| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2017/0066/И |
| Дугаар | 109 |
| Огноо | 2017-03-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 109
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би
Нэхэмжлэгч: *******, Уурхайчдын 26 дугаар гудамжны 2 тоотод оршин суух, ******* овгийн *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******ны албанд холбогдох
Ажилгүй байсан хугацааны олговор 9.394.101 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.******* би *******ны албанд Ахлах мэргэжилтэний ажил, албан тушаалд 2013 оноос хойш ажиллаж байсан. Гэтэл *******ны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.*******ийн 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Б-07 дугаар тушаалаар ажлаас халсан. Би дээрх тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдол гаргасан. Зөвлөлөөс тушаалыг хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоосон. Гэтэл тус албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.******* Зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх Ж.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг хэрэг давах, хяналтын шүүхээр хянагдаж анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдсэн. Би 2015 оны 08 дугаар сард ажлаас халагдсанаас 1 жил, 1 сар 9 хоног ажилгүй байсан учир үндсэн цалин, удаан жилийн нэмэгдэл, унаа, хоолны хөнгөлөлт нийт 9.394.101 төгрөгийг *******ны албанаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг багасгахдаа: Хариуцагч *******ны албанаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс 9.394.101 төгрөг гаргуулахыг шаардсан. Хариуцагчийн төлөөлөгчтэй ярилцаж тохиролцоод 5.407.203 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 30-ны хооронд төлнө гэснийг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч *******ны албанд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.******* нь Худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа ТЗ-5-2 шатлалаар буюу 540.033 төгрөгөөр цалинжиж байсан. Тэрээр 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Худалдан авах ажиллагааны албанд ахлах мэргэжилтний ажил, албан тушаалаас халагдсан. 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Налайх дүүргийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын албанд Санхүү хариуцсан аудитороор түр томилогдсон ба ТЗ-4-5 дахь шатлалын цалин 600.139 төгрөгөөр цалинжиж төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 5 хувь, нягтлан бодогчийн ажил үүрэг хавсран гүйцэтгэсний нэмэгдлийг үндсэн цалингийн 40 хувиар тооцуулан цалинжиж 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр жинхлэн томилогджээ. Налайх дүүргийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын алба нь адилхан төсвийн байгууллага ба Н.******* нь өмнө нь ажиллаж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц ажил үүрэг гүйцэтгэж, цалин хөлс мөн адил буураагүй ажилласан. Иймд Н.*******г 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл ажилгүй байсан гэж үзээд нийт 7 сар 8 хоногийн үндсэн цалин, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, унаа хоолны мөнгө болох 5.407.203 /таван сая дөрвөн зуун долоон мянга хоёр зуун гурав/ төгрөгийг олгохыг зөвшөөрч байна.
Уг мөнгийг 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 30-ны хооронд төлж барагдуулна гэжээ.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* *******ны албанд холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговор 9.394.101 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 5.407.203 төгрөг болгосон.
Хариуцагч *******ны алба 5.407.203 төгрөг төлөхийг зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 30-ны хооронд төлөх хугацаа заасныг нэхэмжлэгч зөвшөөрч зохигч эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Зохигч эвлэрэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг өөрөөр хуваарилах талаар тохиролцоогүй тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165.256 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэгчийн шаардсан 5.407.203 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 101.464 төгрөгийн тал хувь болох 50.732 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид, үлдэх 50.732 төгрөгийг улсын төсвийн данснаас буцааж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* овгийн *******ын ******* хариуцагч *******ны албанаас ажилгүй байсан хугацааны олговор 5.407.203 /таван сая дөрвөн зуун долоон мянга хоёр зуун гурав/ төгрөг гаргуулахыг шаардсаныг хариуцагч *******ны алба 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 30-ны хооронд төлөх хугацааг нэхэмжлэгч зөвшөөрч, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165.256 /нэг зуун жаран таван мянга хоёр зуун тавин зургаа/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч *******ны албанаас 50.732 /тавин мянга долоон зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д, ХААН банкны 5749909359 дугаарын данснаас 50.732 /тавин мянга долоон зуун гучин хоёр/ төгрөгийг буцааж нэхэмжлэгч Н.*******д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ