Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 134/ШШ2017/00104

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг  шүүгч П.Цогзолмаа даргалж,  шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1943 онд төрсөн, 74 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 5 дугаар баг, Цагаан-Ус гэх газарт оршин суух, ЕЙ43031505 регистрийн дугаартай, Ууш овогт Хоролын Түвээжийгийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Х.Түвээжий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Хүсэлт гаргагч Х.Түвээжий шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Сүмбэр сумын Каракулын сангийн аж ахуйн Авто гараажид жолоочоор ажиллаж байсан. 1984 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрүүдийн ажилд орсон тушаал, цалин тодорхойгүй, тухайн үед ажиллаж байсан хүмүүсийн буруутай үйлдлээс болж хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүйд гомдолтой байгаа тул миний ажиллаж байсан байдлыг тодруулж өгнө үү.

 Иймд, 1984-1986 оны хооронд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Х.Түвээжий нь 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд Дорноговь аймгийн Сүмбэр суман дахь Каракулын улсын үржлийн аж ахуйн Авто гараажид жолоочоор ажиллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна. 

Хүсэлт гаргагч Х.Түвээжий нь 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Дорноговь аймгийн Сүмбэр суман дахь Каракулын улсын үржлийн аж ахуйн Авто гараажид жолоочоор ажиллаж байсан болох нь Дорноговь аймгийн Сүмбэр сангийн аж ахуйн даргын 1984 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 68 дугаар тушаал, Дорноговь аймгийн Сүмбэр суман дахь Каракулын улсын үржлийн аж ахуйн даргын “Ажилд томилох тухай” 131 дүгээр тушаал, Дорноговь аймгийн Сүмбэр суман дахь Каракулын улсын үржлийн аж ахуйн даргын “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” 06 дугаар тушаал, Говьсүмбэр аймгийн Төрийн архивын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Х.Түвээжийгийн цалингийн тодорхойлолт, гэрч Д.Жамсран, Д.Ирина нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. 

Иймд, шүүхээс хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон, нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлийн 134.1-т заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ууш овогт Хоролын Түвээжийгийн 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Дорноговь аймгийн Сүмбэр суман дахь Каракулын улсын үржлийн аж ахуйн Авто гараажид жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Түвээжийгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    П.ЦОГЗОЛМАА