| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/00942/И |
| Дугаар | 826 |
| Огноо | 2017-03-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 826
| 2017 оны 03 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2017/00826 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 хороолол, 27 байр, 7 тоотод оршин суух, Дарь овогт Болдоогийн Шайрийбуу /РД:ДО92031418/
Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Мижиддоржийн Мөнхзулыг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Шайрийбуу, нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Шайрийбуу шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Шайрийбуу би 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр М.Мөнхзулд 2.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлүүлсэн боловч М.Мөнхзул нь төлбөрийг одоо хүртэл төлөөгүй. Бидний хооронд бичгээр гэрээ хийгдээгүй. Зээлийн төлбөрийн талаар хариуцагчийн Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Сармисны хонхор гудамж, 668 тоот хаягийн дагуу нэхэмжлэл гаргасан боловч тус хорооноос М.Мөнхзул нь дурдсан хаягт оршин суудаггүй гэсэн тодорхойлолт ирсэн үндэслэлээр шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. Миний мэдэхээр дээрх хаягт М.Мөнхзулын төрсөн ээж нь амьдардаг бөгөөд уг хаягаар миний бие М.Мөнхзултай хэд хэдэн удаа очиж уулзаж байсан болно.
Иймд эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Мижиддоржийн Мөнхзулыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Шайрийбуу нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Мижиддоржийн Мөнхзулыг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэгт Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШЗ2016/03704 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Шүүгчийн захирамж авагдсан байх ба уг захирамжаар Б.Шайрийбуугийн нэхэмжлэлтэй Мижиддоржийн Мөнхзулд холбогдох 2.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.
Иймд шүүх оршин байрлах хаяг тодорхойгүй, эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Мижиддоржийн Мөнхзулыг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд М.Мөнхзулыг олж болох эх сурвалжийг түүний төрсөн ээж нь Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Сармисны хонхор гудамж, 668 тоот хаягт амьдардаг гэж нэрлэн заасныг дурдаж, уг ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй.
Хүсэлт гаргагч Б.Шайрийбуутай холбоо барих утас: 99848666, 88404006 болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч Б.Шайрийбуугийн хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Мижиддоржийн Мөнхзулыг эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст үүрэг болгосугай.
2. Хүсэлт гаргагч Б.Шайрийбуу нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагч Б.Шайрийбуутай
холбогдох утас: 99848666, 88404006 болно.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА