| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2021/0161/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/164 |
| Огноо | 2021-06-29 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Б даргалж,
Улсын яллагч: Г.Цогтмагнай,
Нарийн бичгийн дарга: Х.Золцэцэг,
Шүүгдэгч: Б.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000135 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, / Регистрийн дугаар:*******/-тай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3 дугаар багийн нутаг “Бүлтгэр” гэх газар өөрийн төрсөн эцэг Э.Бийн эзэмшлийн (улсын дугаар баримт бичиггүй) Даюун (Dayun) маркийн мотоциклийг жолоодож малаа хариулж явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас осолдож улмаар араар нь сундлан сууж явсан Т.Мийн эрүүл мэндэд баруун эгэм ясны хугарал, зүүн шилбэний шаант ясны цууралт, баруун дух, хацар, ташаанд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан, уг гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Хэргийн зүйлийг ойлголоо. Би 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянлиг сумын 3 дугаар багийн нутаг “Бүлтгэр” гэх газарт гэртээ хамаатынхаа дүү Т.Мийн хамт байж байгаад 1700 цагийн орчимд би аавын улбар шар өнгөтэй Мустанг 150 Даюун маркийн улсын дугааргүй мотоциклоо унаад миний араад Т.М суугаад бид 2 гэрээсээ гараад мал руугаа явж байтал шуурга шуураад урд зам сайн харагдахгүй байсан. Тэгсэн гэнэт урд хавтгай чулуу тулаад иртэл нь би хажуу тийш нь мотоциклоо дарж амжаагүй тэр чулуун дээгүүр харайлгаад бид 2 ойчиж би босоод иртэл миний хажуухан талд Т.М ойчсон байсан. Тэгсэн Т.М “Миний эгмийн яс, хөл өвдөөд байна” гэхээр нь би очоод хартал Т.Мийн баруун талын эгмийн яс нь хавдчихсан байхаар нь бид 2 жоохон байж байгаад би мотоциклоо унаад Т.Мийг араараа суулгаад гэртээ хариад сумын төв рүү ээжтэйгээ ярьж “Бид 2 малаа харах гэж яваад замдаа мотоциклоосоо уначихлаа” гэж хэлсэн. Тэгсэн манай ээж “Та 2 мотоциклоо унаад сумын төвд хүрээд ир” гэхээр нь би мотоциклоо унаад Т.Мийг араараа суулгаад сум орж гэртээ ирээд ээж Д.Зд мотоциклоос унасан талаараа хэлэхэд манай ээж Т.Мийн ээж ******* эгч рүү гар утсаар залгаад “Манайд хүрээд ир Б.М, Т.М нар мотоциклоос унасан байна" гэж хэлээд удаагүй байж байхад Т.Мийн ээж ******* эгч манайд орж ирээд бид хоёрыг аваад сумын эрүүл мэндийн төв дээр ирж үзүүлсэн. Миний унаж явсан Даюун маркийн мотоцикл манай аав Э.Бийн мотоцикл байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 113 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Насанд хүрээгүй хохирогч Т.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянлиг сумын 3 дугаар багийн нутаг “Бүлтгэр” гэх газарт Э.Б ахын хүүхэд Б.М бид 2 малыг нь харж байсан. Тэгээд бид 2 малаа эргүүлэх гээд Б.М ах мотоциклоо унаад би араар нь суугаад мал руугаа явж байгаад чулуу мөргөөд мотоциклтойгоо бид 2 онхолдсон. Тэгээд би босоод иртэл миний баруун талын мөр, зүүн хөл зэрэг өвдөөд бид 2 тэнд нэлээн сууж байгаад мотоциклоо унаад гэртээ очоод жоохон байж байгаад буцаад мал руугаа яваад малаа тууж ирчхээд сумын төв рүү Б.М ах ээж рүүгээ залгаад “Бид 2 мотоциклоос уначихлаа” гэж хэлсэн чинь Б.М ахын ээж нь “Та 2 гайгүй юу. Гайгүй бол мотоциклоо унаад сум дээр хүрээд ир" гэхээр нь Б.М ах мотоциклоо унаад би араар нь суугаад сумын төвд ирж эрүүл мэндийн байгууллагад үзүүлсэн. Тухайн үед Б.М ах өөрийнхөө Даюун маркийн мотоциклийг унаж явсан. Миний биед баруун талын эгмийн яс гэмтэж мөн зүүн талын хөл гишгэж болохгүй зовуурьтай байгаа. Ил харагдах шарх, баруун талын хацар хэсэг зулгарсан... Б.М ах 60 километр цагийн хурдтай явж байсан. Тухайн үед салхи шуургатай замын үзэгдэх орчин муу байсан. Бид хоёрын урд гэнэт газрын ургаа чулуу таарсан. Тэгсэн Б.М ах мотоциклынхоо тоормосыг гишгэсэн боловч мотоцикл зогсоогүй чулуун дээгүүр даваад бид 2 унасан. Тухайн үед Б.М ах мотоциклынхоо тоормосыг гишгэсэн боловч мотоцикл зогсоогүй чулуун дээгүүр даваад бид 2 унасан. Б.М ах бид хоёрын унаж явсан Даюун маркийн мотоциклийн гар тоормос байсныг нь би мэдэхгүй байна. Харин хөл тоормос хэвийн ажиллаж байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 34 /
4. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянлиг сумын төвд гэртээ байж байхад Б.Мын ээж Д.З над руу залгаад “Б.М, Т.М 2 хөдөө малдаа явж байгаад мотоциклоос уначхаад манай гэрт хүрээд ирлээ” гэж ярьсан. Тэгэхээр нь би Э.Бийн гэрт нь яваад очиход Б.М, Т.М 2 сууж байсан. Тэгээд би Б.Мын ээж Д.Зын хамт сумын эрүүл мэндийн төв дээр ирж эмчид үзүүлсэн. Тэгсэн сумын эрүүл мэндийн төвийн эмч манай хүүхэд Т.Мийг үзчихээд “Баруун талын эгэм нь хугарсан, зүүн талын хөлийн шагай хэсгээрээ гэмтсэн байна” гэж хэлсэн. Тухайн үед Б.М Даюун маркийн мотоциклийг жолоодож явсан гэж Б.М, Т.М нар хэлсэн... гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй... мэдүүлэг /хх-ийн 29 /
5. Гэрч Д.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Т.М, Б.М нарыг Т.Мийн ээж нь “Манай хүүхдүүд хөдөө малдаа явж байгаад мотоциклоос уначхаад хүрээд ирсэн байна” гэж утсаар ярихлаар нь би “Хүрээд ир” гэж хэлсэн чинь манай гадаа удалгүй хүрээд ирэхлээр нь би дагуулаад Эрүүл мэндийн төв дээр ирж үзэхэд Т.Мийн “Баруун гар нь унжиж, зүүн хөл нь гишгэж чадахгүй байна” гэж хэлсэн. Тэгээд үзлэгийн өрөөнд оруулж ирээд үзэхэд Т.Мийн баруун талын эгэм хугарсан, зүүн талын шагайны гэмтэлтэй байх магадлалтай. Б.Мын баруун талын эгмийн орчим овойж хавдсан хугарал мэдэгдэхгүй байсан. Тэр 2 хүүхдэд өөр гэмтэл мэдэгдээгүй байсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.... гэх мэдүүлэг / хх-ийн 56 /
6. Гэрч Д.Зын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би энэ өдөр Баянлиг сумын төвд гэртээ байж байсан. Тэгсэн орой 1700-1800 цагийн хооронд манай хүүхэд Б.М миний 99443131 дугаартай утас руу залгаад “Ээжээ Т.М бид 2 малдаа явж байгаад мотоциклтойгоо хад мөргөөд уначихлаа. Тэгсэн Т.Мийн эгэм нь өвдөөд байна” гэхээр нь би “Та 2 гайгүй явж чадахаар байна уу ? Чадахгүй бол эргээд утсаар залгаад хэлээрэй” гэсэн чинь эргэж ярилгүй 2100 цагийн орчимд Т.М, Б.М нар мотоциклтойгоо сумын төвд ирэхээр нь би Т.Мийн ээж рүү нь утсаар ярьж “Т.М, Б.М нар малдаа явж байгаад мотоциклоос унасан байна” гэж хэлсэн. Тэгээд удалгүй Т.Мийн ээж ******* ирээд бид 2 сумын эрүүл мэндийн төв рүү авчирч эмчид үзүүлсэн.... гэх мэдүүлэг / хх-ийн 60 /
7. Гэрч Э.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Манай хүүхэд Б.Мын унаж явсан Даюун маркийн мотоцикл нь миний мотоцикл байгаа юм. Манай дүү ******* нь унаж байсан мотоцикл байгаа юм... ******* нь “Өмнөговь аймгийн “Цагаан хад” гэх газар луу ажил хийхээр явлаа” гэхээр би “Ахдаа мотоциклоо зарчих” гэж хэлээд мотоциклийг нь 2021 оны 02 дугаар сарын сүүлээр “1.500.000 төгрөгөөр, зээлээр хавар өгнө” гээд худалдаж авахад техникийн үзлэгт орж номер, дугаар баримт бичиг байхгүй. Би аваад удаагүй учир бичиг баримттай болгоогүй байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 64 /
Техникийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн:
“Хариулт: 1. Тухайн зам тээврийн осол нь мотоциклийн жолооч Б.М нь мотоцикл жолоодох “А” ангиллын жолооны сургалтад хамрагдаагүй, тээврийн хэрэгсэл жолоодох анхан шатны мэдлэггүйгээс тухайн зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна.
Хариулт: 2. Б.М Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
Хариулт: 3. Б.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна.
Хариулт: 4. Зам тээврийн осол оройн 1700 цагийн орчимд болсон гэх ба тухайн үед шороон шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан гэж мэдүүлсэн ба зам тээврийн осол гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлсөн байх үндэслэлтэй байна... гэх дүгнэлт /хх-ийн 90-91/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 215 дугаартай шинжээчийн:
1. Т.Мийн биед баруун эгэм ясны хугарал, зүүн шилбэний шаант ясны цууралт, баруун дух, хацар, ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна”... гэх дүгнэлт /хх-ийн 79-80/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-6/, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зураг /хх-ийн 7-11/, Мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-18/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.М нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3 дугаар багийн нутаг “Бүлтгэр” гэх газар өөрийн төрсөн эцэг Э.Бийн эзэмшлийн (улсын дугаар баримт бичиггүй) Даюун (Dayun) маркийн мотоциклийг жолоодож малаа хариулж явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас осолдож улмаар араар нь сундлан сууж явсан Т.Мийн (РД:ВВ06320117) эрүүл мэндэд баруун эгэм ясны хугарал, зүүн шилбэний шаант ясны цууралт, баруун дух, хацар, ташаанд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан, уг гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа үйлдсэн үйл баримт болсон нь насанд хүрээгүй хохирогч Т.Мийн хууль ёсны төлөөлөгч Д.Овн-Эрдэнэ, болон гэрч Д.Н, Д.З, Э.Б нарын мэдүүлэг,Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 215 дугаартай дүгнэлт, Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Мыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын чанартай гэмт хэргийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан тул түүнд оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэв. Харин шүүгдэгч Б.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж уг нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах шийдвэрийг биелүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.М нь мотоцикл жолоодох “А” ангиллын эрхийн үнэмлэхгүй боловч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж нэг жил дотроо тээврийн хэрэгсэл жолоодох авсан тохиолдолд нэг жилээр эрх нь хасагдсан гэдгийг ойлгох нь зүйтэй юм.
Уг хэрэгт шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж хэрэгт шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.М нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Бийн Мыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-д зааснаар ******* овогт Бийн Мыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасаж, зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт Бийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар оногдуулсан зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасах ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, -д зааснаар шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ