| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2021/0171/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/171 |
| Огноо | 2021-07-02 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Г.Цогтмагнай,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,
Шүүгдэгч: Б.У нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000810180 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.У нь өөрийн Хаан банкин дахь ******* тоот дансыг ашиглан 2021 оны 01 дүгээр сарын 04, 07, 09, 22, 23, 24, 25, 26, 02 дугаар сарын 08, 10, 12, 13, 14, 15, 16, 17-ны өдрүүдэд, Иргэн Л.Шийн Хаан банкин дахь ******* тоот дансыг ашиглан 2021 оны 01 дүгээр сарын 12, 13, 22, 23, 24, 25, 26 27-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багт байх өөрийн гэртээ мэдээллийн технологи ашиглаж буюу Айфон 6 плас (Iphone 6 рlus) гар утаснаас “Ука Ука” гэсэн фейсбүүк хаягтаа нэвтэрч тус хаягаараа лайв хийж /Facebook live/ буюу шууд дамжуулж ашиг олох зорилгоор Tехас нэртэй урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж 433.700 төгрөгийг ашиг олж мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өмгөөлөгч авахгүй өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би энэ оны цагаан сарын үеэр тэг зогсолт хийсэн байх үед Жаргалантад гэртээ байх хугацаандаа хүмүүс лайваар тоглоом тоглуулаад байхаар нь тоглуулж үзье гэж бодоод хэдхэн удаа тоглуулсан. Тэгээд ийм зүйл болсон. Миний тоглуулсан тоглоом бол “техас” тоглоом байсан. Би өдөрт 1 удаа лайваар тоглуулдаг байсан. Би ганцаараа тухайн тоглоомыг лайваар зохион байгуулсан. Өөр хүн надтай хамтраагүй. Би тухайн үед тооцож үзэж байсан. Миний тооцоогоор 380.000 төгрөг болж байсан. Тэгээд хажуугаар нь нэгж, дата авч байсан. Тэгээд бодохоор одоо энэ дүгнэлтэд гарснаар 400.000 төгрөгийн ашиг олсон нь зөв юм шиг байгаа юм. Анх би сонирхоод тоглуулж эхэлсэн. Мөн тухайн үед хөл хорио гээд гэрээс гарах боломжгүй байсан. Тэгээд тоглуулж үзье гэж бодоод тоглуулсан... хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. Дахин ийм хэрэг, асуудалд холбогдохгүй. Надад хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү. Хэргээ түргэн шуурхай шийдүүлмээр байна..... гэх мэдүүлэг / хх-ийн 55-56/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У мэдүүлэхдээ: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Гэрч Э.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... Би 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 5000 төгрөгийн “Техас” гэх мөрийтэй тоглоом тоглосон. Админ нь “Ука Ука” гэх нэртэй фейсбүүк хаягаас тоглуулж байсан. Би 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр, 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нийт 2 удаа тоглосон. 5000 төгрөг төлөөд 5 удаа тоглох эрх аваад тоглодог. 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр бас 2021 оны 02 дугаар сарын 15-ний өдөр нийт 2 удаа орж тоглосон. Би нийт 2 удаа тоглосон тоглоомын бооцоо болох 5000 төгрөгийг би өөрийнхөө данс буюу ******* тоот данснаас 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр, 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 5000 төгрөг тус тус хийж байсан. Данс эзэмшигчийн нэр буюу дансыг нь одоогоор санахгүй байна. Би 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 2 удаа хожоод 11000 төгрөг хожсон... 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 24000 төгрөг тус тус хожсон... гэх мэдүүлэг /хх-ийн 19/
4. Гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
.... надад өөрөө хэлэхдээ олон нийтийн сүлжээнд “техас” тоглоом лайваар тоглуулсан гэсэн. “Түүндээ харамсаж байна уучлаарай ээжээ дахиж ийм хэрэг хийхгүй” гээд байгаа... Ганцаараа тоглуулсан гэсэн. Хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шийдэж өгөөч гэж хүсэж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 32/
5. Гэрч Л.Шийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
.... Би 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тоглоогүй. Харин 2021 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр “Ука Ука” гэх фейсбүүк хаягтай манай Жаргалант сумын Б.У гэх хүний зохион байгуулж байсан “Техас” тоглоомд 2 удаа оролцож тоглосон. Нэг удаа оролцож тоглоход 10.000 төгрөг шилжүүлээд 5 удаагийн тоглолтод оролцож хожсон тохиолдолд 10.000 төгрөг авах журмаар тоглож байсан. Мөн Б.У миний Хаан банкны ******* гэсэн дансаар 2 удаа тоглоом зохион байгуулж байсан. Би 20.000 төгрөг хожоод 20.000 төгрөг алдсан. Надад ашиг болон алдагдал байхгүй. “Ука Ука” гэх хаягаар зохион байгуулсан тоглоомд 2 удаа оролцож тоглосон. Тухайн фейсбүүк хаягийг нь мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 15/
6. Энх-Нахиа ХХК-ийн Шинжээч Л.Наранцэцэгийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 90 дугаартай иргэн Б.У, Л.Шэ нарын дансны хуулганд магадалгаа хийсэн:
.. Иргэн Б.У нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацааны Хаан банкны *******, ******* тоот данснуудын банкны хуулгаар үзэхэд цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж тоглуулснаар давхардсан тоогоор 207 хүнээс 2,035,000 /Хоёр сая гучин таван мянган/ төгрөгийн орлого олж, давхардсан тоогоор 41 хүнд 1,560,000 /Нэг сая таван зуун жаран мянган/-төгрөгийг ёндоо нэрээр /хожил/ буцааж олгосон бөгөөд банкны гүйлгээний хураамжид 41,300 /дөчин нэгэн мянга гурван зуун/ төгрөг шилжсэн байна. Иргэн Б.У нь хуулиар хориглосон цахим мөрийтэй тоглоомыг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр /Л.Шийн дансаар/, 2021 оны 01 дүгээр сарын 22-ноос 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд /өөрийн эзэмшлийн дансаар/ зохион байгуулсан бөгөөд энэ тоглоомыг тоглуулснаар *******, ******* тоот данснуудаар нийт 2,035,000 /Хоёр сая гучин таван мянган/ төгрөгийн орлого дансаар орж 1,601,300 /нэг сая зургаан зуун нэг мянга гурван зуун/ төгрөгийн зарлага дансаар гарсан байна.
Иргэн Б.У нь дээрх хугацаанд цахим мөрийтэй тоглоом зохион байгуулахад давхардсан тоогоор 207 хүн хамрагдсан бөгөөд ХААН банкны *******, ******* тоот дансаар уг тоглоомыг зохион байгуулахад 2,035,000 /Хоёр сая гучин таван мянган/-төгрөгийн тоглоом тоглуулсан орлого орж нэг удаагийн тоглолт бүрд нэг хүн хожил авч түүнд давхардсан тоогоор 41 хүн хамрагдаж 1,560,000 /нэг сая таван зуун жаран мянган/-н төгрөгийг ёндоо нэрээр 41 хүнд буцаан шилжүүлсэн байна. Эдгээр бүх орлого, зарлагын гүйлгээний банкны хураамжид 41,300 /дөчин нэгэн мянга гурван зуун/ төгрөг шилжиж иргэн Б.У нь уг тоглоомыг зохион байгуулснаар 433,700 /дөрвөн зуун гучин гурван мянга долоон зуун/ төгрөгийн цэвэр ашиг олсон байна. /*******, ******* тоот данснуудын бүх орлого, зарлагыг төрөл тус бүрээр нь хавсралтаар харуулсан болно...” гэх дүгнэлт.... / хх-ийн 41/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.У нь өөрийн Хаан банкин дахь ******* тоот дансыг ашиглан 2021 оны 01 дүгээр сарын 04, 07, 09, 22, 23, 24, 25, 26, 02 дугаар сарын 08, 10, 12, 13, 14, 15, 16, 17-ны өдрүүдэд, Иргэн Л.Шийн Хаан банкин дахь ******* тоот дансыг ашиглан 2021 оны 01 дүгээр сарын 12, 13, 22, 23, 24, 25, 26 27-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багт байх өөрийн гэртээ мэдээллийн технологи ашиглаж буюу Айфон 6 плас (Iphone 6 рlus) гар утаснаас “Ука Ука” гэсэн фейсбүүк хаягтаа нэвтэрч тус хаягаараа лайв хийж /Facebook live/ буюу шууд дамжуулж ашиг олох зорилгоор Tехас нэртэй урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж 433.700 төгрөгийг орлого олж мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт болсон нь гэрч Э.Нэ,Б.Б, Л.Шэ нарын мэдүүлэг, Энх-Нахиа ХХК-ийн 90 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Уыг мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.У нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх цагаан өнгийн хавтан 1 ширхэг, цэнхэр цаасан хөзөр 3 ширхэг, бүртгэл хөтөлсөн дэвтэр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Б.У нь мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдэж 433.700 төгрөгийн орлого олсон тул уг 433.700 төгрөгийг шүүгдэгч Б:Уаас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б.Уыг мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Уыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянга / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянга / 450.000 / төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч Б.У нь энэ хэргийн цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн хавтан 1 ширхэг, цэнхэр цаасан хөзөр 3 ширхэг, бүртгэл хөтөлсөн дэвтэр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3.4-т зааснаар шүүгдэгч Б.Уаас гэмт хэрэг үйлдэхдээ олсон орлого 433.700 төгрөгийг гаргуулж, улсын орлогод шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 10-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ