Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/159

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Г.Цогтмагнай,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,

Шүүгдэгч: Ч.П, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014005100133 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******. / Регистрийн дугаар: *******-тай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.П нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймаг дахь сумын дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “ 1980 оноос 1994 оны хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан” байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргахдаа Хөдөө ах ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр 1980 гэсэн гарчиг бүхий дэвтэр буюу ажилласан байдлыг гэрчилсэн нотлох баримтын дэвтрийн нүүрэнд байх хар өнгийн будагчтай бичгийн хэрэгслээр бичсэн бичвэрийг “Баянхонгор, Баацагаан, Чойбалсангийн зам, *******, П, 1964, бүрэн дунд, үгүй, Т.Галсан” гэж бичвэрүүдийг хөх өнгийн будагчтай бичгийн хэрэгслээр дарж,баллан завсарлан, өөрчилж Иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг завсарласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/                                                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Ч.Пын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...  2020 оны 05 дугаар сард малчнаар ажилласан жилээ тогтоолгох гэсэн чинь нөгөө хоёр дэвтрээ олохгүй байж байгаад 2020 оны 10 дугаар сард олоод малчнаар ажилласан жилээ тогтоолгохоор хүү П.Чд өгч явуулсан. Манай хүү тухайн дэвтрүүдийг тэр У гэх эмэгтэйд өгч тэрээр миний итгэмжлэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсөн юм. Тухайн дэвтэр засварлагдсан гэдгийг би л ганцаараа мэдэж байсан.Би энэ талаар П.Ч У нарт хэлээгүй. Мөн 2020 оны 05 дугаар сард шүүхээр ажилласан жилээ тогтоолгож байснаа Ут хэлээгүй ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 24-26/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Ч.П мэдүүлэхдээ: Ярих зүйлгүй тул мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Гэрч А.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Иргэнээс гарсан хүсэлтийг урьд нь цахим бүртгэлд бүртгэхдээ тухайн хүний регистрийн дугаарыг хийж бүртгэж байсан бол дахин бүртгэхэд урьд бүртгүүлж байна гээд мэдээлэл нь гарч ирдэг. Хэрэв ингэсэн тохиолдолд би тухайн хүнээс- Урьд нь хэдээс хэдэн оны ажилласан жилээ тогтоолгосон, одоо хэдээс хэдэн оныхоо ажилласан жилийг тогтоолгох гэж байгаа талаар асуудаг бөгөөд тухайн хүний дахин тогтоолгох ажилласан жил, урьд тогтоолгосон ажилласан жилтэй давхардаж байвал түүнд-Ийм тохиолдолд та шүүхээр дахин тогтоолгох боломжгүй гэж тайлбарлаж өгдөг. Иргэний хүсэлтийг бүртгэдэг цахим бүртгэл нь регистрийн дугаар хийгээгүй, зөвхөн овог, нэрийг хийсэн тохиолдолд ч бүртгэж болдог юм. Гэхдээ регистрийн дугаар оруулаагүй. Зөвхөн овог нэрийг оруулж бүртгэсэн тохиолдолд тухайн хүнээс дахин гаргаж байгаа хүсэлтийг бүртгэхэд мэдээлэл нь гар ирэхгүй байдаг юм. Шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийн ачаалал, программын гацалт зэргээс шалтгаалаад цөөн тохиолдолд иргэнээс гаргаж байгаа хүсэлтийг регистрийн дугааргүй бүртгэх тохиолдол байдаг. Миний хувьд тухайн хүний 2020 оны 10 дугаар сард ажилласан жилээ тогтоолгох гээд хүсэлт өгч байсныг сайн санаж байна. Тухайн үед түүний хүсэлтийг итгэмжлэгдсэн төлөөлөгч У эмэгтэй авч орж ирсэн. Тухайн үед У нь Ч.Пын ажилласан жил тогтоолгох хүсэлтээс гадна 2 хүний хүсэлтийг хамт авч орж ирсэн. Тэгээд би хүсэлтүүдийг цахим бүртгэлд бүртгээд шүүгч нарт хуваарлагдсан. Ч.Пын хүсэлтийг цахим бүртгэлд бүртгэхэд урьд нь бүтгэгдэж байсан талаар ямар нэгэн мэдээлэл гарч ирээгүй. Тэгтэл 2020 оны 10 дугаар сард Ч.Пын ажилласан жилийг тогтоолгох шүүх хурал болсныг дараа түүнийг 2020 оны 05 дугаар сард ажилласан жилээ тогтоолгож байсан талаар мэдсэн. Миний хувьд Ч.П гэх хүнийг 2020 оны 10 дугаар сараас өмнө шүүхэд ажилласан жилээ тогтоолгох хүсэлт гаргаж өгч байсан эсэхийг санахгүй байгаа юм..." мэдүүлэг /1-р хх-ийн 174-176/

4. Гэрч О.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Урьд нь шүүхэд хүсэлт өгөөд шийдвэрлүүлж байсан иргэн дахин хүсэлт өгөх юм бол түүнээс урьд нь хүсэлт өгч шийдвэрлүүлж байсан мэдээлэл нь шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтны цахим бүртгэл дээр гарч ирэх боломжтой. Гэхдээ мэдээлэл лавлагааны ажилтан тухайн хүнээс урьд нь хүсэлт нэхэмжлэх гаргахад нь овог, нэр, регистрийн дугаар зэргийг бүрэн бүртгэсэн тохиолдолд л харагддаг. Миний хувьд иргэний хэргийн нийтлэг аргачлалд тусгагдсан баримт, эрх зүйн акт, гэрчийн мэдүүлгүүдийг хэргийн оролцогч нарт танилцуулаад цахим бүртгэлд оруулдаг. Тиймээс тухайн шүүгч дээр буюу Отгончулуун шүүгч дээр урьд нь шийдвэрлэгдсэн хэргүүд л миний бүртгэл харагддаг юм. Тиймээс Ч.Пыг урьд нь өөр шүүгч дээр ажилласан жилээ тогтоолгож байсныг мэдээгүй.Ч.П нь ажилласан жилээ шүүхээр тогтоолгохоор хүсэлт, нэхэмжлэлээ 2020 дугаар сарын 10 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргаж 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгээд 2020 оны 10 дугаар сарын 29-ны өдөр шүүх хурал болсон. Тэгээд шүүх хурлын дараа шүүхийн шийдвэрийг хянуулах явцад тухайн хүн нь өмнө шүүхээр ажилласан жилээ тогтоолгож байсныг мэдсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 177-182 /

5. Гэрч О.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 1980 онд малын эмчээр төгсөж ирээд цэрэгт яваад 1983 онд Баянхонгор аймгийн Баацагаан сумын Буйлсан 3 дугаар бригадад тоо бүртгэгчээр ирж ажилласан. Тухайн үед Ч.П нь манай багт байгаагүй, миний мэдэхийн 1996 онд Баацагаан сумын Буйлсан 3 дугаар багийн харьяанд ирээд 2000 он хүртэл Буйлсан 3 дугаар багийн даргаар ажиллаад түүнээс хойш одоог хүртэл Буйлсан 3 дугаар багтаа мал маллаж байгаа... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 184-188 /

6. Гэрч Б.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 1980 оноос хойш яг юу хийж байсныг мэдэхгүй байна. Өөрөө бол аав нь нас бараад ээжийнхээ хамт Баацагаан сумын 3 дугаар багт мал маллаж байсан гэдэг юм. Ямар ч байсан намайг 1988 онд Бөмбөгөр сумын эмнэлэгт эх баригчаар ирэхэд Ч.П нь байхгүй байсан бөгөөд 1989 онд Бөмбөгөр сумын сургуульд биеийн тамирын багшаар ирсэн...бид хоёр 1993 онд Баацагаан сумын Буйлсан 3 дугаар багт очиж би багийн эмчээр 2020 оны 08 дугаар сар хүртэл ажилласан. Ч.П бол очсоныхоо дараа ганц нэг сар хүний оронд Буйлсан 3 дугаар багийн даргаар ажиллаж байгаад түүнээс хойш мал малласан... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 217-219 /,

7. Гэрч Б.Уийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Ч.П гуай урьд нь шүүхээр орж ажилласан жилээ тогтоолгож байснаа надад хэлээгүй. Тэгээд ч урьд нь шүүхээр ороход нь архиваас малчнаар ажиллаж байсан лавлагаа мэдээлэл гараагүй юм билээ. Тэгээд би энэ асуудал яригдах үед Ч.П гуайгаас та урьд нь шүүхээр орж ажилласан жилээ тогтоолгож байсан юм уу гэхэд тэрээр тогтоолгосон гэхээр нь би та урьд нь ажилласан жилээ тогтоолгосон бол дахин тогтоолгож болохгүй ш дээ гэхэд тэрээр би түүний чинь яаж мэддэг юм гээд над руу бухимдаад байгаа юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 227-231/

8. Гэрч П.Чын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Миний хувьд аавыгаа биеийн тамирын багшаар ажиллаж байсан жилээ шүүхээр тогтоолгосныг нь мэдэж байсан. Тухайн үед аав бид хоёр малчнаар тэтгэвэрт ороход 20 жил нийгмийн даатгал төлсөн байх ёстой түүнээс 15 жилийг малчнаар бусад 5 жилийг ямар нэгэн байдлаар улсад ажилласан байх ёстой юм байна гэж ойлгосон. Тэр үед аавын малчнаар ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр олдоогүй. Тэгээд аймгийн архиваас лавлагаа авсан чинь малчнаар ажилласан баримт гарч ирэхгүй, мал тооллогын А данс гарч ирсэн. Мөн аавын Бөмбөгөр, Жинст сумын сургуульд багшаар ажиллаж байсан баримт гарч ирсэн. Тэгээд ямар нэгэн байдлаар улсад 5 жил ажилласан байх ёстой гэж байгаа юм чинь багшаар ажилласан жилийг нь шүүхээр тогтоолгосон. Тэгээд дараа нь хөдөлмөрийн дэвтэр нь гарч ирэхээр дахиад малчнаар ажилласан жилээ тогтоолгох юм байна гээд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ут материалаа өгөөд шүүхэд хандсан. Ингэхдээ Ут урьд нь аавыг малчнаар ажилласан жилээ тогтоолгож байсныг үнэндээ хэлээгүй. Хэлэх ёстой гэдгийг ч мэдээгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 136-140/

9. Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 143 дугаар шинжээчийн:

... 1. Шинжилгээнд ирүүлсэн “1980” гэсэн огноотой Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн “1,2,3” гэсэн дугаартай нүүрэнд байх бичвэрүүд, болон “1990” гэсэн огноотой Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн “1,2,3” гэсэн дугаартай нүүрэнд байх бичвэрүүд шинжилгээнд тэнцэнэ.

Шинжилгээнд ирүүлсэн “1980” гэсэн огноотой Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн “1” гэсэн дугаартай нүүрэнд байх үл уншигдах гарын үсэг болон тэмдгийн дардас шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн ирүүлсэн “1980” гэсэн огноотой Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн “1,2,3” гэсэн дугаартай нүүрэнд байх бичвэрүүд болон “1990” гэсэн огноотой Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн “1,2,3” гэсэн дугаартай нүүрэнд байх бичвэрүүдийг нэг хүн бичсэн байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн “1980” гэсэн огноотой Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн “1” гэсэн дугаартай нүүрэнд байх бичвэр нь өмнөх хар өнгийн будагчтай бичигч хэрэгслээр бичсэн үл уншигдах бичвэрийг баллаж хөх өнгийн будагчтай бичигч хэрэгслээр бичсэн “Баянхонгор, Баацагаан,Чойбалсангийн зам, *******, Пүрэвдорж, 1964, Бүрэн дунд, үгүй, Т. Галсан” гэж уншигдах бичвэр байна.

4. Шинжилгээнд ирүүлсэн “1980” гэсэн огноотой Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн “1” гэсэн дугаартай нүүрэнд байх тэмдгийн дардас нь гарын үсгийн дээр дарагдсан байна... гэх дүгнэлт /2-р хх-ийн 1-12/

Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 131/ШШ2020/1145 дугаартай шийдвэр/1 хх-ийн 23-24 дүгээр тал/, Бичиг, баримтад үзлэг хийсэн тэмдэглэл/ 1-р хх-ийн 39-52 /, Шүүхийн Тамгын газрын мэдээлэл, лавлагааны мэргэжилтний бүртгэлийн программд үзэг хийсэн тэмдэглэл/1-р хх-ийн 56-60 /, Шүүгчийн      туслах ажилтан О.Оын бүртгэлийн программд үзлэг хийсэн тэмдэглэл/1-р хх-ийн 61-64 /, Аймгийн Цагдаагийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 30-4/5644 дугаартай албан, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2/112 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 66-68/, Аймгийн Цагдаагийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 30-        4/5643 дугаартай албан, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 4317 дугаартай лавлагаа /1-р хх-ийн 77-78/, Аймгийн Архивын тасгийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 438 дугаартай лавлагаа, холбогдох материалын хамт/1 –р хх-ийн 97-153/, Баянхонгор аймгийн ерөнхий Боловсролын лаборатори Номундалай           цогцолбор сургуулийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны 60 дугаартай албан,холбогдох баримтын хамт /1-р хх-ийн 155-163 /, Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 11 дүгээ сарын 27-ны өдрийн 2/112 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 66-68/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.      

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс  шүүгдэгч Ч.П нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймаг дахь сумын дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “ 1980 оноос 1994 оны хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан” байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргахдаа Хөдөө ах ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр 1980 гэсэн гарчиг бүхий дэвтэр буюу ажилласан байдлыг гэрчилсэн нотлох баримтын дэвтрийн нүүрэнд байх хар өнгийн будагчтай бичгийн хэрэгслээр бичсэн бичвэрийг “Баянхонгор, Баацагаан, Чойбалсангийн зам, *******, П, 1964, бүрэн дунд, үгүй, Т.Галсан” гэж бичвэрүүдийг хөх өнгийн будагчтай бичгийн хэрэгслээр дарж,баллан завсарлан, өөрчилж Иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг завсарласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн үйл баримт болсон нь шүүгдэгч Ч.П өгсөн мэдүүлэг  гэрч А.Б, О.О, О.С, Б.Наранцэцэг, Б.У, П.Ч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 143 дугаар шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ч.Пын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ч.Пыг нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг  агуулсан тул шүүгдэгч Ч.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ гэмт хэргийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанарыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийн учир шүүгдэгч Ч.П нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Хэрэгт шүүгдэгч Ч.Пүрэвдагын “10 тооны” үнээг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг 10 тооны үнээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Ч.Пд буцаан олгож шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар 2 ширхэг хөдөлмөрийн дэвтрийг хураан авсан бөгөөд Цагаан өнгийн хөдөлмөрийн дэвтрийг  хэргийг хадгалах хугацаа дуустал  хэрэгт хавсаргаж, харин цэнхэр өнгийн хөдөлмөрийн дэвтрийг хэрэгцээний дагуу эзэмшигч Ч.Пд буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Пд холбогдох хэргийг Прокуророос хялбаршуулсан журмаар буюу    Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулахаар илсэн бөгөөд Шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчийг гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.                                                                     

Шүүгдэгч Ч.Пд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.П нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Ч.Пыг хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг засварласан, хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дугаар зүйлийн 1-д зааснаар ******* овогт Ч.Пыг зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Ч.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан  зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлсүгэй

4. Шүүгдэгч Ч.П нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цэнхэр өнгийн хөдөлмөрийн дэвтрийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Ч.Пүрэвдавгад хэрэгцээний дагуу буцаан олгож, Цагаан өнгийн хөдөлмөрийн дэвтрийг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Ч.Пын эзэмшлийн 10 тооны үнээг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг 10 тооны үнээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Ч.Пд буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ч.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ