| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2016/07260/И |
| Дугаар | 1504 |
| Огноо | 2017-05-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 1504
| 2017 оны 05 сарын 01 өдөр | Дугаар 101/ШШ2017/01504 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Угтаал сум, Талын Уул 1 багт оршин суух, Төөрүүлийн Лхагвасүрэн /ОС82041412/-ийн төлөөлөгч Г.Булгантамирын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлгийн 18 гудамж, 552 Г тоот хаягт оршин суух Баасансүрэнгийн Дагвасүрэн /РЖ78121916/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлгийн 18 гудамж, 552 Б тоот хаягт оршин суух Энхбаярын Чулуунсүх /ЗЮ79032265/ нарт холбогдох,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Булгантамир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Э.Чулуунсүх нь 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Т.Лхагвасүрэнтэй утсаар холбогдон 10,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхийг хүссэн байдаг. Уг хүсэлтийг нэхэмжлэгч нь хүлээн авч, талууд зээлийн гэрээ байгуулан, нэхэмжлэгч нь хариуцагчид 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа. Иймд хариуцагчаас үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 4,400,000 төгрөг, нийт 14,400,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Чулуунсүх шүүхэд гаргасан болон төлөөлөгч Д.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн үндсэн төлбөрт 10,000,000 төгрөг, зээлийн хүүнд 4,400,000 төгрөг, нийт 14,400,000 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Нэхэмжлэгч нь Б.Дагвасүрэнг хамтран хариуцагчаар татсан боловч татгалзсан тухайгаа илэрхийлсэн байгаа. Уг зээлийн мөнгийг Б.Дагвасүрэн нь сэлбэг, хэрэгсэл худалдаж авах зорилгоор авч хэрэглэсэн байдаг. Хариуцагч Э.Чулуунсүх нь тэр зээлийн мөнгөнөөс хэрэглээгүй гэсэн тайлбарыг өгдөг байгаа. Нэхэмжлэгч нь 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хэлцлийн дагуу 4,400,000 төгрөгийн хүүг хариуцагчаас нэхэмжлээд байгаа боловч яг хэдий хэр хугацаанд, сар болгон хүү төлөх талаар тусгаагүй байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, Б.Дагвасүрэн 10,000,000 төгрөг авсан, мөнгийг ашиглаагүй гэж татгалзжээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 4,400,000 төгрөг, нийт 14,400,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагчид 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр шилжүүлэн өгсөн гэж, хариуцагч уг мөнгийг аваагүй, Б.Дагвасүрэн авсан гэж нэхэмжлэлээс татгалзжээ.
Зохигчийн шүүхэд болон төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн баримтад хариуцагч Э.Чулуунсүх, Б.Дагвасүрэн нар нэхэмжлэгч Т.Лхагвасүрэнгээс 10,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй зээлсэн тухай баримт үйлдэж, хариуцагч Э.Чулуунсүх гарын үсэг зуржээ.
Нэхэмжлэгч тус баримтад дурдсан “10,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй зээлсэн” гэснийг үндэслэл болгон 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 4,400,000 төгрөг шаардсан нь үндэслэл муутай болжээ. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байх боловч мөн хуулийн 282 дугаар зүйлийн 281.1, 282.3-т зааснаар зохигч хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, харилцан тохиролцож тогтоосон буюу зээлдэгч, зээлдүүлэгч талын гарын үсэггүй, зөвхөн хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгө зээлсэн болохоо илэрхийлсэн агуулгатай, зээлийн гэрээний шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 4,400,000 төгрөгийн хүү шаардах эрхгүй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагчаас 3 сарын хүү авсан гэж, хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааны явцад 1,200,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн тухай тайлбар гаргасан ба зохигч энэ талаар маргаагүй болно.
Хариуцагч 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс авч ашиглаагүй, хариуцагч Б.Дагвасүрэн авсан гэх тайлбарыг гаргасан ч хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч 10,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан нь тогтоогдсон, хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлээс 3,800,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба нэхэмжлэгч нь хариуцагчаас хүү шаардах эрхгүй тул хариуцагчийн нэхэмжлэгчид төлсөн 1,200,000 төгрөгийг хасч, хариуцагчаас зээл 8,800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Дагвасүрэнг хамтран хариуцагчаар татан оролцуулсан ч хүсэлтээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгчийн хариуцагч Б.Дагвасүрэнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Чулуунсүхээс 8,800,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Лхагвасүрэнд олгож, нэхэмжлэлээс хариуцагч Б.Дагвасүрэнд холбогдох хэсэг, 5,600,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Чулуунсүхээс 155,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Лхагвасүрэнд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ