| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2021/0172/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/175 |
| Огноо | 2021-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Г.Цогтмагнай,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,
Шүүгдэгч: Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000154 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Б.Э,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 2100 цагийн орчим Баянхонгор аймгийн Жаргалант сумын Өлзийт өндөр 2 дугаар багт байх гэртээ П.Атой үл ялих зүйлээс болж маргалдан улмаар пивоор сандал шидэж мөн зодохдоо зэвсгийн чанартай зүйл болох автирка хэрэглэн түүний эрүүл мэндэд доод эрүүнд шарх, зөөлөн эдийн няцрал, хэвлийд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2021 оны 05 дугаар сарын 09-ний орой 2100 цагийн үед П.А гэх хүн эхнэр С.Мын хамт манайд согтуу ирсэн. Манайх П.А гэх хүний ээжээс 2019 онд хаваржаа худалдаж авахаар 7.000.000 төгрөгөөр тохиролцож 5.000.000 төгрөгийг тухайн үед нь бэлэн өгсөн. Үлдсэн 2.000.000 төгрөгийг гэрчилгээ гарсны дараа өгөхөөр тохирч наймаа хийсэн. Тэгээд энэ жил манайх тэр айлаасаа худалдан авахаар гэрээ хийсэн газраа айл буулгасан байсан. Тэгээд хэрэг болдог орой П.А эхнэр С.Мын хамт манайд согтуу ирж агсан тавьж би болон манай гэр бүлийнхнийг хэл амаар доромжилж манай гэрт хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгээд тавагтай идээ над руу шидэж намайг болон манай гэр бүлийг минь доромжлоод байхаар нь би зөрүүлээд пивоор сандал шидээд нөхөр болох П.Аыг цээж хэсэг рүү нь 2 удаа өшиглөсөн. Тухайн үед гаргасан гэм буруугаа би хүлээн зөвшөөрч байна. Тухайн орой манайхан амрах гэж байхад П.А, С.М 2 согтуу ирж манай гэр бүлийг гутаан доромжилж, хэлэх хэлэхгүй үгээр дайрч давшилж тавагтай идээг маань хүртэл над руу шидэж зүй бус үйлдэл гаргасан. Тухайн үйлдэл гаргасан С.Мт арга хэмжээ тооцож өгнө үү. Би бол хүний биед гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... Тэр 2 хүн манайд орой согтуу ирээгүй бол тухайн гэмт хэрэг үйлдэгдэхгүй байсан. Би нохой хориод орж ирсэн. Тийм зүйл анзаарагдаагүй. Би П.Аын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би нэхэмжилсэн хохирол мөнгийг нь барагдуулж өгнө. Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.....гэх мэдүүлэг /хх-ийн 92-93/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч П.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2021 оны 05 дугаар сарын 09-ний орой 2100 цагийн үед би эхнэр С.Мын хамт Ч.Б гэх айлд очиж “Манайх хаваржаан дээрээ буух гэж байхад айл буулгасан байна. Энэ айлаа нүүлгэ” гэж хэлэх гэж очсон... Манай эхнэр “Та нар хаваржааны мөнгө төгрөг дутуу өгсөн байж хаваржаан дээр айл буулгахдаа П.Аоос асууж болоогүй юм уу” гэхэд Ч.Б ах “Ядарсан, эр нөхөр нь үхсэн айл буулгахад яадгийн” гэхээр нь би “Хүн болгон ядарч байна. Хүн болгоны мал үхэж байна” гэхэд Ч.Б ах “Танайх хаваржаан дээр буусан айлтай хамт айл ирээд буучих” гэхээр нь би “Мал олдоод үхнэ биз дээ” гээд хэрүүл маргаан болсон. Тэгээд манай эхнэр, Б.Э 2 хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд Б.Э над руу сандал шидээд араас нь босож ирээд ширээ өргөөд байж байтал аав нь болиулахад над руу ирээд миний цээж хэсэг рүү 1 удаа өшиглөөд миний ухаан балартаад байж байхад 3-4 удаа өшиглөж байсныг би санаж байна. Тэгээд аав нь надаас салгахад миний хүзүү дагаад цус урсаад эхэлсэн...2019 онд Ч.Б ах манай ээж Т.Отай бид 3 хоорондоо хаваржааны наймаа 7.000.000 сая төгрөгөөр хийхээр тохиролцож тухайн үед 5.000.000 сая төгрөг өгч үлдсэн 2.000.000 саяыг газрын бичгээ гаргуулж аваад өгөхөөр тохиролцсон. Тэгээд одоо хүртэл мөнгөө өгөхгүй байгаа. Надад газрын гэрчилгээ нь бэлэн байгаа. Тэгээд “Мөнгө төгрөгөө өгөөгүй байж хаваржаан дээр айл буулгалаа” гэж хэлээд хэрүүл маргаан болж Б.Э намайг зодсон. Б.Э миний цээж хэсэг буюу элэг рүү 3-4 удаа өшиглөсөн... миний ухаан балартаад юугаар цохисныг мэдэхгүй. Миний хүзүү хэсэг рүү жирс хийх шиг болоод эрүү хэсэг рүү дарж үзэхэд цус гоожиж байсан... 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төлж барагдуулсан. Надад одоо гомдол, санал байхгүй..... гэх мэдүүлэг / хх-ийн 26-27, 31 /
4. Гэрч С.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2021 оны 05 дугаар сарын 09-ний орой 2100цагийн үед нөхөр бид хоёр Ч.Б гэх айлд очиж “Хаваржаан дээр хүн буулгасан байна. Яах гэж айл буулгасан юм” гэж хэлэх гэж очсон. Тэгээд орохдоо мэнд ус мэдээд П.Аыг “Үхсэн гэж бодож байгаа бол би сүнсийг нь дагуулаад ирлээ” гэхэд “Юу яриад байгаа юм” гэж дуугарч байсан. Би яг хэнийг хэлснийг нь мэдэхгүй байна. Тэгээд манай нөхөр “Хаваржаан дээр буулгасан айлаа нүүлгээрэй. Манайх өнөө маргаашгүй ирж бууна” гэхэд Ч.Б гэх хүн “Би өөрийнхөө авсан хороонд айл буулгах эрх бий. Ядарсан өрх толгойлсон эмэгтэй буулгачихад юу нь буруу байгаа юм.” гэхэд “Мөнгө төгрөгөө албан ёсоор гүйцээж өгөөгүй байж айл буулгаад байхдаа яадаг юм” гэхэд Б.Э “Та нар юун сүртэй юм үзээгүй лалрууд вэ” гэхэд нь би “Та нарын юм үзсэн хаана байгаа юм. Мөнгө төгрөгөө бүрэн өгсөн байсан бол бид нар ирж хэл ам хийхгүй. Тэгээгүй байж та нар айл буулгасан болохоор бид нар хэл ам хийх нь бидний зөв” гэхэд Б.Э “Та хоёр шиг юм ингэж явахаар үхэж далд орооч” гээд Б.Э тавагтай идээгээ манай нөхөр лүү шидсэн. Тэгээд үргэлжлүүлээд ширээгээ өргөөд шидэх гэж байхад нь аав нь болиулаад ахиад пивоор сандал манай нөхөр лүү шидээд босож ирээд манай нөхрийн цээж рүү 3-4 удаа өшиглөсөн. Тэгээд аав нь хүүхдээ ирж салгасан... элэг буюу цээж хэсэгт нь 3-4 удаа өшиглөсөн. Тэгээд зодсоны дараа аав нь Б.Эыг салгахад манай нөхрийн хүзүүний хэсгээс цус гараад байхаар нь би Б.Э руу хартал орон дээрээ цайвар шар өнгийн автирка бариад сууж байсан. Би яг юугаар цохиж цус гаргасныг нь хараагүй. Гутлаар өшиглөхөд тийм гэтэл үүсэхгүй. Харин автиркаар цохивол тийм гэмтэл үүснэ. Тэгээд аав нь Б.Эыг салгасны дараа гартаа цайвар шар өнгийн автирка бариад сууж байсан..... гэх мэдүүлэг /хх-ийн 35, 57, 60/
5. Гэрч А.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Орой 21 цагийн үед П.А гэх хүн эхнэр С.Мтай согтуу ирсэн. Тэгээд орж ирээд мэнд мэдээд С.М “Би сүнсгүй хүн дагуулж явна’ гээд орилоод байсан. Тэгсэн чинь манай хадам аав “Юу гэнэ” гэхэд П.А “Амьд шүү. Доод хаваржаан дээр хүн буулгахдаа хэлж болдоггүй юм уу” гээд орилоод байсан. Тэгээд Б.Э, П.А, С.М нар хоорондоо хэрэлдээд байсан. Манай хүүхэд уйлаад байсан болохоор би сайн сонсож чадаагүй. Тэгээд байж байтал С.М тавагтай идээ Б.Э ах руу шидсэн. Тэгээд Б.Э зөрүүлээд пивоор сандал шидээд С.М “Чамайг ийм болохоор чинь хүүхнүүд тоодоггүй юм. Муу нохойны угаадас минь” гээд орилоод тэгээд нэг мэдэхэд Б.Э, П.А хоёр барьцалдаад авсан. Тэгээд хадам аав ээж хоёр салгаж байгаа харагдсан. Пивоор сандал 1 удаа шидсэн. Барьцалдаж байгаад 2 удаа өшиглөсөн. Өшиглөж байгаа харагдсан би яг сайн хараагүй...... гэх мэдүүлэг /хх-ийн 40/
6. Гэрч М.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Манайх 2019 онд П.А гэх хүний ээж Т.О гэх хүнээс хаваржаа 7.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож 5.000.000 төгрөгийг бэлэн өгч 2.000.000 төгрөгийг бичиг баримтаа шилжүүлсний дараа өгөхөөр тохирсон. Гэтэл 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр П.А эхнэр С.М нар ирээд мэндлээд С.М “Би сүнсгүй П.Аыг дагуулаад ирлээ” гэж хэлэхэд нь манай нөхөр “Юу гэнэ” гэхэд С.М “Та нар П.Аыг үхсэн гэж бодоо юу” гээд баахан хэл амаар доромжлоод “Доод хаваржаан дээр айл буулгачихлаа. Яагаад П.Аоос асууж болдоггүй юм” гээд дайраад байсан. “Танайх мөнгөө бүрэн өгчихсөн бол яах уу гэх гэсэн” гээд хэлэхээр нь “Гэрчилгээ энэ тэр нь гарчихвал мөнгөө гүйцээгээд өгнө гэсэн ш дээ” гэж хэлсэн. Тэгээд Б.Э, П.А, С.М хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд С.М манай хүүг “Чи муу дуугүй хэвтэж бай. Нохойны бөөлжис минь. Чи ямар сайндаа эхнэргүй байгаа юм. 2 дүүгийнхээ ард үлдээд чам шиг юмыг хүүхнүүд тоодоггүй юм байгаа биз” гэж хэлсэн. Тэгсэн чинь манай хүү “Та 2 ичиж амьдраач. Муу явснаас сайн үх. Ингэж явахаар үхээч” гэж хэлсэн чинь С.М тавагтай идээ аваад Б.Э руу шидсэн. Тэгээд манай хүү зөрүүлээд пивоор сандал аваад шидсэн. Тэгээд П.А Б.Э нар барьцалдаад авахаар нь очоод салгах гэхэд манай хүүхэд гараараа шанаа руу цохиж байгаа харагдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/
7. Гэрч Ч.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2021 оны 05 дугаар сарын 09-ний 21:00 цагийн үед машин дугараад байхаар нь манай банди Б.Э гараад “П.А ах юм шиг байна” гээд гаднаас П.А, С.М нарыг гаднаас дагуулаад орж ирсэн. Тэгсэн чинь С.М мэндийн зөрүү байхгүй “Сүнсгүй П.Аыг дагуулаад ирлээ” гээд орилоод байсан. Тэгэхээр нь “Чи юу яриад байгаа юм” гэхэд С.М “Та нар П.Аыг үхсэн гэж бодоо юу, Доод талын хаваржаан дээр айл буулгадаг хэн бэ та нар” гээд орилж чарлаад “Гуйлгачингуудаа, хулгайч нараа” гээд орилоод байхад нь манай хүү Б.Э “Та нар харанхуй бүрийгээр ирчхээд битгий гэрт хэрүүл хийгээд бай. Гар” гэж хэлэхэд С.М манай хүү рүү “Чам шиг юм юугаа мэддэг юм. Чи ийм, дээрээс нь эхнэр хүүхэдгүй 2 дүүгийнхээ ард орж байгаа биз дээ. Чамайг хүүхэн тоохгүй биз дээ” гээд ширээн дээр байсан тавагтай боорцгийг Б.Э руу шидсэн. Тэгсэн чинь П.А “Та нар доор яахаар айл буулгадаг юм. Би одоо хаана буух юм” гэхэд манай хүүБ.Э “Та хаваржаагаа манайд зарсан. Зарсан бол зарсан юм шиг бай. Хаана ч буусан яадаг юм. Буусан байгаа айлтай айл буусан ч яадаг юм” гэж хэлээд П.А, Б.Э нар хоорондоо барилцаад авсан. Тэгээд “Хүүе, хаая” гэх хооронд Б.Э толгой хэсэг буюу цээжнээс дээш 2 удаа өшиглөөд авсан. Тэгээд би очоод салгасан. Тэгээд П.А, С.М нь “Та муусайн маргааш гэхэд зайлаарай. Тэр буулгасан айлаа бас зайлуулаарай” гээд байхаар нь би “Та нарт ямар ч хамаа байхгүй. Би Т.О эгчтэй наймаа хийсэн. Т.О эгч бид хоёрын хооронд ярьсан яриа байгаа” гэхэд П.А, С.М нар “Манай ээж наймаагаа буцаан гэсэн. Мөнгийг чинь буцааж өгнө” гэхэд манай хүү “Тэгвэл маргааш манайхаас авсан 5.000.000 төгрөгөө хүүтэй нь аваад ир” гэхэд С.М манай хүү Б.Эыг “Чи муу юугаа мэддэг юм. Чамайг олон газар явсан юм үзэж нүд тайлсан юм байх гэж бодож байсан юм. Аав, ээжийнхээ буянд сагсан муу шээс юм” гээд янз янзаар хараагаад байсан. Тэгээд “Манайд 3.000.000 төгрөг өгнө. Үлдсэн 2.000.000 саяыг нь бэлчээр талхалсан гэж суутгаж авна” гэж хэлэхэд Б.Э “Та нар ингэж хүн луйварддаг байхгүй юу” гээд хэлэхэд С.М нь “Та нар бид нарыг хүмүүст дандаа муу хэлдэг. Дандаа хов жив ярьдаг гэж тараасан байна лээ” гэхээр нь би “Ямар хүмүүст хэлсэн юм. Очоод нүүрэлдье” гэж хэлээд манайхаас манай эхнэр, хүү П.А, С.М бид нар хамт хөдөлсөн. Тэгээд муулсан айл руу явж байгаад зогсоод П.А, С.М нарыг хүлээгээд зогсож байхад тэр 2 шууд гэр лүүгээ явсан. Тэгэхээр нь бид 3 араас нь яваад гэрт нь ирсэн. Тэгээд “Нөгөө айл руугаа эрхтэн очъё” гэхэд П.А “Би явахгүй. Эхнэрээ “Чи хүүхэдтэйгээ яв” гэхэд эхнэр нь бас яваагүй. Тэгээд бид нар гэр лүүгээ ирээд шууд амарсан. 2019 онд П.Аын ээжтэй хаваржааны наймаа 7.000.000 үнэ тохиролцож 5.000.000 төгрөгийг нь бэлэн өгөөд үлдсэн 2.000.000 төгрөгийг бичиг баримтаа шилжүүлсний дараа өгье гэж тохиролцсон. Тэгээд тухайн хаваржаан дээр “Айл буулгалаа” гэж манайд хоёулаа халамцуу ирээд хэл амаар доромжилж орилж чарлаад П.Аын эхнэр болон С.М манай хүүхэд рүү тавагтай боорцог шидээд П.А, Б.Э нар барилцаад авсан. С.М нь манай хүү рүү тавагтай боорцог шидээд хариуд нь манай банди пивоор сандал шидээд П.А, Б.Э нар хоорондоо барилцаж аваад Б.Э, П.Аын цээжин хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Би ард талд нь байсан болохоор яг аль хэсэг рүү нь өшиглөж байхыг хараагүй. Тэгээд 2 тийш нь салгахад П.Аын шанаанаас цус гоожсон байсан. Мэдэхгүй би хараагүй. П.А эхнэр болох С.М нар манайд ирэхдээ согтуу ирсэн. Манай гэрийнхэн хэн нь ч архи дарс хэрэглээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 49-51/
8. Гэрч Г.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Тиймээ надад ярихдаа нутгийн ах, эгч 2 ирээд хэрүүл маргаан үүсгээд хоорондоо маргалдаад зодчихсон гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 64/
9. Гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... иймээ манай хөдөө гэрт П.А ах эхнэр С.М эгчийн хамт ирээд агсан согтуу тавиад манай гэр бүл болон ахыг хэл амаар доромжлоод тавагтай идээ ах руу шидсэн гэсэн... уурлаад П.А ахыг зодсон гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 68/
10. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 250 дугаартай шинжээчийн:
1. П.Аын биед доод эрүүнд шарх, зөөлөн эдийн няцрал, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх доод эрүүний шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, харин хэвлийн зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй....гэх дүгнэлт /хх-ийн 75-76/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 4-8/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Э нь 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 2100 цагийн орчим Баянхонгор аймгийн Жаргалант сумын Өлзийт өндөр 2 дугаар багт байх гэртээ П.Атой үл ялих зүйлээс болж маргалдан улмаар хуванцар сандал шидэж мөн зодохдоо зэвсгийн чанартай зүйл болох автирка хэрэглэн түүний эрүүл мэндэд доод эрүүнд шарх, зөөлөн эдийн няцрал, хэвлийд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч П.А, гэрч С.М, М.Э, Ч.Б, Г.Г, Б.Б нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 250 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Эад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.Эад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар бор өнгийн хуванцар сандал, цайвар шар өнгийн автирка зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Эыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянга / 450.000 / төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4 . Шүүгдэгч Б.Э нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн хуванцар сандал, цайвар шар өнгийн автирка зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ