Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/552

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Б.Соёлмаа

шүүгдэгч Э.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ********** дугаартай, 2 хавтас хэргийг 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын .....-нд ......... хотод төрсөн, ....... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 1; ....... дүүргийн ........ дугаар хороо, .......... тоотод хаягийн бүртгэлтэй, одоо ......... дүүргийн ...... дугаар хороо, ...... тоотод түр оршин суух,

ял шийтгэл: ...... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ...... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

******* дугаарын регистртэй Б овогт Э.Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Э.Б нь ....... оны ..... дүгээр сарын ......-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 21 дүгээр байрны 53 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, 99.7 грамм цэвэр жин бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцоход надад татгалзах зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэргээ ойлгож байгаа. Мөрдөн шалгах явцад холбогдсон хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Бид холбогдох эрүүгийн хэргийг шүүх “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэмжээ хязгаарт хянан шийдвэрлэсэн болно.

 

Хэргийн үйл баримтыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шинжлэн судалбал:

шүүгдэгч Э.Б “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь

гэрч Н.Х “... 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр би үсээ будуулах гээд .......-т байрлах “..........” ХХК-ийн гурван давхрын 33 тоот үсчний салонд ажилладаг найз Ж дээр 16 цагийн орчим очоод үсээ будуулсан. Би үсээ будуулчхаад дээд давхрын найз Б гэрт очтол Баадай нэг залуутай хамт байсан. Хэсэг юм ярьж байгаад орон дээр нь гараад хэвтэж байснаа унтсан байсан. Нэг сэрсэн чинь баахан цагдаа нар орж ирээд бид хэдийг шалгаад байсан. Хаанаас гарч ирсэн нь мэдэхгүй, ширээн дээр савтай өвс гээд зүйл байсан. Энэ асуудлаас болж би цагдаад шалгагдаж байна. 2020 оны 12 дугаар сарын 31-нд үсчин Ж гэрт шинэ жилээ тэмдэглээд мансууруулах өвс гээд хэрэглэж байсан. Тэр өвсийг нь нэг танихгүй охин авчирч байсан” /1-р хх-н 20-21/ гэсэн,

гэрч Н.Б “... Намайг ирэхэд Ж С хоёр байсан. Б гэрт Хүслэн гэх залуу, Д гэх залуугийн хамт байсан. Х орон дээр унтаж байсан. Д Б хаачих талаар асуухад найз охинтойгоо уулзана гээд гараад явсан гэж надад хэлсэн. Удалгүй гаднаас цагдаа нар орж ирээд бид хэдийг шалгасан. Бид хэд доошоо хараад хэвтэж байсан чинь нэг савтай өвс хаанаас гарч ирснийг мэдэхгүй гараад ирсэн байсан. Би юу болоод байгааг нь ойлгоогүй. Миний бодлоор тэр савтай өвснөөс болоод шалгагдсан байх. 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдөр би анх удаагаа хэрэглэж үзсэн. Өмнө нь хэрэглэж байгаагүй. Нэг охин гаднаас өвс авчирч өгч байсан. Би тэр хүмүүсийг сайн мэдэхгүй байна. Бид хэдийг доошоо газар хэвтүүлсний дараа ширээн дээр гараад ирсэн байсан. Хаанаас гарсан талаар мэдэхгүй” /1-р хх-н 22-23/ гэсэн,

гэрч Н.Д “... С бид хоёрыг ирэхэд ... тоотод амьдардаг Б найзтайгаа хамт хоёулаа байсан. Сүрэнжав харилаа гээд явсан. Миний бодлоор ... давхрын ... тоотод Ж ахын гэрт нь орж хоносон байх. Би Б гэрт 2 хоносон. 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр гэрээс огт гараагүй. С, Б, Б, Х нартай хамт байсан. Ингээд байж байтал гаднаас цагдаагийн алба хаагч нар орж ирээд шалгасан. Шалгахад саарал өнгийн хуванцар савтай мансууруулах бодис гаргаж ирсэн. Хаанаас гаргаж ирснийг би сайн мэдэхгүй байна. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр .... компани барилгын 3 давхарт байрлах Ж үсчний салонд Ж, Х, өөр таньж мэдэхгүй хүмүүсийн хамт би өвс татсан. Татсан өвсийг хэн авчирсныг мэдэхгүй байна” /1-р хх-н 26-67/ гэсэн,

гэрч Т.С “... Б фейсбүүк чатаар залгаж хаана байгааг нь асуухад .... компани гэсэн байрыг зааж өгөөд очиход Баярцогтоос гадна танихгүй 2 эрэгтэй хүн байсан. Намайг ороход Б танихгүй эмэгтэй хүний үс засч байсан. Харин танихгүй 2 залуугийн шар үстэй залуу өрөөний буйдан ор дээр унтаж байсан. Нөгөө танихгүй залуу суурин компьютерын ширээний сандал дээр сууж байсан. Б ах 53 тоотод гаднаас орж ирсэн 2-3 хүний үс зассан. Дараа нь миний үсийг засч хими хийсэн, үсэнд хими хийхэд нэлээн цаг хугацаа шаардлагатай бөгөөд үсээ янзлуулж байх хооронд гаднаас цагдаагийн алба хаагч нар орж ирсэн. Цагдаагийн алба хаагч нар ирсний дараа үзлэг хийгээд дээрх ургамлыг илрүүлэн гаргаж ирсэн. Хаанаас гарсныг би мэдэхгүй байна. Би гэрт байсан эд зүйлсийг ажиглаж сайн хараагүй. Дээрх нунтаг өвс ургамлыг ирснээс хойш хэрэглэсэн хүн байхгүй, өмнө яасныг би мэдэхгүй, яг үнэндээ би өөрөө ямар учиртай нунтаг ургамал өвс гэдгийг ч мэдэхгүй байна” /1-р хх-н 29-30/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-н 18-17/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 45-47, 56-61/, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-н 50-59, 62-65, 91-95/, эд мөрийн баримт хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-н 96/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн .... дугаартай:

Шинжилгээнд ирүүлсэн өвс, ургамал мэт шинжилгээ хийхэд тэнцэнэ.

Хуванцар савтай өвс, ургамал мэт зүйлээс дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрсэн.

Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна.

Хуванцар савтай өвс, ургамал мэт зүйлийн савны хамт жин нь 220.3 гр, цэвэр жин нь 99.7 гр байсан ба дээжнаас 0.1 гр шинжилгээнд зарцуулав.. гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-н 99-100, 101/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Э.Б нь өөрийн холбогдсон хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэхдээ

“... дээрх эд зүйл бүгд минийх мөн. Хуванцар савтай өвс гэх нэршилтэй мансууруулах ургамлыг 2020 оны 9 дүгээр сарын сүүлээр байх, өдрийг нь санахгүй байна, Хорооллын “....” нэртэй төвийн арын байрны сааднаас олсон. Тухайн үед намайг сааданд ганцаараа сууж байхад цаасанд боосон зүйл байхаар нь гайхаад задалж үзэхэд 5 салаа шиг өвс байхаар нь аваад гэртээ хадгалчихсан юм. Тэгээд цагдаа нар манайд ирээд явсан талаар сонсоод дахиж .... тоотод очоогүй. Найз нөхөд гэр бүлтэйгээ ч холбоо бариагүй, гадуур ганцаараа амьдарч байгаад баригдсан. Учир нь гэвэл найз нөхөд гэр бүлтэйгээ холбоо барих юм бол цагдаад бариад өгчих гээд санагдаж байсан болохоор маш удаан холбоо бариагүй явсан. Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, дахин ийм гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна” /1-р хх-н 89-90/ гэжээ.

 

Шүүгдэгч Э.Бийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах бөгөөд хүний эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг төдийгүй хүний бие эрхтэнд муу зуршил бий болгодогт нийгмийн хор аюул, уршиг оршино. Түүнчлэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хорт үр дагавар ихтэй учир уг төрлийн бодисын хууль бус аливаа эргэлтийг хориглох үүднээс үндэсний хууль тогтоомж, Олон улсын гэрээ, конвенциор зохицуулсан байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилгыг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тодорхойлсон.

 

Шүүх ял, хариуцлага оногдуулахдаа тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг, ялангуяа мансууруулах бодистой хамаарал бүхий гэмт хэргийг шийдвэрлэхдээ хуулийн дээрх зохицуулалтыг анхаарах, гэмт хэргээс үүдэн гарах үр дагаврыг тооцох учиртай.

Өөрөөр хэлбэл мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн шүүгдэгчийг нэг талаас цээрлүүлэх, түүнтэй хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх, нөгөөтэй талаас түүнийг ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой.

 

Шүүгдэгч Э.Б урьд өмнө 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр .... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... дугаартай шийтгэх тогтоолоор 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байжээ. /2-р хх-н 51-54/

 

Шүүгдэгч Э.Бийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих” гэсэн заалтад хамаарах тул түүнийг “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэлээ.

 

Харин шүүгдэгч Э.Б зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй буюу зөрчсөн тохиолдолд шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулав.

 

Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

            Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан “өвс” гэх нэршилтэй 99.7 грамм жин бүхий сэтгэцэд нөлөөт бодис”-ийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгахыг тухайн хэлтэст даалгаж, устгасан талаарх хариуг шүүхэд мэдэгдэхийг үүрэг болгож, эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, Самсунг маркийн саарал өнгийн гар утсыг шүүгдэгч Э.Бид буцаан олгох нь зүйтэй.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

   ТОГТООХ нь:

 

1. Б овогт Э.Б “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Э.Бид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

4. Шүүгдэгч Э.Бийн зорчих эрхийг хязгаарласан ялыг түүний оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, уг ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч Э.Б зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, эсхүл зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Э.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

7. Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх эд мөрийн баримтаар хураагдсан “өвс” гэх нэршилтэй 99.7 грамм жин бүхий сэтгэцэд нөлөөт бодис”-ийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгахыг тухайн хэлтэст даалгаж, устгасан талаарх хариуг шүүхэд мэдэгдэхийг үүрэг болгосугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, Э.Бийн эзэмшлийнх гэх “Самсунг” маркийн саарал өнгийн гар утсыг түүнд буцаан олгосугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.Бид урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               О.ЖАНЧИВНЯМБУУ