Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2023/0286/З |
Дугаар | 221/МА2023/0341 |
Огноо | 2023-05-23 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2023/0341
“М Г” ББН-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б,
Нэхэмжлэгч: “М Г” ББН,
Хариуцагч: Нийслэлийн Эрүүл мэндийн газар,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 366 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж,
Хэргийн индекс: 128/2023/0286/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М Г” ББН нь Нийслэлийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 192 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэр хууль бус тул хүчингүй болгож, “М Г” ББН-тай Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газраас зарласан НЗДДЭМГ/202208025 дугаартай шинээр байгуулагдах Өрхийн эрүүл мэндийн төвийн /Баянзүрх дүүрэг 42 дугаар хороо/ гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 366 дугаар шийдвэрээр: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 30 дугаар зүйлийн 30.3, 46 дугаар зүйлийн 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2.2, 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “М Г” ББН-ийн Нийслэлийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 192 дугаар тендерт шалгараагүй тухай мэдэгдэл хүргүүлэх шийдвэр нь хууль бус тул хүчингүй болгож, “М Г” ББН-тэй Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зарласан шинээр байгуулагдах Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах /Баянзүрх дүүрэг, 42 дугаар хороо/ НЗДДЭМГ/202208025 тендер шалгаруулалтын дугаар бүхий сонгон шалгаруулах ажлын гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...
3.1. Тендер шалгаруулалтыг явуулахдаа захиалагчаас Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны хүн амын тоог эцэслэн баталгаажуулсан болон баталгаажуулаагүй хүн амын ямарваа нэг тоо тендерийн бичиг баримтад байхгүй байсан. Ингээд 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зарлаж 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нээх НЗДДЭМГ/202208025/02/01 дугаартай тендерт орохын тулд тухайн хорооны Засаг даргатай дээрх асуудлаар уулзахад “одоогоор яг хүн амын тоог албан ёсоор эцэслээгүй байна, жилийн эцсээр Үндэсний статистикийн газраас баталгаажуулалт хийсний дараа хүн амын тоог хэлэх боломжтой бөгөөд үүнтэй холбоотойгоор бэлтгэл ажил хийгдэж байна” гэсэн. Ингээд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “42 дугаар хорооны хүн амын тоо эцэслэж гараагүй байна боловсон хүчнийг яаж тооцоолох уу” гэхэд “захиалагчаас хүн амын тоо эцэслэгдэн баталгаажуулаагүй хорооны Өрхийн эмнэлгийн тендерийн бичиг баримтад ийм тохиолдол үүсвэл 3 эмч, 3 сувилагч, 1 нийгмийн эрүүл мэндийн ажилтан байхад болно, 2022 оны эцсээр хүн амын тоо эцэслэгдэн батлагдахаар эрүүл мэндийн даатгалтай магадлан болон санхүүжилтийн гэрээгээ хүн амын тооноос хамаарч хийнэ” гэсэн заавар өгсөн. Ингээд тухайн тендерт “3 эмч, 3 сувилагч, 1 нийгмийн эрүүл мэндийн ажилтантай бичиг баримт бүрдүүлэн тендерт оролцоход дээрх боловсон хүчний бичиг баримтыг зөв байна, харин нийгмийн даатгалын лавлагаа ирүүлээгүй, боловсон хүчинг шилжүүлэн ажиллуулахад татгалзах зүйлгүй тодорхойлолт ирүүлээгүй тул шалгарсангүй” гэсэн тендерийн шийдвэр тухайн тендерт гаргасан байсан.
3.2. Дахин дээрх тендерийн сонгон шалгаруулалтад ороход 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүн амын тоо мөн л эцэслэгдээгүй байсан. Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо 2022 онд байгуулагдсан бөгөөд тухайн оны хүн амын тоог Үндэсний статистикийн хорооноос 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр л эхний байдлаар эцэслэн баталгаажуулсан. Захиалагч 2023 оны 1 дүгээр сард үнэлгээ хийсэн байх бөгөөд тухайн үед Үндэсний статистикийн газар 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр 42 дугаар хорооны хүн амын тоог “9991” гэж анх удаа албан ёсоор баталгаажуулчихсан байсан. Өөрөөр хэлбэл, ирээдүйд хэн төрөөд, хэн нас барах, хэн хэрхэн шилжих, ирэх нь тодорхойгүй хүн амын тоог таамаглах боломжгүй зүйлд дөрөөлөн тендерт шалгаруулаагүй дүгнэлт шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Манай байгууллага хуулийн 27 дугаар зүйлд заасан захиалагчийн тогтоосон чадавхыг нэхсэн шаардлага, техникийн тодорхойлолт, техникийн баримт бичигт заасан бусад шаардлагыг бүрэн хангаж байгаа төдийгүй хамгийн сайн тендер гэж үзэх хуулийн шаардлагад бүрэн нийцэж байгаа. Бид “Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 192 дугаар тендерт шалгараагүй мэдэгдэл хүргүүлэх тухай шийдвэр нь хууль бус тул хүчингүй болгож, “М Г” ББН-тай Шинээр байгуулагдах Өрхийн Эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах /Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо/ НЗДДГ/202208025 дугаар бүхий сонгон шалгаруулалтын ажлын гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнийг хариуцагч бүрэн зөвшөөрч “тендерт шаардлагатай материалыг бүрэн гаргаж өгсөн байна, маргахгүй” гэдэг. /Бусад шалгараагүй гэсэн үндэслэлээр мөн маргахгүй гэсэн/. Тодруулбал, хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Шинээр байгуулагдах Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийг шалгасан хүмүүс алдаа гаргасан байж болно. Хүн амын тоотой холбоотой асуудал дээр манайх хүлээн зөвшөөрч байгаа маргахгүй” гэсэн.
3.3. Анхан шатны шүүх “ “М Г” ББН Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/246 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Үнэлгээний хорооны хурлын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 06 дугаартай тэмдэглэл буюу үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул “М Г” ББН-ийн тендер шаардлага хангаагүй талаарх үнэлгээний хорооны шийдвэр хуульд нийцсэн эсэхийг шүүх дүгнэх боломжгүй буюу хүчин төгөлдөр Үнэлгээний хорооны шийдвэрт үндэслэж “М Г” ББН-ийн тендерээс татгалзсан хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газрын татгалзал хуульд нийцсэн гэж шууд дүгнэхээр байна” гэж үзсэнийг зөвшөөрөхгүй.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараах эрх, үүрэгтэй байна”, 46.1.2-т “Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах” гэсэн хуулийн заалтыг захиалагч Нийслэлийн Эрүүл мэндийн газар хэрэгжүүлээгүй, Үнэлгээний хорооны шийдвэрийг зөвшөөрөхгүй байх боломжтой байсан бөгөөд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Б эцсийн шийдвэрийг 192 дугаартай “тендерт шалгараагүй мэдэгдэл” гаргаж манайд хүргүүлсэн.
3.4. Анхан шатны шүүх “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нь зөвхөн Үнэлгээний хорооны шийдвэрийг уг дуугүй баталгаажуулах л үүрэгтэй албан тушаалтан байна” гэж гэж шийдвэрлэж байгааг зөвшөөрөхгүй. Манай байгууллагад Үнэлгээний хорооноос мэдэгдэл өгөөгүй, харин Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Б 192 дугаар тендерийн эцсийн шийдвэр гаргаж мэдэгдэл өгсөн. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад тендер зарлах тушаал гаргах, Үнэлгээний хороонд дахин үнэлгээ хийж зөрчлийг арилгуулах шийдвэр гаргах, хяналт давхар тавих эрхийг хуулиар олгосон байхад “зөвхөн Үнэлгээний хорооны гаргасан зөвлөмжийг уламжлах л үүрэгтэй байсан” гэж үзсэнийг зөвшөөрөхгүй.
3.5. Манай байгууллагын хамаарал бүхий “Э-Э” ББН-өөс Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн НЭМГ- ийн дарга Б.Бийн 100 дугаартай “Тендерт шалгараагүй тухай” мэдэгдэл хүргүүлэх тухай хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, “Э-Э” ББН-тэй “Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газраас зарласан НЗДДЭМГ/202208027/0201 дугаартай “Шинээр байгуулагдах өрхийн эрүүл мэндийн төв сонгон шалгаруулалтын /Хан-уул дүүрэг, 24 дүгээр хороо/ гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” шаардлага гаргаж, дээрхтэй ижил нэхэмжлэл гаргахад хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2023/0402 дугаар шийдвэр гаргуулсан. Өөрөөр хэлбэл, хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагыг хангах эрх нь байгаа болох нь тодорхой нотлогдож байна.
3.6. Иймд 366 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, манай гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:
2.1. Үнэлгээний хорооны хурлын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 06 дугаар тэмдэглэлээс үзвэл тус хурлаар “Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зарласан шинээр байгуулагдах Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах Баянзүрх дүүрэг, 42 дугаар хороо НЗДДЭМГ/202208025 дугаар тендерийг үнэлээд “шаардлага хангасан нэг ч санал ирээгүй” гэж үзээд мөн тендерийг дахин зарлах зөвлөмжийг захиалагч буюу Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад хүргүүлэхээр” шийдвэрлэсний дагуу 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 01 дугаартай зөвлөмжийг хүргүүлсэн, нэхэмжлэгч эдгээр шийдвэрийг эс зөвшөөрч маргаагүй тул шүүх Үнэлгээний хороо бүх тендерээс татгалзаж, тендерийг дахин зарлах зөвлөмж хүргүүлсэн нь хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийхгүй.
2.2. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “М Г” ББН-д 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 192 дугаартай албан бичгээр “... танай ирүүлсэн тендерийн санал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйл, тендерийн баримт бичгийн дараах шаардлагыг хангаагүй байна. ...Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасны дагуу шаардлагад нийцээгүй гэж үзсэн тул татгалзаж байна” гэж мэдэгдсэн, нэхэмжлэгч уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон тул энэ хүрээнд дүгнэлт хийнэ.
2.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-д зааснаар захиалагч буюу Нийслэлийн Эрүүл мэндийн газар Үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах үүрэгтэй, харин 47 дугаар зүйлийн 47.2.2-т зааснаар Үнэлгээний хороо нь тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх үүрэгтэй бөгөөд уг шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хуулиар хориглосон.
2.4. Хэдийгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т зааснаар захиалагч үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах эрхтэй ч энэ тохиолдолд хариуцагч Үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслээд 192 дугаар албан бичгээр тендерээс татгалзсан тухай нэхэмжлэгчид мэдэгдсэн, нэхэмжлэгч “... манай тендер шаардлага хангасан, үндэслэлгүйгээр татгалзсан, ил тод өрсөлдөх, тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлаагүй” гэхээс өөрөөр 192 дугаар албан бичиг нь чухам ямар хууль, журам зөрчсөн, уг албан бичгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн сэргэх талаар хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж маргаагүй байна. Иймд анхан шатны шүүх 192 дугаар албан бичгийг хэвээр үлдээсэн нь зөв, энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
2.5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар захиалагч тендер нээснээс хойш энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор тодорхой хуульчилсан.
2.6. Дээр дурдсанаар 192 дугаар албан бичгийг хүчингүй болгосон ч Үнэлгээний хороо дахин тендер явуулахаар шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр байгаа, өөрөөр хэлбэл, уг тендерт нэхэмжлэгчийн тендер “хамгийн сайн” үнэлэгдээгүй, хариуцагч өөрөө тендерийг үнэлэх эрх хэмжээгүйн дээр гэрээ байгуулахгүй байгаа хууль бус эс үйлдэхүй баримт, тайлбараар тогтоогдохгүй, шууд гэрээ байгуулах нөхцөл байдал бий болоогүй байх тул шүүх хууль зөрчин гэрээ байгуулахыг даалгах боломжгүй.
2.7. Мөн нэхэмжлэгч дахин зарласан тендерт оролцох эрх нь нээлттэй байсан бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчаас “... дахин тендер зарлагдахад энэ компани тендерийг зогсоох, тендерт оролцох асуудал тавиагүй, өөр компани шалгараад явж байгаа” гэж тайлбарласныг тэмдэглэх нь зүйтэй.
2.8. Түүнчлэн давж заалдах гомдолд “... “Э-Э” ББН-өөс ... ижил нэхэмжлэл гаргахад хариуцагч зөвшөөрсөн, ... нэхэмжлэлийн шаардлагыг хангах бүрэн боломжтой” гэх боловч шүүх гагцхүү “М Г” ББН-ийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэхэд л дүгнэлт хийх эрхтэй, өөр хэрэг маргааныг ижилтгэн үзэж шийдвэр гаргах нь зүйд нийцэхгүй.
3. Иймд дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 366 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М Г” ББН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН