Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/167

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Г.Цогтмагнай,

Нарийн бичгийн дарга:Р.Цогдэлгэр,

Шүүгдэгч: Ш.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нямдоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014005190157 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, / Регистрийн дугаар: *******/-тай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Б нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут 5 дугаар багийн 7 дугаар гудамжны 711 тоотод байх Монгол гэрт “Аз Аз” гэх нэртэй фэйсбүүк хаягаас цахим орчинд буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор хөзрөөр, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Ш.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2020 оны 10 дугаар сард гэртээ ганцаараа байхдаа хийх юм олдохгүй хүмүүс фэйсбүүкээр техас тоглоод байхаар нь өөрөө сонирхоод хэд хэдэн удаа тоглосон. Тэгээд өөрөө “Аз Аз” гэсэн фэйсбүүкээр 1_ме /Лайв/ хийж тоглуулж үзье гэж бодоод тоглуулсан. Гэхдээ 1 хоног л тоглуулсан ба нийт 4 удаа тоглуулсан. 1 тоглолт дээр 6 хүн ордог. 5000 төгрөгөөр тоглуулаад хожсонд нь 25000 төгрөг өгөөд би өөрөө 5000 төгрөгийн ашигтай байсан юм. Нийт 4 удаа тоглуулж 20.000 төгрөгийн ашиг олсон. Тэгээд намайг тоглуулж байхад миний /Лайв/ доор хүмүүс цагдаад баригдаад арга хэмжээ авхуулдаг гээд бичээд байхаар нь би тоглуулахаа больсон. Тухайн миний /Лайв/ хийхэд ашигладаг байсан гар утас байхгүй. Эвдрээд хаясан. Одоо олдохгүй байх. Харин хөзөр нь цаасан хөзөр байсан учраас урагдаад ашиглах аргагүй хуучраад хаясан. Цаасан дээр тоо бичиж тоглуулдаг байсан цаас бас байхгүй хаясан байгаа..... гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 64-66/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Б мэдүүлэхдээ: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Гэрч Ч.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.. 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өгсөн "... Надад 5062244213 -тай данс байдаг. Миний хувьд 2020 оны 11 дүгээр сарын 18- 20-ны үеэр “Техас” покер гэх хөзрөн тоглоомыг цахимаар 2 удаа тоглосон. Тухайн үед “Аз аз” гэсэн хаягаас “Техас” покер тоглуулахаар нь эхэлж 10.000 төгрөг данс руу нь шилжүүлээд алдсан. Дахин шинээр эхлэхээр нь 10.000 төгрөг тавьж тоглоод алдсан. Эргүүлж ямар нэг мөнгө аваагүй. Тухайн тоглолтод ороход интернэт банкаар мөнгийг нь шилжүүлсэн. Миний санаж байгаагаар мэдүүлгийн асуултад дурдагдсан нэр болох Ш.Б болон *******-тай данс мөн байна. Миний хувьд тоглоомонд ороод хожигдсон болохоор гомдол санал, хохирол нэхэмжлэхгүй.... гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 57-59 /

4. Гэрч М.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр манай нөхөр Б нь Баянхонгор аймагт гэртээ буюу Баянхонгор сумын 5-7-711 тоотод байх үедээ цахимаар мөрийтэй тоглоом тоглуулсан байсан. Цагдаад шалгагдах үед би мэдсэн.... гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 49-51/

5. Шинжээч Л.Нийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 97 дугаартай Ш.Бын дансны хуулганд магадалгаа хийсэн тухай шинжилгээний:

... Ш.Б нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд Хаан банкны ******* тоот дансны хуулгаар цахим мөрийтэй тоглоом зохион байгуулснаар давхардсан тоогоор 22 хүнээс 110.000 /нэг зуун арван хоёр мянган/ төгрөгийн орлого олж, давхардсан тоогоор 4 хүнд 90.000 /ерэн мянган/ төгрөгийн ёндоо нэрээр /хожил/ буцааж олгосон бөгөөд банкны гүйлгээний хураамжид 1.000 /нэг мянган/ төгрөгийг төлсөн байна. Хуулиар хориглосон цахим мөрийтэй тоглоом зохион байгуулахад нийт 110.000 төгрөгийн орлого дансаар орж 91.000 төгрөгийн зарлага дансаар гарсан байна. Ш.Б нь нь уг тоглоомыг зохион байгуулснаар 19.000 /арван есөн мянган/ төгрөгийн цэвэр ашиг олсон байна... гэх дүгнэлт /2-р хх-ийн 45-46/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 37-40/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Ш.Б нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут 5 дугаар багийн 7 дугаар гудамжны 711 тоотод байх гэртээ “Аз Аз” гэх нэртэй фэйсбүүк хаягаас цахим орчинд буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор хөзрөөр, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт болсон нь гэрч М.Ц, Ч.Э нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 97 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ш.Быг мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Ш.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Ш.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

Иймд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр оруулж ирсэн тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид ял оногдуулж уг ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Ш.Б нь мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдэж 19000 төгрөгийн орлого олсон тул 19000 төгрөгийг хураан авч улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ш.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ш.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болохыг тус тус дурдав.

Хэрэгт шүүгдэгч Ш.Бын “Самсунг А-51” маркийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Ш.Бод буцаан олгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогтой Ш.Быг мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогтой Ш.Быг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянга / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ш.Бод оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ш.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогтой Ш.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянга / 450.000 / төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

6. Шүүгдэгч Ш.Б нь энэ хэргийн цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Ш.Бын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Ш.Бод буцаан олгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3.4-т зааснаар шүүгдэгч Ш.Боос гэмт хэрэг үйлдэхдээ олсон орлого 19000 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ш.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 10-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ