Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/297

 

 

 

 

 

 

 

 

 2021         06            02                                    2021/ШЦТ/297

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ю овогт Б.О холбогдох эрүүгийн 21030 0011 0033 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ч.Батбаатар /тээвэр/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ш, хохирогчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн, шүүгдэгч Б.О, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Дашдулам, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Ч нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Энхжин шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, 3 дүүгийн хамт амьдраххххх оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ю овогт Б.О /РД:НО99080111/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.О нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Пирамид хотхоны хойд замд 2020 оны 12 дугаар сарын 31-ний шөнө 22 цаг 53 минутын орчим Тоёота кроун маркийн 51-30 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчих хэсгийн замын хажуу талын шонг мөргөж, хамт зорчиж явсан зорчигч Ш.О амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:                  

1. Шүүгдэгч Б.Оаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“ Би мөрдөн шалгах ажиллагааны болсон хэргийн талаар үнэн зөвөөр тодорхой мэдүүлсэн байгаа. Нэмж хэлэх зүйлгүй байна. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл, үйл баримтад маргахгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол тооцон 20.0 сая төгрөгийг нөхөн төлсөн.” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Шаас өгсөн:

“Би ганц хүүтэй. Удам залгах хүүгээ гэнэтийн ослоор алдсандаа маш их харамсаж, гомдолтой байна. Тухайн осол хэрэг гарсан өдөр О нь миний хүүг зөвшөөрөлгүй авч байсан. Мөн осол гарсан даруйд анхны тусламж үйлчилгээ үзүүлэлгүй 2 минут орчим хугацаанд ийш тийш утсаар ярьж, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлээгүй байсан. Тухайн өдөр буюу 2020 оны 12 сарын 31-ний өдөр осол болсныг сонсоод хэргийн газарт очиход хүүг маань машинаас гаргаад машины зүүн урд хэсэгт хэвтүүлсэн байсан ба амьсгал бүтэлтэд орж нас барсан шинжээчийн дүгнэлт гарсан байсан. Анхны тусламж цаг алдалгүй үзүүлсэн бол амь амрагдах боломжтой байсан. Түргэн тусламж ч мөн хожуу ирсэн байдаг. Талийгаачийн буяны ажилд зарцуулсан зардал болон гэм хорын хохирол, сэтгэл санааны хохирол зэрэгт нийт 40.538.832 төгрөг нэхэмжилж, холбогдох баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн байгаа. Үүнд талийгаачийн 21, 49 хоног хураах зардлыг тооцож нэхэмжлээгүй. Шүүгдэгч О нь оршуулгын зардлаас 20.0 сая төгрөг нөхөн төлсөн тул үлдэх гэм хорын болон сэтгэл санааны хохирлын 20.0 сая төгрөг, оршуулах үйл ажиллагааны зардлаас үлдсэн 538.832 төгрөгийг тус тус нэхэмжилнэ. Шүүгдэгч нь болсон асуудлын талаар үнэн зөв ярихгүй байгаа нь тэр гэмшиж, гэм буруугаа ойлгож ухамсарласан шинжгүй байгааг харуулж байна. Гомдолтой.” гэсэн мэдүүлэг,

 

3. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Б.Чгээс өгсөн:

“51-30 УНБ улсын дугаартай Тоёото кроун маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч өмчлөгч нь би юм. Хэрэг гардаг өдөр манай хамаатан садангууд бүгд цуглаад, тухайн үед бид даалуу тоглож байсан юм. Тэр үед миний танил Бат-Өлзий миний утсаар залгасан байсныг анзаараагүй байсан. Тэгтэл удалгүй О өөрийнхөө утсыг миний чихэн дээр тавиад Бат-Өлзийг надтай яриулсан Бат-Өлзий нь “надад машины тосол дөхүүлээд өгөөч” гэхээр нь би чадахгүй энд тоглож байна гэж хэлсэн. Тэгэхэд Бат-Өлзий нь “та тэгвэл машины түлхүүрээ Оад өгчих” гэхээр нь би О луу харахад тэр толгой дохисон. Тэгэхээр нь би машиныхаа түлхүүрийг Оад өгсөн. Оыг ийм осол гаргана гэж бодоогүй. Хэрэг болсны дараа би машинаа аваад төмрийн газар өгсөн. Миний хувьд нэхэмжлэх Оаас нэхэмжлэх зүйл байхгүй. Зам тээврийн ослын улмаас бусдад учруулсан хохирлыг миний хувьд төлөх боломж байхгүй. Өөрт байсан ганц эд хөрөнгө машинаа төмрийн газарт өгсөн, мөн хөл хорионоос болж ажил төрөл сайн биш, өдөр хоногоо аргацааж амьдарч байна. Иргэний хариуцагчийн хувьд хохирол төлбөр төлөх боломж бололцоо байхгүй.” гэсэн мэдүүлэг,

Эрүүгийн 21030 0011 0033 дугаартай хэргээс:

 

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 03-11х/,

 

2. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Пирамид хотхоны 294 дүгээр байрны хойно байх хяналтын камерын бичлэгийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Мөрдөгчийн тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 12х, 14-17х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Шын хохирогчоор өгсөн:

“...2020 оны 12 дугаар сарын 31-ний орой 20-21 цагийн орчим би эхнэр, хүүхдүүдийнхээ хамт баз хүргэн Ч.Баатарчулууны гэрт буюу Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, тоотыг нь санахгүй байна, гэрт нь очсон. Манай баз хүргэн Ч.Баатарчулуун нь улаан хоолойны хорт хавдартай биеийн байдал нь тааруу байгаа учраас манай гэр бүл он гарахаас өмнө очъё гээд очиход эхнэрийн дүү М.Бямбасүрэн нь эхнэр, хүүхдүүдийнхээ хамт байж байгаад Б.О, талийгаач хүү хоёрыг маань гарахаас өмнө гэртээ харихаар явцгаасан.

Бид нар хоёр гэр бүлээрээ даалуу тоглож байхад манай охин Ш.Лхагвасүрэн рүү Б.О, талийгаач хүүгийн аль нь ярьсныг мэдэхгүй, утсаар яриад “бензиний мөнгө шилжүүлээч” гэж байна гэхээр нь би өөрийнхөө 5034180974 дугаарын данснаас 20.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингэхдээ Б.Оын данс байсныг мэдсэн.

Тухайн үед талийгаач хүү болон Б.О нарыг хаашаа, ямар зорилгоор явсан талаар мэдээгүй. Бид нарыг тоглоод сууж байхад манай хүргэн Б.Чтэй утсаар хүн яриад “машин замын хажуу руу орчихлоо” гэж байсан, хэн ярьсныг мэдээгүй. Тухайн яриа болоод 5 орчим минутын дараа Б.Ч надад “хүү маань босохгүй байна” гэхээр нь Б.Ч, Б.Оын дүү Б.Билгүүндалай бид хэд машинд суугаад тэдний байгаа газар буюу Хан-Уул дүүргийн Нисэхийн зам, Буянт-Ухаагийн хойд замаар яваад очиход Б.Чгийн унадаг байсан Т.Кроун маркийн 51-30 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь замын зорчих хэсгийн урд талын гэрлийн шонг автомашины зүүн тал буюу хоёр хаалганы голын баганаар мөргөөд, баруун урагшаа чиглэлтэй хараад зогссон байсан.

Талийгаач хүүг маань авто машинаас гаргаад, автомашины зүүн урд хэсэгт хэвтүүлчихсэн байсан. Намайг очиход тухайн газарт эргүүд гарч байсан хоёр цагдаа ирчихсэн байсан. Намайг очсоноос хойш 10 гаран минутын дараа түргэн тусламжийн машин ирээд хүүг маань үзээд, эмч нь судас тариа хийх хооронд жолооч нь хүүд маань хиймэл амьсгаа хийж, цээжин дээр нь дараад эмч нь судас тариа хийх гэсэн боловч болохгүй байна, нас барсан байна гэж хэлсэн. Удалгүй замын цагдаа нар ирээд үзлэг, хэмжилт хийж, хүүгийн маань цогцсыг шүүх эмнэлэг рүү авч явсан.

Б.О нь гэрээс гарахдаа хүүг маань зөвшөөрөлгүй авч явсан, мөн сэтгэл санаа тогтворгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. Хүүгийн маань оршуулгын зардал болон сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Чгийн иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар өгсөн:

“...Би 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Т.Кроун маркийн 51-30 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн Т.Рав-4 маркийн тээврийн хэрэгслээр сольж авсан. Тэгээд Ковид-19 цар тахлын улмаас хөл хориотой байсан учир өөрийн нэр дээр шилжүүлж авч чадаагүй. Тухайн осол гардаг өдөр миний зүс таньдаг дүү С.Бат-Өлзий над руу залгахад нь би утасныхаа дууг хаачихсан байгаад мэдээгүй юм.

Тэгэхэд Б.О руу залгаад “надтай ярих хэрэгтэй байна” гэж хэлэхэд нь Б.О надад утсаа аваад ирсэн. Намайг ярихад С.Бат-Өлзий “би Нисэхийн ойролцоо байна, машин тосолгүй болчихлоо, та тосол дөхүүлээд өгөөч” гэж гуйсан. Би завгүй байна гэхэд “Б.Оад түлхүүр өгөөд явуулчих” гэсэн ба би Б.О руу харахад зөвшөөрч толгой дохиод, миний машины түлхүүрийг аваад гарсан юм. Надад Б.Оаас нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 27х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Бат-Өлзийгийн гэрчээр өгсөн:

“...2020 оны 12 дугаар сарын 31-ний 18 цагийн орчим манай найз Амарболд над руу залгаад “Нисэхэд ахындаа байна, тамхи, гоймон дөхүүлээд өгөөч” гэхээр нь би өөрийн эзэмшлийн Хьюндай Соната-6 маркийн 49-47 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Нисэх рүү явсан. ...Тэгээд машиныхаа тосолыг үзэхэд тосолгүй байхаар нь 21 цаг 40 минутын орчим би өөрийн танил найз болох Ххххгийн 88528631 дугаарын утас руу залгасан боловч утсаа авахгүй байхаар нь Оын 90165189 дугаарын утас руу залгаад “Хххх ахтай яриулаад өгөөч, миний машин тосолгүй болоод асахгүй байна” гэхэд “тоглож байна” гээд утсаа Оад өгсөн.

Би “Хххх ахаас тосол аваад дөхүүлээд өгөөч” гэж гуйхад О “Хххх ахад хэлчих, би мэдэхгүй ш дээ” гэсэн. Тэгэхэд Хххх ахтай ярихад О одоо гарлаа гэсэн.

...Удалгүй О над руу залгаад “Нисэхийн яг хаана юм бэ” гэхээр нь байгаа газраа зааж өгөхөд О Ххххгийн Т.Кроун маркийн автомашинтай ирсэн бөгөөд талийгаач жолоочийн эсрэг талын урд суудалд суучихсан байсан. Би авчирсан тосолыг машиндаа хийгээд, жоохон нормалдаж байгаад асаая гэж бодоод байж байхад О машиндаа суугаад хөдлөөд явсан. Хөдлөөд явахдаа талийгаач Ш.О мөн урд талын суудалд суугаад явсан. ...Би араас нь хөдөлсөн ба ...намайг Спортын ордны хойд талын тойрог орохоор уруудаж явахад О над руу залгаад “мөргөлдчихлөө” гэхээр “өө за, хаана юм бэ” гэхэд “Буянт-Ухаа 1 хорооллын энд” гэж хэлсэн.

Би аюулгүйн тойргоор тойроод буцаад очиход Пирамид хотхоны хойд замд зорчих хэсгийн баруун хойшоо чиглэлд шонг автомашины зүүн талаар мөргөөд, буцаж хараад зогсчихсон, машины урд талд талийгаач Ш.Оыг тэвэрчихсэн сэгсэрч байгаа харагдсан. Намайг очиход танихгүй 2 залуу байсан ба араас Амарбат ирээд “талийгаачийг сэгсэрч болохгүй” гээд газар хэвтүүлээд утсаар ярьсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 32-33х/,

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ариунбаярын гэрчээр өгсөн:

“...2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр би цагдаагийн дэслэгч Довдондоржийн хамтаар Эрхэс-114 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан. 00 цаг болох гэж байхад “эргүүлийн чиглэл дээрээс ажил руу ир” гэж жижүүрээс дуудсан. Тухайн үед чиглэлээсээ хөдлөөд явж байхад Нисэхийн тойрог орохын баруун талд Т.Кроун маркийн тээврийн хэрэгсэл замын хажуу талын гэрлийн шонг мөргөөд, буруу хараад замаас гараад зогссон байсан. Би хамт гарч байсан алба хаагчийн хамтаар осол дээр очиход машин дотор хүн байхгүй, гадна талд эрэгтэй хүн хэвтэж байсан.

Харин жолооч нь гэх залуу хажуу талд нь зогсож байсан. Би өөрийнхөө гар утсаар 103 руу залгахад “дуудлага өгсөн байгаа, удахгүй очлоо” гэж хэлсэн. Дараа нь ерөнхий жижүүртээ мэдэгдэж, замын цагдаад дуудлага өгүүлсэн. Энэ үед ар гэрийнхэн нь ирсэн. Тэр дунд аав, ээж нь гэх хүмүүс байж байсан. Удалгүй түргэний машин ирээд осолд орсон хүнийг үзээд, анхны тусламж үзүүлсэн ба эмч газар хэвтэж байгаа хүнийг нас барчихлаа гэж хэлсэн. Дараа нь замын цагдаа нар ирэхээр нь би хүлээлгэж өгөөд, дараагийн ажилдаа шилжсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 145х/,

 

7. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 51-54х/,

 

8. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 90 дугаартай:

1. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

1/. Зам тээврийн осол: Тархины эсийн аксоны тархмал гэмтэц /ДАП/: Тархины цагаан бодисын тархмал цэгчилсэн цус харвалт.

2/. Амьсгалын зам гадны биетээр бөглөрөх хэлбэрийн амьсгал бүтэлт /цагаан мөгөөрсөн хоолой салаалах хэсэгт баруун, зүүн гуурсан хоолойг бүтэн тагласан ходоодны агууламж/, уушгины гадаргуу дах цэгчилсэн цус харвалт

3/. Баруун нүдний доод зовхины зулгаралт, баруун хацрын цус харвалт.

Дүгнэлт:

1. Талийгаач Ш.О цогцост баруун нүдний доод зовхины зулгаралт, баруун хацрын цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаачийн цогцост архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь тархины эсийн аксоны тархмал гэмтэцийн улмаас төвийн гаралтай амьсгалын төв саажиж ходоодны агууламж амьсгалын зам орж гадны биетээр бөглөрөх хэлбэрийн амьсгал бүтэлтээр нас баржээ.

5. Талийгаач нь 2021.01.01-ний өдрийн 00:30 цагийн үед цогцосны гадна үзлэгээр үед нас бараад 4-6 цаг болсон байна.

6. Талийгаач нь АВО системээр О /I/ бүлгийн цустай байна.

7. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ.

8. Талийгаачид хийсэн шүүх химийн шинжилгээгээр цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 56-61х, 63-65х/,

 

9. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн:

1. Toyota Crown маркийн 51-30 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. Зорчигч, амь хохирогч Ш.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна.

3. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.” гэсэн магадлагаа баримт /хэргийн 73-74х/,

 

10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Шижирбатаас хохирол, төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан хүсэлт, талийгаачийг оршуулахтай холбоотой гарсан зардлын талаарх баримтууд /хэргийн 105-122х/,

 

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Оын яллагдагчаар өгсөн:

“...2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай гэрт буюу Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 6-214 тоотод манай хамаатнуудын ихэнх нь цуглаж, бүгдээрээ шинэ жил тэмдэглэсэн ба томчууд далуу тоглоод, би талийгаачтай жижиг өрөөнд пабжи тоглоод байж байхад 22 цаг өнгөрч байсан санагдаж байна, манай хүргэн ахын гэрт амьдардаг Бат-Өлзий над руу залгаад “Хххх ахтай яръя” гэхээр нь утсаа өгсөн. Хххх ах ярьж дуусаад, надад Т.Кроун маркийн автомашины түлхүүрийг өгсөн ба “урд копутан дотор 1 литр тосол байгаа, Яармагийн 2 дугаар буудал дээрээс манай найз Лагийгаас 2 литр нэмж аваад Бат-Өлзийд аваачаад өгчих” гэхээр нь намайг гарах гэж байхад талийгаач “хамт явъя” гэхээр нь “үлд” гэсэн боловч “явна” гээд байхаар нь дагуулаад гарсан.

...Бид хоёр Бат-Өлзийд тосол аваачиж өгчхөөд буцаад Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Пирамид хотхоны хойд талын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чигт зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байхад 2 хурд сааруулагч байсан ба Хххх ахын машины хойд хоёр дугуй хий эргээд, бөгсөө хоёр тийш нь хаяад байсан.

Урд явж байсан шалаанз машиныг гүйцэт түрүүлэх үйлдэл хийхдээ урсгал сөрөөд гүйцэт түрүүлсэн ба энэ үед өөдөөс ямар нэгэн машин ирээгүй байсан. Энэ үед урд явж байсан хар өнгийн жижиг суудлын автомашин дохио өгөлгүйгээр 2 дугаар эгнээнд орж ирээд тоормос гишгэхээр нь би баруун гар тийш буюу 1 дүгээр эгнээ рүү дарж ороход замын зорчих хэсэг дээр гулсаад тээврийн хэрэгсэл ямар ч жолоодлогогүй болоод, нэг мэдэхэд түс тас хийх чимээ гарахаар нь би боржур мөргөчихлөө гэж бодсон.

Тэгэхэд талийгаач толгойгоороо автомашины урд салхины шилийг мөргөх шиг болсон ба “яая юу мөргөчихвөө” гэж хэлээд зүүн талын урд хаалганы цонхоор толгойгоо гаргаад, хойшоо харах шиг болохоор нь би машинаас буугаад очиход талийгаачийн ам нь ангалзаад, юу ч дуугарахгүй байхаар нь татаж буулгаад сэгсэрсэн боловч ам нь ангалзаад байсан. Би газар хэвтүүлээд, ээж рүүгээ залгасан боловч утсаа авахгүй байхаар нь талийгаачийн аавын утас руу залгасан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 86-87х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Ч.Базарсад мэдүүлэг /хэргийн 34х/, гэрч М.Пүрэвсүрэн /хэргийн 36х/ нарын мэдүүлэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 100х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 91х/, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа /хэргийн 92х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх эмнэлгийн болон үнэлгээний шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Оын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.    

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.О нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Пирамид хотхоны хойд замд 2020 оны 12 дугаар сарын 31-ний шөнө 22 цаг 53 минутын орчим Тоёота кроун маркийн 51-30 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчих хэсгийн замын хажуу талын шонг мөргөсөн зам тээврийн осол гаргасан ба уг ослын улмаас хамт зорчиж явсан зорчигч 14 настай Ш.О нь биедээ “...Тархины эсийн аксоны тархмал гэмтэц /ДАП/, тархины цагаан бодисын тархмал цэгчилсэн цус харвалт, амьсгалын зам гадны биетээр бөглөрөх хэлбэрийн амьсгал бүтэлт /цагаан мөгөөрсөн хоолой салаалах хэсэгт баруун, зүүн гуурсан хоолойг бүтэн тагласан ходоодны агууламж/, уушгины гадаргуу дах цэгчилсэн цус харвалт, баруун нүдний доод зовхины зулгаралт, баруун хацрын цус харвалт....” бүхий гэмтэл авч, улмаар тархины эсийн аксоны тархмал гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгалын төв саажиж, ходоодны агууламж амьсгалын зам орж гаднын биетээр бөглөрөх хэлбэрийн амьсгал бүтэлтээр нас барсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурдсан нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

2020 оны 12 дугаар сарын 31-ний шөнө 22 цаг 53 минутын орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Пирамид хотхоны хойд замд Тоёота кроун маркийн 51-30 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан шүүгдэгч Б.О нь “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасныг зөрчиж зорчих хэсгийн замын хажуу талын шонг мөргөсөн зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас хамт зорчиж явсан зорчигч Ш.О ШШҮХ-ийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 90 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан хавсарсан гэмтлийн улмаас нас барсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэхүү гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэв. 

Хэргийн шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.   

 

Иймд шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж заасан.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлд тус тус зааж хуульчилсан. 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс зам тээврийн осол хэргийн улмаас амь хохирсон Ш.О оршуулгын зардалд 20.538.832 төгрөг, гэр бүлийн гишүүдийн сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг, нийт 40.538.832 төгрөг /дөчин сая таван зуун гучин найман мянга найман зуун гучин хоёр/ төгрөг шүүгдэгчээр нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасан ба шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт нийт 20.000.000 /хорин сая/ төгрөгийг нөхөн төлснийг хүлээн авсан талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн  /Хаан банкны депозит дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ баримттай байх тул баримттай гарсан хохирлын 19.200.332 төгрөгийг шүүгдэгч нь нөхөн төлсөн гэж үзнэ.   

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилж буй сэтгэл санааны хохирол болон баримтгүй гарсан бусад зардалд холбогдох 20.538.832 төгрөгийн шаардлагыг шүүх хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.О нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 100х/ тогтоогдсон бөгөөд түүний үйлдэлд хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах юм.

 

Шүүх, шүүгдэгч Б.Оад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршигт баримттай гарсан зардлыг нөхөн төлсөн зэргийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.  

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт баримт бүхий хохирлыг бүрэн нөхөн төлсөн, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний  хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг  тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор Б.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хүлээлгэвэл зохих хорих ялын доод хэмжээ нэг жил, дээд хэмжээ нь таван жил хүртэл гэж заасан ба энэ нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэгт тооцогдох, мөн шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг зарим нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдлыг харгалзах зэрэг үндэслэл зааж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан хэрэглэж өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцсэнийг шүүх доорх үндэслэлээр хүлээн авах боломжгүй юм.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  “...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэсэн,

- мөн зүйл, хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэрэглэж болно” гэсэн хэм хэмжээ нь шүүхэд эрх олгосон заалт болохоос заавал хэрэгжүүлэх, үүрэг болгосон эрх зүйн зохицуулалт биш бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн зам тээврийн осол хэргийн улмаас хүний амь нас хохирсон нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зохицуулалтыг журамлан хэрэглэх боломжгүй гэж шүүх дүгнэснийг тэмдэглэв.

 

Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Оад мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн бичлэг бүхий CD 1 ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт Б.О нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон     

                                                   

                                                        ТОГТООХ нь:

 

1. Ю овогт Б.ОыгАвто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоосугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Оад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Б.Оад оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Оад мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, биелэлтэд нь  хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.   

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Б.О нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Шт 20.000.000 /хорин сая/ төгрөг нөхөн төлснийг тэмдэглэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл санааны болон бусад хохиролд хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн бичлэг бүхий CD 1 ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт Б.О нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл, иргэний хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тус тус шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Оад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                      С.Базарханд