Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/180

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Б.Бат-Оргил,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,

Шүүгдэгч: Э.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000147 тоот хэргийг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн,  ******* овогт *******ын *******, / регистрийн дугаар: *******/-тай. 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Э.М нь 2021 оны 05 дугаар сарын 08-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 2 дугаар гудамжны голд байх нарийн гудамжинд согтуурсан үедээ Б.Хтай маргалдаж чулуугаар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, духанд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Э.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмгөөлөгч авахгүй өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ болсон зүйлийн талаар үнэн зөв ярьсан. Ерөнхийдөө бол 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр цагдаагийн газарт баривчилгаанд байгаад танилцаад найз болсон Хтай найз Оын хамт Баянхонгор их дэлгүүрийн хавьд дуудаж уулзсан. Х нь надтай уулзах гэж ирэхдээ халамцуу ирсэн тэгээд тэр 3 дугаар 10 жилийн урд талд барилгын дээврийн ажил хийх гэж байгаа эзэнтэй нь уулзаадахъя гэхээр нь 3 дугаар 10 жилийн урд талын байрны гадаа очсон тэгэхээр нь би Хд согтуу байж одоо яаж ажил хийх гэж байгаа юм боль боль гэж хэлсэн тэгтэл тэр ажил хийхээргүй болоод бид гурав Баянхонгор сумын 5 дугаар баг 5 дугаар гудамжны үзүүр дээр байх машин угаалгын газар очоод О машинаа угаалгад өгөөд гадаа үзүүр дээр нь гэрээс гарахдаа аваад өвөртөө хийсэн байсан 0.75 граммтай Ерөөл нэртэй архийг гаргаад уусан. Тэгээд О тэр архинаас жижиг шилэн хундага 3 татчихаад 20-30 минут алга болсон тэгтэл тэр газрын унтраалгыг сольж өгсөн юм шиг байна лээ тэгээд тэр надад байсан архины тэг дундуураас дээхнүүр хэмжээтэй үлдсэн архийг Х бид хоёр хувааж ууж дуусгасан дуусгаад О бид хоёр Хыг гэрт нь хүргэж өгөх гээд явсан тэгээд хашааных нь үүдэн дээр хүргээд өгөхөд Хын ээж нь гарч ирээд орж Хаа л гээд байсан тэгэхээр нь би ор гэчхээд доошоо уруудаад нарийн байдаг хэсэг руу явсан тэгтэл Х гэртээ ардаас чи жоохон надаар оролдоод байна ээжид чинь хэлчхэж чадна ш дээ гээд араас нарийн руу орж ирээд хэрүүл нэхээд байхыг санаж байгаа тэгээд маргалдсанаа санахгүй байгаад байгаа миний санаж байгаа зүйл бол нэг гудамжны нарийны үзүүр дээр гараад ирсэн Х хоёр өвдөг дээрээ гараа тулсан тонгойсон байдалтай О бид хоёрын дундуур орсон та хоёр боль гээд байсан тэгэхээр нь ертөнцийн зүгээр урд талд байх нарийн гудамжаар эгц гараад явсан О Хын хамт үлдсэн. Би цохисон шидсэнээ санахгүй байгаа юм бид гурвын дундаас О нээх архи уугаагүй гайгүй байсан тэр хэлэхдээ чи гартаа чулуу барьсан байсан хэзээдээ Хын толгой руу цохичихсон юм гээд байсан тэгэхээр бодоход би цохисон юм уу шидсэн л байх ямар ч байсан би Хтай маргалдаад тэр надын ардаас хэл амаар хэрүүл нэхээд байсан..... гэх мэдүүлэг /хх-ийн 59-60/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Хохирогч Б.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.. 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 16 цагийн үед манай найз М над руу залгаад “цагдаа дээр байна хүрээд ир" гэсэн. Тэгээд би цагдаа дээр иртэл байхгүй байсан. Театрын урд яваад очтол нэг сайн танихгүй найзтайгаа 0,75 граммтай ерөөл нэртэй архи 1 шилийг барьсан байсан. Түүнийг Баянхонгор сумын 5-5-р гудамжны үзүүр дээр нь бид гурав хувааж уусан. Тэгээд сүүл рүүгээ би нэлээн муудсан. Тэгээд Мтай маргалдсан юм шиг байгаа юм. Юунаас болж маргалдсанаа санахгүй байгаа юм. Ямар ч байсан Мыг найзтайгаа урагшаа нарийнаар гарахад нь би үг өдөөд араас нь дагаж явсан юм шиг байгаа юм. Тэгсэн нарийн дотор М том чулуу гартаа бариад над руу далайсан. Далайхад нь толгойгоороо тонгойтол миний толгой руу нөгөө чулуугаараа цохисон. Тэгээд би цусаа гоожуулаад суусан. Тухайн үед тархи дүүрээд юу болсон эсэхийг мэдээгүй. Эмнэлгийн машин цагдаагийн машин ирэхэд л гайгүй ухаан орсон. Тэгэхэд М найзтайгаа хамт алга болсон ээж миний хажууд байж байсан. М миний толгой руу чулуугаар цохисон. Хамт явсан найз нь бид хоёрын дундуур орж ирээд хорих гэхэд М чулуугаар далайж байгаад миний толгой руу цохисон. Би тархиныхаа зулай хэсэгт 3 оёо тавиулсан. Одоо биеийн байдал хэвийн байгаа.... гэх мэдүүлэг / хх-ийн 18-19 /

4. Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... .Манай хүү Х 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 16 цаг өнгөрч байсан байх гэрийнхээ хашааны үүдэн дээр нэг улаан хүрэн сээтгэнэ малгайтай, улаан хүрэн цамцтай нэг залуутай ирчихсэн байхаар нь “одоо гэртээ ор” гэтэл орж ирээгүй хашааны үүдэн дээрээс гол тал руугаа яваад өгсөн. Тэгэхээр нь би араас нь худаг руу явж ус авах гээд удалгүй гараад урагшаа 3 нарийн гарч Хыг хартал 5- дугаар гудамжны нарийн гудамжинд дотор баруун талын хашаагаа түшээд толгойноос нь цус гарсан байдалтай тонгойгоод байж байсан. Хажууд нь хашаан үүдэн дээр байгаагүй намхан нуруутай бор залуу манай хүүхдийг хараад цаана нь зогсож байсан. харахад согтуу байсан. тэгтэл тэр намхан залуугийн цаанаас хашааны үүдэн дээр манай хүүхэдтэй хамт байсан улаан хүрэн малгай, улаан хүрэн цамцтай залуу манай хүү бид хоёр дээр ирээд “би тархийг нь чулуугаар цохиод хагалчихлаа” гэсэн. Тэгээд би “хүүхэд алчихвал яах юм” гэсэн. Тэгээд хүүхдээ “явъя” гэхэд “явахгүй, толгой өвдөж байна” гээд явж чадахгүй байсан. Тэгээд би хүүхдээсээ “хэн толгой руу чинь цохиод зодчихов” гэтэл “М толгой руу чулуугаар цохисон” гэж хэлж байсан. Ягаад ямар шалтгаанаар манай хүүхдийн толгой руу чулуугаар цохисон талаар манай хүүхэд надад хэлээгүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

5. Гэрч Ц.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэрээсээ гараад орцны үүдэнд Мтай таарсан. Тэгтэл “хоёулаа нэг тийшээ яваад манай найзтай уулзчихаад ирье” гэсэн. Тэгээд Мыг суулгаад Мын найз гэх өндөр дүү туранхай залууг Театрын урд талаас авсан. М биеэсээ 0.75 граммтай архи гаргаад ирсэн. Тэр хоёрыг аваад Баянхонгор сумын 5 дугаар багын төв талын үзүүр дээр байх Номгон авто угаалга засварын газар очоод машинаа угаалгад өгсөн. Тэр гудамжны үзүүр дээр нөгөө хоёр архи уусан. Архинаас нь 3-4 татчихаад тэр засварын газарт би 2 разетик сольж өгчихөөд буцаад гарч ирэхэд нөгөө хоёр нэлээн муудсан байсан. М “энэ залууг хүргэж өгье” гэж байсан. Тэгээд бид хоёр тэр залууг нь гэр рүү нь хүргэж өгөх гээд урагшаа 2 гудамж алгасаад гудамжаар ороод уруудаж явж байгаад нарийн гудамжаар хойшоо гараад М нөгөө найзынхаа хамт тэр найзынхаа хашааны гадаа очоод “ор” гэсэн. Тэгэхээр нь би түрүүлээд урд талын нарийн луу алхсан. Тэгтэл Мын найз түүний араас ирээд хоорондоо нэгнийгээ “ална шүү” гээд хэрэлдээд нарийн руу ороод ирсэн. Тэгэхээр нь би тэр хоёрыг “больцгоо” гээд салгаад хооронд дундуур нь ороод түлхээд зайтай яваад байсан. Тэгээд нэг мэдэхэд М гартаа атга дүүрэн хэмжээний чулуу барьсан нөгөө найз руугаа далайгаад “чамайг алчихна шүү” гээд хараалын үг хэлээд байсан. Тэгэхээр нь би боль чулуугаа хая гээд хэлчихээд нөгөө найз нь М руу дайраад байхаар нь салгах маягаар түлхээд хойш нь болгоод эргээд М руу хартал гартаа барьсан чулуугаа хаясан юм шиг байсан. Тэгэхээр нь буцаад нөгөө залууг харахад толгойноос нь духны арьсыг дагаад цус гараад эхэлсэн. Тэгэхээр нь би “яаж байгаа юм бэ” гээд М руу эргээд хартал урагшаа нарийн гараад алга болсон байсан. Тэгээд би нөгөө залууг яаж байна гэтэл цаанаас ээж нь бололтой хүүхдээ дуудаад орилоод гараад ирсэн. Тэгтэл нөгөө толгойгоо цохиулсан залуу “чи яв” гэсэн. М Х руу гартаа барьсан чулуугаа барьж байгаад шидчих шиг болсон маш хурдан үйл явдал болоод өнгөрсөн би дунд нь ороод салгаж байхад ойролцоогоор 1 метрийн зайтай байсан хоорондоо нэг нэгэн рүүгээ хэл амаар дайраад хэрэлдээд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/

6.Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 236 дугаартай шинжээчийн:

1. Б.Хын биед тархи доргилт, духанд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь мохоо бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

6. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.... гэх дүгнэлт /хх-ийн 40-41/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байна гэж дүгнэлээ.

Шүүхээс шүүгдэгч Э.М нь 2021 оны 05 дугаар сарын 08-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 2 дугаар гудамжны голд байх нарийн гудамжинд согтуурсан үедээ Б.Хтай маргалдаж чулуугаар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, духанд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон болох нь хохирогч Б.Хын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, гэрч Б.Б, Ц.О нарын мэдүүлэг Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 236 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Мын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул түнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Х нь нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгч Э.Мыг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ний өдөр Тулгар төр байгуулагдсаны 230 жил, Их Монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж 2021 оны 07 дугаар сарын 06-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилсан байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.1.2-д “ 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ний өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдсэн хүн хуулийн этгээд хамаарна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.М нь 2021 оны 05 дугаар сарын 08-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нолох баримтаар нотлогдож байх тул түүнийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарах этгээд мөн гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Мын гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйл “ялаас өршөөн хасах”, 7 дугаар зүйл х”хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих”, 9 дүгээр зүйл “өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг эрүүгийн хариуцлагын төрөл”-д тус тус багтаагүй тул Шүүхээс шүүгдэгч Э.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ гэмт хэргийн улмаас нөхөн төлөх төлбөр байхгүй гэж дүгнэж түүний холбогдсон эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.М нь энэ хэргийн учир 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 06 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон тул цагдан хорих байрнаас суллах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан чулуу нэг ширхэг,өмсөж байсан малгай нэг ширхэг хураан авсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Харин шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйл, 12.8 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Э.М нь энэ хэргийн учир хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэгт 6 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт           эд мөрийн баримтаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан чулуу нэг ширхэг,өмсөж байсан малгай нэг ширхэг хураан авсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн тамгын газарт даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Мад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорих байрнаас сулалсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.9 дүгээр зүйлд зааснаар зааснаар зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ