Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 118/ШШ2019/0007

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******- ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох

*******- ХХК-ийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг төлөвлөгөөг батлахыг ******* сумын Засаг даргад даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.*******, хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг дарга Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Алтансолонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******- ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсээс олгосон Завхан аймгийн Завханмандал, ******* сумдын нутгийг дамнан орших ашигт малтмалын хайгуулын ******* дугаар тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т заасан үүргийнхээ дагуу байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө боловсруулж мөн зүйлийн 38.1.3-т заасны дагуу Завханмандал, ******* сумын Засаг дарга нарт 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 01/0202, 01/0303 дугаар албан тоотоор хүргүүлж батлуулах хүсэлт гаргасан. Манай гаргасан төлөвлөгөөг Завханмандал сумын Засаг дарга хуулийн хугацаанд буюу хүлээн авсанаас хойш 14 хоногт багтаан баталж өгсөн боловч ******* сумын Засаг дарга ямар нэг хуулийн үндэслэл хэлэлгүй батлахаас татгалзсаар 8 сар өнгөрсөн тул 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Завхан аймгийн Засаг даргад гомдол гаргасны дагуу ******* сумын Засаг даргаас тодруулга авсан ба сумын Засаг дарга манай төлөвлөгөөг батлахаас татгалзсан тухай 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 3/189 дүгээр албан бичиг ирүүлжээ. ******* сумын Засаг даргын төлөвлөгөө батлахаас татгалзсан үндэслэл нь хууль бус байна. Учир нь Засаг дарга төлөвлөгөө батлахаас татгалзсан үндэслэлээ Газрын хэвлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, Зөрчлийн тухай хуулийн 7.10.1 дэх хэсгийг дурдсан байна. Үүгээр зогсохгүй Засаг дарга манай компанийн тусгай зөвшөөрлийн эрхийг дуусгавар болгох эрхтэй гэж үзээд үндэслэлээ Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийг баримталсан байна. Гэтэл манай компани хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас авсан ба үйл ажиллагаагаа ч мөн энэ хуульд заасан ёсоор явуулдаг. Учир нь Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт газрын хэвлийд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдах харилцааг газрын хэвлийн тухай хуулиар зүйлчилж байгаа нь буруу. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6-д зааснаар захиргааны шийдвэр хуульд үндэслэх ёстой. ******* сумын Засаг даргын эс үйлдэхгүйгээс шалтгаалан манай тусгай зөвшөөрөл цуцлагдсан үүнээс шалтгаалан манай компанийн уг талбайд зарцуулсан 184.787.232 төгрөгийн хөрөнгө оруулалтын хохирол учраад байна. Иймд Завхан аймгийн ******* сумын Засаг даргын хууль зүйн үндэслэлгүйгээр 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3 дахь хэсэгт энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах гэж тус тус заасан байдаг. Иймд холбогдох хуульд заасан үүргийнхээ дагуу тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбайд хамаарах сумд болох Завхан аймгийн Завханмандал, ******* сумдад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг албан бичгийн дагуу хүргүүлсэн. Завханмандал сум байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хүргүүлснээс хойш Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэсэн үүргийнхээ хүрээнд баталсан байдаг. Харин ******* сумын Засаг дарга тухайн үед Засаг дарга томилогдоогүй байгаа гэсэн үндэслэлээр 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах тухай албан бичиг болон төлөвлөгөөг хүлээж аваагүй. Энэ нь тухайн ******* сумын Засаг даргыг орлож байсан албан тушаалтан нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн... Засаг дарга байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзах үндэслэлүүдийг хуульд зохицуулж өгөөгүй, 10 хоногийн дотор батлана гэсэн заалт л байдаг. Мөн дээрээс нь ******* сумын Засаг дарга нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй болон яагаад батлахгүй байгаа талаараа 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс хойш албан ёсоор бичгээр шийдвэр гаргаж өгөөгүйгээс... байгууллага үйл ажиллагаагаа эхэлж чадахгүй, дараагийн шатны байгууллага болох шүүхэд хандаж чадахгүй байдалд хүрсэн. Гэтэл ******* сумын Засаг даргын хууль бус эс үйлдэхүйгээс болоод 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлээд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах гэж явсаар байгаад 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тусгай зөвшөөрлөө сунгуулах хугацаа болоход байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулаагүйгээс болоод тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж өгөөгүй. Ингэж нэхэмжлэгч байгууллагын эрх ашиг хөндөгдөхөд хүрсэн. Ашигт малтмалын газрын тосны газарт тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад тусгай зөвшөөрөл эзэмшигч компани нь үйл ажиллагаа явуулсан жилүүдийн төлөвлөгөө, тайлан болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулсан баримтуудаа гаргаж өгч байж дараагийн тусгай зөвшөөрлийн сунгалтаа хийлгэдэг. Гэтэл энэ бүрдүүлэх баримт бичиг дутуу буюу байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө ******* сумаар батлуулсан төлөвлөгөө байхгүй учраас Ашигт малтмал газрын тосны газар дээр энэ компанийн тусгай зөвшөөрөл цаашид сунгагдахгүй байхаар шийдвэр гарсан. Ашигт малтмал газрын тосны газраас *******- компани нь тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулахдаа ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй, төлөвлөгөө тайлангаа цаг хугацаанд нь ирүүлдэг байсан гэсэн ийм бичгүүдийг ирүүлсэн байгаа. Эндээс харахад төлөвлөгөө, тайлангаа цаг хугацаанд нь ирүүлж байсан бол юунаас болж тусгай зөвшөөрөл сунгагдаагүй вэ? гэдэг асуудал үүсэхээр ердөө байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ******* сумаас баталж өгөөгүй учраас энэ компаний тусгай зөвшөөрөл сунгагдаагүй, нэртэй газрын үйл ажиллагаа нь зогссон байгаа. Захиргааны байгуулагын хууль бус эс үйлдэхүйгээс болоод тухайн байгууллагад их хэмжээний буюу мөнгөн дүнгээр тооцох юм бол 180.000.000 /нэг зуун наян сая/ гаруй сая төгрөгийн хохирол учирсан. Мөн ******* сумын Засаг даргын Тамгын газраас ирсэн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн илтгэх хуудас болон ******* сумын Засаг даргын эс үйлдэхүй талаар Завхан аймгийн Засаг даргад гомдол гаргасан байдаг. Энэ гомдлын дагуу аймгийн Засаг дарга *******- компанид хариу тайлбар өгөхдөө ******* сумын тусгай зөвшөөрөл эзэмшдэг компани нь 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хайгуулын ажил хийж байсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.11 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байх тул үйл ажиллагааг нь зогсоосон. Цаашид байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй гэсэн хариу өгсөн. Эндээс ******* сумын Засаг дарга байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан эс үйлдэхүй харагдаж байна. ******* сумын Засаг дарга байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан эс үйлдэхүйн үндэслэлээ 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хууль бусаар өрөм тавьж үйл ажиллагаа явуулсан гэх. Энэ бол яг нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй. Илтгэх хуудаст байгаа өрөм тавьсан гээд байгаа асуудал нь үнэн бол байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй гэх өмнөх 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр батлуулахаар очсон гээд байгаа энэ үйлдэлтэй огт холбоогүй. Үнэхээр өрөм тавигдсан асуудал байгаа бол Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авах байгаа. Энэ асуудлууд тусдаа ойлголт байгаа... Гэтэл байгаль орчны менежментийн төлөвлөгөөг авч харах ч үгүйгээр, тэр дотор ямар асуудлууд байгаа, байгаль орчныг яаж хамгаалж, нөхөн сэргээх асуудлуудыг боловсруулаад очиж байхад тэрэнтэй танилцуулах ч боломж олгохгүйгээр зөвхөн Засаг дарга томилогдоогүй гэсэн үндэслэлээр буцаасан байгаа нь хууль бус эс үйлдэхүй гэж үзэж байна. Тийм учраас ******* сумын Засаг дарга тус компанийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас үндэслэлгүйгээр татгалзсан учраас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан энэ үйлдэл нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, уг төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх үндэслэлтэй байх учир тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж заасны дагуу зохих шийдвэр гаргаж өгнө үү гэж хүсч байна гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Завхан аймгийн ******* сумын Баян-Улаан багийн Бор толгой нэртэй газар *******- ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хайгуулын ажлыг ямар нэгэн баримт бичиггүйгээр хууль бус хийж байгаа нь нотлогдсон. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах гэснийг зөрчиж байгаа юм. Тухайн үед албан хүсэлтээ надад ирүүлээгүй цаашлаад дараах хуулиудыг зөрчиж байгаа нь баримтаар нотлогдоно. Тус хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах, Газрын хэвлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн газрын хэвлийг ашиглагчийн үндсэн эрх, үүрэг 20.4-д газрын хэвлийг ашиглах явцад эвдэрсэн газрыг аюул осолгүй болгож, цаашид ашиглаж болохуйцаар засаж тохижуулан анх зөвшөөрөл олгосон нутгийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх, Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.10.1-д газрын хэвлийг дур мэдэн ашигласан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэх хуулиудын заалтыг зөрчиж, ******* сумын нутаг дэвсгэрт 12 метрийн гүнтэй нийт 40 ширхэг өрөм тавьж хууль бусаар үйл ажиллагаагаа явуулж байсан. *******- компани 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш энэ асуудлаар эрчимтэй ярьж эхэлсэн. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр надад хүсэлт ирүүлсэн гэж байна. Тэр үед сумын Засаг дарга байсан бөгөөд 2017 оны 10 сард ажлаасаа чөлөөлөгдсөн хүний нэр дээр албан бичиг нь ирсэн. Үүнийгээ дагалдуулаад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах төлөвлөгөө зэрэг нь албан ёсоор ирж бүртгэгдээгүй. Хүсэлт ирсэн. Тухайн бичгийг харахад тухайн компаниудын сумд үйл ажиллагаагаа танилцуулж, төлөвлөгөөгөө батлуулах гэж байгаа хэв маяг байсан. Гол батлуулах гээд байгаа төлөвлөгөө нь хичнээн хуудас, ямар материал ирээд бүртгэгдсэн зүйл байхгүй. Үүнээс хойш *******- компани ямар нэгэн байдлаар сумтай холбоо бариагүй. Ирсэн хоног хугацаагаа нарийн сайн мэдэхгүй байна. Ирдэг ирэхдээ манайх танай дээр ийм талбайтай, танай сум орон нутаг үйл ажиллагаа явуулах юм бол ийм ийм талаар хамтарч ажиллана гэж үйл ажиллагааныхаа талаар танилцуулаад явж байсан болохоос биш яг манай бичиг хэргийн ажилтнаар дамжуулаад бүртгүүлээд ингээд өгсөн байгаль орчны менежментийн төлөвлөгөө бол байхгүй. Миний бие 7 сард Улаанбаатар хотод явж байхад утсаар сумаас яриад. Манай Баян улаан багт машинууд хүрч ирээд хайгуул хийгээд, өрөмдөж цоолоод байна гэсэн асуудал гарсан. Ингээд холбогдох албадуудаа тэр өдөрт нь явуулаад газар дээр нь очоод шалгалтыг хийлгэсэн. Ингэж хяналт шалгалт хийсэн үйл ажиллагаа, нотлох баримтууд нь бүгд байгаа. Ажлын хэсэг очоод хяналт шалгалт хийгээд ирсэн. Энэ талаар нэхэмжлэгч тал Зөрчлийн хууль яриад байх шиг байна. Энэ нь Зөрчлийн хуулиас арай өөр байх. Газрын хэвлийг дур мэдэн, ямар нэгэн байдлаар буруу ч бай, зөв ч бай тухайн төлөвлөгөө батлагдсан тохилдолд, хэрвээ батлагдаагүй одоо шүүхэд шилжсэн байгаа бол шүүхийн шийдвэрийн дараа газарт хайгуул хийж болох байсан байх. Энэ дээр компанийн зүгээс маш алдаатай зүйл хийсэн. Шууд дур мэдэн хүч түрэн орж ирж хайгуул хийсэн нь маш том баримтаар, хуулиар бол зөрчлөөр үүсч байгаа гэж үзэж байгаа. Бичгээр тайлбар ирээгүй гэж байна. Яг сумын Засаг дарга Г.*******од гээд ирсэн бичгээр тайлбар өгөх гэхээр нэг ч бичиг ирээгүй байдаг. Юу юун дээр тайлбар авах гэж байгаа талаараа бичиг ирүүлээгүй. Учир нь яагаад вэ? гэхээр тухайн компани ямар чиглэлээр, надаар юу батлуулах гэж байгаа болон холбогдох материал баримтаа ирүүлээгүй учраас энэ дээр тайлбар явуулах шаардлага байхгүй. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг авч үзээд, нөхөн сэргээлт гээд яг юу хийх гэж байгааг нь үзээд явчих байсан. Тэгсэн бол манайх ингэж хайгуул хийлгэхгүй байх байсан ч гэх юм уу тийм асуудал ярьж байна. Тэр нь өөрөө сая нэхэмжлэлийн тайлбар дээр ч гэсэн яригдаж байна. Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай санал байна. Тэр бол сумын Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг эрх бүхий байгууллагад нь уламжилдаг ийм асуудал байгаа. Эрүүл газар дээр хууль бусаар хайгуул хийчхээд үүнийгээ нөхөн сэргээлт нь ийм байх, ингэж нөхөн сэргээлт хийсэн гэж хууль бус юм хийснээр ингэж тайлбарлах нь хууль бус гэж үзэж байгаа. Албан ёсоор байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулах гээд бидэнд ийм ийм хуудастай, ийм баримт гээд ирүүлээгүй байгаа нь эдний алдаа. Тэгээд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах гээд байгааг гайхаж байна.... Хайгуулын хууль бус ажиллагаа явуулаад дараа нь манай албаны хүмүүсийг очиход төлөвлөгөөгөө байгаль хамгаалагчид албан ёсоор өгсөн байна лээ.Түүнээс хойш байгаль орчны байцаагч надад танилцуулснаар би уншиж танилцсан. Нэгэнт төдийгөөс өдий хүртэл надад албан ёсоор хэлээгүй. Тухайн үед байгаль хамгаалагчид гардуулж өгсөн гэж байгаа болохоос биш албан ёсоор байгууллагын архив, бичиг хэргийн ажилтан бүртгэж хүлээн авсан зүйл байхгүй байгаа. Түүнээс хойш байгаль хамгаалагч танилцуулсан. Шалгалтаар очиход ийм, ийм зөрчил илэрлээ. Танай сумд очоод юмаа танилцуулах гээд амжихгүй байлаа гэдэг шалтгаан хэлээд төлөвлөгөөгөө өгснийг нь аваад ирлээ гэсэн зүйл ярьж байсан. Ер нь нөгөө талаас ирж байгаа саналыг ойлгохгүй байгаа. Ашигт малтмалын газраар төлөвлөгөөгөө батлуулаад сумын засаг дарга түүнийг нь баталдаг. Тухайн сум нь нөхөн сэргээлтээр ийм ийм ажлыг хийлээ гээд тэр төлөвлөгөөтэй танилцаад 14 хоногийн дотор хариу хүргүүлэх талаар гэрээнд бичсэн байсан. Тэгтэл яг менежментийн төлөвлөгөөгөө 2018 оны 7 сарын 03-ны өдөр албан бус байдлаар байгаль хамгаалагчаар өгч явуулсан болохоос биш надад албан ёсоор өгсөн баримт байхгүй. Албан бус байдлаар манай байгаль хамгаалагчид өгөөд манай байгууллагад ирсэн болохоос яг ингэж, ингэж албан ёсоор өгч албажууллаа гээд өгсөн зүйл байхгүй байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

*******- ХХК нь 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Завхан аймгийн ******* сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, уг төлөвлөгөөг батлахыг түүнд даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс ...Манай компанийн ******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд биечлэн хүсэлт гаргасан боловч сумын Засаг дарга батлахаас үндэслэлгүйгээр татгалзсанаар манай компанийн хайгуулын үйл ажиллагаа тасалдаж, хайгуулын тусгай зөвшөөрөл сунгагдахгүй, цуцлагдах нөхцөл үүссэн... хэмээн маргаж байна.

Хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг дарга нь ...*******- ХХК нь 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахаар албан ёсоор ирүүлээгүй, 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ямар нэгэн баримт бичиггүйгээр хууль бусаар хайгуулын ажил хийсэн нь нотлогдсон... хэмээн тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч *******- ХХК нь 2006 оноос ашигт малтмалын хайгуул хийх үндсэн үйл ажиллагааг эрхэлж ирсэн хуулийн этгээд байх ба Завхан аймгийн Завханмандал болон ******* сумын нутаг дахь нэртэй 10710,8 гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрлийг компаниас шилжүүлэн авсан эзэмшигч болох нь ******* дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээ[1], түүний хавсралт, дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээ[2], тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай гэрээ[3] зэрэг бусад холбогдох баримтуудаар[4] тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь ******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч болохынхоо хувьд 2016, 2017, 2018 онуудад хайгуулын ажлын төлөвлөгөөг боловсруулж, жил бүрийн хайгуулын ажлын тайланг гаргаж хянуулсан болох нь геологи хайгуулын ажлын тайлан[5], Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 10/1414 дүгээр албан бичиг, холбогдох тодорхойлолт[6] зэрэг баримтуудаар мөн тогтоогдож байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулахаар байх бөгөөд дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд... ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй, уг эрхээ хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана: ... гэж заасны дагуу уг тогтоосон хугацааг баримталж, 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт-ыг бүрдүүлж өгөхөөр байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж, батлуулахаар, 38.2-д зааснаар сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэхээр байна.

Нэхэмжлэгч компани дээрх хуульд заасны дагуу нэртэй талбайн /хариуцагч тал уг талбай бүхий газрыг Бор толгой хэмээн нэрлэж байгаа/ 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ******* сумын Засаг даргад биечлэн танилцуулж хүргүүлсэн боловч сумын Засаг дарга дээрх хуульд заасан үүргээ биелүүлэлгүй нэхэмжлэгч компанийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас үндэслэлгүйгээр татгалзсан нь дараах үндэслэлүүдээр хууль бус байна.

Хариуцагч ******* сумын Засаг дарга нь *******- ХХК-ийн боловсруулсан 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг бодитойгоор судлаж үзээгүй, ийнхүү танилцаж судлахыг зориогүй нь гэрч буюу *******- ХХК-ийн нийгмийн хариуцлага, орон нутгийн харилцааны асуудал хариуцсан ажилтан Б.*******, ******* сумын байгаль хамгаалагч Т.*******[7], байгаль орчны улсын байцаагч Б.*******[8] нарын мэдүүлгээр нотлогдож байгаа ба дээрх төлөвлөгөөний талаар байгаль хамгаалагчаас өөрт нь танилцуулсан, мөн уг төлөвлөгөөг гэрч Б.*******оос 2018 оны 10 дугаар сард биечлэн авчирч танилцуулсныг хариуцагч ******* сумын Засаг дарга Г.******* үгүйсгээгүй, энэ талаар хүлээн зөвшөөрч тайлбартаа мөн дурдаж байна.

Нэхэмжлэгч компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр байсан байх ба үйл ажиллагаанд нь хяналт тавихаар ******* сумын байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч нарыг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тус компанийн нэртэй талбайд хүрэлцэн очиход байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдаагүй үндэслэл, шалтгаанаа тайлбарлаж, хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ танилцуулсан нь хэрэгт авагдсан Завхан аймгийн ******* сумын Баян-Улаан багийн нутаг дэвсгэрт хайгуулын компанийн үйл ажиллагаанд хяналт тавьсан тухай 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн илтгэх хуудас, гэрч Т.*******, Б.******* нарын мэдүүлгээр тогтоогдож байхад хариуцагч нэхэмжлэгч компанийг холбогдох баримт бичиггүйгээр хайгуулын үйл ажиллагаа явуулж, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, 20 дугаар зүйлийн 20.4, Зөрчлийн тухай хуулийн 7.10.1-д заасныг зөрчсөн гэж үзэж 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хариуцагчаас батлаагүйг зөвтгөх боломжгүй юм.

Учир нь гэрч Б.*******ын мэдүүлгээс харахад анх нэхэмжлэгч компанийн зүгээс 2018 оны 02 дугаар сард ******* сумд биечлэн очихдоо тус сумын Засаг даргатай уулзаж 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг танилцуулаагүй хэдий ч тухайн үед тус сумын засаг дарга ажлаасаа чөлөөлөгдсөн, шинээр засаг дарга томилогдоогүй байсан бөгөөд тухайн үед өөрөө засаг даргын орлогчоор ажиллаж байсныхаа хувьд тус сумын Засаг даргын үүргийг гүйцэтгэж байсан төдийгүй нэхэмжлэгч компанийн төлөөлөл дээрх төлөвлөгөөг батлуулахаар ирээд явсныг сонссон талаар өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагчаар оролцож буй Г.******* хүлээн зөвшөөрч тайлбарлаж байна.

Иймд нэхэмжлэгч *******- ХХК-иас Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар ******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2018 оны 02 дугаар сараас эхлэн удаа дараа ******* сумд холбогдох ажилтнууд нь биечлэн очиж байсан, дээрх төлөвлөгөөний талаар 2018 оны 07 дугаар сард болон 10 дугаар сард танилцаж байсан талаар хариуцагч ******* сумын Засаг дарга маргаагүй хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэгч компанийг 2018 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг ирүүлээгүй, батлуулах талаар хүсэлт гаргаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагч нь тус компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа үндэслэлийнхээ талаар 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 3/189 дүгээр албан бичгээр аймгийн Засаг даргад танилцуулж байсан нь нэхэмжлэгч компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө уг төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй байсныг харуулж байгаа ба энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэстэй байна.

Харин *******- ХХК нь 2018 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг албан ёсоор ирүүлээгүй, ирсэн бичгийн бүртгэлд бүртгэгдээгүй гэх хариуцагчийн тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй юм. Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлт албан бичгийг зохих ёсоор хүлээн авч бүртгэлжүүлэх нь захиргааны байгууллагын үүрэг бөгөөд ийнхүү зөвхөн бүртгэлд тусгагдаагүйд нэхэмжлэгчийг буруутгаж, албан ёсоор төлөвлөгөөг ирүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн хариуцагчаас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нь батлахгүй байгаа үндэслэлийнхээ талаар нэхэмжлэгч *******- ХХК-д мэдэгдээгүй, тэднийг сонсох ажиллагаа явуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасан захиргааны байгууллагын үйл ажиллагааны зарчимд нийцээгүй байна.

Иймд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нэхэмжлэгч *******- ХХК-иас байгаль орчныг хамгаалах талаар хуульд заасан үүргээ биелүүлэх, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах эрхийнхээ хүрээнд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулах зорилгоор 2018 онд байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө боловсруулж батлуулахаар тийнхүү хүргүүлсэн байхад уг үүргээ биелүүлэхтэй нь холбоогүй шалтгаанаар баталж өгөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус төдийгүй сумын Засаг даргын байгаль орчныг хамгаалах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, биелэлтэд нь хяналт тавих зорилгод нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Хариуцагчаас Газрын хэвлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, 21 дүгээр зүйл, Зөрчлийн тухай хуулийн 7.10.1 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байх үндэслэл болохгүй юм.

Газрын хэвлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4-д газрын хэвлийг ашиглагчийн эрхийг хязгаарлах, 21 дүгээр зүйлд газрын хэвлий ашиглагчийн эрхийг дуусгавар болгох үндэслэл, журмыг, Зөрчлийн тухай хуулийн 7.10.1-д газрын хэвлийн хууль тогтоомжийг зөрчсөн зөрчилд хариуцлага оногдуулах тухай асуудлуудыг зохицуулжээ.

Мөн Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт газрын хэвлийд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг ашигт малтмалын тухай хуулиар зохицуулах-аар заасан тул дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч компанийн байгаль орчныг хамгаалах талаарх менежментийн төлөвлөгөөг батлахгүй байх боломжгүй юм.

Хэрэв нэхэмжлэгч компани Зөрчлийн тухай хуулийн 7.10.1-д зааснаар газрын хэвлийн хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд уг зөрчилд нь дээрх хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтнууд хариуцлага тооцох асуудал өөрөөр зохицуулагдах боломжтой.

Тодруулбал, нэхэмжлэгч компанийг дээрх зөрчлийн асуудалд холбогдуулсан нь түүний байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байх үндэслэл болохгүй юм.

Иймд *******- ХХК-ийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Завхан аймгийн ******* сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг төлөвлөгөөг батлахыг ******* сумын Засаг даргад даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч *******- ХХК-ийн  нэртэй хайгуулын талбайн Завханмандал сумын нутаг дэвсгэр дэх талбайд хамаарах хэрэгт авагдсан баримтуудыг шүүх үнэлэх шаардлагагүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******- ХХК-ийн эзэмшлийн ******* дугаартай, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн  нэртэй талбайн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Завхан аймгийн ******* сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Завхан аймгийн ******* сумын Засаг даргад даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* сумын Засаг даргаас 70 200 төгрөгийг гаргуулж, *******- ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 40 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 4 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 105-113 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 114-115 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 58-100 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 143-144 дүгээр хуудас

[7] Хавтаст хэргийн 134-135 дугаар хуудсанд

[8] Хавтаст хэргийн 138-139 дүгээр хуудсанд