Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/125

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

Улсын яллагч Д.Аянагүл,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 108 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатагин овогт Б.Бд холбогдох эрүүгийн 2107000000108 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1968 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бульдозерчин мэргэжилтэй, Өмнөговь аймгийн ........................... ХХК-д замчин ажилтай, ам бүл 5, эхнэр, хүү, бэр, ачийн хамт .............................................. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хатагин овогт Б.Б /РД: /,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр .............................................. тоот гэртээ Ө.Мтэй тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгойн тус газарт нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Б.Бгийн  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “Тэр өдөр нэг шил архи авчхаад цуг уух хүн олдохгүй байрны гадаа сууж байсан чинь Ө.Мэ ирсэн. Тэгээд би ахтайгаа ганц архи хуваагаад уучих гээд гэртээ дагуулж ороод хоёулаа нэг шил архи хувааж уугаад ам зөрж маргаан болоод зодоон болсон” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Б.Бгийн өгсөн: “...ярианы сэдвээсээ болоод бид хоёр хэрэлдэж эхэлтэл Ө.М намайг ор руу түлхээд хэвтүүлсэн. Хэвтэж байтал Ө.М олон юм яриад байхаар нь миний уур хүрээд орны урд байрлуулсан байсан цагаан модон сандал дээрээс ууж дуусгасан 0.5 литрийн Хараа нэртэй архины шилийг аваад толгой руу нь хоёр удаа цохичихсон юм. Тэгтэл Ө.Мийн толгойноос цус гараад манай гэрээс гараад явсан юм.” гэх мэдүүлэг,

                 /хх-ийн 39 дүгээр тал/

 

2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Ө.Мийн өгсөн: “2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 20 цагийн үед .................................... дугаар байрны гадуур явж байтал таньдаг ах болох Б.Бтай таарсан. Гэр рүү нь ортол дөнгөж задлаад уугаагүй 0,5 литрийн Хараа архи байсан. Бид хоёр гэр бүлийн талаар ярьж байгаад хэрэлдэж эхэлсэн. Тэгээд би “болиорой” гээд цээж рүү нь зөөлөн түлхээд орон дээр нь хэвтүүлчхээд зурагт үзээд сууж байтал архины шилээр миний толгой руу хоёр удаа цохисон. Тэгээд толгойноос цус гараад байхаар нь би дахиж Б.Бтай хэрүүл маргаан гаргалгүй гэрээс нь гараад цагдаа дээр ирэхэд цаг 6 болж байсан...

 ...Бид хоёроос өөр хэн ч байгаагүй. Би огт эмчилгээ хийлгээгүй. Би толгойгоо хагалуулсан өдрөө шархаа цэвэрлүүлж, боолт хийлгэсэн. Өөрөөр оёдол тавиулсан, эм авч уусан шинжилгээ хийлгэсэн зүйл огт байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

                 /хх-ийн 14, 16 дугаар тал/

 

3. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүрэг дэх Шинжилгээний хэсгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/271 дүгээр: Ө.Мийн биед толгойн хуйханд шарх, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт,

               /хх-ийн 23 дугаар тал/,

 

4. Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч М.Өнөржаргалын 2458 дугаар: “ХГҮ-ээр авсан гэх ногоон эрээн өнгийн дэрний уут, саарал өнгийн цамц, бинтэнд бэхжүүлж авсан улаан хүрэн өнгийн толбо дээр цус илэрсэн. Уг цус нь А/II/ бүлгийн харьяалалтай байна. Б.Бгийн гэх цус нь В/lll/ бүлгийн харьяалалтай байна. Ө.Мийн гэх цус нь А/II/ бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 28-29 дүгээр тал/,

 

 5. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

     /хх-ийн 3-6 дугаар тал/

 

 6. Яаралтай тусламжийн хуудас

/хх-ийн 24-25 дугаар тал/,

 

             7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

                 /хх-ийн 40 дүгээр тал/

           

             8. Б.Бгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 41-63  дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийнШүүгдэгч Б.Б нь хохирогч Ө.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Хохирогч Ө.М нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгч Б.Бг бусдад төлөх төлбөргүйг дурдуулах саналтай байна. Б.Бгийн үйлдэл нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр болсон, хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, өмнө нь өршөөлийн хуульд хамрагдаж байгаагүй зэргийг нь харгалзан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар түүний хэргийг өршөөж хэрэгсэхгүй болгох саналтай байна. Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг архины шилийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, Б.Бгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр .............................................. тоот гэртээ Ө.Мтэй гэр бүлийн тухай ярьж байгаад маргалдан “цээж рүү түлхэн ор луу хэвтүүлж олон юм ярилаа” гэх шалтгаанаар толгойн тус газарт нь архины шилээр 2 удаа цохиж эрүүл мэндэд нь толгойн хуйханд шарх, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүгдэгч Б.Бгийн “...бид хоёр хэрэлдэж эхэлтэл Ө.М намайг ор руу түлхээд хэвтүүлсэн. Хэвтэж байтал Ө.М олон юм яриад байхаар нь миний уур хүрээд ...Хараа нэртэй архины шилийг аваад толгой руу нь хоёр удаа цохичихсон...” гэх,

хохирогч Ө.Мийн “...Тэгээд би болиорой гээд цээж рүү нь зөөлөн түлхээд орон дээр нь хэвтүүлчхээд зурагт үзээд сууж байтал архины шилээр миний толгой руу хоёр удаа цохисон. Тэгээд толгойноос цус гараад... гэх,

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүрэг дэх Шинжилгээний хэсгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/271 дүгээр: Ө.Мийн биед толгойн хуйханд шарх, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Бг бусдын бие махбодод халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.Бгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ө.М нь “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

 

Гэвч 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн ...хамаарна.” гэж хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

 

Ийнхүү дээрх хуульд заасны дагуу ялыг өршөөн хэлтрүүлэхэд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх шаардлагыг тавьсан байна.

 

Гэтэл шүүгдэгч Б.Б нь мөрдөн байцаалтын шатанд мөн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ө.М нь нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн шаардлагыг хангаж байна.

 

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

 

           Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан өршөөн хэлтрүүлэхгүй байхаар зохицуулсан 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2 дугаар зүйлүүдэд тусгагдсан гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд ороогүй гэж үзлээ. 

 

Иймд Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн төрөл, хэмжээний ялаас өршөөн хэлтрүүлэх  нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Бд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар

     Энэ   хэрэгт  эд  мөрийн   баримтаар   хураагдан ирсэн 0.5, 0.33, 0.75 литрийн Хараа нэртэй архины шил тус бүр 1 ширхгийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.    

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Хатагин овогт Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний ялаас өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 0.5, 0.33, 0.75 литрийн Хараа нэртэй архины шил тус бүр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.

 

            5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ