Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 134/ШШ2017/00103

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг  шүүгч П.Цогзолмаа даргалж,  шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1959 онд төрсөн, эрэгтэй, 58 настай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Рашааны гудамжийн 27 тоотод оршин суух, ЕЙ59081019 регистрийн дугаартай, Мөр овогт Арвинбуянгийн Отгонбаатарын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Байгальсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Хүсэлт гаргагч Т.Отгонбаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Арвинбуян овогтой Отгонбаатар миний бие 1959 онд төрсөн. 1980 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн тушаалаар Чойр тэжээлийн конторт ачигчаар ажиллаж байгаад 1984 оны 02 дугаар сарын 15-нд өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Нийт 3 жил 4 сар ажилласан боловч тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэрт тушаалыг засвартай бичиж, архивын бичиг баримт шатсан шалтгаанаар орсон, гарсан тушаал олдохгүй байна.

Иймд, 1980 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Байгальсайхан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний аав А.Отгонбаатар нь Улаанбааатар Төмөр замын орон сууцны 4 дүгээр ангид 1986 оны 02 дугаар сард хуурай хог цэвэрлэгчийн ажилд томилогдон 2003 оныг дуустал тасралтгүй 17 жил ажилласан. Тухайн үед Төмөр замын байгууллагын орон сууцны байрууд хувьчлагдаагүй байхад нэгдсэн цэвэр бохир усны хог, бохирыг ачиж, цэвэрлэж, ариутгадаг байсан. Миний аав хүнд нөхцлөөр өндөр насны тэтгэвэрт гарах болзлыг хангасан боловч ажлаас гарсан тушаал нь ариутгагч гэх нэршлээр бичигдсэн тул дээрхи нөхцлөөр тэтгэвэрт гарах боломжгүй байна. Учир нь, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтад ариутгагч гэх нэршил байхгүй. Харин хог ачигч гэсэн нэршлээр байгаа тул ариутгагч гэх нэршлээр ажиллаж байх хугацаандаа хог ачигчийн ажлыг хийж байсан тул хог ачигчаар ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Байгальсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний аав А.Отгонбаатар нь 1980 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тухайн үеийн Тэжээлийн конторт ачигчаар ажилд орж ажиллаж байсан. Түүнийг нь тухайн үед хамт ажиллаж байсан Ц.Чулуунбат, А.Цэвэлсүрэн нар нотолж байгаа. Энэ талаар хөдөлмөрийн дэвтэр дээр нь нөхөн бичилт хийсэн, нөхөн тушаал гаргасан. Уг тушаал дээр он нь засвартай байгаа учир нөхөн тооцох боломжгүй гэж Нийгмийн даатгалын газраас хэлсэн. Энэ хугацаанд ажиллаж байсныг нь хамт ажиллаж байсан хүмүүс нь бүрэн нотолж байгаа. Тухайн үеийн архивын лавлагаа түүхэд 1982, 1983 онд ажиллаж байсныг нь нотлох “баярын өдөр хариуцлагатай дежурт гарга” гэсэн тушаалыг олж хэргийн материалд хавсаргасан. 1984 оны 02 дугаар сарын 16-наас 2003 оныг дуустал Барилга, орон сууцны 4 дүгээр ангид ариутгагч, хог ачигч хийж байсан. Түүнийг нь би яагаад сайн мэдэж байна вэ гэхээр манай гэр төмөр замд байсан. Манай аав тэр хавийг цэвэрлэдэг байсан. Бид тэр хавиар явдаг байсан тул яг юу хийдэг байсныг нь мэдэж байна. Цалингийн цэстэй нь танилцахад хог ариутгагч гэсэн тушаал бичсэн байсан. Хог ачигч хийж байсан нь үүгээр бас нотлогдох байх гэж бодож байна. Тухайн үед Монгол, Оросын хувь нийлүүлсэн Төмөр замын хамтын гэрээ гэж байсан. Түүн дээр хөдөлмөрийн гэрээгээр 2004 оны 77 тоот тушаалын хүнд ажил мэргэжлийн жагсаалтанд орсон хүмүүст 1 цаг тутамд 23 төгрөгний нэмэлт цалин олгодог байсан. Тэр нь цалингийн цэс дээрээс нь харагдаж байгаа. Мөн тухайн үед хэсгийн дарга байсан Г.Дэмбэрэл, мастер байсан З.Нарантуяа нар ариутгагч, хог ачигч хийж байсныг нь нотолж байгаа. Анх ажилд орохдоо хуурай хог цэвэрлэгч гэсэн тушаалтай ажилд орсон юм. Манай аав түүнээс хойш 2003 оныг дуустал тасралтгүй ажиллаж байхдаа албан тушаал өөрчлөөгүй, хог ачигч цэвэрлэгчээ хийж байсан боловч ямар нэгэн тушаал гараагүй байхад ариутгагч гэж нэршлийг нь өөрчилсөн байдаг.

Иймд, 1986 оны 02 дугаар сараас 2003 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд хог ачигчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь: 

А.Отгонбаатар нь 1980 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 15-ныг дуустал хугацаанд Чойр тэжээлийн конторт ачигч, УБТЗ-ын Орон сууцны 4-р ангид дээвэрчнээр, 1986 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2003 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд УБТЗ-ын Баганхангай барилга орон сууцны 4-р ангид хог ачигчаар тус тус ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна. 

Хүсэлт гаргагч А.Отгонбаатар нь 1980 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 15-ныг дуустал хугацаанд Чойр тэжээлийн конторт ачигчаар, УБТЗ-ын Орон сууцны 4-р ангид дээвэрчнээр, ажиллаж байсан болох нь А.Отгонбаатарт 1980 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Аюулаас хамгаалах тэжээлийн Улсын фондын Чойр дахь конторын даргын 1981 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Октябрийн Хувьсгалын 64 жилийн ойн баярын өдөр ажиллах, хариуцлагатай дежур, галын эргүүл, нярав, ачигч нарыг томилох тухай” 1/44 дүгээр тушаал, Аюулаас хамгаалах тэжээлийн Улсын фондын Чойр дахь конторын даргын 1981 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Баярын өдрүүдэд ажиллах хариуцлагатай дежур, галын эргүүл, нярав, ачигч нарыг томилох тухай” 1/63 дугаар тушаал, тушаалын хавсралт, УБТЗ-ын Багахангай дахь орон сууцны 4-р ангийн даргын 1984 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Ажилд томилох, шилжүүлэх тухай” 044 дүгээр тушаал, УБТЗ-ын Багахангай дахь орон сууцны 4 дүгээр ангийн даргын 1984 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “Мэргэжлийн зэрэг тогтоох тухай” Б/124 дугаар тушаал, УБТЗ-ын Багахангай барилга орон сууцны 4-р ангийн даргын 1986 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх ба ажил солих тухай” 21 дүгээр тушаал, цалингийн тодорхойлолт, гэрч Ц.Чулуунбат, А.Цэвэлсүрэн нарын мэдүүлэг зэргээр,

 

Мөн 1986 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2003 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд УБТЗ-ын Баганхангай барилга орон сууцны 4-р ангид хог ачигчаар ажиллаж байсан болох нь УБТЗ-ын Багахангай барилга орон сууцны 4-р ангийн даргын 1986 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх ба ажил солих тухай” 21 дүгээр тушаал, УБТЗ-ын Багахангай барилга орон сууцны 4-р ангийн даргын 1986 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 164 дүгээр тушаал, УБТЗ-ын Багахангай дахь орон сууцны 4-р ангийн даргын 1987 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох шилжүүлэх тухай” 47 дугаар тушаал, УБТЗ-ын Багахангай дахь Орон сууцны 4-р ангийн даргын 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” Б-84 дүгээр тушаал, УБТЗ-ын Багахангай дахь орон сууцны 4-р ангийн даргын 1993 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” Б-64 дүгээр тушаал, тушаалын хавсралт, УБТЗ-ын барилга орон сууцны 2-р ангийн даргын 1996 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Шилжиж ирсэн ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулах тухай” 250 дугаар тушаал, тушаалын хавсралт, УБТЗ-ын Багахангай дахь Орон сууцны 2-р ангийн даргын 2003 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” 356 дугаар тушаал, УБТЗ-ын Барилга ашиглалт, үйлчилгээний 2-р  ангийн даргын 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 88/804 дугаар албан бичиг, УБТЗ-ын Барилга ашиглалт, үйлчилгээний 2-р ангийн 2017 онд мөрдөх “Орон тооны 7-р хуудас”, гэрч Г.Дэмбэрэл, З.Нарантуяагийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна. 

Иймд, шүүхээс хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон, нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлийн 134.1-т заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Мөр овогт Арвинбуянгийн Отгонбаатарыг 1980 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Чойр тэжээлийн конторт ачигч, УБТЗ-ын Орон сууцны 4-р ангид дээвэрчнээр,

1986 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2003 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд УБТЗ-ын Баганхангай барилга орон сууцны 4-р ангид  хог ачигчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч А.Отгонбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   П.ЦОГЗОЛМАА