| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2017/0316/И |
| Дугаар | 131/ШШ2017/00397 |
| Огноо | 2017-05-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 131/ШШ2017/00397
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Налайх дүүргийн 3 дугаар хороо, Нарангийн 28 дугаар гудамжны 597 тоотод оршин суух, эмэгтэй, ВЭ65090267 регистрийн дугаартай, Боржигон овогт Лонжидын Нарантуяагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-13-09 тоотод оршин суух, эмэгтэй, ВЭ81042907 регистрийн дугаартай, Даадаг овогт Адъяагийн Алтантуяад холбогдох
Хашаа, байшин худалдсаны үнийн үлдэгдэл 2340000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Би аймгийн төв дээрх байшин хашаагаа 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр А.Алтантуяа, Ж.Мөнхбаяр нарт зарсан бөгөөд байшин хашааны үлдэгдэл 1800000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний дотор өгнө гэсэн боловч одоог хүртэл өгөөгүй байна. Энэ хашаа байшин нь Л.Нарантуяа миний эд хөрөнгө юм. Энхболдоор итгэмжлүүлэн заруулсан юм. Зээлийн гэрээнд хугацаа хэтэрвэл 0,5 хувийг алданги тооцно гэж гэрээнд тусгасан. Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 01-ээс одоог хүртэл 7 сар хэтэрсэн. Иймд миний мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхболд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тайлбартаа:
Л.Энхболд миний бие Баянхонгор сум дахь Нарантуяагийн хашаа байшинг итгэмжлэлээр А.Алтантуяад зарсан юм. А.Алтантуяа нь хашаа, байшингийн үнийн үлдэгдэл 1800000 төгрөгийг хугацаандаа төлөөгүй тул төлбөрөө төлөлгүй 8 сар хэтрүүлсэний алданги 540000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. А.Алтантуяагаас нийт 2340000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхболд шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхболд нь Л.Нарантуяагийн зөвшөөрлийн үндсэн дээр А.Алтантуяагаас хашаа байшингийн үнийн 2340000 төгрөг төлүүлэхээс 140000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, 2200000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний дотор төлүүлэхээр тохиролцлоо гэжээ.
Хариуцагч А.Алтантуяа шүүхэд гаргасан тайлбартаа:
А.Алтантуяа миний бие Л.Нарантуяагийн хашаа байшинг 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дүү Л.Энхболдоор итгэмжлүүлэн төлөөлүүлж худалдан авсан. Хашаа байшингийн үнийн үлдэгдэл 1800000 төгрөгийг төлөөгүй байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхболдын нэхэмжилсэн 2340000 төгрөгөөс 2200000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар түүнтэй тохиролцлоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхболд нь хашаа, байшин худалдсаны үнийн үлдэгдэл 2340000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 140000 төгрөгийг татгалзсан, хариуцагч А.Алтантуяа нь хашаа, байшин худалдсаны үнийн үлдэгдэл 2200000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Л.Нарантуяад төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн тэдгээрийн эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхболд нь хашаа, байшин худалдсаны үнийн үлдэгдэл 2340000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 140000 төгрөгийг татгалзсан, хариуцагч А.Алтантуяа нь хашаа, байшин худалдсаны үнийн үлдэгдэл 2200000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Л.Нарантуяад төлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төрийн сангийн данснаас 26195 төгрөг, хариуцагч А.Алтантуяагаас 25075 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Нарантуяад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч А.Алтантуяа нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ