Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2017/00081/И |
Дугаар | 134/ШШ2017/00098 |
Огноо | 2017-05-19 |
Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 134/ШШ2017/00098
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1948 онд төрсөн, эрэгтэй, 69 настай, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг 7 дугаар байрны 66 тоотод оршин суух, Харчу овогт Чимэддоржийн Гомбо /РД:ЕЙ48121011, утас:94777575, 91707670/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг 13 дугаар байрны 3-04 тоотод оршин суух, Шивээ-Овоо ХК-д ерөнхий нягтлан бодогч ажилтай, Боржигон овогт Самбуугийн Одбаяр /РД:НВ77082312, утас:99066072, 88538000/-т холбогдох
газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Чанцалдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Гомбо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Гомбо миний бие нь 2008 онд Шивээговь сумын баруун урд 820 м2 газрыг тэр үеийн хуулиар гэр бүлийн хэрэгцээнд өмчлөн авч хашаа барьж 5 жил амьдарч байсан. Ингээд 2014 онд иргэн бүрт газар өмчлөх хуулиар өөрийн нэр дээр 000230272 дугаартай гэрчилгээ авсан. Одоо миний өмчилж авсан газар дээр С.Одбаяр гэдэг иргэн эзэмшиж 2 жил болж байна. Олон удаа уулзаж хэлж байгаа боловч газрыг чөлөөлөхгүй байгаа. Ингээд би эцсийн арга хэмжээнд хүрч хуулийн хүрээнд шийдвэрлүүлэхээр газар чөлөөлүүлэх хүсэлт гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1989 онд Чойрын геологийн том газар байсан. Шивээговь суманд байсан оросууд гарах гээд геологийн эксфедици нүүж очсон. Тэгээд Шивээговь сумаас баруун урагшаа олон айл нэг эгнээнд газар авсан. Яг хэдэн онд авснаа санахгүй байна. 2009 оны гэрчилгээтэй байгаа. Тэндээ хашаа гэрээ бариад 5 жил гаруй хугацаанд амьдарсан. Тэгээд төв рүү нүүсэн. Манай баруун талд Хишигдэлгэр гэдэг уурхайн боловсон хүчин байсан. Хишигдэлгэрийн үргэлж хашаа нь манай хашаа байдаг байсан. Манай гэр төвд байдаг болохоор цаашаа харагддаггүй байсан. 2016 оны намар хашаагаа хартал манай газар дээр С.Одбаярынх амьдарч байсан. Уулзаж учраад энэ манай газар, газрын гэрчилгээ нь байгаа. Анх гэр бүлийнхээ нэр дээр авч байсан, сүүлдээ нэрээ салгуулсан гэж удаа дараа хэлсэн. Хишигдэлгэрийнх хашаа, газраа Эрдэнэчулуун гэдэг хүнд зарсан байсан. Би Эрдэнэчулуунд үргэлжлэл нь манай газар байгаа шүү, газрын гэрчилгээ нь байгаа, схем зураг нь байгаа гэж хэлж байсан. Сүүлд нь газраа зарсан болохоор нь Эрдэнэчулууныг би чамд газраа захиж байсан гэж хэлэхэд би танай газрыг зараагүй, би Хишигдэлгэрээс авсан газраа зарсан гэж хэлсэн. Эрдэнэчулуунаас худалдаж авсан Давааням нь газраа Бадамхандад зарахдаа манай газрыг хамт зарсан гэж ойлгож байна. Дамжаад дамжаад газар зарсныг нь бид нар мэдэхгүй яваад байсан. Энэ газар нь манай авсан газар мөн. Газрын залуугаас энэ газрын гэрчилгээгээ хүчингүй болгоод хүүхэдтэйгээ нийлээд өөр газар авч болох уу гэж асуусан. Тэгтэл Монгол Улсын хуульд заасны дагуу та нэг л удаа газар авах эрхтэй, энэ газар нь Ч.Гомбо гэдэг хүний нэр дээр байна гэж хэлсэн. Би шүүх хурал болохоос өмнө яах талаараа асуухад тоосон хүн нэг ч байгаагүй. Одоо дахиж газар өгөхгүй, нэгэнт манай авсан газар учраас газраа чөлөөлүүлж авах хүсэлтэй байна. С.Одбаяр энэ газар надад хамааралгүй, манай эхнэртэй хамааралтай. Би газрыг эзэмшдэггүй, түрээслэдэггүй гэсэн утгатай бичиг бичиж өгсөн байсан. Ш.Бадамханд бол С.Одбаярын эхнэр юм. Яагаад ийм бичиг өгснийг ойлгохгүй байна гэв.
Хариуцагч С.Одбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: НВ77082312 регистрийн дугаартай Самбуу овогтой Одбаяр надад Шивээговь сумын төвд эзэмшиж байгаа газар байхгүй. Гомбо гуайн өргөдөлд дурдсан газрыг би эзэмшдэгүй нь Газрын албаны бүртгэл, кадастрын зургаар нотлогдох болно. Би энэ газрыг эзэмшдэггүй тул энэ хэргийн хариуцагч биш юм гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Гомбо нь С.Одбаярт холбогдуулан газар чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч С.Одбаяр нь ...надад Шивээговь суманд эзэмшсэн газар байхгүй, би Гомбын газрыг эзэмшдэггүй тул хариуцагч биш хэмээн маргасан тайлбарыг шүүхэд гаргасан бөгөөд тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Энхбаяр, түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан тул хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэв.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:
Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2004 оны 91 дүгээр захирамжаар Харчу овогт Чимэддоржийн Гомбод Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай 820 м2 492000 төгрөгийн үнэ бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, гэр бүлийн гишүүд дундаа хамтран өмчлөх хэлбэрээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд улмаар 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх зарчим, үндэслэлийн дагуу дээрх өмчлөл бүхий газар болох Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг Баруун гэр байр хаягт байршилтай, 070300183 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай 820 м2 газрын хууль ёсны өмчлөгч Ч.Гомбо мөн гэж газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн J-1903000132 дугаарт бүртгэж, 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 00230272 тоот Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгожээ.
Монгол Улсын иргэнд өмчлүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийсэн байх байх бөгөөд 23.2-д зааснаар иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэх ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ.
Түүнчлэн Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-д зааснаар газрын кадастрын үр дүн газрын мэдээллийн санг бүрдүүлдэг ба мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар газрын мэдээллийн сан нь газрын кадастрын зураг, газрын кадастрын судалгааны материал, газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл, газрын чанарын үнэлгээний дүн, газрын эдийн засгийн үнэлгээний дүн, газрын улсын бүртгэл гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэнэ.
Дээрх хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д зааснаар газрын улсын бүртгэлийн мэдээллийн үндсэн нэгж нь эдлэн газар байх ба эдлэн газар бүр нэгж талбар дугаартай, заагтай, бусад газраас заагласан ерөнхий хилтэй байх бөгөөд газрын кадастрын зурагт ерөнхий болон оноосон хил, заагийг харуулна.
Ийнхүү хуульд зааснаар газар өмчлөгч бүрийн газар өмчлөхтэй холбоотой мэдээлэл тодорхой байгаа нөхцөлд шүүх хариуцагч С.Одбаяр нь нэхэмжлэгч Ч.Гомбын газар өмчлөх эрхийг ямар байдлаар зөрчиж, маргаан үүсэх шалтгаан нөхцөл бий болсоныг тодорхойлж, дүгнэх боломжтой болно.
Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр нь шүүх хуралдаандгаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...манай баруун талын газрыг Хишигдэлгэр гэдэг хүн өмчилдөг байсан бөгөөд Хишигдэлгэр нь газраа Эрдэнэчулуунд зарсан, Эрдэнэчулуун нь газраа Даваанямд зарсан, Давааням газраа Одбаярын эхнэр Бадамхандад зарахдаа манай газрыг хамт зарснаас болж бидний газар өмчлөх эрх ашиг хөндөгдөж байна гэж тайлбарласан атлаа дээрх үйл баримтыг нотолсон нотлох баримтуудыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.
Нөгөө талаар хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ч.Гомбын өмчилж байгаа газрын зураг, 000530272 тоот, Ш.Бадамхандын 000230731 тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдээс харахад тухайн өмчлөх газруудын хаяг, байршил болон нэгж талбарын дугаар өөр өөр байгаа хэдий ч нэхэмжлэлийн шаардлагын ...Даваанямд манай газрыг Бадамхандад зарсан гэсэн үндэслэлтэй харьцуулан дүгнэхэд Ш.Бадамхандад газар олгоход Ч.Гомбын өмчлөл газар давхцаж олгогдсон эсэх, эсхүл тус тусдаа хөрш залгаа эдлэн газар байхад хариуцагч С.Одбаяр нь хууль бусаар Ч.Гомбын өмчлөлийн газрыг өөрийн газартай хамтад нь эзэмшиж, ашиглаж байгаа гэдгийг нотлох баримт байхгүй байна.
Тухайлбал Ч.Гомбын өмчлөлийн газрыг хариуцагч С.Одбаяр ямар байдлаар хууль бусаар эзэмшиж байгааг болон удаа дараа газар чөлөөлөхийг шаардаж байсан гэх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ...түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг урьдчилан төлсөн хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.6-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө буюу газар гаргуулах нэхэмжлэлийн шаардлага байх тул хэрэгт авагдсан газрыг 492000 төгрөгөөр үнэлсэн баримтыг үндэслэн нэхэмжлэлийн үнийг тодорхойлж, үүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 15 410 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 54 790 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Гомбын гаргасан хариуцагч С.Одбаярт холбогдох газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Гомбын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгний 15 410 /арван таван мянга дөрвөн зуун арван/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 54 790 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ