Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 0051

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: Л.Энхбаяр

улсын яллагч: Ш.Алтанцэцэг

шүүгдэгчийн   өмгөөлөгч: С.Энх-Эрдэнэ

хохирогч: Н.Шинэбаяр

шүүгдэгч   С.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй  хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2  дах хэсэгт заасан гэмт хэрэгт  Хунтайж овогт Сайханжаргалын Мөнхбатад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  201625010512  дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 23-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

 

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хунтайж овогт Сайханжаргалын Мөнхбат, 1991 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, гагнуурчин  мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4 , эх, 2 дүүгийн хамт Завхан аймгийн Сонгино сумын 5 дугаар баг Бор-Өндөр 8 дугаар гудамжны 3 тоотод оршин суудаг, Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 169 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, /РД: ФБ91052474/

 

 Холбогдсон хэргийн талаар:

          С.Мөнхбат нь 2016 оны 2 дугаар сарын 11-ний өдөр  Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 58 тоотод оршин суух Н.Шинэбаярын гэрт түлхүүр тааруулан орж 18 ширхэг мөнгөн аяга, Галакси тааб-4 гар утас, Ай Пад, үнэртэй ус, үнэт эдлэл зэрэг эд зүйлсийг хулгайлан авч нийт 4.807.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт  холбогджээ.

 

                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч С.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр би Сансарт хүнтэй уулзсан. Тэгээд Шинэбаярын гэрт очиход гэрт нь хүн байхгүй байхаар нь эд зүйлийг нь авсан юм. Шинэбаярын гэр 15 дугаар хорооллын 24 дүгээр байрны 58 тоотод байдаг. Би гэрийг нь түлхүүрээр онгойлгож орсон. Би цагаан сарын өмнө Шинэбаярын гэрийн хажуугаар явж байгаад Шинэбаяртай таарч түүний гэр рүү юм зөөж өгч байхдаа төмөр оосортой түлхүүрийг нь авсан байсан юм. 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр би Шинэбаярын гэрээс 18 ширхэг мөнгөн аяга, ай пад, галакси жооё гар утас, галакси 5, 2,5 литрийн пивоны савтай нэрмэл архи 2, 0,75 литрийн Соёрхолт архийг хувцасны шүүгээнд байсан цүнхэнд хийгээд авч гарсан. Тэгээд Эрдэнэбилэгийн ажил дээр очиж байж байгаад хаалгаа хаахаар нь хамт  бүх архинуудаа уусан. Тэгээд маргааш нь Уртцагаан дээр очиж аягануудыг нь зараад буудалд сууж байгаад цагдаад баригдсан гэв.        

         Хохирогч Н.Шинэбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: С.Мөнхбат нь манай гэрт 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр, өдрийн цагаар манай гэрээс хулгай хийсэн байсан. Манай гэрийнхэн өдөр гэртээ ирээд эд зүйлээ хулгайд алдсан гэдгээ мэдэж цагдаа дуудсан. Манайх том жижиг нийлсэн 18 ширхэг мөнгөн аяга, галакси тааб-4 гар утас 1 ширхэг, галакси жооё гар утас 1 ширхэг, эхнэрийн үнэт эдлэлүүд, архи, монгол архи, цүнх зэргээ хулгайд алдсан. Энэ алдагдсан 18 ширхэг мөнгөн аяганаас 13 ширхэгийг, утас, үнэт эдлэлээ авсан. Үүнд 1 ширхэг манетан бөгж, архи нь байгаагүй. Одоо хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна. Шүүгдэгчийн ар гэрийн зүгээс хохирол төлбөр төлөх асуудлаа надтай уулзаж ярилцахгүй байна. Цаашид шүүгдэгчийг хохирол төлнө гэж бодохгүй байна. Мөрдөн байцаагчтай хамт Урт цагаан дээр очиж, Урт цагаан дээр шүүгдэгчийн зарсан 5 ширхэг мөнгөн аяганаас 1 ширхэгийг эргүүлэн авсан. Бусад аягыг нь хуулсан байсан. Хуулсан аяганаас нэгийг нь таньсан ба эргүүлж авахаар мөрдөн байцаагчид санал гаргасан боловч энэ асуудлыг шүүхээр шийднэ гэж хэлсэн гэв.

         Шүүгдэгч С.Мөнхбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Би 2016 оны 2 дугаар сарын 11-ны өдөр хуучин хамт ажилладаг байсан Шинээ инженерийн гэрийх нь гадна 11.00 цагийн орчмоос эхлээд 4 давхарт хүлээж байгаад гэрээс нь бүгдээрээ гараад явахаар нь би гэр лүү нь орсон. Тэд нар гэрээсээ хэдэн цагт гарсаныг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан хаалгаа дутуу хаагаад гараад явчихсан. Тэгээд би эхлээд орцноос гараад Шинээ инженерийг явсан байна уу үгүй байна уу гэдгийг харсан. Явчихсан байхаар нь эргэж гэр лүү нь ороод том өрөөний ширээн дээр байсан мөнгөн аяганууд, цаад талын өрөөний ширээн дээр байсан Галакси Тааб-4 Ай Пад, үнэртэй усыг нь авсан. Харин нөгөө талын өрөөнд нь ороод улаан шигтгээтэй савтай үнэт эдлэлүүдийг нь аваад гэрт нь байсан хар билүү цэнхэр байсан нэг цүнхэнд хийгээд гараад явсан. Тэндээсээ гараад би зам дээрээс такси бариад найз Билгээгийн Сонор плазагийн хойд талд байрлах ПС тоглоомын газар очоод тэндээ байж байгаад маргааш нь урт цагаан руу гарч  7 ширхэг мөнгөн аягыг нь нэрийг нь мэдэхгүй нэг ченжид 2 аягыг нь 65.000 төгрөгөөр зараад нөгөө тавыг нь хэдэн төгрөгөөр зарснаа санахгүй байна. Нийтдээ хэдэн төгрөгөөр зарснаа мэдэхгүй байна. Ямар ч байсан мөнгө авсан. 3 ширхэг мөнгөн аягыг нь Билгээгийн ажлых нь урд талд 70.000 төгрөгөөр Нинж алт барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан. Тэгээд зарсан мөнгөөрөө би Билэг дээд сургуулийн хажуу талд буудал аваад найз Билгээ, Төрөөгийн хамт архи ууж байгаад баригдсан. Би уг айлд түлхүүр тааруулж ороогүй. Хаалгаа дутуу хаагаад явахаар нь би орсон гэжээ./хх-ийн 87-88/

             Хохирогч Н.Шинэбаяр  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 2 дугаар сарын 11-ний өглөө 10.00 цагийн үед гэр бүлийн хамт айлд золголт хийхээр явчихаад үдээс хойш 14.30 цагийн орчимд гэртээ ирсэн. Гэртээ ирээд удаагүй байж байхад гэрт хүмүүс ирсэн. Ирсэн хүмүүстээ цай хийж өгөх гээд ширээн дээр байсан мөнгөн аягануудаа хартал алга байсан. Тэгээд гэрт хулгай орсон гэдгийг мэдсэн. Тэгээд цагдаа дуудчихаад гэртээ байсан эд зүйлсээ бүртгэж үзтэл Галакси таб-4 маркийн гар утас, Ай пад, үнэртэй ус, эхнэрийн үнэт эдлэлүүд савтайгаа алга болсон байсан. Мөн сүүлд ширээн дээр байсан 0.75 литрийн Соёрхол архи, 5 литрийн монгол нэрмэл архи, хүүхдийн Глакси жооё гар утас зэрэг алга болсоныг мэдсэн. Түүнээс гадна миний хуучин цүнхэнд байсан Ланд крузер Прадо 95 маркийн автомашины босоо тэнцүүлэгч  2 ширхэг байсан нь алдагдсан байсан. Ингээд камерийн бичлэг шүүж үзэхэд нэг залуу байсан би тухайн үед уг залууг таниагүй. Сүүлд бодоод байтал 2013-2014 онд хамт ажиллаж байсан Мөнхбат гэдэг залуутай адилхан байсан. Тэгээд цагдаа нарт хэлээд шалгуулахад Багшийн дээдийн орчимд буудалд найзуудтайгаа архи уугаад сууж байхад нь барьж авсан. Манай гэрт түлхүүр тааруулж орсон юм шиг байсан. 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр би гэртээ тавилгын хавтан зөөж оруулж байхдаа Мөнхбаттай тааралдаад гэр лүү хамт юм зөөлцүүлсэн юм. Тухайн үед Мөнхбатыг орсны дараа манай гэрт амьдардаг Мөнхдалай гэж хүүхдийн гэрийн түлхүүр алга болсон байсныг хулгай орсны дараа мэдсэн. Тэр түлхүүрийг Мөнхбатыг авсан гэж бодож байна гэжээ. /хх-ийн 30-31/ /хх-н 30-34/

          Иргэний нэхэмжлэгч Г.Наранцацрал  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 12.00 цагаас 15.00 цагийн хооронд ажиллаж байхад нэг залуу ирээд өөрийгөө Мөнхбат гэж танилцуулаад мөнгөн аяга авах уу гэхээр нь үзтэл 5-ийн хэмжээтэй 3 ширхэг аяга үзүүлэхээр нь 100.000 төгрөгөөр авна гэхэд үгүй 120.000 төгрөгөөр ав гээд тохироод мөнгийг нь өгөөд гарын хээ бичиг баримтаа аваад ир гэхэд нөгөө залуу гарч явчихаад эргэж орж  ирэхдээ бичиг баримтаа орхисон байна гээд дахиад 5-ийн хэмжээтэй мөнгөн аяга хоёр ширхэгийг авч орж ирээд дахиад авах уу гэхээр нь би тэр хоёр аягыг нь 70.000 төгрөгөөр авсан. Тэгээд би авсан өрөө шууд хуулаад материалд өгөөд 2 гайгүй шинэ аягыг нь авч үлдээд байж байсан ба харин нэг аяга нь бол мэдэгдэхгүй хуулагдчихсан байна. Одоо нэг аягыг нь эргүүлэн өгч байна. Уг залуу өөрийгөө би Завхан аймагт амьдардаг юм тэгээд цагаан сар болоод хотод ирчихээд Өмнөговь аймаг руу ажилдаа явах гэсэн чинь зардлын мөнгөгүй болчихоод байна гэхээр нь чи хулгайн юм зараад байгаа юм биш биз гэж хэлтэл үгүй би гэрийнхээ юмыг зарж байна гэж хэлэхээр нь итгээд авчихсан юм. Би хулгайн эд зүйл гэж мэдээгүй гэжээ. /хх-н 38-39/

          Иргэний нэхэмжлэгч Ц.Алтанцэцэг  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 13.00 цагийн үед гаднаас нэг танихгүй залуу орж ирээд ТҮЦ машинаас авсан иргэний үнэмлэхний лавлагаа бариад 3 ширхэг жижиг мөнгөн аяга барьцаанд тавих гээд орж ирэхээр нь үзий гээд үзсэн. Би уг аягануудыг 60.000 төгрөгөөр авий гэхэд 70.000 төгрөгөөр авчихаач гээд байсан. Тэгээд би 70.000 төгрөгөөр авсан. Уг залууг Мөнхбат гэж байсан. Тэр залуу мөнгөн гинж зарахаар байна уу гэхээр нь байна гэхэд үзий гэсэн. Би зарах байсан мөнгөн гинжээ үзүүлэхэд зүүж үзчихээд энийг чинь авий гэсэн тэгээд хэд юм бэ гэхээр нь би 50.000 төгрөг гэхэд зөвшөөрч авсан. Тэгээд надад нэмж 20.000 төгрөг өгөөд гарч явсан гэжээ. /хх-ийн 40/

 /хх-н 40-42/

           Гэрч Б.Адьяасүрэн  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 09.00 цагийн үед ажил дээрээ ирсэн. 10.00 цагийн үед гаднаас намхан багавтар сахалтай 23 орчим настай залуу орж ирсэн. Орж ирээд ахаа мөнгөн аяга худалдаж авах уу гэсэн. Би худалдаж авна ямар учиртай аяга юм бэ гэж асуухад уг залуу миний өөрийн аяга байгаа юм, хөдөө явж золголт хийхэд мөнгө  хэрэгтэй болоод байна гэж хэлсэн. Би хулгай хийсэн эд зүйлс биш биз дээ гэж лавлаж асуухад залуу тэвдэж сандарсан шинжгүй үгүй ээ миний аяга гэж хэлсэн. Тэгээд юманд боодолтой 2 ширхэг мөнгөн аяга үзүүлсэн. 5-ын хэмжээтэй, нимгэн 2 ширхэг мөнгөн аяга байсан ба би 65.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Аягыг нь худалдаж авах үед надад бэлэн мөнгө байгаагүй ба банкнаас авах болсон. Тэгэхэд нөгөө залуу ахаа Теди төв орчихоод буцаад ирье гээд гүйгээд явсан. 10 орчим минутын дараа хүрч ирээд мөнгөө аваад явсан. Маргааш өдөр нь ажил дээрээ байхад 13.00 цагийн орчимд цагдаагаас хүн ирээд худалдаж авсан 2 мөнгөн аягыг хулгайн эд зүйл болохыг хэлээд надаас хурааж авсан гэжээ. /хх-ийн 43-44/ /хх-н 44-45/

   Гэрч Ж.Мягмаржаргал  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Шинийн 3-ны өглөө гэр бүлийн хамт 10.00 цагийн орчимд гэрээсээ бүгдээрээ гараад Американ дэнж хотхонд айлд очиж золголт хийчихээд өдөр 14.40 цагийн үед ирсэн. Гэртээ ирэхэд манай гэрт манай ажлыхан ирэх гээд түрүүлээд нэг эмэгтэй ирчихсэн байсан ба уг эмэгтэйд цай хийж өгөх гээд манай охин аяга асуухаар нь ширээн дээр байгаа гэхэд алга гэсэн. Тэгээд эрэл сурал болсон. Гэтэл манай охины гар утас мөн алга болсон байсан. Би өөрийнхөө өрөөнд ороонд ээмэг бөгжөө хийдэг саваа үзтэл алга болсон байсан. Ингээд цагдаа дуудсан гэжээ. /хх-ийн 45/

 /хх-н  46/

    Насанд хүрээгүй гэрч Ш.Халиунаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  2016 оны 2 дугаар сарын 11-ний өдөр гэр бүлийн хамт 10.00 цагийн үед гэрээсээ гараад би гэрээ түгжээд Амеркан дэнж рүү айлд очихоор явсан. Тэндээсээ 11.00 цаг өнгөрөөгөөд гэртээ ганцаараа эргэж ирээд цүнхээ аваад буцаж гарахдаа дотор хаалгаа хаагаад гадна талын бүргэд хаалгаа хаагаад түлхүүрээрээ хоёр эргүүлж цоожлоод гараад явсан гэжээ. /хх-ийн 46/ /хх-н 47-/

          Гэрч Л.Эрдэнэбилэг  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 2 дугаар сарын 9-ний өдөр цагаан сарын баяраар би ажил дээрээ байхад Мөнхбат ороод ирсэн. Намайг тэнд ажиллаж байгаа хүнээс сонсоод ирлээ гэж байсан. Тухайн үед согтуу байсан ба ахтайгаа зодолдоод зодууллаа, найз нь хэд хоногоос хөдөө яваад ээжээс мөнгө авна, тэгээд буцаж ирээд байр түрээслээд тогтвортой амьдарна, надад очих газар байхгүй байна, би энд чинь 2-3 хоног байж байгаад явья, чи туслаач гэхээр нь би эхэндээ зөвшөөрөөгүй сүүлдээ гуйгаад байхаар нь зөвшөөрсөн. Мөнхбат 2 өдөр манай РС тоглоомын газар байсан. Өдөр нь ирж очин байсан. 2016 оны 2 дугаар сарын 11-ний өдөр цуг ажилладаг Энхтөр ажилласан. Би 09.00 цагийн үед унтсан. 13.00 цаг өнгөрч байхад Мөнхбат ирээд намайг сэрээгээд цуг архи ууя, мань чамд бэлэг өгье гээд хөх өнгийн дэлгэцтэй мэдрэгчтэй утас өгсөн. Би юун утас юм бэ гэж асуухад Мөнхбат миний өөрийн утас чамд бэлэглэе, мань нь маргааш нөгөөдрөөс хөдөө явлаа гэж хэлсэн. Би утсыг нь аваад кассандаа тавьсан. Мөнхбат 0.75 литрийн архи болон 2 ширхэг савтай нэрмэл архи авчирсан байсан ба гэртээ хариад ирлээ, гэрээсээ нэрмэл архи авчирсан гэж хэлсэн. Би ажилтай байсан учир ажлаа хийж байгаад орой 23.00 цагийн үед хаалгаа хаасан. Тэгээд ажил дээрээ нөгөө архийг хувааж уусан. Би согтож тасраад унтсан ба 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр нөгөө ээлжийн Нямхүү хүрч ирэхэд би сэрсэн. Сэрэхэд Мөнхбат байхгүй байсан. Ажиллаж байгаад дахиад унтсан ба 15.00-16.00 цагийн үед Мөнхбат хүрч ирээд намайг сэрээсэн. Мөнхбат гараад зочид буудлын өрөө авья чи усанд орчих тэгээд буудалд ууя, чи сайхан амарчих, мань нь маргааш явлаа гэсэн. Тэгээд цугтаа гараад явж байхад Энхтөр таарсан. Энхтөртэй Мөнхбат өмнө нь таараад дуудсан байсан. Бид 3 Спортын төв ордны хойд талд байдаг Стар нэртэй зочид буудалд 2 ортой өрөө авсан. Мөнхбат тооцоог нь өгсөн. Мөнхбат 0.75 литрийн ерөөл, ундаа, тамхи, чипс гэх мэтийн зүйлс авсан байсныг  ууж идсэн. Энхтөр түрүүлээд усанд ороод би усанд орох гэж байтал буюу 17.00 цагийн үед цагдаа ирээд бид нарыг барьж хэлтэс дээр авчирсан гэжээ. /хх-ийн 47-48/ /хх-н 48-49/

           Гэрч Г.Энхтөр   мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр ажиллаж байхад 22.00 цагийн үед Мөнхбат хүрч ирсэн. Мөнхбат цүнх бариад орж ирсэн. Мөнхбат надад хонох газар байхгүй, би Оюу толгойд ажиллаж байгаа, цалин буутал энд байя, цагаан сарын дараа явна гэж гуйсан. Тэгээд Эрдэнэбилэг зөвшөөрөөд байлгасан. Мөнхбат 2016 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүртэл манай газар байсан. Өдөр шөнөжингөө байсан. 2016 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 11.00 цагийн үед Эрдэнэбилэг унтаж байхад Мөнхбат би ойрхон гарчихаад ирье 1 цаг орчим болох байх гэж хэлээд явсан. 13.00 цагийн үед буцаж орж ирэхдээ хөх өнгийн том цүнхтэй ирсэн ба энэ дотор миний хувцас байгаа, өрөөнд чинь оруулчихья гэж хэлээд цүнхээ оруулсан. Цүнхээ тавьчихаад буцаж гарч ирэхдээ гартаа цагаан өнгийн дэлгэцтэй мэдрэгчтэй гар утас, хөх өнгийн гар утас барьсан байсан. Тэгээд Эрдэнэбилэгийг сэрээгээд босоод ир ярих юм байна гэсэн. Тэгснээ Эрдэнэбилэгт чи миний утсыг ав, чамд бэлэглэе гээд хөх өнгийн утсаа өгсөн. Эрдэнэбилэг утсыг нь аваад кассанд хийсэн. Тэгснээ Мөнхбат өлсөөд байна юм олж идье гээд Эрдэнэбилэгтэй гарсан. Тэгээд цагаан өнгийн гар утсаа дэлгүүрт түр барьцаанд тавиад бэлэн гоймон, талх, хиам, тамхи ундаа аваад орж ирсэн. Юм идэж байхад Мөнхбат цүнхэнд нэрмэл архи байгаа гэрээсээ авчирлаа цуг ууя гэхэд Эрдэнэбилэг ажилтай байна орой тараад болье гэсэн. Тэгээд 23.00 цагийн үед хаалгаа хаагаад үйлчлүүлж байсан хүмүүсийг явсны дараа Эрдэнэбилэг, Мөнхбат бид нар том пивоны савтай нэрмэл архи болон 0.75 литрийн архи хувааж уусан. Архи уусан байхдаа Мөнхбат хүмүүсээс холдсоны дараа надад чамд ярих юм байна хэнд ч битгий хэлээрэй гэсэн. Тэгээд цүнхэн дотор миний юмнууд байгаа 18 ширхэг мөнгөн аяга, Ай пад, үнэт эдлэлтэй хайрцаг байгаа тэд нарыг өөр өрөөнд хийгээд өг хүнд алдчихна би өглөө авья гэсэн. Тэгээд би тэр цүнхийг нь нээж үзэхэд хэлсэн зүйлүүд нь цүнхэн дотор байсан. Би тэр зүйлүүдийг нь цүнхтэй нь цуг аваад хажуу талын өөр өрөөнд тавьсан. Архи нь дуусахад Мөнхбат 1 ширхэг мөнгөн аягаа аваад гарсан тэгээд буцаж орж ирээгүй. Маргааш нь 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 09.00 цагийн үед Мөнхбат орж ирээд цүнхтэй эд зүйлээ аваад явсан. Тэр үед Эрдэнэбилэг унтаж байсан. Би 14.00 цагийн үед орлогын мөнгө болох 170.000 төгрөгийг захирал Уянгад тушаах гээд гарахад Мөнхбат такситай ирж таарсан. Мөнхбат Эрдэнэбилэгийг дуудчих гэхээр нь би би яарч байна өөрөө ороод уулзчих гэсэн. Мөнхбат зүгээр дуудчих би ломбарданд байж байя гэж хэлсэн. Би буцаж ороод Эрдэнэбилэгт гадаа Мөнхбат дуудаад байна гэж хэлсэн. Тэгээд гараад Мөнхбат дээр очоод Эрдэнэбилэг босож байна гэж хэлэхэд чи явж орлогоо өг тэгээд буцаад ир гэж хэлсэн. Би орлогоо өгөөд 30 минутын дараа  ирэхэд Эрдэнэбилэг, Мөнхбат 2 байгаагүй. Тэгээд байж байтал 10 минут орчмын дараа Эрдэнэбилэгтэй утсаар ярихад урд талын зочид буудалд байна чи хүрч ирээд усанд ор гэж хэлэхээр нь заасан зочид буудалд нь очиход Мөнхбат, Эрдэнэбилэг 2 архи ууж байсан. Мөнхбат 7 ширхэг мөнгөн аяга байна хаана зарах бэ гэсэн. Тэгснээ хүн рүү залгаад мөнгөн аяга байна авах уу гэхэд тэр хүн очиж харж байгаад болно гэж хэлсэн. Тэр хүн 30-40 минутын дараа тэр ярьсан хүн нь цагдаа дагуулаад ирсэн. Мөнхбат 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр ирэхдээ юу ч үгүй байсан. Мөнгө төгрөг ч байгаагүй. 3 хонохдоо бид нараар хоол авахуулж идэж байсан. Тэгээд 2016 оны 2 дугаар сарын 11-ний өдөр гарч яваад буцаж ирэхдээ цүнхтэй юм авчирсан ба миний хувцаснууд гэж хэлсэн. Тэр үед би цүнхэн доторхийг хараагүй. Орой архи ууж байхдаа Мөнхбат надад цүнхэн дотор 18 ширхэг мөнгөн аяга, үнэт эдлэлтэй хайрцаг, Ай пад, цагаан өнгийн утас байгаа, манай аав, ээж, дүүгийн юмнууд байгаа юм зараад мөнгө нь хэрэгтэй байна энэ өрөөнд байвал алдаж магадгүй чи өөр газар тавьчих гэж хэлсэн. Би тухайн үед итгээгүй хулгай хийсэн байх гэж сэжиглэж байсан. Би сэжиглэж байсан боловч айгаад хүнд хэлэлгүй, цүнхийг нь өөр өрөөнд тавьсан гэжээ. /хх-ийн 49-50/ /хх-н 50-52/

        Гэрч П.Мөнхболд  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Миний ах Сайханжаргалын Мөнхбат нь 1991 оны 5 дугаар сарын 24-нд Орхон аймаг Эрдэнэт хотод  айлын ууган хүү болон мэндэлсэн доороо 2 дүүтэй. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж 1999 онд Эрдэнэт хотод сургуульд орсон. 2001 оны үед гэр бүлээрээ Завхан аймагт шилжин ирж амьдарсан. С.Мөнхбат дунд сургууль төгссөн. 2009 онд сургуулиа төгсөөд Завхан аймгийн ТМС-д суралцаж гагнуурчны мэргэжлээр сургуулиа төгссөн. Сургуулиа төгсөөд цэрэгт татагдаж 1 жилийн цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд ээжтэй 1 жил орчим цуг байж байгаад архи уугаад байсан учир гэрээсээ хөөгдсөн. Улаанбаатар хотод ирээд тодорхой ажилгүй байсан байх. Зан байдлын хувьд огцом ширүүн зантай. Уурласан үедээ их агсам, онгироо зан байдал гаргадаг. Бусад хүмүүстэй харьцахдаа эвийг нь олоод  харьцаж чаддаг. Хүнд туслах зан байдаг байж магадгүй. Олон дунд нийтэч зан чанартай. Найз нөхөд олонтой. Гэртээ байхдаа ажил төрөл сайн хийдэг. Өөр газар ажиллаж байхыг нь би мэдэхгүй юм байна. Хүмүүс болохоор ажилдаа сайн гэж ярьдаг юм байна лээ. Хичээлдээ сайн сурдаг байсан. Дуу хөгжимд сонирхолтой.Мөнхбат ах цэргээс халагдаж ирээд архи их уудаг болсон. Архи уусан үедээ аймаар олон зантай. Намайг ямар ч шалтгаангүйгээр зоддог. Ээжид хүртэл гар хүрч байсан. Ямар ч хүнд агсам согтуу зан гаргадаг. Дүгнээд хэлэхэд Мөнхбат нь сайн ч биш, муу ч биш хүн юм. Манай эцэг эх хоёр биднийг бага байхад салаад би аавтайгаа, Мөнхбат ээжтэй байж өссөн. Би 2001 онд буцаад ээж дээрээ ирсэн. Мөнхбаттай харьцаад байдаггүй болохоор сайн мэдэхгүй байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд Мөнхбаттай харьцаагүй. Зуны 3 сард л хааяа нэг уулздаг байсан. Манай ээж Сайханжаргал Завхан аймгийн Сонгино суманд амьдардаг гэжээ. /хх-н 53-54/

        2016.02.11-ний өдрийн МО56 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хэргийн газраас бэхжүүлж авсан 6 ширхэг гарын мөр 5-нь шинжилгээнд тэнцээд 4 дугаартай гарын мөр шинжилгээнд тэнцээгүй байна. АДИС папилон санд байгаа хүмүүсийн гарын дардастай болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас ирүүлсэн мөрүүдтэй тохирохгүй байна гэсэн дүгнэлт /хх-н 56-60/

         Хэрэг учралын газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-н 6-11/

          Н.Шинэбаяр,Б.Адьяасүрэн нараас асууж авсан тайлбарууд /хх-н 12-14/, илтгэх хуудсууд /хх-н 15-19/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл/ хх-н 20-29/, алдагдсан зүйлийн үнэлгээ/ хх-н 35-37/

         Сэжигтнийг баривчлах тогтоолд 2016.2.12-ны өдрөөс эхлэн баривчлах тогтоол гарсан байна/ хх-н 72-85/   

         С.Мөнхбатыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэлүүд /хх-н 86-93/

          С.Мөнхбатын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 95,102/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас:./хх-н 96/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 171-172/ зэрэг болно.

         С.Мөнхбат нь 2016 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 58 тоотод оршин суух Н.Шинэбаярын гэрт түлхүүр тааруулан орж  7-н хэмжээтэй 4 ширхэг мөнгөн аяга, 6-н хэмжээтэй 5 ширхэг мөнгөн аяга, 5-н хэмжээтэй 9 ширхэг мөнгөн аяга, Ай рад 64 гб нэг ширхэг,  Прада машины босоо тэнцүүлэгч 2 ширхэг, 0.75 литрийн хэмжээтэй Соёрхол архи нэг ширхэг, 4 литр нэрмэл архи, Восс үнэртэй ус, нимгэн солонгос монетон бөгж нэг ширхэг, Галакси жоё гар утас нэг ширхэг, 3 ширхэг мөнгөн бөгж, мөнгөн,  алтан бүрмэл кулон, Шанел үнэртэй ус нэг ширхэг, ягаан өнгийн шигтгэдэг ээмэг нэг ширхэг, мөнгөн хайрцаг нэг ширхэг,  Галакси тааб-4 гар утас нэг ширхэг, зэрэг эд зүйлсийг хулгайлан авч нийт 4.807.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

       Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

       С.Мөнхбат нь нэг сар гаруй хугацааны өмнө  Н.Шинэбаяртай гэрийнхээ хавтан зөөж байхад нь таараад гэр лүүгээ  хавтан зөөгөөд өгөөч гэж гуйхад нь зөөж өгч байгаад гэрийнх нь хүүхдийн өрөөнд байсан нэг ширхэг түлхүүрийг эргэж хулгай хийх зорилгоор авч гараад 2016.2.11-ний өдөр гэрт хүнгүй үед нь түлхүүрээр нь онгойлгон орж эд зүйлс хулгайлсан нөхцөл байдал хангалттай тогтоогдож байна.

Түүний энэ үйлдлийг нь зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги зөв тохирсон байх тул  С.Мөнхбатыг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг орон байранд нэвтэрч    үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

      Хохирогчид нийт 4.807.000 төгрөгийн хохирол учруулсанаас эргэж өгсөн эд зүйлийн үнэ 3.707.200 төгрөгийг хасаж үлдэх 1.099.800 төгрөгийн хохиролыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар  С.Мөнхбатаас гаргуулан нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

      Энэ  хэрэгт шийдвэрлэвэл зохих  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж  ирсэн эд хөрөнгөгүй болохыг  дурьдав.

      Энэ хэрэгтээ шүүгдэгч С.Мөнхбатийн 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс  энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 144 хоногийг баривчлах ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй гэж үзэв.  

          2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 169 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан нь Эрүүгийн хуулийн 78  дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт заасан тэнсэж хянан харгалзсан хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй бол ялгүй болно гэж заасанаас үзэхэд С.Мөнхбат нь тэнсэж  хянан харгалзсан хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй учраас ялгүй болж шүүх анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

      Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1. дэх хэсэгт заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан баривчлах ялыг сонгож оногдуулахаар шийдвэрлэв.   

   

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Хунтайж овогт Сайханжаргалын Мөнхбатыг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг орон байранд нэвтэрч    үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар С.Мөнхбатаас эд хөрөнгө хураахгүйгээр  6 /зургаан /сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дах хэсэгт зааснаар С.Мөнхбатыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд баривчлах ялыг  ганцаарчлан эдлүүлсүгэй.

         4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дах хэсэгт зааснаар С.Мөнхбатын 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 144 /нэг зуун дөчин дөрвөн /  хоногийг баривчлах ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

         5.Энэ  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж  ирсэн эд хөрөнгөгүй болохыг  дурьдсугай.

         6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар  С.Мөнхбатаас 1.099.800 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 15 дугаар хороололын 24 дүгээр байрны 58 тоотод оршин суух / РД: ЗЮ77122935/ Н.Шинэбаярт олгосугай.

        7.С.Мөнхбатад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.

         8.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

 9.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэйг дурьдсугай.

10. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Мөнхбатад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ    авсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН