Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/166

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Г.Цогтмагнай,

Нарийн бичгийн дарга: Х.Золцэцэг,

Шүүгдэгч: Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000137 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, Регистрийн дугаар: *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Б нь 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар баг 2 дугаар гудамж 25 тоотод хамтран амьдрагч Ц.Сыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь дээд, доод уруул, хүзүү, хацар, шанаа, доод эрүү, бугалга, нуруу, өгзөг, гуянд шарх, зулгаралт, цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Т.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өмгөөлөгч авахгүй. Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би Ц.Стай 2018 оноос хамтран амьдраад одоо 3 жил болж байна. Бид хоёр дундаасаа 2настай охинтой. Охин миний нэрээр овоглодог. Ц.С бид 2 Гурванбулагийн алтны уурхайд ажиллах гээд 2021 оны 03 дугаар сард хотоос ирээд явж чадахгүй хорионд ороод Баянхонгор сумын 3-2-25 тоотод дүүгийн гэрт сар гаран болсон. 2021 оны 05  дугаар сарын 11-ний өдөр айлын хашаа янзалчхаад орой 2000 цагийн үед гэртээ ирсэн. Тэгтэл Ц.С гэрт согтуу байсан. Тэгэхээр нь “Хаанаас архи олж уудаг юм” гэж хэрэлдээд гэрээс гараад гадаа байсан машинд суусан. Тэгэхэд бид хоёрын байгаа айлын дүү гэрт хамт байсан. Тэгсэн дүү гэрээс орилох шиг болсон. Тэгэхээр нь би гэртээ буцаад ороод иртэл Ц.С манай тэр дүүг “Гэрийн ажлаа хийсэнгүй” гээд галын төмөр бариад 1 цохиод авах шиг болсон. Тэгэхээр нь би тэр галын төмрийг Ц.Саас булааж аваад дөрвөлжний тэр рүү шидээд 2 удаа алгадаад бөгс рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгтэл хашигчаад орилоод байхаар нь гэрээс авч гаргаад гадаа байсан марк 2 машины урд суудал дээр суулгачхаад гэр рүү ороод нөмрөх юм авах гээд орчхоод гараад иртэл Ц.С машинаас гараад явсан байсан. Араас нь хайгаад олоогүй. Тэгтэл цагдаа дуудсан байсан. 2019 оны 10 дугаар сард хотод хамт байж байгаад маргалдаад тэгээд Ц.Сыг 2 алгадаад хутга барьсан байхаар нь булааж аваад хутганы ишээр   нь цохисон. Түүнээс болоод Сонгинохайрхан дүүргийн шүүхээр шийтгэгдээд торгох ял авч байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 61-62/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч Ц.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.. бид 2 тус тусдаа 1, 1 хүүхэдтэй танилцаад 3 жил гаран болж байгаа. Танилцсанаас хойш бид хоёрын дундаас 1 хүүхэд гарсан. Одоо 2 настай охинтой. Хөдөө Т.Бийн ээж дээр байдаг. Бид 2 Улаанбаатар хотод ажилладаг байж байгаад энд Баянхонгорт уул уурхайн ажлаар 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Галуут сумын нутагт байрлах “Сайрын худаг” гэдэг газар тогоочоор ажил хийхээр ирээд ажиллаж байтал Т.Б хардаад 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр халагдаад хөнжил пүүгээгээ аваад аймагт Т.Бийн хамаатны айлд ирж байх болсон. Баянхонгор аймагт Т.Бийн хамаатны дүүгийн гэрт бид 2 хөл хорионы улмаас байрлаж байсан. Тэгээд Т.Б бид 2 хөл хорионд байж байхдаа Гурванбулаг сумын уурхайд би тогоочоор, Т.Б жолоочоор ажилд орох гээд анкет өгөөд тэнцээд 2021 оны 05 дугаар сарын 12-ны өглөө би түрүүлж явахаар байсан. Би өмнө ажиллаж байсан газраасаа аймагт ирэх замдаа Баян-Овоо сумаас 0.33 граммтай 2 шил “Ерөөл” архи аваад хөнжил пүүгээндээ нуусан байсан. Түүнийгээ 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр айлд блоктой хашаа барихаар явсан хойгуур нь гаргаад Т.Бийн Соната маркийн саарал өнгийн машин дотор уусан. Тэгээд байж байтал Т.Б ирээд машин дотор орж ирсэн. Тэгэхээр нь үлдэгдэл 0.33 граммтай архи задлаад өгөөд хамт ууж дуусгасан. Тэгэхэд эрт архи ууж эхэлсэн болохоор 20°° цаг л болж байсан байх... би тэр архийг уугаад дуусахад согтолт гайгүй байсан. Тэгээд би нэг хэсэг тасралтын байдалд орсон. Нэг мэдэхэд намайг Т.Б галын төмрөөр миний нуруу, бөгс, гуя руу цохиод гараараа миний уруул болон баруун шанаа руу цохиод байхаар нь сэрсэн. Тэгтэл гэрийн дотор баруун талд орны урд суугаа байдалтай байсан Т.Б машин руугаа гараад явсан. Тэгэхээр нь би гэр дотор орон дээр нь сууж байгаад хашааны арын хаалгаар гарч зугтаад цагдаа дээр өөрөө ирж дуудлага өгсөн. Тэгээд цагдаагийн машинтай нөгөө гэрт буцаад очиход Т.Б байхгүй зугтаасан байсан. Яагаад Т.Б намайг зодсоныг санахгүй байгаа. Т.Б рүү би намайг зодоод хамгаалах байранд орсны дараа түүн рүү залгаад “Яагаад намайг ингэж зодож байгаа юм бэ?” гэтэл урдаас “Чи Б.Оийг алгадаж авахаар нь чамайг дүүгээ өмөөрөөд зодсон. Би ер нь чамайг зодсон юм уу” гээд үл хайхарсан шинжтэй байсан. Одоо намайг хамгаалах байранд байгаад 7 хоноход нэг ч удаа эргэж нэг ч эм авч ирж өгөөгүй. Би цохиж зодсоноо санахгүй байна. Зодоогүй. Т.Б л надад Б.Оийг цохисон болохоор намайг зодсон гээд байсан. 2019 оноос хойш намайг цохиж зоддог болсон. Тэгээд хотод байхад намайг зодоод түүнээс болж шүүхээр торгуулаад салж байсан. Хотод бид 2 хоёулаа байдаг байсан. Хааяадаа маргалдах аль эсвэл архи уусан үедээ намайг цохиж зоддог. Тэгэхдээ нүүр бүх бие рүү цохиж зоддог байсан. Баянхонгор аймагт цагаан сараар толгойны ард руу гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Тэгэхэд Т.Б эрүүл байсан. Мөн 2021 оны 02 дугаар сарын сүүлээр согтуудаа нүүр, гар, хөл рүү цохиж байсан. Сая 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр намайг өөрийнхөө машинд дүүгийнхээ халаадны оосроор 2 гарыг хүлж байгаад баруун талын шанаа руу гараараа цохиод хоолой боогоод ам руу машиныхаа алчуурыг чихээд мишокоор ороочхоод гэр рүүгээ яваад орсон. Би цагдаад хэлэх гэхээр “Чамаас би нэг ч алхам холдохгүй. Цагдаад хэлэхээр хоёулаа сална. Хүүхэд нялх учир өнчирнө” гээд байдаг. Мөн би ч өөрөө хүүхдээ бодоод өөрийг нь их хайрладаг болохоор цагдаад хэлэхгүй тэвчээд тэгж байгаад больчих байлгүй дээ гэж боддог. Аймагт ирснээс хойш зодолд нь ч гэсэн өөр болсон. Хамгийн гол нь хамаатынхаа дүүг өмөөрөөд намайг зодсонд гомдоод байгаа. Мөн өнөөдөр над руу яриад “Би чамайг 2021 оны 05 дугаар сарын 06-нд зодоогүй. Чи өмнө миний зодсоныг яах гэж хэлсэн юм” гээд байсан.... гэх мэдүүлэг / хх-ийн 44-45/

4. Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Т.Б нь манай ээжийн эгчийн дүүгийн

хүүхэд байгаа юм... ажил хийнэ гэж Улаанбаатар хотоос 2021 оны 03 дугаар сарын хавьцаа эхнэр Ц.Сын хамт ирж манайд байх болсон. 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр байсан манай ах Т.Б айлд хашаа янзалж байтал эхнэр Ц.С нь хаанаас архи олсон юм бүү мэд нөхрийгөө утсаар дуудаад архи хамт уусан. Тэгээд эхнэрээ “Одоо миний хайр унт” гээд эхлээд аргадаад орон дээр хэвтүүлсэн чинь эхнэр нь “Би явна” гээд урдаас нь хэрэлдээд босоод ирсэн. Тэгээд “Чи намайг өмөөрөхгүй байна” гээд над руу эхлээд хэл амаар дайраад байсан. Тэгсэн ах Т.Б “Машинаа асаана” гээд гэрээс гарсан. Гэрээс гарсны дараа над руу Ц.С дайраад миний нүүр рүү гараараа алгадах гэсэн. Тэгэхээр нь би хойшоо болтол миний хацрыг шүргээд гарсан. Тэгээд байж байтал Т.Б ах орж ирээд намайг өмөөрөөд “Зүгээр байгаа хүүхэд чи яахаараа цохиж авдаг юм” гээд Ц.С эгчийн нуруу, бөгс, хэсэг рүү нь хөл гараараа цохисон. Тэгээд аргадаад байж байтал эхнэр нь газар хэвтэж байгаад босож ирээд галын төмөр аваад над руу “Чи яасан өмөөрөх ахтай юм” гээд дайрсан. Тэгсэн тэр галын   төмрийг Ц.Саас булааж аваад тэгээд эхнэрээ гэрээс аваад гарсан. Тэгсэн удаагүй эхнэр нь цагдаа дуудсан байсан. 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр байсан байх Ц.С, Т.Б ах 2 маргалдаад эхнэрийн хамт миний халаадны бүсийг аваад гарсан. Тэгээд машин руугаа гэрээс гарч орсон байх. Тэгсэн эхнэр нь 2 цаг орчмын дараа орж ирчхээд “Хүн зодуулаад байхад чинь гарч ирэхгүй юм” гэж хэлж байсан. Энэ үйл явдал болоход цаг ойролцоогоор 1900 цаг л болж байсан байх. Тэр 2 хоёулаа л тухайн үед согтуу байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/

5. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 244 дугаартай шинжээчийн:

“1. Ц.Сын биед дээд, доод уруул, хүзүү, хацар, шанаа, доод эрүү, бугалга, нуруу, өгзөг, гуянд шарх, зулгаралт, цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.       

2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.        

3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.       

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй”.....гэх дүгнэлт /хх-ийн 19-20/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 8-10/, хохирогч Ц.Саас мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн гэрэл зургууд /хх-ийн 28-29/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч  Т.Б нь 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар баг 2 дугаар гудамж 25 тоотод хамтран амьдрагч Ц.Сыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь дээд, доод уруул, хүзүү, хацар, шанаа, доод эрүү, бугалга, нуруу, өгзөг, гуянд шарх, зулгаралт, цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Ц.С, гэрч Б.О нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 244 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Т.Бийг  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Т.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч  Т.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Хохирогч Ц.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжлэх зүйлгүй талаараа илэрхийлж мэдүүлсэн тул шүүгдэгч Т.Б нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар төмөр, халаадны бүс зэргийг устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдаж  шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Т.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Т.Бийг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Т.Бөд оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр 4-д зааснаар шүүгдэгч Т.Б нь  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Т.Б нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч Т.Бөөс 364.000 төгрөг гаргуулж, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Баянхонгор аймаг дахь салбарт олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр 1 ширхэг, халаадны бүс 1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт  даалгасугай..

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ