Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/165

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Б.Бат-Оргил

Нарийн бичгийн дарга: Х.Золцэцэг,

Шүүгдэгч: О.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000160 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* ургийн овогтой *******ын *******, регистрийн дугаар:*******-тай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.С нь согтуурсан үедээ 2021 оны 03 дугаар сарын 21-ний Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 7-18-1600 тоотод О.Бгийн толгойн тус газарт хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь баруун чихэнд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогЦджээ. / яллах дүгнэлтыэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч О.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2021 оны 03 дугаар сарын 21-ны өдөр хөх толгойд одоо санахгүй байна нэг айлд архи уугаад их согтсон байсан. Тэгээд Мынд очсон тэгээд Мынд яваад орох үед Б Мын гэрт газраар нь хувцастайгаа хэвтэж байсан. Тэгэхээр нь би Бг тэтгэврийн хөгшингийн хажууд юу хийж байгаа гээд бос гары гээд татаж чангаасан тэгсэн чинь М намайг гар зайл цагдаа дуудлаа шүү гээд хөөсөн тэгэхээр нь би Бг хэвтэж байх үед нь толгой хэсэг рүү 2-3 удаа цохисон байхаа би тэгэхдээ хэд цохисон гэдгээ сайн санахгүй тэгээд цагдаа нар ирээд Б бид хоёрыг цагдаа дээр авч ирсэн...... гэх мэдүүлэг /хх-ийн 73-74/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.С мэдүүлэхдээ: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв

3. Хохирогч О.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.. Би 2021 оны 03 дугаар сарын 21-ний шөнө М гэх найзындаа согтуу унтаж байсан чинь гаднаас С орж ирээд миний толгойн дээр хөлөөрөө дэвссэн. Тэгээд миний чихнээс цус гоожоод байсан чинь М цагдаа дуудсан. С намайг зодох үед Мын гэрт М, ******* эгч, тэгээд ******* ах нар байсан. Мын гэрт С орж ирээд намайг газар унтаж байхад шууд толгой дээрээс дэвссэн. Өөр бол гар хүрээгүй. С бид хоёр маргалдах зүйл болоогүй. С миний хохирлыг нөхөн төлсөн. Надад С гэх хүн нь миний хохирлыг нөхөн төлж 300.000 төгрөг бэлнээр төлсөн байгаа.... гэх мэдүүлэг / хх-ийн 13-14, 18-19 /

4. Гэрч Л.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр би гэртээ байж байсан чинь манайд Б согтуу ирсэн. Тэгээд бид хоёр 1 шил архи уучхаад Б газар унтаж байсан чинь Бгийн найз С гэх залуу эхлээд манай хаалгыг нүдээд байхаар нь би “оруулахгүй” гээд хашааны хаалгыг түгжсэн чинь дараа нь хашаа даваад манайд орж ирээд Бг унтаж байсан чинь шууд очоод толгой дээр нь дэвссэн..... гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/

5. Гэрч Ч.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2021 оны 03 дугаар сарын 21-ээс 22-ний өдөр шилжих шөнө ажил дээрээ үүрэг гүйцэтгэж байх үед 02 цаг 30 минутад Угалз 10-аас “Баянхонгор аймаг Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 7-18-1600 тоотод согтуу хүн орж ирээд агсан тавиад байна” гэсэн дуудлагын дагуу тус тоотод очих үед одоо сайн санахгүй байна Б, С гэсэн хоёр хүн согтуу Б гэх хүний чих хэсгээс цус гарсан байдалтай байсан. Тэгээд би тухайн хоёр хүнийг аваад Б гэх хүнийг нь эмнэлэг дээр авч очиж чихийг нь оёдол тавиулаад цагдаагийн газар дээр тухайн өдөр жижүүрийн мөрдөгчөөр хонож байсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Буянхишигт хүлээлгэн өгсөн. Намайг тухайн өдөр дуудлага дээр очиход С, Б гэх хүн нь хоёулаа согтуу байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/

6. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 196 дугаартай шинжээчийн:

1. О.Бгийн биед баруун чихэнд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.. гэх дүгнэлт /хх-ийн 39-40/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч О.С нь согтуурсан үедээ 2021 оны 03 дугаар сарын 21-ний Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 7-18-1600 тоотод О.Бгийн толгойн тус газарт хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь баруун чихэнд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч О.Б, гэрч Л.М, Ч.С нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 196 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч О.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч О.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч О.С нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт шүүгдэгч О.Сгийн эзэмшлийн “ЛЖ” маркийн телевизор битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг телевизорыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч О.Сд буцаан олгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогтой О.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овогтой О.Сг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч О.Сд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 5. Шүүгдэгч О.С нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Д.Сгийн эзэмшлийн телевизорыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг телевизорыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч О.Сд буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч О.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ