Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2018/ДШМ/63

 

 

Ж.Өмөрбикт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                      Даргалагч,

                         Ерөнхий шүүгч                             Б.Батзориг

                         Шүүгчид                                       Г.Давааренчин                                       

                                                                            Д.Буянжаргал

                      

Оролцогчид:

                      Прокурор                                       Д.Нямдэлэг

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч               Л.Доржпүрэв

                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2018/ШЦТ/83 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэгийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тукбай овогт Жуумаагийн Өмөрбикт холбогдох эрүүгийн 17320001000062  дугаартай, 149/2018/0073/Э индекстэй, 1 хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 04 сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ашиглалтын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 31-108 тоотод эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух хаягтай, 1997 онд Эрүүгинй хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2-р хорих ял шийтгэгдэж уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Тукбай овогт Жуумаагийн Өмөрбик. /Регистрийн дугаар: ЧД64040519/Bottom of Form

 

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.Өмөрбик нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутаг дэвсгэр, “Ар гахайт” гэх газарт 2017 оны 10 дугаар сард тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсны улмаас байгаль орчинд 3.035.987 төгрөгний шууд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Ж.Өмөрбикт холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 2018/ШЦТ/83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Тукбай овогт Жуумаагийн Өмөрбикийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тукбай овогт Жуумаагийн Өмөрбикийг 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэн, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ж.Өмөрбик нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 10563745 /арван сая таван зуун жаран гурван мянга, долоон зуун дөчин таван/ төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100130400955 тоот дансанд оруулах, түүнийг гэмт хэрэг үйлдсэн 1,1 га газарт биологийн нөхөн сэргээлт хийх эсхүл нөхөн сэргээлт хийхэд гарах зардлыг төлөх үүрэг хүлээлгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх хэсэгт зааснаар Ж.Өмөрбикийн ашигт малтмал олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хязгаарлалт тогтоож, цагдан хорьж шийдвэрлэсэн байна.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018-07-03-ны өдрийн 83 тоот шийтгэх тогтоолоор Ж.Өмөрбик нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Шүүгдэгч Ж.Өмөрбик нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, мөн гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа ба мөн шүүгдэгчийн биеийн байдлын хувьд өндөр даралттай, элэгний хатуурал өвчтэй байнгын хяналтанд байдаг тул хуульд заасан үндэслэл болон хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг өөрчилж, хорих ял оногдуулахгүй тэнсэх буюу хорихоос өөр төрлийн ял оногдуулж Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018-07-03-ны өдрийн 83 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Ж.Өмөрбик давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ж.өмөрбик миний бие нь Эрүүгийн хуулийн 24.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 2018 оны 07 сарын 03-нд  Сэлэнгэ аймгийн Мандал сумын шүүхээр 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Миний бие нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгон ухамсарлаж хохирлыг бүрэн төлж барагдууллаа. Хойшид дахин ийм гэмт хэрэгт холбогдохгүй. Одоо миний биеийн байдалтааруу байнгын өндөр даралттай, зүрх муу, элэг хатууралтай эмчийн хяналтанд байдаг. Иймд миний дээрхи байдлыг харгалзан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэх буюу хорихоос өөр төрлийн ялаарсольж өгнө үү гэжээ.

 

Прокурор Б.Эрхэмбаатар 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №01 дугаартай прокурорын тайлбартаа: ...Шүүгдэгч Ж.Өмөрбик нь 2017 оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг Ар гахайт гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсны улмаас байгаль орчинд 3035987 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Өмөрбикд 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч К.Өмөрбик, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг нараас анхан шатны шүүхээс хорих ял оногдуулсныг хөнгөрүүлж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах талаар гомдол гаргажээ. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр тэнсэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Ж.Өмөрбикийн хэргийг судалж үзэхэд дараах нөхцөл байдлууд тогтоогдож байна. Нэгдүгээрт Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч нь хохирлыг нөхөн төлсөн тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Хоёрдугаарт шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Тийм учраас шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулж тэнсэн суллах таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. ...Шүүгдэгчийн өөрийн давж заалдах гомдолд дурдсанчлан шүүгдэгчийн биеийн байдал муу, зүрх муутай, даралт өндөр зэрэг нөхцөл байдалтай байна. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Эдгээр байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчид авагдсан таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж тэнсэж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоол нь үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Шүүгдэгч Ж.Өмөрбик нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутаг дэвсгэр, “Ар гахайт” гэх газарт 2017 оны 10 дугаар сард тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсны улмаас байгаль орчинд 3.035.987 төгрөгний шууд хохирол учруулсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч, хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгчийг дээр дурьдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Өмөрбикийг  01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэн, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх хэсэгт зааснаар Ж.Өмөрбикийн ашигт малтмал олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хязгаарлалт тогтоон, цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэгийн давж заалдах гомдлын дагуу Ж.Өмөрбикт холбогдох эрүүгийн 17320001000062  дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

 

Шүүгдэгч Ж.Өмөрбик нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь иргэний нэхэмжлэгч Н.Цэрэнтогтох /хх-ийн 36-38-р ху/, гэрч Г.Бат-Оргил /хх-ийн 39-р ху/, З.Ганзориг /хх-ийн 41-42-р ху/, М.Сакен /хх-ийн 43-44-р ху/, Б.Дэлгэрдалай /хх-ийн 45-46-р ху/, Г.Наранбаатар /хх-ийн 50-53-р ху/ нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №18-04-329/04 тоот Хохирлыг нөхөн төлүүлэх тухай акт /хх-ийн 117-118-р ху/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-27, 31-32-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан шууд хохирол 3.035.000 болсон бөгөөд энэхүү хохирлыг анхан шатны шүүх хуралдааны үед төлж барагдуулсан, шууд бус учирсан хохиролд шүүгдэгчээс шүүхийн шийтгэх тогтоолоор  нэмж гаргасан 10.563.745 төгрөгийг төлсөн баримтыг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байх тул  шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөнийг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ж.Өмөрбик нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Ж.Өмөрбикт хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах  нь үндэслэлтэй гэж  үзлээ.

 

Иймд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2018/ШЦТ/83 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дугаар заалтад өөрчлөлт оруулан, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2018/ШЦТ/83 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн  

2 дугаар заалтыг:

“2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Тукбай овогт Жуумаагийн Өмөрбикт хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж,

3 дугаар заалтыг:

“3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар Ж.Өмөрбикийг нэгдсэн бүртгэлд хамруулж, түүний сахилга, засрал хүмүүжил, шүүхээс даалгасан үүргийн биелэлтийн талаар хяналтын хувийн хэрэгт тэмдэглэл хийж байхыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Ж.Өмөрбикт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Ж.Өмөрбик нь шүүхийн шийтгэх тогтоолоор гаргасан хохирол 10.563.745 /арван сая таван зуун жаран гурван мянга долоон зун дөчин таван/ төгрөгийг бүрэн төлсөн болохыг дурьдусугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                      ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                        Г.ДАВААРЕНЧИН

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ