Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/163

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Б.Бат-Оргил,

Нарийн бичгийн дарга:Р.Цогдэлгэр,

Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нямдоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000168 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, / Регистрийн дугаар: *******/-тай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, 2021 оны 04 дүгээр сарын 03-аас мөн оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянбулаг 1 дүгээр багт байрлах Монгол гэртээ “Battsetseg Bazraa” гэх нэртэй өөрийн фейсбүүк хаягаас цахим орчинд нэвтрэн хүмүүс рүү ширээний код явуулан улмаар тус кодыг авсан хүмүүсийг, гар утасны “Рокег” /покер/ гэх аппликэйшн рүүгээ нэвтрүүлж буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2021 оны 04 дүгээр сарын ихээр хөл хориотой байсан юм. Тэгээд гэртээ хийх зүйл байхгүй, хүмүүс цахимаар мөрийтэй тоглоом тоглоод байхаар нь би ширээ нээж тоглуулж үзье гэж бодоод тоглуулж эхэлсэн. Тухайн үед би гэртээ нөхөр, 3 жаахан хүүхэдтэйгээ хамт байдаг байсан. Манай нөхөр бол өөрөө тоглуулж байгаагүй. Би ихэвчлэн нэг ширээ нээгээд ширээнийхээ кодыг тавиад хүмүүс 10.000, 20.000, 30.000, 50.000 төгрөгийн аль нэгийг нь миний данс руу хийгээд тоглодог байсан. Би нэг тоглолт дээр дунджаар 70.000, 80.000 төгрөгийг ашиг орлого олдог байсан. Сарын хугацаанд нийт 939.400 төгрөгийн ашиг олсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би 2021 оны 04 дүгээр сарын ихээс авхуулаад 2021 оны 05 дугаар сарын дунд үе хүртэл тоглуулсан. Тэгээд ч сүүлдээ хүмүүс ч тоглохоо больсон. Тэгээд тоглуулахаа больсон байхад Баянхонгор аймгийн Цагдаагийн газраа “та мөрийтэй тоглоом зохион байгуулсан байна. Цагдаа дээр ирж уулз” гэсэн тэгээд аймагт ирж мэдүүлэг өгсөн..... гэх мэдүүлэг / хх-ийн 121-122/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:Хүмүүс тоглуулаад байхаар нь болдог юм бодсон би буруугаа хүлээж гэмшиж байна гэв.

3. Гэрч О.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...4 сар хавьцаа байх. Эхнэр *******гийн данснаас *******-с мөнгө шилжүүлсэн. Тоглоом тоглох гээд шилжүүлсэн. Тоглоод эргүүлээд авсан. Алдвал тэгээд л алдана. Би тэр хүний ширээн дээр покер-2 тоглож байсан. Хамгийн дээд хэмжээ нь 30.000 төгрөг тэрнээс доошоо шилжүүлж тоглодог... гэх мэдүүлэг /хх-ийн 96-97/

4. Шинжээч Л.Нийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 138 дугаартай Б.Бийн дансны хуулганд магадалгаа хийсэн:

.. Б.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд “Хаан банк”-ны *******, ******* тоот дансны хуулгаар цахим мөрийтэй тоглоом зохион байгуулснаар давхардсан тоогоор 172 хүнээс 5.975.000 /таван сая есөн зуун далан таван мянган/ төгрөгийн орлого олж, давхардсан тоогоор 29 хүнд 5.010.000 /таван сая арван мянган/ төгрөгийг хожил “к155” нэрээр буцааж олгосон бөгөөд банкны гүйлгээний хураамжид 18.600 /арван найман мянга зургаан зуун/ төгрөгийг төлсөн байна. Хуулиар хориглосон цахим мөрийтэй тоглоомыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, 2021 оны 04 дүгээр сарын 03-аас 05 дугаар сарын 14-ний өдөр дуустал хугацаанд зохион байгуулсан бөгөөд зөвхөн тоглоом тоглуулахад нийт 5.975.000 төгрөгийн орлого дансаар орж 5.028.600 төгрөгийн зарлага дансаар гарсан байна. Иргэн Б.Б нь уг тоглоомыг зохион байгуулснаар 939.400 /есөн зуун гучин есөн мянга дөрвөн зуун/ төгрөгийн цэвэр ашиг олсон байна...” гэх дүгнэлт.... / хх-ийн 112-114 /

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 14-17/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, 2021 оны 04 дүгээр сарын 03-аас мөн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянбулаг 1 дүгээр багт байрлах Монгол гэртээ “Battsetseg Bazraa” гэх нэртэй өөрийн фейсбүүк хаягаас цахим орчинд нэвтрэн хүмүүс рүү ширээний код явуулан улмаар тус кодыг авсан хүмүүсийг, гар утасны “Рокег” /покер/ гэх аппликэйшн рүүгээ нэвтрүүлж буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт болсон нь гэрч О.Оын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 138 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Бийг мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б нь мөрийтэй тоглоом зохион байгуулж 939.400 төгрөгийн орлого олсон тул уг орлогыг шүүгдэгч Б.Бээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Хэрэгт шүүгдэгч Б.Бийн эзэмшлийн малчин гэх нэртэй хөлдөөгч битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг хөлдөөгчийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Бт буцаан олгож шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар гэмт хэрэг үйлдэхэд буюу мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашигласан шүүгдэгч Б.Бийн эзэмшлийн “ЛЖ” маркийн хар өнгийн гар утсыг хураан авсан прокурорын тогтоолыг хэвээр үлдээж уг гар утсыг худалдан борлуулж орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Б.Бийг мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бийг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянга / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянга / 450.000 / төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3.4-т зааснаар шүүгдэгч Б.Бээс гэмт хэрэг үйлдэхдээ олсон орлого 939.400 төгрөгийг гаргуулж, улсын орлогод шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Б.Бийн эзэмшлийн малчин нэртэй хөлдөөгчийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг хөлдөөгчийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Б.Бт буцаан олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Б.Бийн эзэмшлийн “ЛЖ” маркийн гар утсыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж, орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 10-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ