Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 72

 

                                                  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:  156/2016/0082/Э                    
    Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн “А” танхимд :
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,
Улсын яллагч: Ц.Цэен-Ойдов, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Цогзолмаа,
    Шүүгдэгч: В.Баярхүү нарыг оролцуулан 

Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр  зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж  ирүүлсэн Ванчинхүүгийн Баярхүүд холбогдох эрүүгийн 201623000167 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 
Шүүгдэгчийн  биеийн байцаалт
 Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, урианхай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 23-03 тоотод оршин суудаг, Таван-Эрдэнэ ХХК-д нядалгаачин ажилтай, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай гэх Сүх оточ овогт Ванчинхүүгийн Баярхүү (РД: СТ91111016) 
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
 Шүүгдэгч Ванчинхүүгийн Баярхүү нь 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр согтуугаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 7-17 тоотод иргэн Б.Эрдэнэбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас хэрүүл маргаан үүсгэн зүүн чихний омог хэсгийг тас хазаж бие махбодид нь хенген гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн  судлав. Үүнд:
 Хохирогч Б.Эрдэнэбаярын хэрэг бүртгэлтийн ажиллагаанд өгсөн: Би 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр танил найзуудтайгаа “Хүүхдийн баяр” тэмдэглэж, Хэрлэн сумын 4 дүгээр баг  хорихын зүүн талд байдаг Болдоо гэдэг найзындаа үдээс хойш очихоор болсон юм очих айлын Болдоо нь эхнэр Цэцэгээ болон хүүхэдтэйгээ, Батжаргал хүүхэдтэйгээ, Одхүү, Менхжаргал нар нь хүүхэдгүйгээр Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Оч” дэлгүүрийн баруун замаас такси бариад Болдоогийнд цувж очсон, бид хэд хүүхдүүддээ зориулж хонины махаар хорхог хийгээд ээжүүд нь хөзөр тоглонгоо архи, пиво ууцгаасан, тэгээд 2 цаг хэртэй болоод байж байтал надтай цуг “Таван Эрдэнэ” ХХК-д нядалгаачин хийдэг Баярхүү гэдэг залуу бас хүүхдийнхээ хамтаар өөрийнх машиныг нь эхнэр нь жолоодчихсон ирсэн, бид нар хоёр 0.75 литрийн “Алтан түрүү” гэдэг нэртэй архийг тавуулаа хувааж уусан, бас дээр нь 2.5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво 6 савыг хувааж уусан, тэр өдөр намайг анх архи уу гэснээс болж би цуг ажилладаг Баярхүүтэй маргалдсан учир нь би өөрөө архи хэрэглээд байдаггүй болохоор тэр өдөр пивоноос нь л ууж байсан, Баярхүүгийн надад хундаганд хийж өгсөн архийг нь уухгүй гэсэн, тэгээд Баярхүү намайг үгээр хатгаад “Завханыхан дуугай байгаараа” гээд байхаар нь би “Чи боль л доо” гээд Баярхүүгийн цээж рүү нь түлхтэл Баярхүү надад уурласан, би тэгэхээр нь “Чи болио” гээд Баярхүүгийн цээж рүү нь 2-3 удаа түлхээд Болдоогийн эсгий гэрээс нь гаргасан, удалгүй Баярхүү гаднаас орж ирэхдээ зүүн гарын дунд хуруунаас нь цус гарчихсан миний ойлгосноор хуруунаас нь гарсан цусаар Баярхүү өмсөж явсан фудволкныхоо энгэр хэсгийг цус болгочихсон бололтой орж ирсэн, тэгээд надад “Хоёулаа эр хүн шиг яръя, цуг гарья гэхээр нь би дагаж Болдоогийн гэрээс гараад гэрийн баруун урд талд ярилцаж зогстол Баярхүү намайг цохиход нь би бултаад өнгөрүүлсэн ...нэг нь бид хоёрыг салгасан, тэгтэл Баярхүү газарт байсан тал тоосго аваад над руу шидэхэд нь би бас бултаад оногдоогүй, тэгээд би Баярхүүд дөхөж очоод “Боль л доо” гэтэл Баярхүү тонгойж миний баруун хөлийг хамж барихаар нь Би В.Баярхүүг мушгиж доороо хийж унагаасан, тэгээд босгохгүй гээд Баярхүүгийн дээрээс нь дараад байж байтал миний зүүн чих “ширхийх” шиг болохоор нь би В.Баярхүүгээс салаад нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон, тэгтэл бас нэг нь бид хоёрыг салгаж холдуулсан, би тэр дороо Болдоогийн гэрт ороод зүүн чихээ толинд хартал, миний зүүн чихний доод хэсэг цус болчихсон, мухар болсон байхаар нь гэнэт өвдөж байгааг нь мэдсэн, тэгээд би В.Баярхүүгийн эхнэр Мөнгөнцэцэгт “танай нөхөр миний чихийг ийм болгочихлоо” гэсэн, би Болдоогийн гар нүүрийн угаалтуур дээр байсан 00-н цаас болон гар нүүрийнх нь алчуураар зүүн чихнээс гарч байгаа цусыг тогтоох зорилгоор дараад цус гарах нь гайгүй болохоор нь Болдоогийн гэрээс гарч такси барьж гэртээ харьсан. Тэгээд манай эхнэр цагдаад дуудлага өгсөн. Би тэр өдөртөө эмнэлэгт үзүүлээд гурван оёдол тавиулсан байгаа. Одоо өвчин зовиур нь гайгүй болсон. В.Баярхүү нь миний чихэнд хийсэн эмчилгээний эм тарианы мөнгө, төгрөгийг барагдуулсан байгаа гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,
Гэрч С.Болдбаатарын хэрэг бүртгэлтийн ажиллагаанд өгсөн: 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүүхдийн баярын өдөр байсан болохоор цуг ажиллдаг манай ажлын хэдэн хүн урьд өдөр нь дэлгүүрээс сагс пиво 2 шил архи авсан байгаад Хэрлэн голын эрэг орох гэснээ болиод манай гэрт манай ажлын газрын хүмүүс цугларсан, манайд хорхог хийж идээд архи ууцгаасан, тэгтэл цуг байсан Эрдэнэбаяр, Баярхүү хоёр хоорондоо маргалдаад байгаа байсан уг нь гайгүй л байсан, би ч өөрөө уусан архиндаа согтоод нилээд больсон байсан тэгээд унтаад өгсөн харин өглөө бостол Баярхүү Эрдэнбаярынхаа чихийг тас хазсан болоод явсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

Гэрч У.Одхүүгийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд өгсөн: 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр манай ажлынхан амарсан юмаа, би тэр өдөр ажлынхаа газрын цуг ажилладаг Болдоогийн гэрт ажлынхаа газрын хүмүүстэй очиж хорхог хийж идээд, ганц хоёр шил архи уусан юм. Тэнд цуг ажилладаг Баяраа эхнэртэйгээ, Эрдэнэбаяр, Жагаа, гэрийн эзэн Болдоо эхнэрийн хамтаар байсан, би ч нийлээд согтсон байсан, бид нарын эрчүүд нь архийг ууж хүүхнүүд нь пиво уусан, би Баярхүүтэй ойр зуурын юм ярьж байхад манай хүргэн Эрдэнэбаяр буруугаар ойлгоод босож ирээд нэг айхтар юм бололгүй өнгөрсөн, сүүлд нь Эрдэнэбаяр, Баярхүү хоёр гэрээс гараад зодолдсон юм шиг байгаа юм би тэр талаар нь мэдэхгүй байна. Нэг мэдсэн Эрдэнэбаяр Баярхүүд чих хазчихлаа гэж байсан, нэг мэдсэн өглөө болчихсон байсан гэсэн мэдүүлэг (хх-ийн 13 тал), 

Шүүх эмнэлгийн шинжээчийн 103 дугаартай дүгнэлт: 1.Б.Эрдэнэбаярын биед зүүн чихний омогны хэсгийн тасрал, хазагдсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо, 2. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, 4. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна  гэжээ. (хх-ийн 17 тал), 

Яллагдагч В.Баярхүүгийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,
    Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 34 тал) зэрэг болно. 
    Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, шүүгдэгч В.Баярхүү нь 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр  согтуугаар, хохирогч Б.Эрдэнэбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “шүүгдэгч нь хохирогчийг Завханыхан архи уусангүй, баруун аймгийнхан ийм гэх мэтээр  хэрүүл маргаан үүсгэн”  маргалдаж, улмаар хохирогчийн зүүн чихний омогны хэсгийг хазан тасалж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Эрдэнэбаяр, гэрч С.Болдбаатар, У.Одхүү нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байна. 
Иймээс шүүх шүүгдэгч В.Баярхүүг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах  нь зүйтэй болно. 
Хохирогч Б.Эрдэнэбаяр нь хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн боловч шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, шүүгдэгчээс 1,000,000 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ. Хохирогчийн нэхэмжилж буюу 1,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг нотолсон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй ба шүүгдэгч В.Баярхүү нь хохирогч Б.Эрдэнэбаярт эмчилгээний зардал 100,000 төгрөгийг түүний ХААН банк дахь 5495252764 дугаарын дансанд 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн болох нь шүүхэд ирүүлсэн ХААН банкны орлогын мэдүүлгээр нотлогдож байх тул шүүх шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 
 Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн байх боловч, шүүх шүүгдэгчийн согтуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290, 294, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Сүх оточ овогт Ванчинхүүгийн Баярхүүг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч В.Баярхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй. 

3. Шүүгдэгч нь  цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4. Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

    5. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан В.Баярхүүд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж  цагдан хорьсугай. 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.УЯНГА