацаанд үнэнийг хэлж чадахгүй явсаар сүүлд нь яалтчгүй баригдсан. Уг нь бол надад жаахан хугацаа олгочих юм бол нөхөр Оы тэтгэвэрийн зээлийг нь аваад Т.Оийг хохиролгүй болгох санаатай түүнээс хугацаа гуйж явсан асуудал бий. ...Тухайн үед би цалингийн зээлтэй байсан учир өөрийнхөө дансаар уг мөнгийг авчихаар цалингийн зээлэнд шууд татагдчих гээд болохгүй байсан юм. Тэгэхээр нь өөрийн төрсөн хүүхэд болох О.Аийн ............... дугаартай Хаан банкны дансыг Т.Оөд өгч уг дансаар Т.Оөөс мөнгө шилжүүлж авсан юм. Уг мөнгийг нь би нөхөр болон хүүхдийнхээ эм тариа, эмчилгээний зардалд зарцуулаад дуусгасан юм. Би Т.Оөд учруулсан 5.500.000 төгрөгөө удахгүй нөхрийнхөө тэтгэвэрийн зээлийг авч төлнө.” гэх мэдүүлэг,

           /хх-ийн 33-34 дүгээр тал/,

 

2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Т.Оийн өгсөн: “...У гэх 40 орчим насны эмэгтэй хүнтэй утсаар ярьсан. Түүнээс “У гэх найз маань надад өөрийг чинь Судан руу нарийн мэргэжлийн сувилагч явуулж байгаа гэсэн юм” гэхэд надад “Би Уоос өөрийн чинь тухай сонссон та надад эхний ээлжинд өөрийнхөө холбогдох бичиг баримтуудыг явуул, би тэрийг чинь үзэж байгаад өөрийг чинь Судан руу нарийн мэргэжлийн сувилагчаар явуулах боломжтой эсэхийг нь шийднэ” гэхээр нь би “за би танд өөрийнхөө холбогдох бичиг баримтуудыг өгье гэхдээ яаж өгч үзүүлэх вэ?” гэхэд “зүгээр над руу мессежээр хэдэн онд аль сургууль төгссөн, ямар мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ хэдэн жил ажилласан, регистрийн дугаар, дипломын дугаараа явуулчих” гэхээр нь би тэр хүний ................ дугаар луу нь мессежээр өөрийнхөө бүх мэдээллийг явуулсан. Ингээд удалгүй надад “Та манай шалгуурт тэнцэж байгаа боловч эрүүл мэндийн үзлэг болон хээрийн бэлтгэл сургуулилтаас хоцорчихсон юм байна. Би яах вэ эрүүл мэндийн үзлэг болон хээрийн бэлтгэл сургуулилтыг чинь өөрөө зохицуулаад аргалаад өгье. Чи харин надад 2.500.000 төгрөг өгчих тэгэх юм бол зохицуулах боломжтой байна” гэхээр нь түүнд итгэж үнэхээр намайг Судан улс руу нарийн мэргэжлийн сувилагчаар явуулчих юм болов уу? гэж бодоод өөрийнхөө нөхөр Т.Мтай энэ асуудлаар хоорондоо ярилцаж хэлэлцээд 2004 онд үйлдвэрлэгдсэн 2016 онд Монгол улсад орж ирсэн 8.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан өөрийн нэр дээр бүртгэлтэй Приус-20 маркийн автомашинаа зарж Улаанбаатар хотод нэг үл таних ченжид 5.500.000 төгрөгөөр зарж энэ мөнгөнөөсөө 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Монгол-Японы эмнэлэгт ажил дээрээ байхдаа 2.300.000 төгрөгийг У руу шилжүүлэхээр болж түүнээс дансыг нь асуухад надад Хаан банкны ............... дугаартай О.А гэх хүний данс руу шилжүүлчих гэж хэлэхээр нь утасныхаа Мобайл банкийг ашиглаж шилжүүлж байсан. Энэ өдрөөс хойш хэд хоногийн дараа /өдрийг нь сайн санахгүй байна/ У дахиж надтай холбогдон “Надад өгсөн 2.300.000 төгрөгөөр чинь эрүүл мэнд үзлэг болон хээрийн бэлтгэл Нэгдсэн Үндэсний байгууллага руу оруулж явуулна дээрээс нь онгоцны тийзийн мөнгө шаардлагатай байна. Нийтдээ дахиж 3.200.000 төгрөг хэрэг болж байна энэ мөнгийг яаралтай хурдан цуглуулж өгөхгүй бол чи хасагдах гээд байна шүү” гэхээр нь би Уын энэ үгэнд итгэж 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр .................................................. тоот гэртээ байхдаа өөрийнхөө ................ дугаартай Хаан банкны данснаас Уын надад анх өгч байсан Хаан банкны ............... дугаартай О.А гэх хүний данс руу 3.200.000 төгрөгийг гар утасныхаа Мобайл банкийг ашиглан шилжүүлсэн. Нийтдээ 5.500.000 төгрөг өгсөн. Энэ өдрөөс хойш У руу өдөр бүр л залгаж “миний явах асуудал юу болж байна гэж асуухад чиний явах асуудал шийдэгдэж байгаа, чи тайван хүлээгээд байж бай эмнэлгийн багийнхан угаасаа хамгийн сүүлд нь нисдэг юм” гэж хэлээд 2-3 сараар хойшлуулсаар байгаад удчихаар нь би У руу залгаж “миний асуудал бүтэхээргүй болчихсон юм биш үү, Судан улс руу нисэх 2020 оны сүүлийн нислэг болоод дуусчихсан гэж байна, би өөрөөс чинь мөнгөө авъя” гэхэд “харин тиймээ эгчийгээ уучлаарай, чинийх бүтэхээргүй болчхоод энэ талаар чамд хэлж чадахгүй байсан юм. Би чиний мөнгийг өөрөө үрээд дуусгачихсан удахгүй буцааж өгнө” гэсээр өдийг хүрч намайг энэ асуудлаар цагдаад хандах гэхээр л ямар нэгэн шалтаг шалтгаан хэлж мөнгийг чинь удахгүй буцаагаад өгчихнө гэсээр байсан. Арга буюу цагдаагийн байгууллагад хандах болсон юм...” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 9 дүгээр тал/,

 

3. Мөрдөн байцаалтад гэрчээр Н.Уы өгсөн: “Би 2020 оны 08 дугаар сарын эх хавьцаа /хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна/ найз Т.Оийн утас руу залгаж “найзаа Судан улс руу нарийн мэргэжлийн сувилагчаар хүн явуулж байгаа юм байна. Миний нэг таньдаг хүн бичиг баримтыг нь хөөцөлдөж явуулж чадах хүнийг мэднэ гэнэ. Судан улс руу явчхаад ирэхэд энд байгаагаас хавь илүү цалин хөлс олгодог гэж байна. Тэгэхээр миний найзын амьдрал ахуйд нь ч хэрэгтэй юм болов уу гэж бодоод чамд хэлж байгаа юм гэхэд Т.О зөвшөөрч надаас Судан улс руу нарийн мэргэжлийн сувилагч явуулж өгдөг гэх О.У гэх хүний ................ дугаарыг авсан юм. Би өөрөө У гэх хүнийг сайн танихгүй миний бас нэг таньдаг хүн болох хуучин хамт цэргийн ангид ажиллаж байсан одоо тэтгэвэртээ гарсан Б.Б гэх хүн надад О.У гэх хүний талаар хэлж удахгүй Судан улс руу ажиллагаанд хүмүүс явах гэж байна. Үүнд нь нарийн мэргэжлийн сувилагч сонгон шалгаруулж авах гэж байгаа юм байна. Чамд таньж мэдэх нарийн мэргэжлийн сувилагч мэргэжилтэй хүн байна уу байна гэвэл би О.У гэх Судан улс руу хүмүүс явуулж байгаа хүнтэй нь холбоод өгье” гэж анх надад хэлж түүнийг О.Уын холбогдох утасны дугаарыг өгч байсан юм...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 17 дугаар тал/,

 

4. Мөрдөн байцаалтад гэрчээр Т.Мын өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын дундуур шиг санагдаж байна /cap өдрийг нь сайн санахгүй байна/ манай эхнэр Т.Оийн найз У нь манай эхнэр лүү залгаж “Зэвсэгт хүчний жанжин штабаас Судан улс руу нарийн мэргэжлийн сувилагч явуулах гэж байгаа юм байна, надад нэг найдвартай явуулж өгч чадах нэг хүн байна, миний найз сонирхох уу? гэж ярьсан юм байна лээ. Үүнийг нь тухайн үед манай эхнэр Т.О сонирхож найз Угоосоо нөгөө хүнийх нь холбогдох утсыг авч ярихад өөрийгөө манай эхнэрт намайг С.У гэдэг би Зэвсэгт хүчний жанжин штабт ажилладаг хүн гэж ойлгуулж чамайг найдвартай баталгаатай явуулж өгөхөд шаардлагатай мөнгө гэж манай эхнэрээс эхлээд 3.200.000 төгрөг дараагаар нь дахиж мөнгө шаардлагатай болчихлоо гэж 2.300.000 төгрөгийг яаралтай, хурдал гэж нэхэж шаардаж байгаад авсан юм байна лээ. С.У гэж хүн манай эхнэрээс нийт 5.500.000 төгрөгийг авснаасаа хойш ямар ч хэл сураггүй алга болчихсон. Эхэндээ утсаар ярьж юу болсон талаар асууж лавлахад удахгүй чиний Судан явах ажил чинь бүтнэ, хүлээгээд байж бай гэх зэргээр хойшлуулсаар байгаад сүүлдээ чиний ажил чинь бүтэхээргүй болчихсон, чамаас авсан мөнгөө удахгүй буцаагаад өгнө” гэсээр өнөөдрийг хүртэл ямар ч мөнгө төгрөг буцааж өгсөн зүйлгүй байгаа юм...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 20 дугаар тал/,

 

  1. Т.Оийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

/хх-ийн 63 дугаар тал/

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

           /хх-ийн 35 дугаар тал/

 

      7. О.Уын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 33-77 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, О.Уын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч О.У нь 2020 оны 08 дугаар сарын 19, 24-ны өдрүүдэд  хохирогч Т.Оийг “Судан улс руу нарийн мэргэжлийн сувилагчаар явуулж өгнө” гэх шалтгаанаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн хүү О.Аийн Хаан банкны ............... дугаарын дансаар 2.300.000, 3.200.000 төгрөг буюу нийт 5.500.000 төгрөг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг санаатай үйлдсэн болох нь:

Шүүгдэгч О.Уын “...Тэгээд эхлээд хэдэн төгрөг хэрэг болох байх ямар ч байсан хүнээс юм гуйж байгаа юм чинь гэж бодоод 2.300.000 төгрөг авсан... Та зохицуулаад явуулаад өгөөч гэсэн боловч 2.300.000 төгрөг арай болохгүй байх гэсэн. Гэхдээ надад тэдэн төгрөг гэж хэлээгүй л дээ. Тэгэхлээр нь би Т.Оөөс 3.200.000 төгрөг авсан. Нийт 5.500.000 төгрөг авсан нь үнэн... Тэрнээс нь би 520.000 төгрөгийг нь үрчихсэн байсан. За гүйцээж өгнө дөө гэж бодож байтал нөхөр маань дахиж муудахад нь тэр мөнгийг нь хэрэглэчихсэн. Тэгээд өгч чадахгүй явсаар байтал өдий зэрэгт хүрчихсэн.” гэх,

Хохирогч Т.Оийн “...эхлээд 2.300.000 төгрөг дараа нь дахиад 3.200.000 төгрөг авсан...нэг үл таних ченжид 5.500.000 төгрөгөөр зарж энэ мөнгөнөөсөө 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Монгол-Японы эмнэлэгт ажил дээрээ байхдаа 2.300.000 мянган төгрөгийг У руу шилжүүлэхээр болж түүнээс дансыг нь асуухад надад Хаан банкны ............... дугаартай О.А гэх хүний данс руу шилжүүлчих гэж хэлэхээр нь утасныхаа Мобайл банкийг ашиглаж шилжүүлж байсан...дахиж 3.200.000 төгрөг хэрэг болж байна энэ мөнгийг яаралтай хурдан цуглуулж өгөхгүй бол чи хасагдах гээд байна шүү” гэхээр нь би Уын энэ үгэнд итгэж 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр .................................................. тоот гэртээ байхдаа өөрийнхөө ................ дугаартай Хаан банкны данснаас Уын надад анх өгч байсан Хаан банкны ............... дугаартай О.А гэх хүний данс руу 3.200.000 төгрөгийг гар утасныхаа Мобайл банкийг ашиглан шилжүүлсэн. Нийтдээ 5.500.000 төгрөг өгсөн... гэх,

Гэрч Н.Уы “...Судан улс руу нарийн мэргэжлийн сувилагч явуулж өгдөг гэх О.У гэх хүний ................ дугаарыг авсан юм. Би өөрөө У гэх хүнийг сайн танихгүй миний бас нэг таньдаг хүн болох хуучин хамт цэргийн ангид ажиллаж байсан одоо тэтгэвэртээ гарсан Б.Б гэх хүн надад О.У гэх хүний талаар хэлж удахгүй Судан улс руу ажиллагаанд хүмүүс явах гэж байна. Үүнд нь нарийн мэргэжлийн сувилагч сонгон шалгаруулж авах гэж байгаа юм байна. Чамд таньж мэдэх нарийн мэргэжлийн сувилагч мэргэжилтэй хүн байна уу байна гэвэл би О.У гэх Судан улс руу хүмүүс явуулж байгаа хүнтэй нь холбоод өгье” гэж анх надад хэлж түүнийг О.Уын холбогдох утасны дугаарыг өгч байсан юм.” гэх,

           Гэрч Т.Мын “...Эхэндээ утсаар ярьж юу болсон талаар асууж лавлахад удахгүй чиний Судан явах ажил чинь бүтнэ, хүлээгээд байж бай гэх зэргээр хойшлуулсаар байгаад сүүлдээ чиний ажил чинь бүтэхээргүй болчихсон, чамаас авсан мөнгөө удахгүй буцаагаад өгнө” гэсээр өнөөдрийг хүртэл ямар ч мөнгө төгрөг буцааж өгсөн зүйлгүй байгаа юм...” гэх мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч О.Уыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн учир гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч О.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч О.Уын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т.О нь баримтаар 5.500.000 төгрөгийг нэхэмжилсэн гэм хорын зардлыг шүүгдэгч төлж барагдуулсан. Харин машинаа зарсан бөгөөд олох ёстой орлого нэхэмжилсэн баримт шаардлага хангахгүй учир баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

 

Гэвч 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт “ Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” мөн хуулийн 4.2 дахь хэсэгт “...эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж тус тус заасан байна.

 

Ийнхүү дээрх хуульд заасны дагуу ялыг өршөөн хэлтрүүлэхэд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн                                                 

 

 

улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх шаардлагыг тавьсан байна.

 

Гэтэл шүүгдэгч О.У нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Л.Намжилсүрэнд хохирол 5.500.000 төгрөгийг барагдуулсан  байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн шаардлагыг хангаж байна.

 

Шүүгдэгч О.У нь 2020 оны 08 дугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

 

           Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан өршөөн хэлтрүүлэхгүй байхаар зохицуулсан 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2 дугаар зүйлүүдэд тусгагдсан гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд ороогүй гэж үзлээ.

Иймд Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн төрөл, хэмжээний ялаас өршөөн хэлтрүүлэх  нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч О.Уд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар

     Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч О.У нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч Жанчивынхан овогт О.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих  ял шийтгэсүгэй.

 

            3. Шүүгдэгч О.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих    ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч О.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

                

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.О нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ