Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 333

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 17-26 тоотод оршин суух, 1977 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОИ77092615, Зуутраг овогт Даваасамбуугийн Эрдэнэцогийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 22-16 тоотод оршин суух, 1982 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ82102774, Зуутраг овогт Сэсээрийн Мөнхбатад холбогдох,

      Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.380.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Эрдэнэцог, гэрч Т.Дансран, Д.Цэдэн-Иш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Д.Эрдэнэцог шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр С.Мөнхбатын одоо ашиглагдаж байгаа гурван давхар барилгынх нь дээврийг хийж эхлээд тухайн оны 9 дүгээр сарын 30-нд хийж дуусгасан юм. Энэ ажлын цалинг 2.500.000 төгрөг гэж амаар тохиролцоод хийх хугацаанд С.Мөнхбатаас 1.000.000 төгрөг аваад хийж гүйцэтгээд 120.000 төгрөг авсан. Одоо үлдэгдэл 1.380.000 төгрөг үлдсэн. Энэ мөнгийг одоо хүртэл авч чадахгүй байна. Мөнгөө авах гээд очихоор мөнгө байхгүй, хэд хоног хүлээж бай, удахгүй өгнө гэсээр одоог хүрсэн учир шүүхэд хандаж байна. С.Мөнхбат нь 3 хоногийн буудлын төлбөр 60.000 төгрөг төлсөн, дээврийн ажлыг дутуу орхигдуулсан гэсэн тайлбар гаргасан байна. Нэхэмжлэлээс буудлын төлбөр 60.000 төгрөгийг хасч тооцох саналтай байна. Дээврийг ажлыг бараг хийж дуусгасан байсан. Зөвхөн хар цаас л хучих ажил дутуу байсан. Хар цаас хучих ажил надаас шалтгаалаагүй, С.Мөнхбат хар цаасаа авчирч өгөхгүй байсан учир аргагүйн эрхэнд хаяад явсан. Хар цаас хучих ажлыг хөлсөнд 120.000 төгрөг хасаад, үлдэх 1.200.000 төгрөгийг С.Мөнхбатаас гаргуулж өгнө үү” гэв.

      Хариуцагч С.Мөнхбат шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие нь Д.Эрдэнэцог гэх залуугаар дээврийн ажлыг гүйцэтгүүлэхээр авч ажиллуулж урьдчилгаа 1.000.000 төгрөг, мөн 120.000 төгрөг, буудалд 3 хоногийн 60.000 төгрөг, дахин 100.000 төгрөг өгсөн. Д.Эрдэнэцог дээврийн ажлыг дутуу орхигдуулан, хучилтын ажлыг гүйцэтгээгүй бөгөөд ажлын шинэ авсан багажуудыг аваад хэл чимээгүй болж хэсэгтээ ирээгүй. Ажлаа гүйцээгээд мөнгөө ав гэхэд Эрдэнэт хотод ажлаар явна гэсэн. Нийтдээ 1.280.000 төгрөг өгсөн. Одоо тооцоо байхгүй” гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Д.Эрдэнэцог нь хариуцагч С.Мөнхбатад холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.380.000 төгрөг тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасган 1.200.000 төгрөг нэхэмжилжээ. 

     Хариуцагч С.Мөнхбат нь “Д.Эрдэнэцогт нийтдээ 1.200.000 төгрөг өгсөн. Д.Эрдэнэцог нь дээврийн ажлыг дутуу орхигдуулан, хучилтын ажлыг хийж гүйцэтгээгүй учир одоо тооцоо байхгүй” гэж маргаж байна.

       Д.Эрдэнэцог нь 2014 оны 8 дугаар сард С.Мөнхбатын гурван давхар барилгын дээврийн ажлыг хийж гүйцэтгэхээр амаар тохиролцжээ.

     Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

      Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэж заасан бөгөөд ажил гүйцэтгэх гэрээг заавал бичгээр байгуулахаар хуульд заагаагүй байна.

      Түүнчлэн нэхэмжлэгч Д.Эрдэнэцог, хариуцагч С.Мөнхбат нар нь ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулаагүйд маргаагүй, хариуцагч нь ажлын хөлсийг бүрэн төлсөн хэмээн маргасан.

    Нэхэмжлэгч Д.Эрдэнэцог нь С.Мөнхбатын гурван давхар барилгын дээврийн ажлыг хийж гүйцэтгэхээр, С.Мөнхбат нь 2.500.000 төгрөгийн хөлс төлөхөөр амаар харилцан тохиролцсон болох нь гэрч Т.Дансрангийн “Эрдэнэцог, Цэдэн-Иш, Хуягаа бид дөрөв С.Мөнхбатын дээврийн ажлыг 2.500.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Бид нар уг ажлыг хийж гүйцэтгээд эхлээд 1.000.000 төгрөг авсан, дараа нь 120.000 төгрөг авсан. Үлдэгдэл хөлсөө аваагүй” гэх мэдүүлэг, гэрч Д.Цэдэн-Ишийн “С.Мөнхбатын дээврийн ажлыг хийж гүйцэтгэхээр 4 хүн ажилласан. Би туслах ажилтан хийж байсан. С.Мөнхбатаас үлдэгдэл цалингаа одоо болтол аваагүй. Нэг сая гаруй төгрөгийн үлдэгдэл байгаа” гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас ажлын хөлсний үлдэгдэл 1.200.000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэв.

      Иймд дээрх нөхцөл байдлууд болон хэрэгт авагдсан баримтуудыг дүгнэн, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч С.Мөнхбатаас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.200.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Эрдэнэцогт олгож шийдвэрлэв. 

       Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Эрдэнэцогийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37.030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Мөнхбатаас 33.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Эрдэнэцогт олгох нь зүйтэй байна.

    Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар ирүүлсэн боловч татгалзлын үндэслэлээ нотлоогүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар С.Мөнхбатаас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Эрдэнэцогт олгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.030 /гучин долоон мянга гуч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Мөнхбатаас 33.350 /гучин гурван мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Эрдэнэцогт олгосугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ