Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/567

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Г.Намжил

шүүгдэгч Ө.М, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* тоот хэргийг 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-нд ...... аймагт төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт .... дүүргийн .... дугаар хороо, ..... дугаар хороолол, ...... дүгээр байр, ....... тоотод оршин суух,

ял шийтгэл: 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр ...... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ....... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж, ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн,

******** дугаарын регистртэй, Т овогт Ө М

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Ө.М 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороонд байрлах “.......” түргэн хоолны газраас хохирогч Э.Эын эзэмшлийн Самсунг А-50 маркийн гар утсыг “фейсбүүк ороод өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж авч, эргүүлэн өгөлгүй бусдад худалдаж, хохирогчид 755.100 төгрөгийн хохирол учруулан залилсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ө.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Өмнөх шүүх хуралдаан дээр холбогдсон хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлсэн. Одоо дахин ярих зүйлгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулах болно гэв.

 

 

 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ө.Мд холбогдох энэ хэргийг .... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд ..... дугаартай шийтгэх тогтоолоор түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сар хорих ялаар шийтгэж, оногдуулсан 4 сарын хорих ял дээр ..... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 жил 5 сар 22 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт улсын яллагчийн эсэргүүцэл бичигдсэнээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянаад 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ..... дугаартай магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ө.Мд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасан байдаг.

Иймд хэргийг дахин хэлэлцэж дараах байдлаар шийдвэрлэлээ.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Э Э “... 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр “......”-д ажлаа хийгээд сууж байхад, манай компанид шинээр ажилд орсон М гэх залуу миний Самсунг А-50 маркийн гар утсыг гуйгаад авсан. Тэгэхдээ фейсбүүк хаягаараа интернэтэд ороод утсыг чинь эргүүлээд өгье гэж гуйхаар нь итгээд утсаа өгсөн. Би ажлаа хийж байгаад нэг харсан гадагшаа М гарах шиг болсон, түүнээс хойш огт орж ирээгүй. Тэгэхээр нь өөрийнхөө гар утас руу залгахад холбогдох боломжгүй байсан. 2 цагийн дараа очиж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Цагдаад өргөдөл өгснөөс хойш М ажил дээр ирээгүй, яг хаана амьдардаг, ямар учиртай хүн гэдгийг нь сайн мэдэхгүй, ажилд ороод удаагүй байсан. Манай ажилтан Мягмаржав миний утсыг М надаас гуйгаад авч байхыг харсан. Мягмаржав хэлэхдээ “М хаалгаар гараад яваад өгсөн” гэж хэлсэн. Самсунг А-50 маркийн, 2019 оны 12 дугаар сард 850.000 төгрөгөөр худалдаж авсан гар утас байсан” /хх-н 17/ гэж,

яллагдагч Ө М “... 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр ..... хотод өөрийн найз нөхөдтэй хамт гадуур архи уугаад явж байсан. Энэ өдөр 12 цагийн орчимд 3, 4 дүгээр хорооллын эцсийн “......” үйлчилгээний газарт мах шарагчаар ажиллаж байсан Эын А-50 загварын хар өнгийн гар утсыг аваад фейсбүүк орчхоод өгье гэж хэлээд авсан. Би гар утсыг нь авч гараад ..... төвд танихгүй хүнд 200.000 төгрөгөөр зарсан. Би мөнгөөр нь гадуур явж архи уусан. Утасны сим картыг нь утаснаас аваад хаясан. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Хохирлоо барагдуулаагүй байгаа.

Би дээрмийн хэрэг дээр 2 жилийн хорих ял авсан. Хорих ангиас суллагдаж байгаад хохирлоо төлнө. Би гар утас худалдаж авсан хүнийг танихгүй, зааж өгч чадахгүй” /хх-н 44/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогч Э.Эын эзэмшиж байсан гар утасны зах зээлийн үнэлгээг “Дамно” ХХК “... зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 755.100 төгрөг” /хх-н 31-32/ гэж үнэлжээ.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүгдэгч Ө.Мыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Ингэж шийдвэрлэхдээ анхан шатны шүүх өмнөх шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ө.Мд ял оногдуулахдаа хуульд байхгүй хорих ял оногдуулсан алдаагаа зөвтгөж засахаас гадна 2021 оны 7 дугаар сарын 02-ны батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн зохих заалтуудыг хэрэглэв.

Учир нь, шүүгдэгч Ө.Мы үйлдсэн 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороонд байрлах “......” түргэн хоолны газраас хохирогч Э.Эын эзэмшлийн Самсунг А-50 маркийн гар утсыг “фейсбүүк ороод өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж авч, эргүүлэн өгөлгүй бусдад худалдаж, хохирогчид 755.100 төгрөгийн хохирол учруулсан “залилах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн заалтад,

мөн шүүгдэгч Ө.М нь 2020 оны 4 дүгээр сарын 26, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрүүдэд үйлдсэн “дээрэмдэх” гэмт хэрэгтээ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ..... дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн заалтад тус тус хамаарч байна.

Иймд шүүгдэгч Ө.Мд энэ шийтгэх тогтоолоор оногдуулах 6 сарын хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн,

өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 22 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн тус тус солихдоо 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсгийн заалтыг баримталсан болно.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан заалтуудыг баримтлан өршөөл үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэв.

 

Хоригдол Ө.М Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар хорих ангид хорих ял эдэлж байсан байх ба хоригдлын хорих ял эдэлсэн ялын тооцоог 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар гарахад “01 жил 01 сар 22 хоног” гэжээ. /хх-н 51/

 

Хоригдол Ө.Мыг 415 дугаар хорих ангиас шилжүүлэн Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорих тухай Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 44 дугаартай захирамж 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гарсан ба харин түүнийг тус 461 дүгээр ангид 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хуяглан авчирсан, тэрээр өнөөдрийн байдлаар 152 хоног буюу 5 сар 2 хоног цагдан хоригджээ.

 

 

 

Өөрөөр хэлбэл ялтан Ө.Мд оногдуулах нийт хорих ялын хугацаа 1 жил 7 сар 22 хоног болохоор байх ба түүний цагдан хоригдсон 152 хоног буюу 5 сар 02 хоногийг хасаж тооцоход эдлэх хорих ял буюу Өршөөл үзүүлэх хуулийн дагуух зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаа 1 жил 2 сар 20 хоног болж байна.

 

Харин ялтан Ө.Мы 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр үйлдсэн “залилах” гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 787 дугаартай шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа түүнд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан энэ ялыг “дээрэмдэх” гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас тусад нь эдлүүлэхээр шүүхийн шийдвэрт заажээ.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлэх, ялаас өршөөн хасах, дүйцүүлэн хасах, дүйцүүлэн солих гэсэн зохицуулалт байхгүй тул ялтан Ө.Мд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 787 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэх заалтыг хэвээр үлдээв.

 

Шүүхээс шүүгдэгч Ө.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзав.

 

Түүнчлэн тэрээр өмнөх шүүх хуралдааны явцад болон өнөөдрийн шүүх хуралдаан дээр хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтын шаардлагыг хангасан гэж шүүх үзлээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч Ө.Маас 775.100 төгрөг гаргуулж хохирогч Э.Эад олгох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Т овогт Ө Мыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Мыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Хоригдол Ө.Мд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

 

шүүгдэгч Ө.Мд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай.

 

4. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсгийн заалтыг баримтлан шүүгдэгч Ө.Мд оногдуулсан хорих ялуудыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялыг хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан нэгтгэж, түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын нийт хугацааг 1 /нэг/ жил 7 /долоо/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө.Мы цагдан хоригдсон 152 /нэг зуун тавин хоёр/ хоног буюу 5 /тав/ сар 2 /хоёр/ хоногийг түүнд дүйцүүлэн сольж оногдуулсан нийт 1 жил 7 сар 22 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцон, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

6. Шүүгдэгч Ө.Мы зорчих эрхийг 1 жил 2 сар 20 хоногийн хугацаагаар хязгаарласан ялыг түүний оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, уг ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

7. Шүүгдэгч Ө.М зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

8. Шүүгдэгч Ө.Мыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангиас нэн даруй суллаж, сулласан талаар тус хорих ангид мэдэгдэхийг шүүгчийн туслах Б.Бат-Оргилд даалгасугай.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Мд “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

10. Ялтан Ө.Мд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг 1 жил 2 сар 20 хоногийн хугацаагаар хязгаарласан ялыг эдэлж дууссаны дараагаас буюу тусад нь эдлүүлсүгэй.

 

11. Ялтан Ө.М нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

12. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Маас 755.100 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Эад олгосугай.

 

13. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдсугай.

 

14. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

15. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ө.Мд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ