Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 00134

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              Б.Ганхуягийн нэхэмжлэлтэй

                                 иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2017/00502 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Ганхуягийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Нарангэрэлд холбогдох,

“Зээлийн төлбөр 6.100.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч С.Нарангэрэлийн гаргасан давж заалдсан гомдлоор 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ганхуяг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагч С.Нарангэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Ганхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Ганхуяг нь С.Нарангэрэлтэй 2015 онд танилцсан ба тухайн үед С.Нарангэрэл нь Япон улс руу Цагаан лянхуа намрын наадамд оролцохоор явах болсон тул 4,500,000 төгрөг хэрэгтэй болоод байгаа тул олж өгөөч явж ирээд буцааж өгнө  хэмээн гуйсан юм. Би түүний гуйлтын дагуу Орхон аймаг Баян-Өндөр сум 22-р баг Яргуйт овоот 6-р гудамж 35 тоот хаягт байрлах 800 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 4,500,000 төгрөгөөр зарж уг мөнгийг Нарангэрэлд өгсөн юм. Мөн 2016 оны 03 сард ээжийн бие муу байгаа тул Улаанбаатар хотод хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай болоод байна.Эмчилгээний зардалд 1,600,000 төгрөг хэрэгтэй тул хамтран банкнаас зээл авч өгөөч би буцааж төлнө гэсэн.Түүний гуйсны дагуу 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Төрийн банкнаас С. Нарангэрэлтэй хамтран цалингаа барьцаалан 2,000,000 төгрөг зээлж авсан. Үүнээс түүнд 1,600,000 төгрөгийг өгсөн. Гэтэл надаас авсан мөнгөө өнөөдрийг хүртэл надад буцааж өгөөгүй байгаа бөгөөд удаа дараа өгөхийг шаардсан боловч хашаа байшингаа зараад мөнгийг чинь өгнө гэдэг ч өдийг хүртэл надад өгөөгүй байна. Иймд С.Нарангэрэлээс 6,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Ганхуяг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 4,530,000 төгрөгний шаардлагаа дэмжиж байна.Ээжийнх нь эмчилгээнд зориулж өгсөн мөнгөө бууруулж 1 сая төгрөг нэхэмжилж байна. Нарангэрэлтэй хамт амьдарч байхдаа 2015 оны 10 сард Япон явахад нь мөнгө хэрэгтэй болоод би 9 сард хашаа газраа 3,500,000 төгрөгөөр зараад, дараа нь байшингаа 400 000 төгрөгөөр зараад мөнгийг Нарангэрэлд өгсөн. Мөнгийг Япон явж ирээд өгнө, болохгүй бол хашаа байшингаа зараад ч хамаагүй өгнө гэж байсан. Тэгээд Япон яваад ирсэн. Дараа нь Нарангэрэлийн ээжийнх нь бие муудаад хагалгаанд орох болоод мөнгө хэрэгтэй боллоо гээд би 2 сая төгрөгний цалингийн зээл нэмж авсан. Зээлийн баримт бүрдүүлж байхад хамтран зээлдэгчийн баримтад Нарангэрэлийн дүү өмнөөс нь гарын үсэг зураад яг зээл авах болоход Нарангэрэл өөрөө хотоос ирж гэрээнд гарын үсэг зураад 2 сая төгрөгний 1 600 000 төгрөгийг аваад хот явсан. Нарангэрэл худлаа ярьж байна. Мөнгийг тоолж бэлэн авсан. Өөрөө ажилгүй байсан. Цагаанлянхуад Япон явсан гэжээ.

Хариуцагч С.Нарангэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Ганхуяг нь надад 6,100,000 төгрөг өгсөн түүнийгээ гаргуулахаар шаардлага гаргасан байх бөгөөд үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би энэ хүнээс ийм их хэмжээний мөнгийг гар дээрээ хүлээн авч байгаагүй ба Япон улс руу бясалгалд явахад надад 4,500,000 төгрөг зарцуулаагүй, би гардаж аваагүй юм. Мөн надад 1,600,000 төгрөгийг  өгсөн мэтээр бичсэн байна. Би энэ мөнгөнүүдийг хэзээ авснаа санахгүй байна. Би сургуулийн насны 2 хүүхэдтэй ба тэд маань Б.Ганхуягийг ааваа гээд дасчихсан байхад өөр хүүхэнтэй болоод намайг хүүхдүүдтэй маань хаяаад явсанд гомдолтой байдаг. Б.Ганхуяг надад ийм их хэмжээний мөнгө өгсөн бол надаар гарын үсэг зуруулж баримт үйлдүүлж авах байлгүй дээ. Б.Ганхуяг хамтран амьдрах хугацаандаа надад болон хүүхдүүдэд маань цалингаа зарцуулдаггүй байсан ба цалингаа өөртөө л хэрэглэдэг байсан юм. Цалингий нь гар дээрээ авч хоол хүнс болон хэрэглээндээ хэрэглэж үзээгүй. Иймд Б.Ганхуягийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ба энэ хүн надаас мөнгө нэхэмжлэх эрхгүй гэж бодож байна нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ”гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2017/00502 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан С.Нарангэрэлээс 4,030,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ганхуягт олгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 2,070,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 112,550 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 48,070 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Нарангэрэл давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх нь 1 талыг баримталж хууль зүйн үндэслэлгүй хэргийг шийдвэрлэлээ гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаас утаснаас СД-нд буулгасан бичлэгийг шинжлэн судлахаар шүүх хурал дээр гаргаж өгсөн бөгөөд энэ СД-тэй хариуцагч талыг танилцах боломж олгоогүй ба мөн хариу тайлбар гаргуулахгүй анхан шатны шүүх нь шууд нотлох баримтаар судалж 1 талыг баримталсан нь ИХШХШТХ-ийн 25.1.1-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.

ИХШХШТХ-ийн 38.5-д зааснаар нотлох баримт гаргах цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн СД-г нотлох баримтын хүрээнд үнэлж шийдвэрийн үндэслэл болгосонд гомдолтой байна.

Би Ганхуягийг чи өөрөө 3 саяыг авсан, 3 саяаасаа чи юм авсан шүү дээ дараа нь 500.000 төгрөгийг сүүлд чи авсан талаар маргалдсан бичлэг байсан ба үүнийг миний эсрэг болгож бичиж хуулбарласан байна. Мөн шүүх хуралд гэрч гэх З.Батхуяг хашааг авсан хүн хэлэхдээ “Ганхуягаас 3 саяаар хашааг худалдаж авсан” гэдгийг л нотолж байсан ба харин намайг хамт байсан гэдгээр Япон явахад намайг 3 сая төгрөгийг авч явсан гэж нотлоогүй юм.

2016.03.25-ны өдөр Төрийн банкнаас 2 сая төгрөгийг цалингийн зээл авахад би хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан нь үнэн. Гэхдээ ээжийнхээ эмчилгээнд энэ мөнгийг зарцуулсан гэдгийг нотлогдож байна гэж 1 талыг баримталсан нь үндэслэлгүй юм.

Шүүх хуралд миний төрсөн эгч гэрч С.Нармандах нь хэлэхдээ харин С.Ганхуягаас 1 ч төгрөг авч байгаагүй, бид олуулаа тул бусдаас мөнгө авах шаардлагагүй гэдгийг хэлж тайлбарласан байхад шүүх гэрчийн мэдүүлгийг үнлэээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

                                      ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Ганхуяг нь хариуцагч С.Нарангэрэлээс 6.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 4.500.000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

Зохигчид 2015 оны 07 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэл хамтран амьдарсан байх ба энэ хугацаанд нэхэмжлэгч Б.Ганхуяг нь 2015 оны 09 дүгээр сарын 28-нд өөрийн хашаа, газраа 3.500.000 төгрөгөөр бусдад худалдсан, хариуцагч С.Нарангэрэл нь 2015 оны 10 дугаар сард Япон улс руу ажлаар явсан, нэхэмжлэгч Б.Ганхуяг нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Төрийн банкнаас цалингийн нэмэлт зээлийн гэрээ хийж, хадам ээж Соонойгийн эмчилгээний зардалд зориулахаар гэж 2.000.000 төгрөг авсан хариуцагч С.Нарангэрэл нь зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр орсон, хадам ээж Сооной нь тухайн үед Улаанбаатар хотод эмнэлэгт эмчлүүлж байсан зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар /зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, банкны зээлийн гэрээ зэрэг/ тогтоогджээ.

Хариуцагч С.Нарангэрэл нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан ба өөрийн нэхэмжлэлийн шаардлагын талаар татгалзал тайлбараа нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Анхан шатны шүүх зохигчид 2015 оны 09 дүгээр сарын 28-нд Б.Ганхуягийн өмчлөлийн газар, хашааг бусдад худалдаад 3.000.000 төгрөг авсны дараа хариуцагч С.Нарангэрэл 10 дугаар сард Япон улсад аялалд явахдаа өөртөө шилжүүлэн авсан болох нь тогтоогдсон, хариуцагч Япон явахдаа компанийн зардлаар хөнгөлөлттэй явсан гэх тайлбараа нотлох баримтаар нотлоогүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Нэхэмжлэгч Б.Ганхуяг нь хашаа, газар зарсан 3.000.000 төгрөгөө хариуцагч С.Нарангэрэлд өгч Япон улсад явуулсан гэх үйл баримтын талаар хангалттай нотолж чадаагүй, хариуцагч С.Нарангэрэл нь 3.000.000 төгрөг цалингийн зээл 2.000.000 төгрөгийг аваагүй гэж маргаж буй боловч нотлох баримтаар нотолж чадаагүй зэрэг байдлыг харгалзан 3.000.000 төгрөгийг зохигчдод 50, 50 хувиар хариуцуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Ганхуяг нь анхан шатны шүүх хуралдаан дээр цалингийн нэмэлт зээлээр авсан 2.000.000 төгрөгийн 1.000.000 төгрөгийг хариуцагч С.Нарангэрэлээс гаргуулахаар шаардлагаа бууруулсан болно.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-ийг баримталсан нь үндэслэлгүй тул үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлагын зохицуулалтыг энэ маргааны хувьд хэрэглэх шаардлагагүй гэж үзэж хасч өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн болно.

Зохигчдын эвлэрүүлэн зуучлалд хандахад гаргасан 30.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2017/00502 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар С.Нарангэрэлээс 2.530.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ганхуягт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрийн 1, 2 дугаар заалтыг нэгтгэж 3,4 дугаар заалтыг 2,3 дугаар заалт гэж,

Шийдвэрийн 3 дугаар заалтыг “...хариуцагчаас 48.070 төгрөг” гэснийг “...55.430 төгрөг...” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч С.Нарангэрэлийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79.500 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ