Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2019/00164

 

Ц ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

           Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/01667 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1958 дугаар магадлалтай,

   Ц ын нэхэмжлэлтэй,

            “Алтай констракшн” ХХК-д холбогдох

         Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд Ц ыг өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ гаргуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Золзаяа, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Алтай констракшн” ХХК-тай 2014 оны 07 сарын 10-ны өдөр орон сууц захиалгын 84 тоот гэрээ байгуулан, уг гэрээгээр “Алтай констракшн” ХХК-ийн хэрэгжүүлж буй Саруул хотхоны Б блокийн 5 дугаар байрны 20 тоот 72.6 м.кв талбай бүхий орон сууцыг захиалан бариулж, “Алтай констракшн” ХХК нь уг орон сууцыг 2015 оны 1 улиралд захиалагчид хүлээлгэн өгөхөөр, захиалагч нь орон сууцны барилгын нийт үнэ 137,940,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Дээр дурдсан гэрээнд 2015 оны 07 сарын 08-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж, өмнө захиалсан байсан орон сууцыг Саруул хотхоны В блокийн 6 дугаар байрны 62 тоот 80.4 м.кв талбай болгож, орон сууцны нийт үнэ 152,760,000 төгрөг болж өөрчлөлт оруулж, гэрээний бусад нөхцөл нь үндсэн гэрээний нөхцөлтэй адил байхаар тохиролцсон. 2016 оны 10 сарын 18-ны өдөр 84 тоот нэмэлт гэрээ байгуулж, “Алтай констракшн” ХХК нь гэрээний дагуу хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсний хариуцлага тооцож, миний үлдэгдэл төлбөрөөс 614,000 төгрөгийн алданги тооцон хасаж, 2 жилийн хугацаанд автомашины зогсоолыг үнэ төлбөргүй ашиглуулахаар харилцан тохиролцож, орон сууц ашиглалтад орох үед 26,000,000 төгрөгийг төлж орон сууцны түлхүүр хүлээн авч, үлдэгдэл төлбөр 2,000,000 төгрөгийг түлхүүр хүлээн авснаас хойш 6 сарын дараа төлж барагдуулах, захиалагчийг төлбөр тооцоо 100 хувь төлж барагдуулсан тохиолдолд гүйцэтгэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхөөр, ашиглалтад орох хугацаа 2016 оны 4 дүгээр улирал дуустал сунгахаар харилцан тохиролцсон. Гэрээнд заасны дагуу “Алтай констракшн” ХХК-д байрны урьдчилгаанд 124,146,000 төгрөгийг 2014 оны 07 сарын 10-ны өдөр тушаасан. Үүнээс хойш байр ашиглалтад орсны дараа 2017 оны 03 сарын 04-ний өдөр үлдэгдэл төлбөр 28,000,000 төгрөгийг төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Дээрх захиалсан орон сууцандаа 2017 оны 1 сард нүүж орсон бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу “Алтай констракшн” ХХК нь одоог хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөөгүй байна. Иймд Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Саруул хотхон, 116 дугаар байр, 62 тоот 80.4 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд Ц ыг өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ гаргуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг нэхэмжлэлд тусгасан байна, мөн зүйлийн 65.1.11-т энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар зохицуулсан байна. Дээрх нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан өмчлөгчөөр тогтоолгох, эсхүл тогтоох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг манай компани шийдвэрлэх боломжгүй, холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн эрх бүхий байгууллагад хандахаар асуудал байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/01667 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Ц ыг Баянзүрх дүүргийн 26-р хороо, Саруул хотхон, 116-р байрны 62 тоот хаягт байрлах 80.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд Ц ыг өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гарган өгч, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Ц ын нэр дээр гаргуулахыг “Алтай констракшн” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 918,680 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Алтай констракшн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 918,680 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц ад буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1958 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/01667 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Ц ыг Баянзүрх дүүргийн 26-р хороо, Саруул хотхон, 116 дугаар байрны 62 тоот хаягт байрлах 80.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд Ц ыг өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч “Алтай констракшн” ХХК-д даалгасугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 181/ШШ2018/01667 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1958 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т заасныг зөрчиж, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй, Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухай: Анхан шатны шүүх 2018 оны 05 сарын 31-ний өдрийн захирамжаар нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу “Алтай Констракшн” ХХК-иас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн ба 2018 оны 06 сарын 25-ны өдрийн хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнөх хуралдаан дээр гаргасан, нотлох баримтыг шүүхээр бүрдүүлүүлэх хүсэлтээ дэмжиж буйгаа илэрхийлсэнтэй холбогдуулан уг хүсэлт гаргасан нотлох баримтуудыг Төрийн банкнаас гаргуулах, уг нотлох баримтыг ирүүлэх хүртэл шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж буй талаар захирамж уншиж сонсгосон.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн 6-р нүүрэнд “Иймд энэ өдрийн захирамжаар нотлох баримтыг Төрийн банкнаас гаргуулахаар шийдвэрлэсэн, уг шийдвэрээ өөрчилсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэл баримтаар тогтоогдоогүй” гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.7-д “энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн” гэж заасан байх тул гомдлын үндэслэлийг баримтаар тогтоох үүргээ шүүх биелүүлэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тухай: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9-д “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, ..эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” хэмээн заасан нөхцөл байдал үүссэн байтал уг хуулийн заалтыг хэрэглэлгүйгээр (анхан шатны шүүхээс 2018 оны 6 сарын 25-ны өдрийн хуралдаан дээр гаргасан “нотлох баримтуудыг Төрийн банкнаас гаргуулах, уг нотлох баримтыг ирүүлэх хүртэл шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж буй талаар” захирамж уншиж сонсгосон) гомдлын үндэслэл баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн байгаа тул шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай: Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах 2 хэсгээр тодорхойлсон байдаг. Үүнд: Баянзүрх дүүргийн 26-р хороо, Саруул хотхоны 116-р байрны 62 тоот, 80.4 м.кв орон сууц буюу үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд Ц ыг өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ гаргуулахыг даалгах. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй асуудлаар шийдвэр гаргаж “Иргэний хуулийн 243.1-т зааснаар Ц ыг Баянзүрх дүүргийн 26-р хороо, Саруул хотхон, 116-р байрны 62 тоот хаягт байрлах 80.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд Ц ыг өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гарган өгч, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Ц ын нэр дээр гаргуулахыг “Алтай Констракшн” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166.4 дэх хэсэгт заасныг үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хуульд нийцүүлэн шүүх тодорхойлох нь зөв юм гэж үзээд агуулгын хувьд алдаатай нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт оруулсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.6. “Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана.” гэж заасан байдгийг уг үндэслэл болон тайлбар нь ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1- д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байх тул Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 181/ШШ2018/01667 дугаар шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1958 дугаар магадлалд (өмчлөгчөөр тогтоосноос бусад хэсэг) өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна. Нэхэмжлэгч Ц  нь хариуцагч “Алтай констракшн” ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хотхон, 116 дугаар байрны 62 тоот хаягт байрлах  80.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ гаргуулахыг даалгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой гэжээ. 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ц   болон “Алтай констракшн” ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул хотхон орон сууцны хорооллын Б блокийн 5 дугаар байрны 1 дүгээр орцны 5 давхрын 20 тоот 72.6 м.кв талбай бүхий орон сууцны үнэ нь 137,940,000.00 төгрөг байхаар тохиролцсон, энэ гэрээнд 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өөрчлөлт оруулахдаа гэрээний зүйлийг мөн байрны 62 тоот 80.4 м.кв талбай бүхий сууц, үнийг 152,760,000.00 төгрөг болгон өөрчилж, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт гэрээ байгуулахдаа орон сууцны төлбөрөөс 614,000.00 төгрөгийн алдангийг хасч тооцохоор харилцан тохиролцсон үйл баримтын талаар талууд маргаагүй байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д нийцжээ.

Худалдан авагч Ц  нь гэрээний зүйлийн үнэ 152,146,000.00 төгрөгийг төлж  үүргээ биелүүлсэн нь банкны баримтаар тогтоогдсон, орон сууцыг 2017 оны 01 сард эзэмшилдээ шилжүүлэн авсан үйл баримтын талаар талууд маргаагүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Өмчлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх тул хариуцагч “Алтай констракшн” ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдсан эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүргийн эрх зүйн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж,  нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахдаа анхан шатны шүүх алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж, шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зөрчөөгүй байна.

Худалдагч тал үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг хариуцагч тал гаргаж өгөөгүй үед дан ганц нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу улсын бүртгэл хийгдэх боломжгүй юм. 

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл буруу биш боловч хариуцагч нь нэхэмжлэгчийг улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ гаргах хууль зүйн боломжгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хуульд нийцүүлэн тодорхойлох нь зөв гэж дүгнэн, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан  “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.6-д заасныг зөрчсөн” гэсэн гомдлыг хангахгүй.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан “...анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн захирамж” буюу нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой гомдолд давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байх тул түүний энэ үндэслэлээр гаргасан гомдлыг хангах хууль зүйн боломжгүй юм. Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж,   давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1958 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.           

2. Хариуцагч “Алтай констракшн” ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 918,680 /есөн зуун арван найман мянга зургаан зуун ная/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН