| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2017/00126/И |
| Дугаар | 335 |
| Огноо | 2017-04-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 335
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, өөрийн байранд байрлах, 9016001017 улсын бүртгэлийн дугаартай, 2556375 регистрийн дугаартай, Капитал банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт оршин суух, 1961 онд төрсөн, 56 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОД61082012, Цагаагчууд овогт Хашийн Бямбаад холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 11.671.192,91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амар-Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Капитал банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Азбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Капитал банк нь Хаш овогтой Бямбаад 2013 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 2030000435 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 9.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 25,2 хувийн хүүтэй зээл олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Увс аймаг, Улаангом сумын 3 дугаар багт байрлалтай, ГД:000436542, ТД:8516002305 дугаар бүхий 30 га Х.Бямбаагийн эзэмшлийн жимс, жимсгэний газар барьцаалсан. Зээлдэгч Х.Бямбаа зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй зээлийн хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дуусахад гэрээнээс үндсэн зээл 3.180.138,29 төгрөг, зээлийн хүү 1.612.142,08 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 5.819.861,71 төгрөгийн үндсэн зээл, 4.876.108.50 төгрөгийн хүү, 975.221,70 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 11,671,191.91 төгрөгийг төлөөгүй байна. Тиймээс иргэн Х.Бямбаагаас үндсэн зээл 5.819.861,71, зээлийн үндсэн хүү 4.876.108,50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 975.221,70 төгрөг, нийт 11.671.191,91 төгрөгийг түүний барьцаа хөрөнгө болон бусад орлогоос банкинд гаргуулж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч Х.Бямбаад холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 11.671.192,91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Х.Бямбаад нэхэмжлэлийн хувийг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр гардуулж, эрх үүргийг нь тайлбарлан өгсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу хариу тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох нь зүйтэй.
Хариуцагч Х.Бямбаа нь Капитал банкны Увс салбараас 2013 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 2030000435 тоот зээлийн гэрээ байгуулан 9.000.000 төгрөгийн зээлийг жилийн 25,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авч, зээлийн барьцаанд Увс аймаг, Улаангом сумын 3 дугаар багт байрлалтай, гэрчилгээний 000436542, нэгж талбарын 8516002305 дугаар бүхий Х.Бямбаагийн эзэмшлийн жимс, жимсгэний зориулалттай 30 га газрыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүсчээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2015 оны 1 дүгээ сарын 29-ний өдөр дууссан боловч хариуцагч Х.Бямбаа нь гэрээнд заасан үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлэн төлж, зээлийн төлбөрийг төлөх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон зээлийн эргэн төлөлтийн тооцоогоор тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 11.671.192,91 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзэв.
Хариуцагч Х.Бямбаагийн Капитал банкны Увс салбараас зээл авахдаа барьцаалсан Увс аймаг, Улаангом сумын 3 дугаар багт байрлалтай, гэрчилгээний 000436542, нэгж талбарын 8516002305 дугаар бүхий түүний эзэмшлийн жимс, жимсгэний зориулалттай 30 га газрыг Х.Бямбаад Улаангом сумын Засаг даргын захирамжаар эзэмшүүлээгүй болох нь Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 215 дугаар албан бичгээр тогтоогдож байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах боломжгүй байна.
Түүнчлэн Капитал банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан боловч бусад орлого гэж ямар орлогыг тодорхойлоод байгаа, барьцааны гэрээгээр бусад орлогыг барьцаалаагүй, энэ талаар нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэдийгээр хариуцагч нь шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон боловч шүүхийн шийдвэр нь заавал биелэгдэх шинжтэй байдаг бөгөөд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон бусад орлогоос хангуулах шаардлага нь хангагдах боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Х.Бямбаагаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 11.671.192,91 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгож, барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Капитал банк нь улсын тэмдэгтийн хураамжид 201.689,07 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Бямбаагаас 201.689,07 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Цагаагчууд овогт Хашийн Бямбаагаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 11.671.192,91 /арван нэгэн сая зургаан зуун далан нэгэн мянга нэг зуун ерэн хоёр төгрөг ерэн нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгож, барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 201.689,07 /хоёр зуун нэг мянга зургаан зуун наян есөн төгрөг долоон мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Бямбаагаас 201.689,07 /хоёр зуун нэг мянга зургаан зуун наян есөн төгрөг долоон мөнгө/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ