Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/562

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Д.Хонгорзул /томилолтоор/

шүүгдэгч Э.С

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ****** тоот хэргийг 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ....-нд ..... аймагт төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ....... ХХК-д ажилладаг, ..... аймаг, ...... сум, ........ 1 дүгээр багт хаягийн бүртгэлтэй, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт ..... дүүргийн ...... дүгээр хороо, ...... 2 дугаар гудамж 16 тоотод оршин суух, ял эдэлж байгаагүй,

****** дугаарын регистртэй, Б овогт Э.С

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Э.С нь .... оны .... дугаар сарын ....-ноос ...-нд шилжих шөнө ... дүүргийн .... дүгээр хороо, ..... 2 дугаар гудамжны .... тоотод хохирогч С.Оийн нүүрэн тус газар цохиж, түүний биед тархины доргилт, баруун хөмсөгний доод хэсэгт шарх, хамрын ясны хугарал, хамрын хоёр хажуу, хоёр нүдний дотор булан, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Э.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Хохирогч Ог зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би согтуу байсан болохоор тухайн үед яг юу болсныг сайн санахгүй байгаа юм. Ямар ч байсан миний буруу. Хохирогчийн томографикийн зураг авхуулах мөнгө гэж 130 хэдэн мянган төгрөг өгсөн. Өөр мөнгө төгрөг өгөөгүй. Дараа нь хохирогч Отэй очиж уулзаад уучлалт гуйсан. Бид нар юм ярьж байгаад салсан гэв.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч С.О “… би .... аймагт амьдардаг. .... оны ... дугаар сарын .....-ны өдөр хотод орж ирээд гадуур явж байгаад орой 20 цагийн үед хуурай эгчийнхээ гэрт очсон. Тэднийд хонохоор очсон ба хуурай эгчийн нөхрийнх нь төрсөн өдөр болж байсан. Тэр өдөр С гэх залуу орой ажлаа тараад ирсэн. Тэгээд бид нар хамт “Талын хар” гэх нэртэй архи, 2 литрийн том пиво уусан. Би их уугаагүй, С архинаас нь их уусан, нэлээн согтсон байсан. С эхнэр нь орой 23 цагийн үед ирсэн. Байж байтал С эхнэрийнхээ хамт гэр рүүгээ харихаар болсон. Би Сын эхнэрийн хамт бие засахаар гарсан. Тэгтэл С машин дээрээ оччихсон, машиныхаа юмыг эвдээд байсан. Тэр үед эхнэр нь нөхөр рүүгээ явсан ба би тэр хоёрыг явах гэж байгаа юм байна гэж бодоод бие засчхаад орох гэтэл С нь эхнэртэйгээ зууралдчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би очоод Сын эхнэрийг нь салгаад Саас холдуулаад эргээд хартал С чулуугаар миний нүүрний хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд С яваад өгсөн ба миний нүүрнээс цус гараад байж байтал айлын эгч харчхаад цагдаад дуудлага өгсөн. С нь миний толгой руу нэг удаа чулуугаар цохисон” /хх-н 10/ гэж,

яллагдагч Э С “... би ... оны ... дугаар сарын ....-ны өдрийн орой 20 цагийн үед ажлаа тараад Б гэх ахын гэрт очсон. Тэр өдөр Б ахын төрсөн өдөр болж байсан тул гэрт очоод бид хоёр “Талын хар” гэх нэртэй хятад архи, 2 литрийн том пиво хувааж уусан. Би тэдний гэрт очихдоо машинтайгаа очсон ба архи уусан болохоор эхнэрээ дуудсан. Манай эхнэр 23 цагийн үед Б ахын гэрт ирсэн. Би Б ахтай “Талын хар” гэдэг архи уусан ба архинаас нь 2-3 уусан байх, тэгээд тасраад бусад зүйлийг санахгүй байна. Нэг мэдэхэд эрүүлжүүлэх байранд сэрсэн. Би юу болсон талаар мэдэхгүй байна. Манай эхнэр надад хэлэхдээ “чи О эгчийг чулуугаар цохичихсон” гэж хэлсэн. Би согтуудаа О эгчтэй уулзахад хоёр нүд нь улайж хавдсан, баруун хөмсөгний дээд хэсэгт язарсан байдалтай байсан. Би хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Би О эгчийг дагуулж явж эмнэлэгт үзүүлж эм тариаг нь авч өгсөн” /хх-н 32/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогч С.Оийн гэмтэлтэй холбоотой “С.Оийн биед тархины доргилт, баруун хөмсөгний дотор дээд хэсэгт шарх, хамар ясны хугарал, хамрын хоёр хажуу, хоёр нүдний дотор булан, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн цохих үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн 6625 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 24-25/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Шүүгдэгч Э.Сын хувийн байдалтай холбоотой түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 38/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 39/, “........” ХХК-д ажилладаг талаарх тодорхойлолт /хх-н 40-41/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-н 42/, түүний охин болох С.Ц төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 44/, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-н45/, хохирогч С.Оийн “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-н 46/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 47/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсанаас гадна

гэрч Д.Б “... би Стай 2009 оноос хамт амьдарч, 2014 онд гэрлэлтээ батлуулсан. Бид хоёрын дундаас 2 охин төрсөн. С бид хоёр .... аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурч байгаад танилцаж байсан. Бид хоёр гэр бүл болоод ... аймгийн .... суманд амьдарч байсан ба 2017 онд ..... хотод орж ирсэн. С нь хувийн зан байдлын хувьд дөлгөөхөн, түргэн уур уцаар байхгүй. Ажлаа хийгээд байж байдаг элдэв аашгүй хүн байгаа юм” гэж /хх-н 18/ мэдүүлсэн байна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Э.Сыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Мөн шүүгдэгч Э.Сын гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Д.Б нь “... тэгээд би болиулах гээд очтол намайг түлхэж унагаад машиныхаа шилийг цохих гэж байгаад миний нүүр хэсэг рүү 1 удаа цохисон”, “... миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэж /хх-н 18/ мэдүүлсэн байх тул шүүх энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэмжээ хязгаарт хэлэлцсэн болно.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч С.О “... миний бие Сумьяасүрэн овогтой О нь Ст гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” /хх-н 46/ гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан байна.

 

Шүүгдэгч Э.С цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.С шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Э Сыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Сыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Э.С шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.С цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж  заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Ст урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           О.ЖАНЧИВНЯМБУУ