Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 683

 

    Н.У, Г.О нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Энхболд,

шүүгдэгч Н.У, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 384 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.У, шүүгдэгч Г.О-н өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Н.У, Г.О нарт холбогдох 201601000222 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. С овгийн Н-н У, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр .............. аймгийн ...........суманд төрсөн, .... настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер, бага эмч мэргэжилтэй, “М... г... ” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт .............. дүүргийн 4 дүгээр хороо, ................. дугаар байрны .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............./;  

2. Б овгийн Г-н О, 19... оны ... дугаар сарын ....-ний өдөр ............... аймгийн ......... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ............ дүүргийн Татварын хэлтсийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ............. дүүргийн ........ дугаар хороо, .................. дүгээр байрны ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................/;

Н.У нь орлогын гүйлгээ хийгдсэн өөрийн “М.... ф....” ХХК-ийг татан буулгаж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор ............ дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Г.О-т албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 5.000.000 төгрөгийн хээл хахууль өгсөн,

Г.О нь ............дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс орлогын гүйлгээ хийгдсэн ““М ф” ” ХХК-ийг татан буулгах илтгэх хуудас бичиж, хийх ёсгүй үйлдлийг хийж, Н.У-с 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Н.Энхбаатараар дамжуулан 5.000.000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Н.У-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.У-т холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэх, мөн прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Г.О-т холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Н.У-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан албан тушаалтанд бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.О-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлалгүйгээр бусдаар дамжуулж хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У-г хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-г татварын улсын байцаагч хийх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3-т зааснаар шүүгдэгч Н.У-н цагдан хоригдсон 77 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, түүнийг ял эдэлж дууссанд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3-т зааснаар шүүгдэгч Г.О-н цагдан хоригдсон 42 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, 8.064.000 төгрөгийг торгох ялаас хасч, түүний биечлэн эдлэх ялыг 1.728.000 (нэг сая долоон зуун хорин найман мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоож, 2015 оны Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-с хураан авч, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 5.000.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн Г.О-с хураан авсан 1.241.300 төгрөгийг энэ тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.О-т буцаан олгож, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүйг дурдаж, шүүгдэгч Н.У, Г.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 616 тоот цагаатгах тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болоод шүүхийн процессын алдаанаас дахин анхан шатны шүүхэд хянан шүүгдсэнээр 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 384 тоот шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгааг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

2016 оны 5 дугаар сард миний салсан нөхөр Б.Эрдэнэбилэг нь танил талаа ашиглан надад өш хонзон санаж, Авилгатай Тэмцэх газарт хүсэлт гаргаж, миний эрхийг зөрчиж, хууль бусаар мөрдөн мөшгүүлж гүйцэтгэх ажиллагаа хийлгэж байгаад 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Г.О-т өгсөн мөнгийг хээл хахууль гэж гүтгэн, эрүүгийн хэрэг үүсгүүлэн 77 хоног цагдан хорьж, сэтгэл санаа эрүүл мэндээр хохироож бизнесийн үйл ажиллагааны гадаадын хөрөнгө оруулагч түнш харилцагчдын их хэмжээний санхүүгийн өр төлбөрт оруулснаар амьдралын хүнд дарамтанд явж байгаадаа төрдөө гомдож байна.

Нэг. Шүүх гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо.... 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Татварын хэлтсийн байцаагч Г.О-т компанийн жолооч Энхбаатараар хүргүүлсэн 5.000.000 төгрөгийг "“М ф” " компанийг татан буулгахдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хээл хахууль өгсөн гэж үзэж 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр АТГ-ын хүсэлтээр Татварын Ерөнхий Газраас 3 байцаагч томилон гаргасан Шинжээчийн дүгнэлтийг үндэслэн татвар нуун дарагдуулсан нь нотлогдож байгаа мэтээр шүүхийн шийдвэр гарсныг үгүйсгэн дараах тайлбарыг нотлох баримтаар гаргаж байна.

-2016 оны 5 дугаар сард ““М ф” ” ХХК-ийн захирал Б.Энхбаатар Хяналт шалгалтаар оруулах хүсэлт гаргасан. /1хх-58/

-Татварын Хяналт шалгалт эхлэх үед би өөрийн биеэр Татварын албанд очиж "Манай гэр бүлийн эд хөрөнгийн маргааны улмаас ““М г” ”-ын банкны дансууд шүүхээс битүүмжилсэн байсан учраас охин компани болох "“М ф” " ХХК-ийн Хаан банкны дансаар дамжуулан гадаадаас зээлээр орж ирсэн техникийн   өөрийн   өртөгийн   үнэ   болох   мөнгийг   авч   “М   групп”   ХХК-ийн Татварын санхүүгийн тайланд тусгаж холбогдох татваруудыг төлсөн" гэдгээ албан ёсоор татварын байцаагч болон Хяналт шалгалтын Хэлтсийн   даргад орж танилцуулсан. Тэгвэл "“М г” " ХХК-ийг давхар шалгах шаардлагатай гэснээр албан хүсэлтээ бичгээр гаргаж байсан. Чингэлтэй дүүргийн Татварын Хэлтсийн тодорхойлолт. /7хх-31/

Хоёр. Шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн дараах баримтууд хавтаст хэрэгт бий. /6хх-247-7хх-47-р хуудас хүртэл/,

- Шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэн АТГ болон Нийслэлийн Прокурорын газарт 2 удаа, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 1 удаа албан ёсны "ШШҮХ-ийн Санхүүгийн шинжээчээр оруулж өгөөч" гэсэн хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч холбогдох газрууд хүлээн авч хангаагүй, /7хх-205-211, 6хх-48, 5хх-105/,

- Санхүүгийн Аудитын "Юникапитал Аудит"-ын ХХК-ийн дүгнэлт /7хх-27/

- ““М ф” ” ХХК нь гаалиар ямар ч бараа материал оруулаагүй гэсэн Гаалийн Ерөнхий Газрын тодорхойлолт /7хх-27/,

- ““М г” ” ХХК-ийн жил эцсийн санхүүгийн тайлангууд /7хх-12/ зэрэг баримтуудад тодорхой бий. 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн татварын улсын байцаагч Л.Мөнхбат, Б.Тунгалагтуул, С.Тамираа нарын Татварын хуулийн 34.2, 33.2.6, 17.1.7-д заагдсан "Холбогдох этгээдийн тайлбар, мэдүүлэг, харилцан хамаарал бүхий /гааль, татвар, хилийн хяналт, санхүүгийн хороо/ байгууллагуудаас тодруулга баримтгүй татварын акт, дүгнэлт нь хүчин төгөлдөр бус байна" гэсэн хуулиуд зөрчиж хэт өрөөсгөл, зөвхөн банкны дансны хуулга харж хийсэн дүгнэлтийг үндэслэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Улсын яллагч 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Прокурорын тогтоолдоо дээд шатны прокурорт гомдол гаргах хугацаа 14 гэж дурдсан атлаа тэр өдөртөө шүүхэд яллах дүгнэлт үйлдэн шилжүүлсэн мөн ШШҮХ-ээр бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах зэрэг 3 удаа хүсэлт гаргасныг хангаж байгаагүй зэргээр хэрэг хянан шийдвэрлэхэд ноцтой алдаанууд гарсан.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэв.

 Шүүгдэгч Г.О-н өмгөөлөгч Р.Пүрэвлхам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх “Г.О-г хээл хахууль авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо ... .......... дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ““М ф” ” ХХК-ийн татварын албанд бүртгэлтэй ХААН банкны дансаар 2015, 2016 онуудад нийт 227.0 сая төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн, мөн тус компани нь 2015 оны жилийн эцэст байсан 47 ширхэг тээврийн хэрэгслийг тус компани татан буугдах үед худалдан борлуулсан гэж үзвэл хууль тогтоомжийн дагуу албан татвар ногдуулах байсан зэрэг зөрчил илрээгүй хэмээн үндэслэлгүйгээр 35462000 дугаартай "илтгэх хуудас" бичсэний хариуд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Н.У-с Н.Энхбаатараар дамжуулан 5.000.000 төгрөгийн хээл хахууль авсан” хэмээн дүгнэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй, хэт ташаарсан, татварын хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэхээр дүгнэлтийг хийж гэм буруутайд тооцсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Татварын Ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана гэж заасан байдаг бөгөөд миний үйлчлүүлэгч Г.О нь 35462000 дугаартай "илтгэх хуудас" бичихдээ дээрх Татварын ерөнхий хуулийн зохих заалтыг мөрдлөг болгосон байна. Мөн түүнчлэн "илтгэх хуудас" гэх баримтыг гаргахдаа хамтран шийдвэрлэдэг бөгөөд дээрх зөрчилтэй эсэх асуудалтай холбоотой бүхий л баримтыг хяналт шалгалтын тасгийн дарга хянаж, эцсийн байдлаар танилцаж гарын үсгээ зурдаг. Өөрөөр хэлбэл "илтгэх хуудас" нь 3 хүний хамтын шийдвэр байдаг атал ганцхан Г.О гаргасан мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй болно. Анхан шатны шүүх нэгэнт ““М ф” ” ХХК-ийн дансаар гүйлгээ хийгдсэн нь татвар ногдуулахаас байсныг ногдуулаагүй гэж дүгнэж байгаа нь хэт өрөөсгөл дүгнэлт бөгөөд дээрх компани нь гүйлгээгээ ““М г” ” ХХК-ийн санхүүгийн болон татварын тайланд бүрэн тусгагдсан тухай нотлох баримтыг хэрэгт гаргаж өгсөөр байхад үнэлэлгүй шийдвэр гаргасан. ““М ф” ” ХХК ямар нэгэн орлого, зарлагын гүйлгээ хийгээгүй бөгөөд зөвхөн ““М г” ” ХХК нь харилцан хамаарал бүхий компани болох ““М ф” ” ХХК-ийн дансаар өөрийн орлогоо дамжуулан авч өөрийн санхүүгийн болон татварын тайландаа бүрэн тусгасан талаарх баримтаа анхан шатны шүүхэд гаргаж өгсөн байтал шүүх нотлох баримтыг үнэлээгүй болно. Тодруулбал Н.У нь хээл хахууль өгөх, Г.О нь хээл хахууль авах ямар ч шалтаг шалтгаан байхгүй бөгөөд илтгэх хуудсанд ч хэрвээ хамаарал бүхий компани дээр ямар нэгэн байдлаар татвараа тайлагнаагүй бол илтгэх хуудас эцсийн шийдвэр болох боломжгүйг дурьдсан байдаг.

Иймд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 384 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү...” гэв.

 Шүүгдэгч Н.У-н өмгөөлөгч Ц.Бат-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны болж чадаагүй. Миний зүгээс гомдолтой санал нэг байна. Мөн Н.У нь өөрөө 5.000.000 төгрөгийг авилга өгөх санаа зорилгоор өгөөгүй. Надад авилга өгөх үндэслэл байхгүй гэж ярьдаг. Энэ хэрэгт 5.000.000 төгрөг өгсөн авсан үйл баримт тогтоогдсон. Гэхдээ энэ байдал нь авилга мөн юм уу, эсвэл биш юм уу гэдэг байдалд шүүх үндэслэлтэй шийдвэр гаргаж чадаагүй. Ялангуяа мөрдөн шалгах ажиллагааны үед шинжээч томилоод томилсон тогтоол болон гарсан дүгнэлт зэргийг хэргийн оролцогч нарт танилцуулах, давж заалдах гомдол гаргах эрхийг нь сануулах зэрэг байдлаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн. Шүүгдэгч Н.У-н зүгээс тухайн 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч удаа дараа хүсэлт гаргасан. Гэтэл хүсэлтийг хүлээн авахгүй оролцогчийн эрхийг хязгаарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Г.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Татварын улсын байцаагч дангаараа шалгалт хийнэ гэж байдаггүй. Хяналт шалгалт хийхдээ татварын улсын байцаагчийг тасгийн дарга томилсны дагуу 3 хүний бүрэлдэхүүнтэй шийдвэр гаргадаг. Мөн тухайн орлого нь группийн орлого байсан. Энэ нь тухайн групп зөвхөн хил гаалиар хүнд даацын машин механизм оруулж ирдэг байсан. ““М ф” ” ХХК-ийн хувьд тухайн үеийн хөндлөнгийн бааз буюу хил гаалиар оруулж ирсэн баазад байдаггүй байсан. Би шийдвэр гаргахдаа тасгийн даргын өрөөнд орж “тухайн орлого группийийн орлого байна” гэхэд тасгийн дарга “татварыг давхардуулж тооцож болохгүй. Тийм учраас группийг нь шалгуул, группийг өргөдөл өгүүл” гэсэн. Үүнийг дагуу би өргөдлийг нь өгүүлж, группийг шалгуулсан. Надад группийг шалгах ямар ч эрх байгаагүй. Өмгөөлөгчийн гомдлыг дэмжиж байна. Иймд миний хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэв.

Прокурор Н.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь судалсан. Хавтаст хэрэгт авагдсан баримт хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуулийг зөрчөөгүй. Мөн Г.О илтгэх хуудсыг бичихдээ группийн дансны хуулгыг хянасан. Дансны хуулгаар ““М ф” ” ХХК-д орлого орж ирсэн. Тухайн үед группийн данснуудыг битүүмжилсэн байсан. Энэ асуудалд шинжээчийн дүгнэлт гаргасан. Мөн шинжээч томилсон тогтоол болон дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар танилцуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                                                        ХЯНАВАЛ:

 Давж заалдах шатны шүүх Н.У, Г.О нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу гомдолд дурьдагдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.

 Шүүгдэгч Н.У-г “2015, 2016 онуудад тодорхой хэмжээний орлогын гүйлгээ хийгдсэн болон тодорхой хэмжээний эд хөрөнгөтэй байсан өөрийн мэдлийн “М ф”  ХХК-ийг хууль бусаар татан буулгаж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор ........... дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Г.О-т албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 5.0 сая төгрөгийн хээл хахууль өгсөн”,

шүүгдэгч Г.О-г “............. дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүндээс “М ф”  ХХК-ийн татварын албанд бүртгэлтэй Хаан банкны дансаар 2015, 2016 онуудад нийт 227.0 сая төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн, мөн тус компани нь 2015 оны жилийн эцэст байсан 47 тээврийн хэрэгслийг тус компани татан буугдах үед худалдан борлуулсан гэж үзвэл хууль тогтоомжийн дагуу албан татвар ногдуулах байсан зэрэг зөрчил дутагдал байсаар байхад 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Шалгалтанд хамрагдсан хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд зөрчил илрээгүй гэж үндэслэлгүйгээр 35462000 дугаар Илтгэх хуудас бичсэний хариуд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Н.У-с Н.Энхбаатараар дамжуулан 5.0 сая төгрөгийн хээл хахууль авсан” гэж шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй болжээ.

Хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараахь нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам, шаардлагыг хангасан тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь зөв байна.

 Г.О-н биед болон тээврийн хэрэгсэлд нь нэгжлэг хийж 5.0 сая төгрөг хураан авсан тухай тэмдэглэл /1 хх-н 96-101/, эд мөрийн баримтаар Б.Энхбаатарын Хаан банкны данснаас 5.0 сая төгрөг зарлагдсан гүйлгээний баримт /1 хх-н 119/ хураан авсан тэмдэглэл /1 хх-н 118/, Татварын улсын байцаагчийн Илтгэх хуудсууд /1 хх-н 133-152/, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-н 134/,

“М г”  ХХК-ийн нягтлан бодогч А.Сувд-Эрдэнийн “М эко, “М ф”  ХХК-иуд нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй байсан. Тэгээд Х /икс/ тайлан гаргаж өгсөн. Би дансыг нь харж байгаагүй. Манай санхүү хариуцсан захирал Солонго Х /икс/ тайлан гаргаж өг гэж хэлэхээр нь би гаргаж өгсөн. Тэгээд 1 дүгээр улирлын тайланг иксээр өгсөн байгаа гэхээр нь би үйл ажиллагаа явуулдаггүй гэж бодоод икс тайлан гаргаж өгсөн” гэсэн гэрчийн мэдүүлэг /1 хх-н 155/,

“М г” ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Саруулын “намайг ажилд орохоос өмнө “М г” ын захирал Н.У нь нөхөртэйгээ эд хөрөнгийн маргаантай байсан учраас “М г” ын бүх харилцах дансыг шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн байсан юм. Тэгээд “М г” ын бүх орлого зарлагын гүйлгээг “М ф”  ХХК-иар дамжуулан авдаг байсан. Тэгээд би ажилд ороод ингэж болохгүй гээд болиулж байсан. Энэ хоёр компани ямарч харилцан хамаарал байхгүй байж “М г” ын мөнгийг эргэлдүүлдэг байсан. “М ф”  ХХК нь тайлангаа Х хэлбэртэйгээр буюу үйл ажиллагаа явуулдаггүй гэж гаргаж өгдөг байсан. Энхбаатар нь борлуулагчаар ажилладаг байсан. Н.У энэ хүний нэр дээр компани байгуулаад дансыг нь ашигладаг байсан. “М ф”  ХХК нь анхнаасаа Н.У-н нэр дээр байж байгаад  Энхбаатарын нэр дээр 100 хувь шилжүүлсэн байсан. Тэгээд би Хас банкнаас зээл авахын тулд “М г” ыг орлоготой харагдуулахын тулд 2016 оны 7 дугаар сард дахин Н.У-г хувьцаа эзэмшигчээр оруулаад “М ф”  ХХК-ийн дансаар орсон орлогыг “М г”  ХХК-ийн орлого мэтээр харагдуулж орлогоо хүлээн зөвшөөрүүлээд зээл хөөцөлдсөн. Тэгээд юу болсныг мэдэхгүй ажлаасаа халагдсан” гэсэн гэрчийн мэдүүлэг /1 хх-н 159-160/,

Үндэсний татварын ерөнхий газрын улсын ахлах байцаагч С.Энхбатын “татварын алба нь тухайн аж ахуйн нэгжийг заавал хяналт шалгалтанд хамруулж татварын эцсийн тооцоог хийдэг. Үүнийг үндэслээд хуулийн этгээдийг бүртгэлээс хасдаг юм. Татварын улсын байцаагчийн дүгнэлтийг Эрүүгийн хуульд заасан онц их хэмжээний хохиролтой татвараас зайлсхийсэн тохиолдолд бичдэг. Харин түүнээс бага бол акт гаргана. Харин ямарч зөрчилгүй гэвэл илтгэх хуудас бичдэг” гэсэн гэрчийн мэдүүлэг /1 хх-н 112/,

........... дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Б.Даваасүрэнгийн “Би хэлтсийн даргын томилолтоор Г.О-н хамт “М ф” , М эко ХХК-ийг татан буулгах хүсэлтийн дагуу хяналт шалгалт хийсэн. Г.О бүх төрлийн татвар ногдуулалт төлөлтийг шалгах, миний хувьд нэмэгдсэн өртгийн татварын байдлыг шалгаад байгуулагдснаасаа хойш үйл ажиллагаа явуулаагүй, нэмэгдсэн өртгийн татвар төлөгч аж ахуйн нэгж биш, гаалийн мэдээлэл болон өөр хөндлөнгийн мэдээлэл байгаагүй. Ингээд л би энэ чиглэлээр ямар нэгэн зөрчил дутагдал алга гэдгийг нь Г.О-т хэлсэн. Г.О өөрийн шалгасан чиглэлээр зөрчил дутагдал байхгүй байна гэсэн. Тэгээд л Илтгэх хуудас үйлдсэн” /1 хх-н 180-181/ гэсэн гэрчийн мэдүүлэг,

“М ф”  ХХК, М эко ХХК-ийн санхүүгийн баланс, албан татварын ногдуулалт төлөлтийн тайлан, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримт материалд шинжээчээр ажилласан Татварын улсын байцаагч Л.Мөнхбат, Б.Тунгалагтуул, С.Тамираа нарын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “М эко ХХК-ийн хувьд татвараас зайлсхийсэн болон орлого нуусан зүйлгүй болно. “М ф”  ХХК-ийн татварын албанд бүртгэлтэй Хаан банкны 5028584679 тоот төгрөгийн харилцах дансаар 2015 онд 173,534,550.0 төгрөг, 2016 онд 53,476,000.0 төгрөг, нийт 227,010,550.0 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байна. Татварын албанд бүртгэлгүй Хаан банкны 5028638037 тоот ам.долларын дансаар 2016 онд 126,990.0 доллар буюу 260,387,282.30 төгрөгийн орлогын гүйлгээ, Хас банкны 5001249671 тоот долларын дансаар 2015 онд 6,951.60 доллар буюу 13,258,925.71 төгрөг, 2016 онд 5,000.0 доллар буюу 10,249,420.0 төгрөг, нийт 23,508,345.71 төгрөгийн орлогын гүйлгээ, Хас банкны төгрөгийн 5001249666 тоот дансаар 2014 онд 14,350,000.0 төгрөг, 2015 онд 284,776,070.0 төгрөг, 2016 онд 52,294,250.0 төгрөг, нийт 351,420,320.0 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байна. 2015 онд татварын албанд бүртгэлтэй нийт 47 ширхэг тээврийн хэрэгсэл нь “М ф”  ХХК-ийн хөрөнгө болох нь ............ дүүргийн Татварын хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2/2658 дугаартай албан тоотоор нотлогдож байна. М эко ХХК-д бичигдсэн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 35463000 дугаартай Илтгэх хуудас нь үндэслэлтэй. “М ф”  ХХК-д бичигдсэн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 35462000 дугаартай Илтгэх хуудас нь үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт /1 хх-н 203-207/, шинжээч Б.Тунгалагтуулын гаргасан дүгнэлтийнх нь талаар асуусан мэдүүлэг /1 хх-н 208/,

 Яллагдагч Б.Энхбаатарын “2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би Голомт банкин дээр “М ф” , М эко ХХК-ийн дансыг хаалгах гээд явж байхад Н.У эгч над руу залгаад данснаасаа яаралтай 5.0 сая төгрөг аваадахаач гэж хэлсэн. Тэгээд Хаан банк орж өөрийн данснаас авсан. Н.У эгчийн утаснаас Г.О-н дугаар гээд мессэж явуулаад ........ дүүргийн Татварын хэлтсийн гадаа очоод наад дугаар руу залгаад 5.0 сая төгрөгөө өгчих гэсэн. Тэгээд Г.О гарч ирээд хар тортой 5.0 сая төгрөгийг аваад явсан. Г.О Н.У-тэй уулзаж байхдаа хэрвээ мөнгө өгөх юм бол татварын тайланг чинь өөрчлөөд танай компанийг татан буулгаж болно ш дээ гээд хоорондоо ярьж байсан” /1 хх-н 213-214/,

Яллагдагч Г.О-н “Би У-с 5 сая төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр У-н дүү Энхбаатараар дамжуулан ажлын гадаа замын хойд талын автомашины зогсоол дээр авсан нь үнэн. М эко, “М ф”  ХХК нь татан буулгах хүсэлтээ манай татварын хэлтэст өгснийг би хяналт шалгалт хийхээр болоод шалгах явцад захирал Н.У-тэй таарч ах Будхүүг таних уу танд металл хайгч зарж байсан та мөнгийг нь өгөөгүй ах нас барчихсан, одоо та надад тэр мөнгийг өгөх болох нь дээ гэж хэлсэн Н.У тэгэлгүй яахав вэ гэсэн. Н.У би 10 сая төгрөг өгөх боломж алга 5 сая төгрөгийг өгье гэсэн. Би ч өгч байгаа болохоор тэгээч л гэсэн” /1 хх-н 218/,

Яллагдагч Н.У-н ““М ф”, М эко ХХК-ийг татан буулгуулахаар татварын хяналт шалгалтыг оруулж өгөөч гэсэн хүсэлтийг ............ дүүргийн Татварын хэлтэст 2016 оны 7 дугаар сард гаргасан. Татварын шалгалт Г.О дээр таарсан. 5.0 сая төгрөгийг зээлэхдээ ямар  нэгэн гэрээ хийгээгүй, оноос өмнө өгөөрэй гэдгийг хэлсэн, хүү барьцаа байхгүй. Ингээд 10 дугаар сарын дунд үед татварын зөрчилгүй гээд татварын байцаагчийн дүгнэлт гаргасан. Г.О 2016 оны 9 дүгээр сараас би байрны лизингтэй та 10.0 сая төгрөг зээлээч гэх болсон. Би боломжгүй гэдгээ хэлдэг байсан. Г.О танайх хэл амтай ядаргаатай газар шүү гэх болсон. Тэгээд би мөнгө орж ирвэл 5.0 сая төгрөг өгье гээд хэлчихсэн. Тэрнээс хойш Г.О надаас утасдаж мөнгө нэхэх болсон. Энэ дүгнэлтээ 10 дугаар сарын 18-ны үед надад өгсөн. Тэгээд Г.О-т 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 5.0 сая төгрөг Энхбаатараар хүргүүлж өгсөн” /1 хх-н 247, 2 хх-н 189, 205/ гэсэн мэдүүлэг.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүхээс тэдэнд оногдуулсан ял шийтгэл үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон хүнд биш байна.

Шүүгдэгч Н.У нь “шинжээчээр татварын алба өөрөөсөө томилогдсон нь буруу гэж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийг томилох хүсэлт гаргасныг хүлээн аваагүй. “М ф”  ХХК нь гаалиар ямар я бараа материал оруулаагүй гэсэн санхүүгийн аудитын “Юникапитал аудит ХХК-ийн дүгнэлт, Гаалийн ерөнхий газрын тодорхойлолт болон “М г”  ХХК-ийн тайлангууд авагдсан байхад анхаарч үзээгүй”, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам ““М ф”  ХХК ямар нэгэн орлого, зарлагын гүйлгээ хийгээгүй бөгөөд зөвхөн “М г”  ХХК нь харилцан хамаарал бүхий “М ф”  ХХК-ийн дансаар өөрийн орлогоо дамжуулан авч өөрийн санхүүгийн болон татварын тайландаа бүрэн тусгасан талаарх баримтыг гарган өгсөн боловч шүүх анхаарч үзээгүй. Илтгэх хуудас 3 байцаагчийн бүрэлдэхүүнтэй гарсан байхад зөвхөн Г.О гаргасан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг тус тус хүлээн авах хууль зүйн боломжгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.У, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Анхан шатны шүүх тухайн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 271 дүгээр захирамжаар Ерөнхий шүүгч Б.Мөнхбаярыг томилж, албажуулсан боловч 30 хоног ямарч ажиллагаа хийгээгүй 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Ерөнхий шүүгчийн 396 дугаар захирамжаар шүүх бүрэлдэхүүн өөрчилсөн ноцтой алдааг цаашид дахин давтан гаргахгүй байхыг давж заалдах шатны шүүх зориуд тэмдэглэж байна.

Хэрэв тухайн томилогдсон шүүгч нь шүүхээс өмнөх шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бол хуульд заасны дагуу татгалзан гарах асуудлаа шийдвэрлүүлж хэвших хэрэгтэй.