| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сампилын Уранчимэг |
| Хэргийн индекс | 142/2017/00403/И |
| Дугаар | 00135 |
| Огноо | 2017-06-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 00135
Ч.Отгонжаргалын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2017/00528 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Ч.Отгонжаргалын нэхэмжлэлтэй
Хариуцагч Ж.Тунгалагт холбогдох
“2.100.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Ж.Тунгалагийн гаргасан давж заалдсан гомдлоор 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун, хариуцагч Ж.Тунгалаг, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.
Нэхэмжлэгч Ч.Отгонжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 2016 оны 1 дүгээр сарын 30-нд Ж.Тунгалагт 2,200,000 төгрөг өгсөн. 2,100,000 мобайл банкаар, 100,000 бэлнээр өгсөн. Буцааж өгнө гээд өгөхгүй байна. Иймд Ж.Тунгалагаас 2,200,000 төгрөг нэхэмжилж байгаа тул шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Отгонжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжиж байна. 2016 оны 11 сарын 30-ны өдөр Тунгалаг манай ажил дээр ирээд “Жи тайм сүлжээний бизнест ор,ашигтай,би мөнгийг чинь эргүүлэд өгье, чи санаа зоволтгүй” гээд 2,200,000 төгрөг авсан. Сүлжээгээ ярьсан,би ойлгохгүй гээд мөнгөө өгсөн. Надад өгсөн нэвтрэх нууц үгээр нь Жи тайм компаний хаягаар ороход нэвтрэхгүй болохгүй байсан тул би мөнгөө нэхэж эхэлсэн, Чулуунбаатар гэдэг хүнтэй нь очиж уулзсан. Мөнгийг нь бушуухан гаргаж өг гэсэн.Миний мөнгийг луйвардаж авсан гэж үзэж байна.2 200 000 төгрөгөө гаргуулж авмаар байна гэжээ.
Хариуцагч Ж.Тунгалаг шүүхэд гаргасан тайлбартаа:Ч.Отгонжаргалын нэхэмжлэлд дурьдсан 2,200,000 төгрөгийг Ж.Отгонжаргал миний бие өөртөө авч ашиглаагүй бөгөөд Ч.Отгонжаргал нь “Жи тайм” компаний вип хөтөлбөрт орж ажиллах саналыг хүлээн авч өөрийн хүсэлтээрээ зөвшөөрсөн учраас тус мөнгийг “Жи тайм” компаний дансанд шилжүүлсэн болно. Иймд “Жи тайм” компанид нэхэмжлэл гаргаж өөрийн хохирлыг барагдуулах бүрэн боломжтой болно. Бүх баримт материал нь “Жи тайм” компанид хадгалагдаж байгаа болно гэжээ.
Хариуцагч Ч.Тунгалаг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.Отгонжаргал бид найз нөхөд.Миний бие Жи тайм ХХК-ний бизнесийг санал болгосон.Хамтарч ажиллая,цалинд хүрэхэд нь туслая,ард нь хүн хийж өгье гэж яриад 2,200,000 төгрөг би авсан.Энэ мөнгийг би Жи тайм компаний дансанд хийсэн.Би “мөнгө аваад буцааж өгнө” гэж аваагүй.би хүчээр аваагүй,ярьж тохироод авсан.Тэгээд ажиллаад явж байтал Жи тайм компанийг Цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн.Одоо ч шалгаж л байна.Би өөрөө энэ Компаний бизнест 2016 оны 4 сард орсон.Нууц үгээрээ орохоор байршил нь харагддаг.Би Отгонжаргалд нууц үгийг нь өгсөн.Ажиллаж хөдөлмөрлөж байж мөнгөө авна.Түүнээс биш зүгээр байж байгаад авна гэж байхгүй шүү дээ.Мөнгийг Жи тайм ХХК-ний дансанд хийсэн тул би төлөхгүй.Энэ компани угаасаа хүмүүсийн хохиролыг барагдуулна гэж байгаа юм байна лээ гэжээ.
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2017/00528 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1,227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан Ж.Тунгалагаас 2,200,000 төгрөг гаргуулан Ч.Отгонжаргалд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 50,150 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 50,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Ж.Тунгалаг давж заалдсан гомдолдоо:
Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй хэргийг шийдвэрлэж нэг талыг баримталсанд гомдолтой байна. Нэхэмжлэгч Жи тайм сүлжээнд элсэхийн тулд миний дансаар мөнгөө шилжүүлсэн ба энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргасан, мөн нэхэмжлэгч шүүх хурал дээр маргахдаа “Надад хариуцагч нэвтрэх нууц үг өгсөн, түүгээр нь ороход нэвтрэхгүй байсан тул мөнгөө нэхсэн гэсэн. Нэхэмжлэгч Жи Тайм сүлжээнд элсэхийн тулд миний дансаар мөнгөө шилжүүлсэн гэдгийг сайн мэдэж байсан ба Отгонжаргал нь энэ сүлжээний нууц кодыг хүртэл мэдэж авчихаад сүлжээнийхээ үйл ажилагаанд ороод эхэлсэн юм. Гэтэл зөвхөн энэ мөнгийг миний дансанд шилжүүлж хийснээрээ надаас мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шударга бус явдал юм. Би энэ сүлжээний талаар Отгонжаргалд санал тавихад өөрөө хүлээн зөвшөөрсний үндсэн дээр, мөн өөрөө хүсэж 2.100.000 төгрөгийг миний дансаар дамжуулж "Жи тайм"сүлжээнд элсэн орж, дансанд нь би мөнгийг шилжүүлүүлсэн шүү дээ. Би энэ хүнийг албадаж, хүчээр мөнгийг нь дансандаа хиилгүүлээгүи, мөн энэ мөнгийг нь би авч хэрэглээгүй байхад шүүх надаас энэ мөнгийг гаргаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Аливаа сүлжээний эрсдлийг хүсэн элсэж орж буй иргэн өөрөө л хариуцах ёстой гэж бодож байна. Би эрсдлийг нь хүлээж , хариуцлагыг үүрнэ гэж үүрэг хүлээгээгүй.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд миний дансаар дамжуулж, "Жи тайм” сүлжээний мөнгийг шилжүүлж хийсэн гэдгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг юм. Үүнээс харахад хэний дансанд мөнгө байгаа нь илт тодорхой байхад зөвхөн "Жи тайм"сүлжээний дансанд хийсэн нь баримтаар тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр шүүх хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Ч.Отгонжаргал нь хариуцагч Ж.Тунгалагаас 2.200.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Ж.Тунгалаг нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй маргажээ.
Нэхэмжлэгч Ч.Отгонжаргал нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч Ж.Тунгалагийн дансанд 2.100.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн болох нь банкны депозит дансны хуулгаар тогтоогдсон байх ба 100.000 төгрөгийг хариуцагч бэлнээр авсан болохоо тайлбарласан байна.
Хариуцагч Ж.Тунгалаг нь нэхэмжлэгч Ч.Отгонжаргалын ашиг сонирхлын төлөө түүнээс олгосон бүрэн эрхийн дагуу сүлжээний бизнес эрхэлдэг “Жи Тайм” гэх гадаадын компанитай холбож өгөх үүрэг хүлээж 2.100.000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан уг компанитай холбож өгөх зуучлалын үүргээ гүйцэтгээгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Хариуцагч Ж.Тунгалаг нь Ч.Отгонжаргал “Жи Тайм” компанийн хөтөлбөрт орж ажиллах саналыг хүлээн авч өөрийн хүсэлтээрээ зөвшөөрсөн учраас “Жи Тайм” компанийн дансанд мөнгийг нь шилжүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын талаар татгалзсан тайлбар гаргасан боловч тайлбар, татгалзлаа нотлох баримтаар нотолж чадаагүй байна.
Иймд хариуцагч Ж.Тунгалагийн мөнгийг “Жи Тайм” ХХК-ийн дансанд хийсэн нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2017/00528 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ж.Тунгалагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Ж.Тунгалагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ
С.УРАНЧИМЭГ