| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2021/0180/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/181 |
| Огноо | 2021-07-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,
Шүүгдэгч: В.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000170 тоот хэргийг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******, / регистрийн дугаар: ******* /
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч В.Б нь 2021 оны 05 дугаар сарын 15-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах шүдний эмнэлгийн хашаанд байх гэртээ иргэн Б.Атай хувийн таарамжгүй харьцаан улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч В.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би утсаараа тоглоом тоглоод байж байсан тэгээд А мөнгө яаж авах вэ гэж надаас асуусан тэгэхээр нь би чи дэлгүүр хоршоо орох уу эсвэл Хаан банкны данс олоод өг би шилжүүлье гэсэн тэгсэн чинь А би чамаас наад мөнгийг чинь гуйж авч байгаа юм уу наад мөнгийг чинь манай найз явуулсан юм аа гээд уурласан тэгэхээр нь би харин тээгд би Хаан банкны данстай хүн олчих тэгээд би шилжүүлээд өгье гэж байна ш дээ гэсэн. Тэгсэн чинь манай хүүхэд ******* А дээр очоод та одоо унт гэсэн чинь А манай хүүхдийг түлхээд унагаасан тэгэхээр нь би Аыг хүүхэд яагаад түлхэж байгаа нь гээд очоод цохисон юмаа...гэх мэдүүлэг /хх-ийн 53-55/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Б мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2021 оны 05 дугаар сарын 15-ны орой ******* гэх найзтайгаар хамт дунд захын арын шүдний эмнэлгийн хашаанд байх Бийнд очсон...Тэгээд Бийнд авч очсон архиа хувааж ууж дуусаад би Тэмка гэх найзаасаа 10 000 төгрөг Бийн данс руу хийлгэсэн. Тэгээд ээжтэй яриад Хаан банкны карт байгаа юу гэж ярьсан тэгсэн манай ээж байхгүй гэсэн. Тэгээд би Бтэй 10 000 төгрөгөө би чамаас гуйж авах гээгүй гээд маргалдсан. Тэгсэн чинь Бийн хүүхэд над дээр ирээд А ахаа одоо унт гэсэн тэгсэн чинь би Бтэй маргалдаж байгаад хүүхдийг нь түлхээд унагасан юм аа. Тэгсэн чинь Б босож ирээд намайг цохисон...Б миний хөмсөгний дээр хэсэгт гараараа цохисон.Тэгээд доошоо тонгойсон чинь миний нүүр лүү цохисон...Би биед авсан гэмтэлдээ ямар нэгэн эмчилгээ хийлээгүй. Холбогдох баримт бичиг байхгүй. Б бид хоёр найзууд болохоор одоо хоорондоо эвлэрсэн одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 06-12 /
4. Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нөхөр, 3 хүүхдийн хамт гэртээ байж байсан чинь манай нөхөр Бийн найз болох А ирсэн. Би тухайн үед хоёр хүүхэдтэйгээ гэрийнхээ гадаа байж байсан чинь А ах намайг түлхсэн гэсэн. Тэгэхээр нь би гэртээ гүйгээд орсон чинь манай нөхөр Б нь хүүхэд түлэхээр нь цохисон гээд А тэр Б хоёр гэрт байж байсан...... гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/
5. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 252 дугаартай шинжээчийн:
1. Б.Аын биед дух, доод уруулд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой....гэх дүгнэлт /хх-ийн 24-25/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байна гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч В.Б нь 2021 оны 05 дугаар сарын 15-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах шүдний эмнэлгийн хашаанд байх гэртээ иргэн Б.Атай хувийн таарамжгүй харьцаан улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон болох нь хохирогч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, гэрч Д.Бын мэдүүлэг Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 252 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Бийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул түнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.А нь нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгч В.Бийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ний өдөр Тулгар төр байгуулагдсаны 230 жил, Их Монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж 2021 оны 07 дугаар сарын 06-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилсан байна.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.1.2-д “ 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ний өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдсэн хүн хуулийн этгээд хамаарна” гэж заасан бөгөөд шүүгдэгч В.Б нь 2021 оны 05 дугаар сарын 15-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нолох баримтаар нотлогдож байх тул түүнийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарах этгээд мөн гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч В.Бийн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйл “ялаас өршөөн хасах”, 7 дугаар зүйл х”хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих”, 9 дүгээр зүйл “өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг эрүүгийн хариуцлагын төрөл”-д тус тус багтаагүй тул Шүүхээс шүүгдэгч В.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ гэмт хэргийн улмаас нөхөн төлөх төлбөр байхгүй гэж дүгнэж түүний холбогдсон эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч В.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч В.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйл, 12.8 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч В.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч В.Б нь энэ хэргийн учир хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч В.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.9 дүгээр зүйлд зааснаар зааснаар зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч В.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ