Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 134/ШШ2017/00109

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 1961 онд төрсөн, эмэгтэй, 56 настай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 122 дугаар байрны 05 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхойажилгүй, Боржигин овогт Төмөрийн Туяагийн /РД:ЕЙ61091108, утас: 93118588, 89457721/ хүсэлттэй

 

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Туяа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Т.Туяа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1979 оны 09 дүгээр сарын 01-нд Улаанбаатар Төмөр замын харъяа Хүүхдийн байгууллагын секторын 9 дүгээр цэцэрлэгт асрагчаар ажилд орж, 1995 оны 04 дүгээр сарыг хүртэл тасралтгүй 16 жил ажилласан юм. 2016 онд 55 нас хүрээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ хаяж үрэгдүүлснээс болж тэтгэвэр авах боломжгүй болсон. Тухайн үед асрагчаар ажиллаж байсан боловч хүнгүй үед цагаан хэрэглэлийн угаагч, сахиул, багшийн туслах гээд янз бүрийн ажил хийдэг байсан. Иймд бүрдүүлсэн материалуудыг үндэслэн миний ажилласан 16 жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Туяа нь Улаанбаатар Төмөр замын Хүүхдийн байгууллагын секторын харъяа 9 дүгээр цэцэрлэгт 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 04 дүгээр сарыг дуустал хугацаанд асрагч, цагаан хэрэглэлийн угаагч, багшийн туслах, сахиул зэрэг албан тушаалд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

 Нэхэмжлэгч Т.Туяа нь анх 1979 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар Төмөр замын Хүүхдийн байгууллагын секторын харъяа 9 дүгээр цэцэрлэгт асрагчаар түр хугацаагаар томилогдон ажилд орсон байх бөгөөд уг цэцэрлэг нь 1988 оны 05 дугаар сард Улаанбаатар Төмөр замын Нэгдсэн эмнэлгийн харъяа Чойр зангилааны Сансар цэцэрлэг, 1991 оны 04 дүгээр сард Улаанбаатар Төмөр замын Хүүхдийн байгууллагын секторын харъяа Чойр Сансар цэцэрлэг болон нэр нь өөрчлөгдсөн болох нь Улаанбаатар Төмөр замын Нэгдсэн эмнэлгийн даргын 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А-02 тоот Цэцэрлэг, эмнэлгүүдийг харъяалалын дагуу ажиллуулах тухай тушаал, түүний хавсралт, Улаанбаатар Төмөр замын Хүүхдийн байгууллагын секторын даргын 1991 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б-03 тоот УБТЗамын цэцэрлэгүүдийн ажилтан, ажилчдыг шилжүүлэн авах тухай тушаал зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Ийнхүү нэхэмжлэгч Т.Туяагийн ажиллаж байсан байгууллагын нэр өөрчлөгдөж байсан хэдий ч шүүх түүний анх ажилд ороход нэрлэж байсан Улаанбаатар Төмөр замын Хүүхдийн байгууллагын секторын харъяа 9 дүгээр цэцэрлэг нэрээр ажилласан байдлыг нь тогтоолоо.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээд нэхэмжлэгчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв: Үндэслэл нь:

 

Нэхэмжлэгч Т.Туяа нь Улаанбаатар Төмөр замын Хүүхдийн байгууллагын секторын харъяа 9 дүгээр цэцэрлэгт 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд цагаан хэрэглэлийн угаагчаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Улаанбаатар Төмөр замын төрөлжсөн архивын 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 405 дугаартай Төмөр овогтой Туяад цалингийн түүвэр олгох тухай лавлагаа, Улаанбаатар Төмөр замын Чойр зангилааны Нэгдсэн эмнэлгийн даргын 1988 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/032 дугаартай Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын хуулбар, 1986 оны 9 дүгээр сард цэцэрлэгийн хамт олны авахуулсан фото зураг, Улаанбаатар Төмөр замын Нэгдсэн эмнэлгийн даргын 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А-02 дугаартай Цэцэрлэг, эмнэлгүүдийг харъяалалын дагуу ажиллуулах тухай тушаалын хуулбар, түүний хавсралт, Улаанбаатар Төмөр замын Нэгдсэн эмнэлгийн даргын 1988 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б-020 дугаартай Ажилд авах, ажлаас чөлөөлөх, өөр ажилд томилох тухай тушаалын хуулбар, Улаанбаатар Төмөр замын Чойр зангилааны Нэгдсэн эмнэлгийн даргын 1989 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/042 дугаартай Ажилд авах, ажлаас халах тухай тушаалын хуулбар, Улаанбаатар Төмөр замын Чойр зангилааны Нэгдсэн эмнэлгийн даргын 1991 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 025 дугаартай Ажилчдын жилийн эцсийн ажлын үр дүнгийн шагнал олгох тухай тушаалын хуулбар, Улаанбаатар Төмөр замын Хүүхдийн байгууллагын секторын даргын 1991 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/03 дугаартай Улаанбаатар Төмөр замын цэцэрлэгүүдийн ажилтан, ажилчдыг шилжүүлэн авах тухай тушаалын хуулбар, гэрч Д.Эрдэн-Оюуны мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Учир нь хэрэгт  авагдсан Улаанбаатар Төмөр замын Хүүхдийн байгууллагын секторын даргын 1979 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/106 дугаартай Түр ажилд ажлуулах тухай тушаалын хуулбар, Улаанбаатар Төмөр замын хүүхдийн байгууллагын секторын даргын 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/143 дугаартай Бүр ажилд томилон ажилуулах тухай тушаалуудаар нэхэмжлэгч Т.Туяа нь анх 1979 оны 06 дугаар сарын 23-ны өдөр тус цэцэрлэгт асрагчаар ажилд орсон үйл баримт тогтоогдож байх боловч 1980-1986 он хүртэл хугацаанд тасралтгүй ажиллаж байсныг нотлох баримтууд болон асрагчийн ажлаас хэзээ чөлөөлөгдөж, хэзээ цагаан хэрэглэлийн угаагчаар томилогдсон зэрэг нь тодорхойгүй байх тул шүүх түүнийг 1979-1985 оныг дуустал хугацаанд ажилласан гэж тогтоох боломжгүй байна.

Мөн Улаанбаатар Төмөр замын Нэгдсэн эмнэлгийн харъяа Чойр зангилааны Сансар цэцэрлэг нь 1991 оны 04 дүгээр сард Улаанбаатар Төмөр замын Хүүхдийн байгууллагын секторын харъяа Чойр Сансар цэцэрлэг болон өөрчлөгдөхөд Т.Туяа нь цагаан хэрэглэлийн угаагчаар шилжин ажилласан байх боловч үүнээс хойш 1993 оныг дуустал хугацааны ажилласан байдлыг тогтооход ач холбогдол бүхий шүүхийн шийдвэрийн үндэслэл болох баримтууд хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд цалингийн түүврийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон бусад баримтуудтай харьцуулан үнэлж 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажиллаж эхлээд 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр буюу тухайн хичээлийн жилийн эхэнд ажлаас чөлөөлөгдсөн гэж үзсэн болно.

 

Түүнчлэн Т.Туяагийн 1995 оны 01-04 дүгээр сар хүртэл хугацаанд төлсөн нийгмийн даатгалыг тэмдэглэж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтэр, Говьсүмбэр аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн зөвлөмжөөс үзэхэд нэхэмжлэгчийн 1995 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сарыг дуустал хугацааны ажиллаж байсан байдал нь албан ёсоор баталгаажсан байх тул дээрх хугацааны ажилласан байдлыг тогтоох шаардлагагүй байна.

 

Нөгөөтэйгүүр хэрэгт авагдсан 1994 оны 04, 9-12 дугаар сарын хугацаанд цалин хөлс авч ажиллаж байсан нь тогтоогдож байх боловч 1995 оны цалингийн тооцооны карт, Улаанбаатар Төмөр замын Хүүхдийн байгууллагын секторын даргын 1995 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б-13 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажиллуулах тухай тушаалын хуулбар, Улаанбаатар Төмөр замын Хүүхдийн байгууллагын секторын даргын 1995 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б-20 дугаартай Ажиллуулах ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар зэрэгтэй харьцуулан үзэхэд 1994 оны хэдэн сард, ямар албан тушаалд томилогдож, хэзээ чөлөөлөгдсөн гэдгийг тодорхойлох боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч Т.Туяагийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг нотлох баримтуудаа бүрдүүлэн дахин шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж, түүний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлийн 134.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигин овогт Төмөрийн Туяаг Төмөр замын Хүүхдийн байгууллагын секторын харъяа 9 дүгээр цэцэрлэгт 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд цагаан хэрэглэлийн угаагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Нэхэмжлэгч Т.Туяа нь шүүхээр тогтоогдоогүй хугацааны ажиллаж байсан байдлаа нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Туяагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Б.НАРАНЧИМЭГ