Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/170

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Б.Бат-Оргил,

Нарийн бичгийн дарга:Х.Золцэцэг,

Шүүгдэгч: Д.Д, Э.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000165 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, / Регистрийн дугаар *******/-тай.

2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ы *******, / Регистрийн дугаар ВЮ9205194/-тай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь Э.Атай бүлэглэн 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 12-ны өдрийн дуустал хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 30 дугаар гудамжны 2 тоот хашаанд байх Монгол гэрт Wolfman Dok гэх нэртэй фейсбүүк хаягаас цахим орчинд буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор хөзрөөр, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан,

Э.А нь Д.Дтой бүлэглэн 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 12-ны өдрийн дуустал хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 30 дугаар гудамжны 2 тоот хашаанд байх Монгол гэрт Wolfman Dok гэх нэртэй фейсбүүк хаягаас цахим орчинд буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор хөзрөөр, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Дын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Өмнө нь фейсбүүкээр хүмүүс ямар нэг групп дээр бичлэг хийн оруулж фокер тоглуулаад байхаар нь болдог юм байна гэж бодоод эхнэртээ хэлээд тоглуулахаар болсон. Би өөрийн Wolfman Dok гэх хаягаас Даа хүрээ гэх групп дээр фокер тоглуулсан. Нийт 2 өдөр тоглуулсан ба нэг тоглуулахдаа 5000 төгрөгөөр нэг ширээн дээр 6 хүн суулган тоглуулсан ба өдөрт 4 цаг тоглуулсан 4 цаг тоглуулахад 80000 төгрөгийн ашиг олж байсан. Нийт 165000 төгрөгийн ашиг олсон. Гар утсаа нэг юман дээр тогтоогоод би хөзрөө тараагаад манай эхнэр хажууд хүмүүсийн нэрийг нь бичиж авч орлого, зарлага хийж өгдөг байсан юм. Тухайн үед миний Live хийхэд ашигладаг байсан гар утас байгаа. Харин хөзөр нь цаасан хөзөр байсан учраас урагдаад ашиглах аргагүй хуучраад хаясан. Цаасан дээр тоо бичиж тоглуулдаг байсан цаас нь бас байхгүй хаясан байгаа. Манай эхнэр бид хоёр анх 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл тоглуулсан. Яг сүүлийн өдөр 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр фейсбүүк дээр мөрийтэй тоглоом зохион байгуулсан хүмүүсийг барилаа гэх мэдээлэл, мөн энэ нь хууль бус гэдгийг мэдээд эхнэр бид 2 тоглуулахаа больсон байсан. Хамаг хэрэглэж байсан юмнуудаа хаясан. Олсон ашиг орлогоо өдөр тутмын хэрэглээнд гэр бүлдээ зарцуулдаг байсан..... гэх мэдүүлэг /  хх-ийн 130-131/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д мэдүүлэхдээ: Нэмж ярих зүйл байхгүй гэв.

3. Шүүгдэгч Э.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Өмнө нь фейсбүүкээр хүмүүс ямар нэг групп дээр бичлэг хийн оруулж фокер тоглуулаад байхаар нь болдог юм байна гэж бодоод нөхөртэйгөө хамт Wolfman Dok гэх хаягаас Даа хүрээ гэх групп дээр фокер тоглуулсан. Нийт 2 өдөр тоглуулсан ба нэг тоглуулахдаа 5000 төгрөгөөр нэг ширээн дээр 6 хүн суулган тоглуулсан ба өдөрт 4 цаг тоглуулсан 4 цаг тоглуулахад 80000 төгрөгийн ашиг олж байсан. Нийт 165000 төгрөгийн ашиг олсон. Гар утсаа нэг юман дээр тогтоогоод манай нөхөр хөзрөө тараагаад би хажууд нь хүмүүсийн нэрийг нь бичиж авч орлого, зарлагыг нь хийж өгдөг байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 134-35/

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А мэдүүлэхдээ: Нэмж ярих зүйлгүй гэв.

5. Гэрч Э.Алтанчимэгийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Д, А нар нь цахим орчноор мөрийтэй тоглоом тоглуулсан талаар би мэдэж байгаа. Тэр хоёр тоглуулж байсныг би фейсбүүкээс харсан. Би өөрөө ч орж тоглосон. Манай хүргэн дүү өөрийнхөө фейсбүүк болох Wolfman Dok гэх хаягаасаа Техас гэх тоглоомыг манай дүүгийн 5247119191 гэх дансаар тоглуулж байсан бөгөөд би тус тоглоомд 2 удаа тоглосон. Тус тоглоом нь нийт 6 хүн суудаг нэг тоглолтыг 5000 төгрөгөөр тоглуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 108-109/

6. Шинжээч Л.Наранцэцэгийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 139 дугаартай Э.Аын дансны хуулганд магадалгаа хийсэн:

.. Э.Аын 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацааны Хаан банкны 5247119191 тоот дансны хуулгаар цахим мөрийтэй тоглоом зохион байгуулснаар давхардсан тоогоор 119 хүнээс 593,000 /таван зуун ерэн гурван мянган/ төгрөгийн орлого олж, давхардсан тоогоор 40 хүнд 415.000 /дөрвөн зуун арван таван мянган/ төгрөгийн хожил нэрээр буцааж олгосон бөгөөд банкны гүйлгээний хураамжид 12,600 /арван хоёр мянга зургаан зуун/ төгрөгийг төлсөн байна. Хуулиар хориглосон цахим мөрийтэй тоглоомыг 2021 оны 04-р сарын 10-с 4-р сарын 12-ны өдөр дуустал хугацаанд зохион байгуулсан бөгөөд зөвхөн тоглоом тоглуулахад нийт 593,000 төгрөгийн орлого дансаар орж 427,600 төгрөгийн зарлага дансаар гарсан байна. Э.А нь уг тоглоомыг зохион байгуулснаар 165,400 /нэг зуун жаран таван мянга дөрвөн зуун/ төгрөгийн цэвэр ашиг олсон байна...” гэх дүгнэлт.... / хх-ийн 120-121 /

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-23/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Д.Д  Э.А нар нь бүлэглэн 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 12-ны өдрийн дуустал хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 30 дугаар гудамжны 2 тоот хашаанд байх Монгол гэрт Wolfman Dok гэх нэртэй фейсбүүк хаягаас цахим орчинд буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор хөзрөөр, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйл баримт болсон нь гэрч Э.Алтанчимэгийн мэдүүлэг, шинжээчийн 139 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Ноте 8 маркийн гар утсыг хураан авсан тэмдэглэл, тогтоол  зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Э.А Д.Д нарыг мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Э.А Д.Д нарт эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Э.А Д.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн уруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан тэдэнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас тус тус чөлөөлж  шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.А Д.Д нар нь мөрийтэй тоглоом зохион байгуулж 165.400 төгрөгийн орлого олсон тул уг 165.400 төгрөгийг шүүгдэгч Э.А  Д.Д нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.А Д.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.А Д.Д нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Хэрэгт шүүгдэгч Э.А Д.Д нарын Sinense, Samsung A-50 маркийн гар утаснуудыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утаснуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Э.А  Д.Д нарт буцаан олгож шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар гэмт хэрэг үйлдэхэд буюу мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашигласан  шүүгдэгч Э.А Д.Д нарын эзэмшлийн “Ноте 8”  маркийн хар өнгийн гар утсыг хураан авсан прокурорын тогтоолыг хэвээр үлдээж уг гар утсыг  худалдан борлуулж орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Д.Д, Э.А нарыг мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Д, Э.А нарыг зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Д, Э.А нарыг зургаан / 06 / сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа Баянхонгор аймгийн төвөөс явахыг хориглож, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 9-д зааснаар шүүгдэгч Д.Д, Э.А нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ял оногдуулахыг дурдсугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Д.Д, Э.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан   зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас тус тус чөлөөлсүгэй.

6. Шүүгдэгч Д.Д, Э.А нар нь энэ хэргийн цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3.4-т зааснаар шүүгдэгч Д.Д, Э.А нараас гэмт хэрэг үйлдэхдээ олсон орлого 165.400 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлогод шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Д.Д, Э.А нарын эзэмшлийн Sinense, Samsung A-50маркийн гар утаснуудыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утаснуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Д.Д, Э.А нарт буцаан олгосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Д.Д, Э.А нарын эзэмшлийн “Ноте 8” маркийн гар утсыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж, орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Д, Э.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 10-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Д, Э.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ