| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2021/0167/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/169 |
| Огноо | 2021-06-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Бат-Оргил,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр ,
Шүүгдэгч: Б.И нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000163 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* ургийн овогтой *******гийн *******, / Регистрийн дугаар:*******/-тай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.И нь согтуурсан үедээ 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 15 цаг орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 15-26 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу өөрийн төрсөн эх болох Д.Бын толгойн тус газарт нь сандлаар цохин зодож эрүүл мэндэд нь зулайд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Иийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... Болсон бол ерөнхийдөө пивоноос л болсон юм шиг байгаа юм би тухайн үед согтуу байсан тухайн болсон зүйлийг сайн санахгүй байгаа юм тэгэхэд би архи уухгүй бол салгалаад татах гээд байсан тэгэхээр нь ээжийг 2 пиво аваад өгчих 300.000 төгрөг орж ирэхээр би тэр мөнгийг нь өгчихье гэтэл ээж авч өгөхгүй гэсэн тэгээд уурандаа сандал гэрийн хаалга руу шидсэн тэгэхэд ээж барьж авах гэж байгаад оногдчихсон.... гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.И мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Манай хүү И нь байнга архи уудаг. Уухаараа надад агсам тавьдаг. Агсам тавиад байхаар нь цагаан сараар баривчилгаанд явуулж 14 хоног болсон. Одоо архи уухаараа тэр явдлыг яриад надад агсам тавиад байдаг. Манай хүү өчигдөр шөнө 1 том пиво гэртээ авч ирээд уугаад хоносон. Тэгээд өнөөдөр 2021 оны 05 дугаар сарын 22-ны өглөө босоод гарч яваад 1 лааз пиво олж ирээд ганцаараа уусан. Тэрийгээ ууж дуусгачхаад намайг “дэлгүүрээс пиво зээлээд ир” гэсэн. Тэгэхээр нь би “чадахгүй” гэтэл “чадахгүй гэж хэллээ заавал пиво авч ир” гэж надад уурлаад гэрт байсан цайвар ногоон өнгийн хуванцар сандлыг аваад намайг гэр дотор эргэнэгийн өмнө зогсож байтал И гэрийн ертөнцийн зүгээр баруун талд байх шкапны өмнө зогсож байснаа аваад шидсэн. Тэгтэл миний толгой руу оноод толгой хагарсан. Тэгсэн юу юугүй цус гоожсон. И 2020 оны 12 дугаар сарын 20-ны үеэс архи ихээр уудаг болоод уух болгондоо агсам тавих гээд байдаг. Хааяа гарт дайралдсан аяга, таваг тааралдсан зүйлээ над руу шиддэг. Сүүлийн үед энэ оны цагаан сараар баривчилгаанд оруулсанд хорсоод өс хонзон санаад түүнийгээ нэхээд агсам тавиад байдаг болсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-16 /,
4. Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 15 цагийн үед айлд барилгын ажил хийж байтал манай дүү Д над руу утсаар яриад “И ээжийн толгой руу сандлаар цохичихлоо, гэрээр дүүрэн цус болчихлоо хурдан хүрээд ир” гэсэн. Тэгээд ээжийнд яваад ортол гэрийн урд шалаар нэл цус болсон ээжийн толгойноос цус гарч байсан. И гэрт байхгүй гараад зугтаасан байсан. 2021 оны 04 дүгээр сарын сүүлчээр нэг удаа ээж над руу залгаад “И архи ууж орж ирчихээд намайг баривчилгаанд өгсөн цагаан сараар гэртээ шинэлээгүй гээд аяга шидээд хагалчихлаа” гэсэн. Тэгээд ээжийнд ирээд Иийг загначхаад явсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 /,
5. Гэрч Б.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... 2021 оны 05 дугаар сарын 22-ны өглөө И босоод өчигдөр ууж байсан 1 том пивоныхоо үлдэгдлийг ууж дуусгачихаад надаас “7000 төгрөг байна уу” гэж асуухаар нь би “архиа боль мөнгө өгч чадахгүй” гэсэн. Тэгсэн хэрүүл гуйгаад байсан. Тэгэхээр нь би дуугүй л байсан. Тэгтэл ээжийг “өчигдрийн пиво зээлсэн дэлгүүрээс ахиад 2 лааз пиво аваад өгчих” гээд байсан. Ээжийг өчигдөр “пиво авч өгөхгүй бол зодно, гэр орныг чинь шатаана” гэж айлгаж байгаад 1 том пиво авхуулсан байсан. Ээж Ба “би чамд зээлээр өчигдөр пиво авч өгсөн юм чинь өчигдрийнхөө мөнгийг өгөөд ав гэнэ одоо өгөхгүй байх” гэсэн. Тэгтэл И уурлаад гэр дотор байсан цагаан цайвар өнгийн сандлыг гэрийн баруун талын орон дээр сууж байсан над руу зүглүүлээд шидсэн. Тэр нь оноогүй хажуугаар гараад явсан. Тэгсэн И гэрийн зүүн талын орон дээр суусан. Тэгснээ босож ирээд ээжийг гараараа цохих гээд далайгаад дайрсан. Тэгэхээр нь би ээжийн урдуур ороод гэрийн баруун хатавчинд байх угаалтуур руу Иийг түлхээд амьхандаа хаалгаар гаргах гэтэл дийлээгүй. Тэгсэн миний хажуугаар зөрж гараад гэрийн баруун талын ор, угаалтуур хоёрын голд газар байсан цайвар ногоон өнгийн хуванцар сандлыг аваад ээжийг эрэгнэгний урд зогсож байхад шидсэн. Тэгтэл тэр сандал толгой дээр нь цохиод ээжийн толгойноос цус их гарсан. Тэгэхээр нь би түргэн, цагдаа дуудлаа гэтэл И гэрээс гараад зугтаасан. И архи уусан үедээ болон эрүүлдээ ч хоол идэж байснаа гэнэт хоолтой аягаа болон шанага зэрэг гарт тааралдсан болгоноо хааш нь ч хамаагүй шиддэг. Зарим тохиолдолд ээж рүү чиглүүлээд шиддэг. Бид нарыг үг хэлэхээр хүлээж авдаггүй. Ээжийг “цагаан сараар гэрт шинэлүүлээгүй баривчилгаанд оруулсан, мөн баривчилгаанаас гараад ирэхэд буцаагаад цагдаа дуудаад баривчилгаанд өгсөн” гээд уурлаад агсам тавиад байдаг. Өнөөдөр ч гэсэн энэ асуудлаа яриад байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,
6. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 264 дугаартай шинжээчийн:
... Д.Баагийн биед зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт тогтонги нөлөөлөхгүй
5.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
6.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.... гэх дүгнэлт /хх-ийн 37-38/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.И нь 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 15 цаг орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 15-26 тоотод үедээ согтууруулах ундааны зүй хэрэглэсэн үедээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1.1-д заасан үйлчлэлд хамаарах төрсөн эх Д.Быг мөн хуулийн 6.1.1-д заасан бие махбодын хүчирхийлэл болох сандлаар цохиж, зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, гэрч Б.Б, Б.Д нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 264 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Иийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Иэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.Иэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Иэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Ба нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч Б.И нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан цайвар ногоон өнгийн хуванцар сандал 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.И нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн тул түүнийг урьд нь гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б.Иийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогтой Б.Иийг дөрвөн зуун тавин мянган / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Иэд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.И нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.И нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цайвар ногоон өнгийн хуванцар сандал 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Иэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 10-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Иэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ