| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 185/2018/0329/Э |
| Дугаар | 681 |
| Огноо | 2018-07-17 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Батжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 681
Н.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Батжаргал,
шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 365 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Н.Б-д холбогдох 1802000340013 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Н-н Б, 19.... оны .... дугаар сарын ....-ны өдөр ................... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ ................. ангийн 3 дугаар дамжаанд суралцаж байсан, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт ............. дүүргийн 8 дугаар хороо, ... дүгээр хороолол, .. дүгээр байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............../;
Н.Б нь 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр ....... дүүргийн 8 дугаар хороо, 1 дүгээр байрны ..... тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламж бүхий 1.05 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Н.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Б-ыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн ууттай 1,05 грамм дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий ургамал, цэнхэр өнгийн капсултай 10 ширхэг Анданте гэх эм, 2 ширхэг цэнхэр өнгийн хоосон эмийн капсул зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч Н.Б-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Б тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Би мөрдөн байцаалтын явцад ямар нэгэн байдлаар саад учруулаагүй, хэргээ анхнаасаа үнэн зөв мэдүүлж, хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Би эцэг, эх, дөрвөн дүүгийн хамт ам бүл 7-уулаа амьдардаг. Гэр бүлийн хүмүүжил сайтай. Манай гэр бүл миний эцэг Ц.Нямбатын олсон орлогоор амьдардаг. Би Хүмүүнлэгийн Ухааны Их сургуульд банк санхүүгийн мэргэжлээр онц сайн суралцдаг ба цаашид идэвхи санаачлагатайгаар өшөө их суралцахыг маш их хүсэж байна. Өөрийн өсвөр насны гэнэн томоогүй зангаасаа болж нийгмийн аюултай байдлыг алдагдуулж, мөн өөрийн ирээдүйг баллаж, мансууруулах бодис хэрэглэсэндээ маш их харамсаж байна. Би цаашид нийгэмд хэрэгтэй, аав ээждээ тустай хүн болох хүсэл тэмүүлэлтэй учир надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөлж, суралцах боломж олгож өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч Г.Сүхээ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдол гаргаж байна. Үүнд:
Миний үйлчлүүлэгч Н.Б нь хүүхэд насны гэнэн томоогүй сониуч зандаа хөтлөгдөн мансуурах сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэж үзсэн, үйлдсэн хэргээ хэрэг бүртгэлтийн шатнаас эхлээд шүүхийн хэлэлцүүлгийн үед ч гэсэн хүлээн зөвшөөрч мэдүүлгээ тогтвортой өгч байсан. Н.Б нь бусдад өр төлбөр байхгүй бөгөөд үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурор, шүүхэд гаргаж ирсэн ч шүүхээс энэ байдлыг харгалзаж үзэхгүйгээр түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан.
Миний үйлчлүүлэгч Н.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Тэрээр эцэг эхийн хамт амьдардаг, айлын том хүү бөгөөд Хүмүүнлэгийн Ухааны Их сургуульд 2 дугаар дамжааны оюутан, хичээл сурлагадаа сайн, нийгмийн идэвхи сайтай хүүхэд юм.
Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Б-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг миний үйлчлүүлэгчид хэрэглэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.
Прокурор Б.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бодитой дүгнэж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Н.Б нь 19 настай бөгөөд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх боломжтой гэж үзэж байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Н.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Н.Б-ыг 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр ...... дүүргийн 8 дугаар хороо, 1 дүгээр байрны .... тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламж бүхий 1.05 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 365 дугаар шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Энэ талаар гэрч Б.Б-н “...Н.Б нь Баттулгын машин дотор сууж байхдаа нэг эмийг задлан дотроос нь цагаан өнгийн нунтаг зүйлийг хуйлсан мөнгөөр сорж хэрэглэж байгаад надад үлдэгдлийг нь өгсөн...” /хх 1-118-119/, гэрч Д.Б-н “...Н.Б-н гэрийн орцны 4 дүгээр давхарт юм ярьж зогсож байгаад би Н.Б-с “нөгөө эмнээсээ дахиад нэгийг өгчих” гээд нэг ширхэгийг авч задлан хамраараа сорж хэрэглэсэн...” /хх 1-120-121/ гэх мэдүүлгүүд,
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Сүхбаатар дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн Эм, биобэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагчийн “... “А” эм нь Монгол Улсын эмийн бүртгэлээс 2014 онд хасагдсан тул эм хангамжийн байгууллага болон эрүүл мэндийн байгууллагуудад хэрэглэгдэхгүй болно... Шинжилгээнд хамрагдсан эм нь “А” мөн болох нь таних урвалаар тогтоогдлоо...” /хх 1-225-226/ гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн №1, 1.05 гр гэж хаягласан цаасанд боосон ургамал мэт зүйлд дельта 9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн. Дельта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенцийн жагсаалтад багтдаг...” /хх 1-229-230/ гэх 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 1263 дугаартай дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн “Н Б УХ...0212...” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг...” /хх 1-234-235/ гэх 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 1260 дугаартай дүгнэлт,
Н.Б-ын гэрт буюу хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 18-23/, Н.Б-ын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд “...Н.Б нь дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэснийг заасан болохыг тэмдэглэлд тусгав...” /хх 1-н 41/ гэснээр болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Н.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Прокуророос Н.Б-ыг НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламж бүхий 1.05 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэж үзэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх тухайн зүйл, хэсгийн ялын төрөл, хэмжээний дотор буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.
Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нараас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгч Н.Б-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргээс үзэхэд хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх боломжгүй байна.
Иймд шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 365 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.