Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 118/ШШ2019/0005

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа даргалж тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.Сү-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох

2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулах, тэмдэгтийн хураамж төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Сү-

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Алтансолонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Сү- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* овогтой Сү- миний бие 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 69 тоот шүүхийн шийдвэрийн дагуу 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Тамгын газрын даргын Б/09 тоот тушаалаар мал эмнэлэг үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн болох үүрэгт ажилд томилогдсон боловч 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Тамгын газрын даргын Б/10 дугаар тушаалаар ажил албан тушаал бууруулж, өөр ажилд томилон ажиллуулах тухай шийдвэрийг хууль зөрчиж гаргасан. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2018 оны 4 дүгээр 29-ны өдөр гомдол гаргасан юм. Үүний дагуу 5 дугаар сарын 18-ний өдөр төрийн албаны зөвлөл тогтоол гаргасан байдаг. Үүнийг би 6 дугаар сарын 04-ны өдөр хүлээж авсан. Үүнд: Хууль зөрчиж гаргасан шийдвэрээ хүчингүй болгож холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Ц.*******д даалгасан байдаг. Үүний дагуу Ц.*******тай уулзахад ажилд чинь буцааж томилно гэж хэлсэн боловч томилохгүй 14 хоног болсон. Тэгээд би дахиж уулзаад яагаад томилохгүй байгаа юм бэ хугацаа алдаад би хохирч, миний эрх зөрчигдөөд байна. Намайг ажилд томилохгүй гэж байгаа бол надад бичгээр хариугаа өгөөч би дараагийн шатанд хандана гэхэд Засаг даргатай зөвлөөд тэгээд тушаалыг чинь гаргаад өгье гэж хэлээд намайг хуурч мэхэлсэн байсан. Үүнээс хойш Ц.******* даргатай би ажилдаа байгаа хугацаанд нь 7 хоног бүр албан өрөөнд нь уулзаж байсан. Уулзах бүрд ажилд чинь авна дараа хүрээд ир гэж янз бүрийн шалтаг хэлсээр байгаад 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл төрийн албаны зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэхгүй үл тоож 6 сар гаруй хугацаанд миний хууль ёсны эрхийг зөрчиж намайг хохироочихоод чамайг ажилд авч чадахгүй болсон чи тэр шүүхэд хандана уу яана өөрөө мэд гэж хэлсэн. 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасны дагуу ажилд нь авсан гэдэг зүйл нь бүр ор үндэслэлгүй. Төрийн албанд авсан гэдэг тушаал нь огт худлаа тушаал. Үүнийг би сая 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хэргийн материалтай танилцах гэж ирэхдээ олж мэдсэн. Ингэж төрийн ажил албыг хамаагүй өөрийн хүсэл зоригоор, хуурамч эрх зүйн акт гаргаж хэзээ ч болохгүй байх. Үүнийг би яаж нотлож байна гэхээр ажил, албан тушаал хүлээлцсэн баримт нь байх ёстой. Цааш нь энэ асуудлыг шалгуулах хүсэлтэй байгаа. Хуурамч тушаал шийдвэр гаргахдаа хүний нэр барьсан, хуурамч цалин хөлс гаргаж авсан байж магадгүй байгаа. Тэр тушаалыг харахад ажил хүлээлцсэн нягтлан бодогчийн нэрийг Б.******* гэсэн сумд байхгүй хүний нэрийг тавьсан байсан. Тухайн үед тамгын газрын нягтлан бодогчоор н.******* гэдэг эмэгтэй ажиллаж байсан. Иймд үүнтэй санал нэгдэхгүй байна. Ш.******* гэдэг хүн надтай хамт ажиллаж байсан. Миний удирдлага дор хувийн аж ахуй эрхлээд надтай хамт хяналт хийгээд, өөрийн ажлаа хийгээд явж байсан. Хувийн мал эмнэлэгтэй хүн төрийн мал эмнэлгийн тасгийн эрхлэгч хийгээд дээрээс нь хувийн мал аж ахуйн нэгжүүдээ хянаад явах боломж нөхцөл байхгүй. Угаасаа ашиг сонирхлын зөрчилтэй ийм хүн байгаа. Тамгын даргын хувьд хуурамч тушаал шийдвэр гаргадаг, төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг үл хүндэтгэдэг, худлаа ярьсан ийм л хүн байна Иймд Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулж мал эмнэлэг үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичүүлэх, улсын тэмдэгтийн хураамж гаргуулах шаардлагыг гаргаж байна гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Ц.Сү- нь тухайн албан тушаалд тавигдах мэргэжил нь тохирохгүй агрономч мэргэжилтэй хүн юм. Мөн энэ албан тушаалд хууль журмын дагуу мэргэжлийн газраас улсын байцаагчийн эрх олгож ажиллуулдаг. Ц.Сү- нь энэ албан тушаалд ажиллахдаа байцаагчийн эрх авах шаардлага хангахгүй, байцаагчийн эрхгүй сумын малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал алдагдах нөхцлийг бүрдүүлсэн. Энэ тухай Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 07/24 тоотоор ирүүлсэн байдаг. Манай сум төдийгүй улс орны маань эдийн засгийн гол тулгуур нь мал аж ахуй. Иймд Малын эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн нь мэргэжлийн биш малын өвчин шинж тэмдэг мэдэхгүй хүн ажиллуулах нь нэн ноцтой асуудал юм. Энэ албан тушаалд малын их эмч хүн ажиллуулах чиглэл журмыг ХХААХҮЯ-ны 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 04/1425 дугаар зөвлөмж, чиглэл өгөх тухай албан бичигт тодорхой заасан байдаг. Улмаар Завхан аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 34 тоот удирамж өгөх тухай албан бичгээр тухайн албан тушаалд мэргэжлийн хүн авч ажиллуулах талаар тодорхой заавар өгсөн байдаг. Энэ тухай мэргэжилтэн Ц.Сү-гийн мэргэжил таарахгүй учир мал эмнлэг үржлийн тасгийн газар тариалан хариуцсан мэргэжилтний чөлөөний оронд ажиллах санал тавихад тасгийн даргаас өөр ажил хийхгүй гэсэн. Хууль журам, дүрэм чиглэлийн дагуу Сү-г албан тушаал бууруулж өөр ажилд томилсон боловч хүлээн зөвшөөрөхгүй. Төрийн албаны салбар зөвлөлд хандсан. Төрийн албаны салбар зөвлөл буруу шийдвэр гаргасан байна буцааж ажиллуул гэсний дагуу 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар ажилд нь эгүүлж томилсон боловч ажлаа шалтгаангүйгээр таслан ирээгүй учир 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ц.Сү- нь ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж ажилдаа буцаан томилуулах гэсэн нэхэмжлэл шүүхэд гаргасан байгааг үнэхээр гайхаж байна. Ц.Сү-гийн энэ ажилгүй байсан хугацааны цалинг олгох ажилд нь эгүүлж томилох тухай шүүхийн шийдвэр гарвал энэ хугацаанд Ц.Сү- нь төрийн албан хаагч байсан гэсэн үг юм. Төрийн албаны тухай хуулинд заасны дагуу намын үйл ажиллагааг дэмжих, намын гишүүн байхыг хориглосон байдаг боловч сумын Монгол ардын намын хорооны шинэ жилд оролцож явж байгаа нь нэхэмжлэлийнхээ үндсэн агуулгыг зөрчиж байна. Тухайн албан тушаалд одоо ажиллаж байгаа Ш.******* нь ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан холбогдох журмын дагуу томилогдож ажиллаж байгаа гэжээ.

Гуравдагч этгээд Ш.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...2017 онд Засаг даргын Тамгын газрын МЭҮТ-ийн дарга Д.******* нь өндөр насны тэтгэвэрт гарч, мэргэжлийн малын эмч авна гэсний дагуу анкет, өргөдөл, хүсэлтээ өгч 2017 оны 09 сарын 01-нд уг ажил албан тушаалд орж ажилласан. 2017 оны 11 сарын 15-нд төрийн албаны шалгалт өгч тэнцээд, 2017 оны 12 сарын 03-нд тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагч болсон. Иймд энэ ажлын байранд анх орохдоо хууль журмын дагуу орж ажиллаж байгаа гэж бодож байна. ...Энэ ажлыг хийж байх хугацаандаа мэргэжлийн хүн шиг сэтгэл гаргаж хийсэн нэг ч зүйл байхгүй, харин ч шүүхийн шийдвэр гээд их мөнгө авлаа даа. Хэрэв энэ ажлыг малын эмч мэргэжилтэй, мэргэжилдээ хайртай хүн хийж байсан бол дор хаяж халдварт, гоц халдварт өвчний тандалт, судалгаа, зураглал, журнал, эпидемилогийн судалгаа огт хийгээгүй бусад мал эмнэлэгт хөтлөгддөг бүртгэл судалгаа юу ч байхгүй байсан ба мал эмнэлэгийн салбарын ажлыг жинхэнэ утгаар нь алдагдуулсан байсан. Харин Д.******* эмчийн ажиллах хугацааны тайлан судалгаа бий. Уг ажлыг авснаас хойш Ц.Сү- нь олон удаа ажлын байранд орж ирж дарамт учруулдаг байсан. Энэ ажил албыг хэн дуртай мэргэжлийн бус хүн хийгээд байдаггүйг ойлгох байх. Сүүлийн жилүүдэд улс дамнан гардаг гоц халдварт өвчний гаралт тархалт ихсэж байгаа энэ үед хууль шүүхийн байгууллагаар далайлгаж орж гараад байх нь тийм ч хуульд нийцсэн асуудал биш болов уу. ХХААЯ-ны 2017 оны 12 сарын 08-ны өдрийн Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль гарч 2019 оны 01 сарын 01-нээс дагаж мөрдөөд эхэлсэн энэ үед аймаг, сумын мал эмнэлэгийн газар, тасагт мэргэжлийн бакалавр зэрэгтэй малын эмч ажиллуулна гэсэн хуулийн заалт хэрэгжин уг хэрэгжилтийг тухайн шатны Засаг дарга дагаж мөрдөнө гэсэн журмын дагуу МЭҮТ-ийн дарга, хүнсний аюулгүй байдал хариуцсан байцаагч эмчээр ажиллаж байна. Энэ ажлын байранд орж ажилласан 2 жилийн хугацаанд шат дараалсан олон ажлыг 92%-тай хийсэн дүнтэй төрийн ажлыг тасалдахгүйгээр мэргэжлийн хүний сэтгэлээр хийж явна. Иймд та бүхнээс хүсэхэд хуулийн өмнө хүн бүхэн тэгш байхсан нэг талыг барьж ажиллахгүй байхыг хүсье гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.Сү- нь Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад тус Тамгын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар албан тушаал буурч, ******* сумын Засаг даргын Тамгын газрын мал эмнэлэг үржлийн тасагт хөдөө аж ахуйн гэрээт ажилтнаар томилогджээ. Нэхэмжлэгч албан тушаалыг үндэслэлгүйгээр бууруулсан хэмээн маргаан үүсгэж, дээрх Б/10 дугаар тушаалаар өөрийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж, уг захиргааны актыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагууд бүхий нэхэмжлэлийг гаргасан байна. Нэхэмжлэгч нь дээрх Б/10 дугаар тушаалын талаар төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасны дагуу 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 28 дугаар дүгнэлтээр[1] ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын Б/10 дугаар тушаалыг илт хууль бус шийдвэр гэж дүгнэжээ. Нэхэмжлэгч Ц.Сү- нь уг 28 дугаар дүгнэлтийг биелүүлж ажилд эгүүлэн томилохыг хариуцагч ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргад удаа дараа хүсэлт тавихад Засаг даргатай зөвлөөд тушаалыг чинь гаргаж өгнө, ажилд авна дараа хүрээд ир гэж намайг удаа дараа хууран мэхэлсэн гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагчаас уг тайлбарыг үгүйсгээгүй, энэ талаар маргаагүй байх тул нэхэмжлэгчид ажилд авна гэсэн итгэлийг төрүүлж байсан, түүний шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байна гэж үзэж Ц.Сү-гийн нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх хэрэгт хуульд заасны дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1. Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Албан тушаал бууруулж, өөр ажилд томилон ажиллуулах тухай Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Мал эмнэлэг үржлийн тасаг нь анх 2010 онд байгуулагдсан байх ба Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2010 оны 10 сарын 15-ны өдрийн 208 дугаар албан бичгээс[2] харахад малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил, бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, бэлчээр, газар тариалан, хоршоо, экстейшн, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн 3 орон тоотой ажиллахаар, урьд ажиллаж ирсэн мэргэжилтнүүдээс Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, тасгийн даргаар малын эмч Д.*******ыг томилохоор шийдвэрлэж байсан байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Яамны 2017 оны 05 сарын 05-ны өдрийн 04/1425 дугаар албан бичиг[3], Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 25 дугаар албан бичиг[4], мал эмнэлэг, үржлийн тасгийг байгуулах тухай Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2010 оны 10 сарын 15-ны өдрийн 208 дугаар албан бичгүүдээр сумын мал эмнэлэг, үржлийн тасагт ажиллаж буй мэргэжилтнүүдийг дээд боловсролын бакалавр, түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлийн өндөр чадвартай малын эмчийг ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. Ц.Сү- нь ******* сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/20 дугаар захирамжаар[5] ******* сумын Засаг даргын Тамгын газарт мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил, бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, тасгийн даргаар томилогдон ажиллаж байгаад ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар[6] тухайн албан тушаалаасаа халагдсан байна. Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаар шийдвэрээр[7] түүнийг ******* сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргаар эгүүлэн тогтоосны дагуу ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар Ц.Сү-г сумын Засаг даргын Тамгын газрын мал эмнэлэг үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон байна.

******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар[8] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.2 дахь хэсгүүдийг үндэслэн мал эмнэлэг үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Ц.Сү-г албан тушаал бууруулж ******* сумын Засаг даргын Тамгын газрын мал эмнэлэг үржлийн тасагт хөдөө аж ахуйн гэрээт ажилтнаар томилсон, хариуцагч уг тушаалын үндэслэлээ ...малын эмч мэргэжилтэй байх шаардлагыг хангаагүй гэж, нэхэмжлэгч ...эзэмшсэн мэргэжил боловсрол, ажлын туршлагаар тавигдах шаардлагыг хангаж байгаа гэж маргажээ.

Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг нь төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах зохицуулалт бөгөөд уг зүйлийн 23.1.2-д заасан үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон гэдгийг мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ, 19.2-т Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, , албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ гэсэн журмын дагуу хэрэгжүүлэх ёстой, гэтэл хариуцагч нэхэмжлэгчийг албан тушаал бууруулахдаа энэхүү хуулиар тогтоосон журмыг баримтлаагүй нь хууль бус байна.

Нэхэмжлэгч Ц.Сү- нь Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил, бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, тасгийн даргаар томилогдох үед тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага болох агрономч мэргэжилтэй[9] байх шалгуурыг хангаж тухайн албан тушаалд томилогдон ажиллаж байжээ. Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр түүнийг мал эмнэлэг, үржлийн тасгийн даргаар эгүүлэн тогтоосон, хариуцагч түүнийг ажилд томилохдоо 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр томилсон байна. Нэхэмжлэгч энэ Б/06 дугаар тушаалд гомдол гаргаагүй бөгөөд энэ албан тушаалаас чөлөөлсөн Б/07 дугаар тушаалд гомдол гаргасны дагуу Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 69 дүгээр шийдвэрээр[10] Ц.Сү-г ******* сумын Засаг даргын Тамгын газрын мал эмнэлэг үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоожээ.

Хариуцагч Ц.Сү-г дээрх малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, тасгийн даргаар томилохдоо түүнтэй үр дүнгийн гэрээ байгуулаагүй, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлж дүгнээгүй, ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж батлаагүй, тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, мэргэжил шаардлага хангаж байгаа эсэхийг шалгаж дүгнээгүй мөртлөө түүнийг маргаан бүхий албан тушаалаас бууруулж томилсон нь хуульд нийцээгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл хариуцагч нь хууль, журмаар тогтоосон төрийн захиргааны албан хаагчийг төрийн албанаас бууруулах зохицуулалтыг зөрчиж, нэхэмжлэгч Ц.Сү-г ******* сумын малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргын ажил, албан тушаалаас үндэслэлгүйгээр бууруулсан байна.

Иймд төрийн албаны тухай хуулиар тогтоосон төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа-г зөрчсөн бөгөөд маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул ******* сумын засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/10 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгон, түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хариуцагчаас Төрийн албаны салбар зөвлөл буруу шийдвэр гаргасан байна буцааж ажиллуул гэсний дагуу 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар ажилд нь эгүүлж томилсон боловч ажлаа шалтгаангүйгээр таслан ирээгүй учир 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/18 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх тайлбарыг, дээрх Б/17[11], Б/18[12] дугаар тушаалууд, цагийн бүртгэлийн[13] хамт шүүхэд ирүүлсэн байх боловч нэхэмжлэгчээс уг тушаалуудыг надад танилцуулаагүй, надад мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний ажлыг хүлээлгэж өгөөгүй, дээрх тушаалуудыг хуурамчаар гаргаж өгсөн байна гэжээ. Ц.Сү-г дээрх маргаан бүхий албан тушаалд ажиллуулсан талаар, уг ажил үүргийг хүлээлцсэн талаар ямар нэгэн баримтгүй, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул Ц.Сү-г дээрх албан тушаалд томилж, ажиллуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/17, 06 дугаар сарын 29-ны өдрийн Б/18 дугаар тушаалуудыг гаргахаас өмнө сонсох ажиллагааг хийгээгүй, уг тушаалууд гарсан талаар нэхэмжлэгч Ц.Сү-д мэдэгдээгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 43 дугаар зүйлүүдэд заасан зохицуулалтыг зөрчжээ. Нэхэмжлэгч Ц.Сү- нь дээрх Б/17, Б/18 дугаар тушаалуудын талаар ямар нэгэн шаардлага гаргаагүй тул уг тушаалуудын талаар шүүх шийдвэр гаргах боломжгүй байна.

Хоёр. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн бичүүлэх шаардлагын тухайд:

Маргаан бүхий Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/10 дугаар тушаал нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1д албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу Ц.Сү-д ажилгүй байсан хугацааны олговорыг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх 196 хоногоор тооцож олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ц.Сү- нь ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар мал эмнэлэг үржлийн тасгийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн байх боловч мөн өдрөөс тус сумын тамгын газарт хөдөө аж ахуйн гэрээт ажилтнаар ажиллаж сарын 280000 төгрөгийн цалин авч байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, цалингийн тодорхойлолтоор[14] тогтоогдож байна. Иймд 2018 оны 04 дүгээр сарын 23-наас 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүүтэй тэнцэх олговорыг түүнд олгох үндэслэлтэй.

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 сарын 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баримтлан Ц.Сү-гийн нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилт[15], цалингийн тодорхойлолтыг[16] үндэслэн түүний авч байсан сүүлийн 3 сарын буюу 2016 оны 08, 09, 10 дугаар саруудын дундаж цалин хөлс /542685,65 төгрөг/-нөөс нэг хоногийн хөлс / 24667,5 төгрөг/-ийг тооцон, ажилгүй байсан 196 хоногийг дээрх 1 хоногийн хөлсөөр үржүүлэн тооцоход Ц.Сү-д 4834830 төгрөгийн олговор олгогдохоор байна.

Дээрх хугацаанд Ц.Сү- нь хөдөө аж ахуйн гэрээт ажилтнаар томилогдож, 2018 оны 04 дүгээр сарын 23-наас 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл сарын 280000 төгрөгийн цалинтай ажилласан байх тул энэ хугацаанд 505555 төгрөгийн цалин хөлс олгогдсон гэж үзэж, түүнд олгогдох ёстой байсан 962032 төгрөгнөөс 505555 төгрөгийг хасч цалин хөлсний зөрүү 456477 төгрөгийг дээрх 4834830 төгрөг дээр нэмж, нийт 5291307 төгрөгийн олговорыг олгох үндэслэлтэй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-ийн 1-д зааснаар ажилтнууд нийгмийн даатгалд албан журмаар даатгуулж, 15 дугаар зүйлийн 1-д заасан хувь хэмжээгээр шимтгэл төлөхөөр байх ба хуулийн 16 дугаар зүйлийн 1-д зааснаар ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэхээр тус тус зохицуулсан байна.

Иймд Ц.Сү-гийн дээрх олговроос ажилгүй байсан хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу тооцож, зохих бичилт хийж олгохыг хариуцагч ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгах нь зүйтэй.

Нэхэмжлэгч шүүхэд хандахад гарсан зардал гаргуулах шаардлагаасаа татгалзсан тул түүний татгалзлыг баталж шийдвэрлэх үндэстэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 23 дугаар зүйлийн 23.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Албан тушаал бууруулж, өөр ажилд томилон ажиллуулах тухай Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Сү-г ******* сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Сү-гийн ажилгүй байсан болон бага цалинтай ажил эрхэлж байсан хугацааны цалин хөлсний зөрүү болох 5291307 төгрөгнөөс нийгмийн даатгалын шимтгэлийг холбогдох хуульд заасан журмаар тооцон, зохих бичилтийг хийж олгохыг хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Сү-гийн шүүхэд хандахад гарсан зардал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Сү-д олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА

 

 


[1] Хавтаст хэргийн 8-р хуудас

[2] Хавтаст хэргийн 79-р хуудас

[3] Хавтаст хэргийн 24-р хуудас

[4] Хавтаст хэргийн 23-р хуудас

[5] Хавтаст хэргийн 77-р хуудас

[6] Хавтаст хэргийн 78-р хуудас

[7] Хавтаст хэргийн 81-102-р хуудас

[8] Хавтаст хэргийн 4-р хуудас

[9] Хавтаст хэргийн 57-58-р хуудас

[10] Хавтаст хэргийн 103-113-р хуудас

[11] Хавтаст хэргийн 31-р хуудас

[12] Хавтаст хэргийн 32-р хуудас

[13] Хавтаст хэргийн 29, 30-р хуудас

[14] Хавтаст хэргийн 60-р хуудас

[15] Хавтаст хэргийн 9,10-р хуудас

[16] Хавтаст хэргийн 61-р хуудас