Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 137

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Жуулчны 20 тоотод байрлах “Инноваци капитал ББСБ” ХХК /РД:5887305/-ийн

Хариуцагч: Налайх дүүрэг 2 дугаар хороо, 36 дугаар байрны 54 тоотод оршин суух, Боржигин овгийн Дэнсмаагийн Болортоль /РД:УЕ60082308/

Хариуцагч: Налайх дүүрэг 2 дугаар хороо, 40 дугаар байрны 16 тоотод оршин суух, Олхонууд овгийн Даржаагийн Бэгзцэрэн /РД:УЕ76032805/ нарт холбогдох

зээлийн гэрээний үүргийн биелэлт 12.314.954 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Инноваци капитал ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болдбаатар, хариуцагч Д.Бэгзцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Инноваци капитал ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болдбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани нь 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Д.Болортольтой ЗГ-2015/01 тоот зээлийн гэрээ байгуулан, 10.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээлдэгч Д.Болортоль 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сар хүртэл үндсэн зээл 3.290.600 төгрөг, хүү 4.569.400 төгрөг нийт 7.860.000 төгрөгийг төлсөн. Түүнээс хойш үндсэн зээл болон хүүг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд зээлийн үлдэгдэл 6.709.400 төгрөг, хүү 4.662.406 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 943.148 төгрөг, нийт 12.314.954 төгрөгийг зээлдэгч Д.Болортолиос гаргуулж өгнө үү гэв. 

Хариуцагч Д.Болортоль шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Д.Бэгзцэрэнгийн найз “Инноваци капитал ББСБ” ХХК-иас 10.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. Тухайн 3 сар дуустал хүүг нь төлж байгаад үндсэн зээлээ төлж амжихгүй дахин нотириат орж зээлээ сунгуулсан. Хүүг нь төлж явсаар эдийн засгийн хямралд орсон. Д.Бэгзцэрэн энэ мөнгөний асуудалд ямарч хамаагүй. Би өөрөө төлж дуусгана. Харин нэхэмжилж үндсэн төлбөр 6.709.400 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин хүү 4.662.406 төгрөгийг төлөх боломжгүй гэв.

Хариуцагч Д.Бэгзцэрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн найз Э.Энхтуяагийн “Инноваци капитал ББСБ” ХХК-иас найз эгч болох Д.Болортольд 10.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлэхэд нь зуучилсан. Уг мөнгөнөөс би нэг ч төгрөг авч хэрэглээгүй. Тухайн 3 сарын хугацаанд Д.Болортоль мөнгөө өгч байгаа эсэхийг лавлахад сарын хүү болох 500.000 төгрөгөө хугацаандаа төлж байгаа гэсэн. Харин 3 сарын хугацаа дуусахад Д.Болортоль дахин очиж шинээр гэрээ байгуулан миний нэрийг хамтран хариуцагчаас хасуулсан гэсэн. Тэр цагаас хойш эдгээр хүмүүсийн мөнгө төгрөг өгч авалцсан тухай мэдээлэл байхгүй. Нэхэмжлэлд заагдсан үлдэгдэл тооцоог би мэдэхгүй бөгөөд энэ зээлийн үлдэгдлийг Д.Болортоль бүрэн төлж барагдуулан гэв.

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Инноваци капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Болортоль, Д.Бэгзцэрэн нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12.314.954 төгрөг гаргуулахыг шаардсан.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч Д.Бэгзцэрэнгээс үүргийн гүйцэтгэлийг шаардахаас татгалзаж, хариуцагч Д.Болортольд холбогдох шаардлагаа дэмжиж оролцсон.

Хариуцагч Д.Болортоль үйл баримтад маргаагүй. Тэрээр үндсэн зээлийн үлдэгдэл 6.709.400 төгрөг төлөхийг зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 5.605.554 төгрөгийг “төлөх боломжгүй” үндэслэлээр зөвшөөрөхгүй маргана.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “Инноваци капитал ББСБ” ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Д.Болортольтой зээлийн гэрээ байгуулж  10.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэй, хуваарьт өдрөө төлөлтөө төлбөл 5 хувийн хүү тооцож авахаар тохирсон байна.

Гэрээ байгуулагдсанаас хойш Д.Болортоль үндсэн зээлд 3.290.600 төгрөг, зээлийн хүүд 4.569.400 төгрөгийг төлсөн байна.

Гэрээний 2.1, 6.1-д зааснаар зээлдэгч Д.Болортоль зээлийн хүүг хуваарийн дагуу төлөх, үндсэн зээлийг 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төлж барагдуулах үүрэг хүлээжээ. 

Хариуцагч Д.Болортоль Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд зааснаар гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэх үүргээ зөрчиж үндсэн зээлийг төлөх хугацааг хэтрүүлсэн нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

Тэрээр үүргээ хугацаандаа гүйцэтгэхгүй байсан шалтгаан болон үүргийн гүйцэтгэлийг хүлээлган өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх бусад нөхцөл байдал байсан эсэх талаар баримтыг шүүхэд ирүүлж мэтгэлцээгүй.

Нэхэмжлэгч “Инноваци капитал ББСБ” ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагч Д.Болортолиос Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Энэ хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т зааснаар зээлдэгч нь зээлийг тохирсон хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл хариуцагч Д.Болортоль 10.000.000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөх ёстой байсан. Уг хугацаа 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдөр дууссан хэдий ч үндсэн зээлээс 6.709.400 төгрөгийг төлөөгүй байгаа учраас дээрх хугацаанаас хойш зээлийг бүрэн төлж дуусах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хуулиар хүлээсэн. Иймд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөгдөх үндэслэлгүй.

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн баримтаас үзэхэд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоход хоног хугацааны хувьд алдаатай байгаа учраас хариуцагч Д.Болортолиос үндсэн зээл 6.709.400 төгрөг, хүү 4.211.258 төгрөг,  нэмэгдүүлсэн хүү 838.352 төгрөг нийт 11.759.010 төгрөгийг  гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 555.944 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 212.000 төгрөгийг улсын орлого болгож нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 203.094 төгрөгийг харуцагч Д.Болортолиос гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад хариуцагч Д.Бэгзцэрэнгээс зээлийн гэрээний үүргийг шаардахаас татгалзсан учраас түүнд холбогдох хэсгийг татгалзсаныг батлав.

Хариуцагч Д.Болортольд шүүх хуралдааны товыг мэдэгдэж, ирээгүй тохиолдолд гарах үр дагаврыг шүүхээс тайлбарлаж өгсөөр байхад тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учраас нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч Д.Бэгзцэрэн нарын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Боржигин овгийн Дэнсмаагийн Болортолиос 11.759.010 /арван нэгэн сая долоон зуун тавин есөн мянга арав/ төгрөгийг гаргуулж “Инноваци капитал ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 555.944 /таван зуун тавин таван мянга есөн зуун дөчин дөрөв/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212.000 /хоёр зуун арван хоёр мянга/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.Болортолиос 203.094 /хоёр зуун гурван мянга ерөн дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Инноваци капитал ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

                                            ДАРГАЛАГЧ                           Л.ЭНХБИЛЭГ