| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 101/2016/08278/И |
| Дугаар | 891 |
| Огноо | 2017-03-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 891
| 2017 оны 03 сарын 31 өдөр | Дугаар 102/ШШ2017/00891 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул Дархан 10 дугаар баг 5 дугаар хороолол 2а байр 23 тоотод оршин суух, 1960 онд төрсөн 56 настай, Цоохор овогт Раднаагийн Уламбадрах /РД-УУ60072817/
Нэхэмжлэгч: Дархан-Уул Дархан 10 дугаар баг 5 дугаар хороолол 2а байр 23 тоотод оршин суух, 1996 онд төрсөн 20 настай, Цоохор овогт Уламбадрахын Хангал /РД-УХ96020214/
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороонд байрлах хаягтай /одоо Баянгол дүүрэг 4 дүгээр хороо 2 дугаар хороолол 90 дүгээр байр 2 давхарт байрлан үйл ажиллагаа явуулж байгаа/ Мон топ трейд ХХК /РД-5501431/.
20.000.000 төгрөг гаргуулахыг шаардсан иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул, гэрч Н.Батцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Уламбадрах, У.Хангал нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч А.Зүмбэрэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Р.Уламбадрах, У.Хангал нар 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Мон топ трейд ХХК-тай Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо 13 дугаар хороолол 90 дүгээр байрны 905 тоотод байрлах 62.34 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцож Орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулж, урьдчилгаа 39.274.200 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 21.640.000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 70.000.000 төгрөгийг тус тус төлсөн. Орон сууцанд 2013 оны 09 дүгээр сарын 20-доор орж амьдарсан. 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр орон сууцыг улсын комисс хүлээн авсан гэх боловч шийдвэр нь 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гарсан. Улсын комиссын шийдвэрт байртай холбоотой ажиллагаа дутуу талаар дурьдсан байсан. У.Уламбадрах тухайн орон сууцанд 3 жил амьдарч байхдаа байрандаа засвар хийхээр болж орон сууцны мкв-ыг хэмжүүлэхэд 5 мкв талбай дутуу гарсан. Ингээд биет байдлын доголдолтой хөрөнгө авсанаа мэдэж шүүхэд гомдол гаргасан. 1 мкв-ын үнийг 2.100.000 төгрөгөөр бодсон. Мөн тухайн орон сууцыг авахдаа банкнаас зээл авсаны хохиролд төлсөн төлбөрийг нэхэмжилсэн. Хариуцагч гэрээгээр барилгыг хүлээж авсан, доголдолын талаар мэдээгүй, гэрээ нь худалдах, худалдан авах гэрээ гэж тайлбарладаг боловч гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Улсын комисс барилгыг 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсан, нэхэмжлэгч нар орон сууцанд 2013 оны 09 дүгээр сарын 20-доос хойш орж амьдарсан. Иймд хариуцагч Мон топ трейд ХХК-иас талбайн зөрүү үнэ, банкинд төлсөн хохирлын хамт нийт 20.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Мон топ трейд ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээг тодорхойлж байж гомдлын шаардлага гаргах хугацаа тодорхойлогдоно. Р.Уламбадрах, У.Хангал нартай 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулсан. Мон топ трейд ХХК нь баригдаад ашиглалтад ороход бэлэн болсон орон сууцыг худалдсан. Барилга 2013 оны 07 дугаар сарын сүүлээр баригдаж дууссан юм. Ингэхдээ компанид бэлэн байсан дээрх гэрээний маягтаар худалдан авагч нартай гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нар орон сууцыг худалдан авч 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төлбөр 21.640.000 төгрөгийг төлсөн. Мон топ трейд ХХК нь 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр улсын комисст мэдэгдэл хүргүүлсэн. 2013 оны 08 дугаар сарын 28-нд улсын комисс орон сууцыг хүлээн авч ашиглалтанд орж айлууд нүүж орж эхэлсэн. Иймд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Р.Уламбадрахын хүү У.Хангал оюутан болж Дарханаас ирж байгаа гээд 2013 оны 08 сард байрандаа орсон. Орон сууцны ашиглалтын төлбөр 2013 оны 09 дүгээр сараас эхлэн оршин суугч нарын нэр дээр бичигдсэн талаарх баримтыг нотлох баримтаар өгсөн. Нэхэмжлэгч нар 2013 оны 08 сарын сүүлээр байрандаа нүүн орсноос хойш орон сууцны квм-ын талаар ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Уламбадрах, У.Хангал нар нь хариуцагч Мон топ трейд ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн бодит хэмжээ болон гэрээнд заасан хэмжээ хоорондын зөрүү 5 метр квадратын үнэ 10.500.000 төгрөг, дээрх илүү төлөлтөөс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхэд илүү төлсөн 10.000.000 төгрөг нийт 20.000.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч Р.Уламбадрах, У.Хангал нар нь Мон топ трейд ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулж Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо Тэнүүн апартмент 9 давхар орон сууцны 905 тоот 62.34 мкв талбайтай орон сууцыг 1 мкв талбайн үнэ 2.100.000 төгрөг нийт үнэ 130.914.000 төгрөгөр худалдан авахаар тохиролцож гүйцэтгэгч Мон топ трейд ХХК гэрээний 3.1-т зааснаар орон сууцыг гэрээний 2.2 буюу гэрээний 1.8-д заасан төлбөрийг захиалагч тал нь гүйцэтгэгч талд гэрээний дагуу бүрэн төлсөн тохиолдолд уг орон сууцыг холбогдох бичиг баримтын хамтаар захиалагчийн өмчлөлд шилжүүлэх талаар заасны дагуу ашиглалтанд хүлээлгэн өгснөөр захиалагч талд орон сууцыг актаар хүлээлгэн өгөх, захиалагч төлбөрийг гүйцэтгэгчид төлөх үүргийг хүлээж гэрээ байгуулжээ.
Талуудын хооронд Орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулагдсан боловч гэрээ нь утга агуулгаараа Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохирсон үнийг төлөх үүрэгтэй байна.
Гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч Р.Уламбадрах, У.Хангал, хариуцагч Мон топ трейд ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.
Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо 13 дугаар хороолол 90 дүгээр байрны 905 тоотод байрлах 62.34 мкв талбайтай 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Р.Уламбадрах, У.Хангал нар болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь “62.34 мкв тайлбай бүхий 2 өрөө орон сууц худалдан авсан. Орон сууцны мкв-ыг хэмжүүлэхэд 56.77 мкв байх тул зөрүү 5 мкв-ын үнийг илүү төлөлтөөс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхэд төлсөн 10.000.000 төгрөг нийт 20.000.000 төгрөг” гаргуулахыг шаарджээ.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ.
Хариуцагч Мон топ трейд ХХК нь гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө буюу 56.77 мкв /нэхэмжлэгчийн үнэлүүлснээр/ талбай бүхий орон сууцыг шилжүүлсэн гэж үзэхээр боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь баригдаж дууссан буюу улсын комисс хүлээн авахад бэлэн болсон орон сууц худалдан авч, нэхэмжлэгч нарын нэр дээр орон сууцны өмчлөх эрх 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр бүртгэгдсэн тул орон сууцыг хүлээн авсан байна.
Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцдог ба эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заажээ.
Нэхэмжлэгч У.Уламбадрах, У.Хангал нар орон сууцны талбайн хэмжээ дутуу болохыг мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, орон сууцны талбайн хэмжээний зөрүүтэй байдал барилгын ашиглалтын явцад мэдэгдэх боломжтой далд доголдол биш юм. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авсан орон сууцны талбайн талаар шаардлага гаргах эрхээ алдсан байх тул хариуцагч Мон топ трейд ХХК-нд холбогдох орон сууцны талбайн бодит хэмжээ болон гэрээнд заасан хэмжээ хоорондын зөрүү 5 метр квадратын үнэ 10.500.000 төгрөг, дээрх илүү төлөлтөөс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхэд илүү төлсөн 10.000.000 төгрөг нийт 20.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул Инженер геодези ХХК-ийн гаргасан барилга орон сууцны өрөө тасалгааны талбайн хэмжээг тогтоосон актанд дүгнэлт өгөх шаардлагагүй, орон сууцыг ашиглалтанд оруулах улсын комисс 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж, 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ашиглалтад оруулах комиссын акт гарсан, орон сууцны ашиглалтын төлбөрийг нэхэмжлэгч нар 2013 оны 09 дүгээр сараас эхлэн төлсөн талаарх төлбөрийн жагсаалт, мөн нэхэмжлэгч нь 2013 оны 08 дугаар сарын сүүлээр орон сууцандаа нүүж орсон талаар шүүх хуралдаанд гэрч Н.Батцэцэг тайлбарласан болохыг дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар хариуцагч Мон топ трейд ХХК-нд холбогдох орон сууцны талбайн зөрүү үнэ 10.500.000 төгрөг, дээрх илүү төлөлтөөс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхэд илүү төлсөн 10.000.000 төгрөг нийт 20.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323.000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА