Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 73

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 156/2016/0080/Э
    Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Л.Уянга даргалж тус шүүхийн шүүх  “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
    
Улсын яллагч:             Я.Сансар,
Нарийн бичгийн дарга:     Алтансувд, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч:     Г.Дэлгэрцэцэг, 
Шүүгдэгч:             Д.Ойдов нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ойдовт холбогдох  201623000119 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын харъяат, 1964 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа мал малладаг. Ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Батноров сумын 1 дүгээр багийн нутаг “Буянт” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Ест овгийн Дамбын  Ойдов /РД: СА64101214/,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Яллагдагч Д.Ойдов нь согтуугаар 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 1 дүгээр баг “Адгийн овоот” гэх газар өөрийн гэртээ Б.Энхбатын хэвлийн тус газар хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогдсон. 
ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Хохирогч Б.Энхбатын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр найз Ариунболдын хамт хөдөө байх мал руугаа явсан. ...Явж байх замдаа Ариунболд бид 2 авсан 0.5 литрийн архиа хуваагаад уугаад дуусгасан. Тухайн үед тээврийн хэрэгслийг Ариунболд жолоодож явсан. Тэгээд Батноров сумын 7 дугаар баг, Адгийн овоот гэх газар нутаглаж байсан Д.Ойдовынд очсон. Ариунболдын машинд нь нэг шил Улаанбаатар архи байсан. Д.0йдов ахынд 2 шил архитай очсон. Д.Ойдовын гэрт эхнэр нь Баяраа эгч 2 байсан. Тэгээд Д.Ойдов ахынд 0.75 литрийн Улаанбаатар архи 1 шилийг гаргаж ирээд Д.Ойдов, Ариунболд бид 3 хувааж уусан. Бид нарыг архи ууж байхад Баяраа эгч байсан. Тэгээд анх оруулж ирсэн архиа дуусгачихаад Ариунболд бид 2 явах гээд гадаа гараад бие засаад зогсож байхад Д.Ойдов ах гарч ирээд ахад нь та 2-т гаргах архи байдаггүй ээ, хэдүүлээ Бэрх ороод архи аваад ууя гэхээр нь яахын бэ гэж хэлээд машинд үлдсэн 1 шил архиа гаргаж ирээд Ариунболд бид 3 хувааж уусан. Архи ууж байх хугацаандаа морь малны талаар ярилцаж байсан. Д.Ойдов, Ариунболд бид 3 нилээн халсан байдалтай морь, малны талаар ярьж байгаад гэнэт Ариунболдтой Д.Ойдов барьцалдаад авсан, 
D:\2016 Мөнхномин\шийтгэх тогтоол\шийтгэх тогтоол 97,1  Д.Ойдов.docx
тэгээд би дундуур нь орж салгасан, Баяраа эгч Ариунболдыг дагуулаад гэрээс гарсан. Тэгээд миний гэдэсний зүүн талд хутгалчихсан байсан. Ариунболд Ойдов ах 2-ыг юунаас болж маргалдсныг мэдэхгүй байна, Ойдов ах орон дээр хэвтчихсэн Ариунболд дээрээс нь гарыг нь дарсан байдалтай байхаар нь би очиж салгасан. Яг бие биенийгээ цохиж зодолдсон зүйл байхгүй. Ойдов ах доор нь хэвтэж байхдаа хутга гаргаж ирж Ариунболдыг айлгаж өөрөөсөө холдуулах санаатай л хутга гаргасан гэж би бодож байна. Тэгээд салгах явцад нь би хутгалуулчихсан юм. Д.Ойдов ахыг хаанаас хутга гаргаж ирсэн би мэдэхгүй байна, тухайн үед Д.Ойдов ах ягаан хүрэн өнгийн дээлтэй байсан. Ариунболд хөх өнгийн куртиктэй байсан. Тэгээд би хутгалуулсанаа мэдээд, гайгүй болохоор нь шууд хөдөө малчных руугаа Ариунболдын хамт буцсан. Малчин Басхүүгийнд очоод хутгалуулсан хэсэгт маань жоохон өвдөж байсан, тухайн үед согтуу байсан болохоор өвдөлт бага зэрэг мэдэгдэж байсан. Тэгээд би энэ болсон явдлынхаа талаар эхнэр Гантөмөрт хэлсэн, манай эхнэр Бэрх хотын Цагдаагийн хэсэгт мэдэгдсэн юм. Д.Ойдов ах намайг ямар нэгэн шалтгааны улмаас хутгалсан зүйл байхгүй, Ариунболдтой муудалцаж байхад би салгахаар очоод гарнаас нь бариад салгасан тэгэхэд л Д.Ойдов ах намайг санамсар, болгоомжгүй байдлаасаа болоод хутгалчихсан. Миний биеийн хэвлийн зүүн хэсэгт хутгалсан байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би эмчилгээний зардлаа авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14 тал/,
Гэрч П.Ариунболдын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 04 сарын 04-ны өдөр Энхбат гэж хамаатны залуутай хамт Бэрх хотоос хөдөө малруугаа явах замаараа Батноров сумын 1-р багийн малчин Ойдов гэж айлынхаар ороод авсан байсан 2 шил архиа Ойдов ахтай хувааж уугаад ойр зуурын юм яриад сууж байгаад Энхбат ах Ойдов гуайтай муудалцаад босоод ирэхээр нь Ойдов гуайг би барьж авсан зүүн талын орон дээр дараад байж байтал Ойдов гуайн эхнэр гаднаас орж ирээд намайг салгаж гар гэхээр нь би гараад байж байгаад эргээд гэрт ортол Ойдов гуай гартаа хүрэн иштэй эвхдэг хутга барьчихсан сууж байсан. Энхбат гэрийн хойморт газар сууж байсан. Тэгээд би Ойдов гуайн гараас хутгыг нь аваад далд хийсэн. Тэгээд Энхбат ах хувцасаа дээш сөхөхөөр нь хартал зүүн хавирганы доод хэсэгт гэдсэнд нь хутганы шарх үүссэн цус гарч байсан. Тэгээд Энхбат ахын шархыг нь боож янзлан Энхбат ах бид хоёр гэртээ ирсэн. ... Энхбат, Ойдов ах нар бага залуу насандаа атаман, овгор байсан талаараа ярьж байгаад маргаж муудалцсан. Бид нарыг архи уугаад сууж байхад ойрхон хутга харагдаагүй. Хаанаас авсаныг нь хараагүй. Ойдов ах бид хоёрыг муудалцсан гэж энхэр нь ойлгосон байх. Учир нь би Ойдов гуайг орон дээр дараад байж байхад эхнэр нь гаднаас орж ирсэн юм. Миний хувьд Ойдов гуайтай муудалцаж маргалдаагүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-17 тал/
Гэрч О.Мягмарын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайх Батноров сумын 1-р баг Адагийн овоот гэх газар нутаглаж байна. Манайх аав Ойдовынхтой хамт нутаглаж байна. 2016 оны 04 сарын 04-ний орой 17 цагийн орчим Энхбат, Болдоо гэж хоёр хүн машинтай аавынд ирээд аав, ээж нартай хамт архи уугаад байсан. Тэгээд орой нь Болдоо аав хоёр муудалцаад байхаар нь ороход ээж салгаж Болдоо, аав хоёр бие биенийхээ гарыг бариад мушгиад бие биенээ дараад байсан. Тэгээд салгаад зүгээр болчихоор нь гараад гэртээ ороод байж байтал дуулалдаад л байсан. Тэгсэнээ 00 цагийн орчимд ээж манайд орж ирээд Ойдов Энхбатыг хутгалчихлаа муудалцаад байна гэхээр нь би гэрээс гартал аав Болдоо хоёр гадаа зогсож байсан. Тэгээд би гэрт нь ортол Энхбат хувцасаа тайлчихсан зүүн талын хавираганы дор гэдсэнд нь хутгалуулсан шарх үүсч жаахан цус гараад шарх нь хавдсан байсан. Тэгээд би ч гэртээ ороод амарсан. Болдоо, Энхбат нар гэрлүүгээ явна гээд явцгаасан гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,
Гэрч Т.Батбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр манай гэрт Ариунболд, Энхбат гэх 2 залуу орой 20 цаг өнгөрч байхад ирсэн. Ариунболд, Энхбат нар нь манай хотноос хонь авна гэж ирсэн юм, би тухайн үед харанхуй шөнө болсон болохоор мал гаргахгүй гэж хэлсэн. Тэгээд Ариунболд, Энхбат нар нь манай нөхөр Д.Ойдовтой архи уусан. Ариунболд нь уугаагүй байсан, ихэвчлэн Энхбат Ойдов хоёр ууж байсан. Тухайн үед малын хашаанд би хүү Мягмарын хамт мал төллүүлээд, хурга, ишиг эхэд нь хөхүүлээд байж байсан чинь манай ач хүү Түмэнбаяр /4 нас гарамтай/ нь ирээд сая ирсэн 2 хүн өвөөг зодоод байна гэхээр нь яваад очсон чинь гэрийн зүүн орон дээр Ариунболд гэх залуу манай нөхрийн дээр нь гарчихсан гарыг нь бариад сууж байсан, харин Энхбат нь салгах гээд дийлэхгүй байна гээд зогсож байсан. Тэгээд бид 2 салгаад Ариунболдыг гэрээс гаргасан. Нөхөр маань ч гайгүй тайвширсан. Тэгээд би буцаад мал руугаа явсан. Хүү Мягмар маань уг үйл явдлыг хараад гэрлүүгээ ороод амарсан. Дараа нь малаа төллүүлж дуусгаад би гэрлүүгээ орох гээд явж байхад дахиад адуу мал ярьж байгаад маргалдсан байсан, гэрт ортол Энхбат сая Ойдов ах, Ариунболд 2 маргалдаад байхаар нь салгах гэж дундуур нь ороод гэдсэндээ хатгуулчихлаа гээд цамцаа тайлаад байж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,
Шинжээчийн дүгнэлт: шүүх эмнэлгийн материалаар гаргасан №499 тоот шинжээчийн дүгнэлтэнд: Дүгнэлт 1. Энхбатын биед хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо, 2. Дээрх гэмтэл нь ил үзүүр бүхий нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, 4. Цаашид дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 35-36 тал/, 
Шүүгдэгч Д.Ойдовын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.  
Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл шүүгдэгч Д.Ойдов нь  2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 1 дүгээр баг “Адгийн овоот” гэх газар өөрийн гэртээ П.Ариунболдтой хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж, ноцолдохдоо тэднийг салгах гэсэн хохирогч Б.Энхбатын хэвлийн тус газар болгоомжгүй хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэв. 
Шүүгдэгч Д.Ойдов нь бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байх тул шүүх түүнд  Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг халдаах нь зүйтэй байна. 
Хохирогч Б.Энхбат нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүх шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй.  

Шүүх шүүгдэгч Д.Ойдовт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдал болгон тус тус харгалзав. 
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн болон гэм хорыг арилгасан байх тул шүүх шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ. 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 293, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ест овгийн Дамбын Ойдовыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ест овгийн Дамбын Ойдовыг 01 /нэг/ жил, 10 /арав/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Ойдовт оногдуулсан 01 жил, 10 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эвхдэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан ялтан Д.Ойдовт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил, 10 сарын хорих ялыг тэнсэж,  мөн  хугацаагаар хянан харгалзсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар хянан харгалзах хугацаанд тэнсэгдсэн ялтан Д.Ойдовт хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг дурдсугай.  
8. Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Ойдовт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 


       


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.УЯНГА