| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2021/0168/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/174 |
| Огноо | 2021-07-02 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Г.Цогтмагнай,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,
Шүүгдэгч: Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000174 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Д.Г
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Г нь 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант 10 дугаар багийн 3-303 дугаар байрнаас иргэн Н.Бын гээгдэл эд хөрөнгө болох ******* имэй (international Mobile Equipment identity) кодтой Хуавей П40 (Huawei P40) маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 868.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... би өөрийн ажилдаг барилга болох Баянхонгор сумын 10 дугаар багт байрлах барилга дээрээ барилгын гадна хог цэвэрлээд явж байсан барилгын ёроолд нэг утасны гэр байх шиг байхаар нь очоод үзэхэд гар утас байсан. Тухайн гар утас нь дэлгэц нь цуурсан, унтраалттай утас байсан. Тэгэхээр нь би аваад барилгын 1 давхрын хөмсгөн дээр тавиад явсан. Тэгээд хогоо цэвэрлэж явж байгаад буцаад ирэхэд нөгөө утас байхаар нь би аваад халаасандаа хийсэн юм. Тэгээд тухайн утсаа халаасандаа хийгээд мартсан байсан. Ажлаа тараад гэртээ очиход миний халааснаас гар утас гарч ирэхээр нь би гэрийнхэндээ “Наадах чинь ажилладаггүй утас байна лээ” гэж хэлээд гэртээ орхисон юм. Тэгээд би нэг орой ажлаа тараад гэртээ ороход манай хүүхдүүд тухайн гар утсыг асааж сим карт хийсэн байсан... бусдын эд зүйлийг ашигласан миний буруу. Би хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна....гэх мэдүүлэг /хх-ийн 58/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г мэдүүлэхдээ: Би яг цаг хугацаагаа сайн санахгүй байна. Барилга дээр ажилладаг байсан. Доор ажлаа хийгээд явж байхад 1 утас байсан. Ойр хавьд ямар ч хүн байгаагүй. Утсыг аваад асаах гэтэл асахгүй байсан. Ажлаа хийж байсан болохоор барилгын хажуу талын хөмсөг дээр тавьсан. Тэгээд ажлаа хийж байгаад иргэж очиж аваад кармандаа хийсэн. Тэгээд асахгүй байхаар нь гэртээ авчаад тавьсан. Хэд хоногийн дараа ажлаасаа тараад очсон чинь хүүхдүүд асаасан байсан. Тэгээд би симээ хийсэн гэв.
3. Хохирогч Н.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1300 цагийн үед ажил дээрээ ажлаа хийж байгаад хоолны цаг болоод хоолондоо явахдаа ажил хийж байсан барилгынхаа 4 давхрын цонхны тавцан дээр Хуавей Р40 маркийн гар утсаа тавьж мартаад 1 давхар луу буугаад хоолоо идсэн. Тэгээд хоолоо идэж байгаад гар утсаа үлдээснээ санаад тогооч *******ыг “Дээшээ гараад гар утас аваад ирээч” гэж хэлсэн. Харин ******* дээшээ гараад бууж ирэхдээ “Гар утас чинь байхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд биш дээшээ өөрөө гарч үзэхэд миний утас байгаагүй. *******ыг дээшээ гарахаас өмнө манай ажлын ******* гэх залуу “Цонхон дээр утас дугараад байсан” гэж хэлсэн. Тэгээд утсаа алдаад цагдаад хандсан. Би тухайн гар утсыг 1 сар гаруйн өмнө Улаанбаатар хотоос Мобикомын салбараас 949.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний ажиллаж байсан өрөөний цонх руу харсан камер байхгүй... гар утсаа би хийж байсан ажлынхаа цонхны тавцангийн ирмэг дээр тавиад тэгээд доошоо уначихсан юм шиг байна лээ. Унахдаа дэлгэц нь хагараад тэгээд холбогдох боломжгүй болсон байх. Би гар утсаа хүлээн авсан дэлгэц нь хагарсан байна. Гэхдээ дээрх гэмтэл нь миний өөрийн буруу хайхрамжгүй үйлдлээс болсон учраас надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна... Миний гар утас зүгээр дуун дээрээ байсан. Би салхинд юм уу юманд цохигдоод унасан байх гэж бодож байна... гэх мэдүүлэг /хх-ийн 29, 32, 36/
4. Энх-Нахиа ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 128 дугаартай шинжээчийн:
1. Эд зүйлийн нийт үнэ цэнэ 868.000 /Найман зуун жаран найман мянга/ төгрөг болохыг тодорхойлов... гэх дүгнэлт /хх-ийн 49/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13/, Мобиком компанийн албан тоот /хх-ийн 14-15/, Юнител компанийн албан тоот /хх-ийн 12/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Г нь 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант 10 дугаар багийн 3-303 дугаар байрнаас иргэн Н.Бын гээгдэл эд хөрөнгө болох ******* имэй (international Mobile Equipment identity) кодтой Хуавей П40 (Huawei P40) маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 868.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Н.Бын мэдүүлэг, үнэлгээний Энх-Нахиа ХХК-ийн 128 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Гийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул Д.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Гэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт шүүгдэгч Д.Гийн “Ридми 7А” маркийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Д.Гэд буцаан олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Гийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Гийг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянга / 450.000 / төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч Д.Г нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Д.Гийн эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Д.Гэд буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ