| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/00639/И |
| Дугаар | 827 |
| Огноо | 2017-03-24 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 827
| 2017 оны 03 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2017/00827 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 64 дүгээр байр 7 тоотод оршин суух, 1972 онд төрсөн 43 настай, Харчин овогт Самбуудоржийн Эрдэнэтуяа /РД-КЮ72070501/
Хариуцагч: Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 64 дүгээр байр 7 тоотод оршин суух, 1970 онд төрсөн 45 настай, Монголмууд овогт Өндөгөөгийн Бахат /РД-ТГ70101375/
Гуравдагч этгээд: Баянгол дүүрэг 14 дүгээр хороо 3 дугаар хороолол 13в байр 96 тоотод оршин суух, 1977 онд төрсөн 39 настай, Монголмаа овогт Өндөгөөгийн Туул /РД-ТГ77061161/
2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 64 дүгээр байр 7 тоот 29 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг Ө.Бахатаас Ө.Туулд бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Эрдэнэтуяа, өмгөөлөгч Б.Дамба /шүүхэд төлөөлөх эрх 0365/, хариуцагч Ө.Бахат, өмгөөлөгч Б.Баясгалан /шүүхэд төлөөлөх эрх-0893/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсдэн төлөөлөгч Э.Жамц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Эрдэнэтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 03 дугаар сард анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг шүүхэд байх үед Ө.Бахат намайг нэхэмжлэлээ татаж ав гэснээр нэхэмжлэлээ татаж авсан. Энэ хугацаанд Ө.Бахат нь дундын өмчлөлийн орон сууцыг дүү Ө.Туулд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байсан. Бид 2009 оноос эхлэн хамтран амьдарч, 2010 оноос Тэди төвд гар утасны лангуу ажиллуулсан. Ө.Бахат өөрийн нэр дээр 2011 оны 07 дугаар сарын 19-ний өдөр орон сууцны өмчлөлийн гэрчилгээ авсан. 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Ө.Бахат 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр дүү Ө.Туулд Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 64 дүгээр байр 7 тоот 29 мкв 2 өрөө орон сууцны өмчлөлийг шилжүүлсэн. Энэ орон сууцыг Ө.Туул дүү О.Батжаргалд авч өгсөн гэдгийг мэдэхгүй. Тийм юм бол яагаад надаар урьдчилгаа төлбөрийг төлүүлсэн юм. Би орон сууцны эргэн төлөлтийг төлж ирсэн. Иймд Ө.Бахатаас Ө.Туулд 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 64 дүгээр байр 7 тоот хаягт байрлах 29 мкв 2 өрөө орон сууцыг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Ө.Бахат шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний асран хамгаалалтанд байх дүү О.Батжаргалд энэ байрыг анх Ө.Туул авч өгсөн тул бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах үндэслэлгүй. Орон сууц нь нэг өмчлөгчтэй буюу миний нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээтэй байсан. Орон сууцны урьдчилгаа мөнгийг дүү Ө.Туул төлснийг болон орон сууцны мөнгийг хэн төлж дуусгасныг С.Эрдэнэтуяа мэдэж байгаа. Энэ орон сууц бид хоёрыг гэрлэхээс өмнө бий болсон эд хөрөнгө. С.Эрдэнэтуяа өөрийн эгчээс 10.000.000 төгрөгийг зээлдэж нэг бол гар утасны бизнест эсвэл байрны үнэд оруулсан гэж хоёр янзаар ярьдаг. Ө.Туул орон сууцны төлбөрийг төлсөн, энэ талаарх баримт хэрэгт бий гэв.
Гуравдагч этгээд Ө.Туул шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жамц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Орон сууцыг Ө.Бахат, С.Эрдэнэтуяа нарт зориулж аваагүй. Ө.Бахатын асран хамгаалалтад байдаг дүү О.Батжаргалд зориулж авч өгсөн. О.Батжаргал миний төрсөн дүүгийн хүүхэд. Орон сууц С.Эрдэнэтуяа болон түүний хүүхдүүдийн өмч биш. Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2011 онд тус байрны гэрчилгээг Ө.Бахатын нэр дээр олгосон. Байрны өмчлөгч Ө.Бахат тул орон сууцыг захиран зарцуулах эрхтэй. Ө.Бахат нь 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Ц.Энхтунгалагт дүү Ө.Туултай бэлэглэлийн гэрээ байгуулах итгэмжлэл олгож, итгэмжлэлийн дагуу бэлэглэлийн гэрээ байгуулагдсан. Ө.Туулын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарч өмчлөгч нь болсон. Бэлэглэлийн гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Эрдэнэтуяа нь хариуцагч Ө.Бахатад холбогдуулан 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 64 дүгээр байр 7 тоот 29 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг Ө.Бахатаас Ө.Туулд бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч Ө.Бахат нь 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өөрийн өмчлөлийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 64 дүгээр байр 7 тоот 29 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг дүү Ө.Туулд хариу төлбөргүй бэлэглэж бэлэглэлийн гэрээ байгуулжээ.
Бэлэглэлийн гэрээ нь хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Нэхэмжлэгч нь тухайн орон сууц нь миний өмч, орон сууцны төлбөрийг төлсөн гэсэн үндэслэлээр бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг шаардсан боловч шаардлагыг нотолсон баримтгүй, өмчлөх эрхтэй өмчлөгч болох нь баримтаар тогтоогдоогүй байна.
Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 64 дүгээр байр 7 тоот 29 мкв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ө.Бахат 2011 оны 07 дугаар сарын 19-ний өдөр бүртгэгдэж өмчлөгч болсон, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн итгэмжлэлээр орон сууцыг Ө.Туулд бэлэглэх бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Ц.Энхтунгалагт олгож, орон сууцыг бэлэглэх бэлэглэлийн гэрээ хийгдсэн, 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Ө.Туул тухайн орон сууцны өмчлөгч болсон болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, бэлэглэлийн гэрээ гэсэн баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Уг орон сууцыг иргэн Г.Амарзаяа 2011 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 133 дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр иргэн Ө.Бахатын өмчлөлд, Ө.Бахат 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 45 дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр иргэн Ө.Туулын өмчлөлд, Ө.Туул нь 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 45 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Д.Ганчимэгийн өмчлөлд тус тус шилжүүлэн бүртгүүлсэн болох нь Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн лавлагааны хариу гэсэн албан бичгээр тогтоогджээ.
Нэхэмжлэгч тухайн орон сууцны үнийг төлсөн гэж тайлбарласан боловч тайлбар нь бичгийн баримтаар нотлогдоогүйгээс гадна үнэ төлснөөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохгүй ба Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог байна.
Хариуцагч Ө.Бахат орон сууцны зээл төлж байсан талаарх Хас банк дахь дансны хуулга, гуравдагч этгээд Ө.Туул орон сууцны зээлийн үлдэгдэл 30.190.352 төгрөгийг төлж орон сууцны зээлийг хаасан талаарх төлбөрийн баримтыг тус тус ирүүлсэн болно.
Иймд хариуцагч Ө.Бахатад холбогдох нэхэмжлэгч С.Эрдэнэтуяагийн 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 64 дүгээр байр 7 тоот 29 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг Ө.Бахатаас Ө.Туулд бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607.950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар хариуцагч Ө.Бахатад холбогдох 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 64 дүгээр байр 7 тоот 29 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг Ө.Бахатаас Ө.Туулд бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах С.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607.950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА