| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2017/00109/И |
| Дугаар | 336 |
| Огноо | 2017-04-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 336
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрээцэцг би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 18-6 тоотод оршин суух, 1960 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ60012068, Хольдог овогт Оросоогийн Оюуны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 11-01 тоотод оршин суух, 1960 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ60072915, Бурд овогт Сүхээгийн Нармандахад холбогдох,
Хөөрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний хүү П. Ганзориг 2001 онд Увс аймгийн Улаангом сумын нутагт байх Улаан уулын орчим малаа хариулж яваад даалинтай хөөрөг олж аваад надад авчирч өгсөн юм. Би тэр хөөргийг өөртөө хадгалж байсан ба 2009 онд хүү П. Ганзориг гэр бүлтэй болж гэрлэхэд хадгалж байсан хөөргөө хүү П.Ганзоригт бэлэглэсэн билээ. Миний хүү П.Ганзориг дүлий, хэл ярианы хөгжил муу хөгжлийн бэрхшээлтэй тул группт байдаг. Гэтэл хүүгийн минь энэ сул талыг ашиглаж түүний хадам ах С.Нармандах 2015 онд миний хүүгийн олж авсан хөөрөгний талаар түүнээс сонссон байсан. Тэрээр хүүд минь чиний олж авсан хөөрөг миний аавын хөөрөг байна гэж худал хэлж, хүүг минь хуурч хөөргийг нь аваад оронд нь өөрийнхөө барьж байсан цагаан хөөргөө өгчихөөд удалгүй 7 хоногийн дараа буцаагаад өөрийнхөө хөөргийг хүүгээс минь авсан байсан. Энэ тухай би хожуу мэдсэн юм. Ингээд 2016 оны 12 дугаар сард хүүгийнхээ хөөргийг авах гэхэд С.Нармандах өгөөгүй юм. Энэ талаар цагдаад мэдэгдсэн юм. Гэтэл С.Нармандах аав нь нас барсан байхад хөөрөг барьсан зураг авахуулаад манай аавын хөөрөг гэж үзүүлсэн байсан. Цагдаагийн байгууллага энэ асуудал манайд хамааралгүй шүүхээр шийдүүлэх асуудал гэж хэлсэн юм. 2006-2007 онд Нармандахын аав Сүхээ гуай амьд байхад манай хүү уг хөөргөөр тамхи нэрж байсан юм. Үнэхээр Нармандахын аав хөөргөө алдсан байсан бол тамхи нэрж байгаа хүн болгоны хөөргийг сайтар ажиглаж өөрийн хөөрөгтэй харьцуулан харж өөрийнхөө хөөргийг таньж миний хөөрөг байна гээд авах байсан. 2009 онд миний хүү Нармандахын хүргэн болсноос хойш хадам ах Нармандахтай өдөр болгон хөөргөөрөө тамхи нэрж байсан ба үнэхээр аавынх нь хөөрөг мөн байсан бол анх тамхилах үед таних байсан. Миний хүү Нармандахад олж авсан хөөрөг гэж хэлснийг далимдуулж түүний сул талыг ашиглаж худал хэлж миний хүүгийн хөөргийг авсан. Иймд С.Нармандахаас миний хүүгийн хөөргийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч С.Нармандах шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний аав Сүхээ нь 2001 оны намрын сүүл сард малаа бэлчээрт гаргаж яваад даалинтай хөөргөө гээсэн бөгөөд тухайн үед зарлуулж хайсан боловч олдоогүй. 2013 оны цагаан сараар Пүрэвжав гуайнд очиход хүү Ганзориг нь манайд ирж цай уу хэмээн манай аавын гээгдсэн хөөргөөр тамхи нэрсэн. Тухайн үед би аавынхаа хөөргийг таньсан ч цагаан сар болж байхад ёсыг бодоод юу ч хэлэлгүй өнгөрсөн. Цагаан сар өнгөрсний дараа хүргэн болох Ганзоригтой уулзаад миний аавын хөөрөг чамд байгаа юм байна гэхэд тиймээ би олж авсан гэж хэлсэн. Тэгвэл ах нь аавынхаа хөөргийг авъя, оронд нь чамд хөөрөг авч өгье гэж тохиролцоод би Ганзоригт цагаан хөөрөг авч өгөөд аавынхаа хөөргийг авсан. Гэтэл Ганзоригийн ээж Оюун 3 жилийн дараа уг хөөргийг буцааж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тэд хэдийгээр хөөргийг олж авсан ч эзэнд нь өгөхийн оронд хүний янзыг үзэж тамхи нэрж байсан нь шударга бус явдал гэж үзэж байна. Иймд би удам дамжсан аавынхаа хөөргийг хэзээ ч эргүүлж өгөхгүй” гэжээ.
Нэхэмжлэгч О.Оюун болон хариуцагч С.Нармандах нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Бид нар харилцан тохиролцож С.Нармандахын аав Сүхээгийн хөөргийг О.Оюуны хүү П.Ганзоригт 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр өгөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Оюун нь хариуцагч С.Нармандахад холбогдуулан хөөрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Нармандах нь нэхэмжлэгч О.Оюуны нэхэмжилсэн хөөргийг түүний хүү П.Ганзоригт буцаан өгөхөөр тохиролцсон болох нь тэдний тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч С.Нармандах нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч С.Нармандах нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийн тал хувь болох 35.100 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 35.100 төгрөг, хариуцагч С.Нармандахаас 35.100 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч О.Оюунд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч О.Оюуны хөөрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Нармандах хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг, хариуцагч С.Нармандахаас 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч О.Оюунд олгож, 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С.Нармандах сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ